niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:02 UTC Эх: https://news.mn/r/2863894/ 1081cedff337c03a… ← niitlelch.mn руу буцах

Судалгаа: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн 73 хувь нь хувийн эзэмшилд байна

Судалгаа: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн 73 хувь нь хувийн эзэмшилд байна

Судалгаа: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн 73 хувь нь хувийн эзэмшилд байна

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр /2026.05.03/ тохиож байна. Эл өдөрт зориулан Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн "Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр" 2024-2025 оны судалгааг үндэслэн хэвлэл мэдээллийн салбарын тоон статистик мэдээллийг танилцуулъя.


БҮТЭЭЛЧ АЖИЛТНЫ 40 ОРЧИМ ХУВЬ НЬ СЭТГҮҮЛЧ МЭРГЭЖИЛТЭЙ БАЙНА

Хэвлэл мэдээллийн салбарын 389 байгууллагад нийт 4000 орчим хүн ажиллаж байна. Үүнээс телевизийн салбарт хамгийн олон буюу 2400 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт ажиллагсдын 62 хувийг бүрдүүлж байна. Орон нутагт ажиллагсдын хувь хэмжээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр хувиар буурчээ. Насны хувьд нийт ажилтны гуравны хоёр орчмыг 40 хүртэлх насны залуус бүрдүүлж байна. Тодруулбал, 27 хувийг 30 хүртэлх насныхан, 35 хувийг 30-40 хүртэлх насныхан бүрдүүлж байна.

Энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн 40 орчим хувь нь сэтгүүл зүйн бүтээлч ажилтан буюу сэтгүүлч, редактор, тоймчид байна. Эдгээр бүтээлч ажилтны 40 орчим хувь нь сэтгүүлч мэргэжилтэй байна.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тоо 2015 онд 4408 байсан бол 2023 онд 4378 ажилтан, 2024 онд 3955 болж, өмнөх оноос 10 орчим хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 8-10 хувь нь орон нутагт ажиллаж байгаа бол 90-92 хувь нь нийслэлд ажиллаж байна. Хүйсийн хувьд 51 хувь нь эрэгтэй, 49 хувь нь эмэгтэй хүмүүс байна. Тодруулбал, сонин, сэтгүүл, радиогийн салбарт эзлэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээ илүү, хамгийн олон хүн ажиллаж буй телевизийн салбарт эрэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ илүү байна.

Хэвлэл мэдээллийн бүхий л салбарт шийдвэр гаргах түвшний удирдах ажилтнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд байна.

Түүнчлэн салбар бүрт сэтгүүл зүйн эмэгтэй бүтээлч ажилтны тоо илүү өндөр байна. Харин техникийн болон туслах ажилтнуудын хувьд эрэгтэйчүүд зонхилж байна. Мөн тус салбарт ажиллагсдын сарын дундаж цалин 1.5 сая төгрөг байна. Энэ нь өмнөх жилүүдээс 18 хувиар өссөн үзүүлэлт аж.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ТОО БУУРАВ

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, телевиз, радиогийн тоо өмнөх оноос зургаагаар буурч, 75 болжээ. Харин идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй цахим мэдээллийн хэрэгслийн тоо хоёроор буурч, 23 мэдээллийн сайт ажиллаж байна.

Сүүлийн арван жилд буюу 2015 оноос хойш нийт орон нутгийн мэдээллийн хэрэгслийн тоо 23 хувиар, уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо 41 хувиар буурчээ.

2024 оны байдлаар Орхон аймагт хамгийн олон буюу 11 мэдээллийн хэрэгсэл бүртгүүлсэн бол Булган, Говь-Алтай, Дундговь аймагт тус бүр нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгүүлжээ. Харин Говьсүмбэр аймаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байна. Улсын хэмжээнд борлогдсон сонины таван хувийг орон нутгийн сонин эзэлж байгаа нь өнгөрсөн жилээс дөрвөн хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Үүнээс гадна нийт орон нутгийн сонины борлуулалтын тоо өмнөх оныхоос 1.7 дахин буурчээ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН 73 ХУВЬ НЬ ХУВИЙН ЭЗЭМШИЛД БАЙНА

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь буюу 73 хувь нь хувийн эзэмшилд байгааг судалгааны дүн харуулжээ. Хувь хүн, хувийн эзэмшлийн байгууллагад харьяалагддаг мэдээллийн хэрэгсэл дунд мэдээллийн сайтууд хамгийн өндөр хувьтай байгаа хэдий ч ерөнхийдөө бүх төрлийн мэдээллийн хэрэгсэлд хувийн хэвшил зонхилж байна.

Харин сэтгүүлийн салбарт төрийн бус байгууллагын болон төрийн, олон нийтийн эзэмшил бусад салбартай харьцуулахад илүү байна.

Өнгөрсөн 2024 онд радиогоос бусад бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Ялангуяа сонин, сэтгүүл, телевизийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа бөгөөд судалгаа хэрэгжүүлж эхэлснээс хойшх 26 жилийн хугацаанд хамгийн доод үзүүлэлтэд хүрснийг судлаачид онцолжээ. Харин 2025 оноос эхлэн мэдээллийн сайтуудыг цаг үеийн мэдээлэл тогтмол бэлдэж, түгээдэг эсэхээр нь ангилдаг болсон байна. Өнгөрсөн онд гэхэд, нийт 148 мэдээллийн сайтыг бүртгэж авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-03 43.242.242.59

Хувийн телевиз, хэвлэл мэдээллийн ихэнх нь АН-ын гишүүдийн мэдэлд байдаг. Жишээ нь Х.Баттулгын мэдэлд 2-3 телевиз, Сайханбилэгийн мэдэлд 1 телевиз, Элбэгдоржийн мэдэлд 1, Мөнхбаясгалангийн мэдэлд 1, Зоригийн мэдэлд 1 гэх мэт хөвөрнө. 25-р суваг телевизийг Алтай яаж өмчилж авсан нь нууц. Энэ телевиз бол Элбэгдоржийн хүссэнийг ярьж бодлогыг нь түгээж төр засгийн бодлогыг шүүмжилж иргэдийг турхирдаг гэж би боддог Нэвтрүүлгээс нь харагдана. Украйныг 100 хувь дэмжиж Оросыг 100 хувь эсэргүүцдэг.

Avatar

Хулгайчид 2026-05-03 202.9.46.168

МАН-ын мэдэлд 100 хувь.

Avatar

зочин 2026-05-03 103.57.94.89

Бараг бүх хэвлэл АН-ын баячуудын гарт орсон, Баруунаас санхүүждаг, Орос хятадын эсрэг мэдээллийн дайнд маш идэвхтэй оролцож байна

Avatar

иргэн 2026-05-03 103.212.117.201

Монголд эрүүл саруулсэтгүүл зүй, мэргэшсэн ёс зүйтэй сэтгүүлч байхгүй ээ,,,,бүгд сул дорой чадвар муугаас гадна нэг нэг эздийн уяаны ноход болсон. Наран туулын худалдаачнаас дор ёс зүй, боловсролтой байж сэтгүүлч нэр зүүсэн хүүхнүүд эздийнхээ дохиогоор хэн нэгэн рүү архиралдах нь "уяандаа өлсөөд улангассан жэнгэрүүд мэт" аймшигтай…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж