"News" агентлаг энэ долоо хоногт цаг үеийн тулгамдсан асуудал хөндсөн зочдынхоо ярилцлага, тодруулгыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Сөрөг хүчнийхэн "Авлигажуулсан Монгол" сэдвийн хүрээнд Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаас асуулт асууж, мэтгэлцсэн. Эрх баригч намын авлига цадигаа алдлаа. МАН-д жагсаалтаар сонгогдсон гишүүний хувьд юу гэж харж байна вэ. Өнөөдрийн авлигажсан төр юунаас эхтэй вэ?
–Тухайлан нэг кейс гэхээс илүүтэй тогтолцоо талаасаа УИХ өөрөө энэ асуудлыг ярих нь зөв. Ямарваа нэгэн кейс, хэн нэгэн хүний тухай яриад ирэхээр энэ нь шүүх эрх мэдэлд хэтэрхий оролцсон хэрэг болно. Тогтолцоо талаасаа харвал, хуулийн байгууллагаар олон хэргийг шалгаж байгаа ч тэр хэргүүдийнхээ талаарх нээлттэй мэдээллийг олон нийтэд боломжит хэмжээнд нь өгөх шаардлагатай. Тэгэхгүйгээр цэвэр улстөрчдийн хүрээнд сэдэв болоод явж байгаа нь шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж байна. Энэ тал дээр аль аль засаглалынхан маш болгоомжтой, хил хязгаартай хандах ёстой. Миний хувьд, УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хуулийн салбарт ажиллаж байхдаа “Улстөрчид энэ үйлдлээ больчихвол болох юм байна” гэдэг ойлголттой байдаг байсан. Ер нь улстөрчид гэмт хэрэг ярихаа болихыг хүлээнэ гэдэг их хэцүү юм байна. Бараг л боломжгүй зүйл. Эсрэгээрээ хуулийн байгууллагууд системийн хувьд бие даасан хэлбэрээр шинэчлэгдэж, ахиц дэвшлүүдээ байнга ярьж, иргэдэд ойлгуулж байх ёстой. Тухайлбал, нүүрсний асуудлаар маш олон хэргийг шүүх эцэслэн тогтоосон. Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, 50 гаруй хэргийг шүүх рүү шилжүүлэх санал хүргүүлсэн гэж байсан. Тэгвэл энэ мэдээллийг нээлттэй ярих ёстой. Тэгэхгүй болохоор парламент дээр нэг их сүртэй нүүрсний сонсголыг зохион байгуулсан мөртлөө хэрэг нь огт шийдэхгүй байна гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлж байна. Гэтэл 50 гаруй хэрэг гэдэг бага тоо биш. Энэ ажиллагааны тухай мэдээллийг нээлттэй өгдөг байх нь чухал. Хоёрт, бид шүүхийн байгууллагын шинэчлэлийг олон жил ярьж ирсэн. Өмнөх парламентын гишүүд энэ асуудалд ахиц дэвшилтэй тодорхой ажлуудыг хийсэнд талархалтай хандах ёстой. Үүний зэрэгцээ одоо прокурорын байгууллагын шинэчлэлийг ярих ёстой. Хэдийгээр энэ байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагддаг ч гэсэн шүүх эрх мэдлийн нэг чухал институци нь болдог. Жишээлбэл, шүүгч нар цагдан хорих шийдвэрийг гаргаж байгаа ч прокурорын саналыг үндэслэж, гаргадаг. Гүйцэтгэх ажлын мэдээллүүд прокурор дээр байдаг. Тодорхой хэмжээний хүнийг мөрдөн мөшгөх, эрх чөлөөнд нь халдаж байгаа асуудлын ихэнх нь прокурорын хяналтад байдаг.
Тэгэхээр зарим ажиллагааг нь шүүхийн хяналтад шилжүүлэх гэх мэт прокурорын байгууллагын шинэчлэлийг ярихгүйгээр бид шүүх эрх мэдлийн шинэчлэлийг ярих нь алдаа дутагдалтай байна гэж харж байгаа.
Үүнээс гадна улс төрийн намын санхүүжилт болон сонгуулийн үеийн санхүүжилтийн асуудлыг шийдэхгүйгээр авлигын асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Сонгууль ямар өндөр зардалтай болдог билээ. Тойрог томсч, нэр дэвшигч болгон ухуулагчтай байна гэдэг нь нэр дэвшигч болгон дээр 660 мянган төгрөгийн зардал нэг ухуулагчид гаргадаг. Ухуулагчийн тоо зааж өгсөн болохоор ойролцоогоор ажлын хөлсөнд нь нэг тэрбум төгрөгийг зарцуулж байна. Жишээлбэл, ухуулагч гэдэг хүн цалин авах юм уу, авахгүй юм уу. Энэ чинь өөрөө асуудал. Магадгүй хүмүүс “Би 14 хоног ажил хийж байгаа юм чинь яахаараа цалингүй ажиллах ёстой юм бэ” гэдэг асуудлыг тавьж магадгүй. Тэгэхээр ухуулагчийн тоог нь зааж өгөх ёстой. Мөн дэмжиж байгаа нэр дэвшигчээ сайн дураар, цалин хөлсгүй ухуулагчаар ажиллах механизмыг дэмжих хэрэгтэй. Хоёрт, улс төрийн намуудын санхүүжилтээс ангижирч буй бусад улс орны туршлагыг харвал, илүү сайн дурын үндсэн дээр цалингүй ажилладаг. Энэ асуудлыг ярихаар иргэд “Та нар төрөөс хэдэн их наядаар нь идэж уудаг биз дээ” гэж шүүмжилдэг. Энэ чөтгөрийн тойрог тасрахгүй бол бид хэзээ ч авлигыг тасалж чадахгүй. Тэгэхээр бид илүү системтэйгээр улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй ил тод байдлыг хангах ёстой. Нөгөө талдаа хандив өгсөн компаниудыг буруутгадаг үзэгдлийг болихгүй бол нэр дэвшигчдэд хандив өгөхөө болино. Хандив, ашиг сонирхлын зөрчил хоёроо ялгах хэрэгтэй. Жишээлбэл, гурван үсэгтэй компани УИХ-ын гишүүдэд хандив өгсөн асуудлыг шүүмжилдэг. Тэгвэл энэ нь нээлттэй болж байгаа нь маш сайн. Хэнд хэдэн төгрөгийн хандив өгсөн бэ гэдэг мэдээлэл нээлттэй ил тод байх нь зөв. Тэр нь гаргаж байгаа шийдвэртэйгээ хэрхэн уялдаж байна вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Компаниудыг, иргэдийг улстөрчдөд хандив өгснийх нь төлөө буруутгаад байвал энэ нь төрийн мөнгөөр сонгууль хийх үйл явц руу орно. Сайн дураараа, энэ хүнийг дэмжих механизм өөрөө эвдрээд эхэлнэ. Тэгэхээр энэ асуудалд маш болгоомжтой хандах ёстой.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2863030/ линкээс унших боломжтой.
"Хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэх нь салст гэмтээж, мэс заслын эрсдэлд хүргэнэ"

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Арьс харшлын эмч У.Саруултай ярилцлаа.
-Харшлын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Одоогийн байдлаар хамгийн түгээмэл тохиолдож буй харшлын төрлүүдийг та нэрлэвэл?
-Одоогийн байдлаар улирлын хамааралтай харшлын шинж тэмдэгтэй хүмүүс маш ихээр ирж байна. Тодруулбал, хотын тоосжилт, агаарын бохирдол, мөн модлог болон хогийн ургамлын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор улирлын шинж чанартай харшил ихсэх хандлагатай байна.
-Харшлын улирал эхэлсэнтэй холбоотойгоор үзлэгийн ачаалал нэмэгдэж байгаа байх. Таны хувьд өдөрт дунджаар хэдэн иргэнд үзлэг, оношилгоо хийж байна вэ?
-Үзлэгийн ачаалал их байгаа. Харшлын улирал эхэлсэнтэй холбоотойгоор эмнэлэгт хандах иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар өдөрт дунджаар 40–50 орчим хүнд үзлэг хийж байна.
-Харшлын шинж тэмдгийг ханиадтай андуурах тохиолдол байдаг. Эдгээрийг хооронд нь хэрхэн зөв ялгаж таних вэ?
-Хамар битүүрэх, нус гоожих, нүд загатнах, нулимс гоожих, хоолой сэрвэгнэх, ойр ойрхон найтаах зэрэг шинж тэмдгүүд нь ихэвчлэн ургамлын гаралтай харшлын үед түгээмэл илэрдэг. Ийм үед хүмүүс анхандаа ханиад хүрсэн гэж андуурах нь элбэг.
Ялангуяа ахимаг насны хүмүүст удаан хугацаанд үргэлжилсэн хуурай ханиалгыг тоохгүй явсаар, сүүлд нь харшлын шалтгаантай байж болзошгүй гэж үзэн эмнэлэгт хандах тохиолдол байдаг.
Ийм тохиолдолд бид харшлын сорил хийж, тухайн зовуурь үнэхээр харшлын шалтгаантай эсэхийг нарийвчлан тодорхойлдог.
-Ургамал, тоос тоосжилтын харшлаас гадна шинээр ямар төрлийн харшлууд нэмэгдэж байна вэ?
-Орчин үед тоос, тоосжилт, ургамлын гаралтай харшлаас гадна хоол хүнстэй холбоотой харшлын тохиолдол эрс нэмэгдэж байна. Ялангуяа хэт боловсруулсан бүтээгдэхүүн, нөөшлөгч бодис агуулсан хүнс, түргэн хоол, олон төрлийн амтлагч, нэмэлт бодис ихтэй хоол хүнс хэрэглэснээс шалтгаалсан харшил түгээмэл болсон. Эдгээрт агуулагдах химийн найрлагууд нь зарим хүмүүст харшлын урвал үүсгэх нь ихэсч байна.
Хоол хүнсний харшлын үед ихэвчлэн чонон хөрвөс хэлбэрээр илэрч, арьс улайж туурах, загатнах зэрэг шинж тэмдэг гардаг. Зарим тохиолдолд хурц хэлбэрээр илэрч, салст хавагнах, амьсгал бачуурах зэрэг ноцтой шинж илэрч, яаралтай тусламж шаардлагатай болдог.
Ийм үед тухайн харшил үүсгэгч хүнсийг дахин хэрэглэхгүй байх нь хамгийн чухал. Давтан хэрэглэснээр харшлын урвал улам хүндэрч болзошгүй. Хүүхэд болон насанд хүрэгчдийн харшлын хувьд тодорхой ялгаа бий. Хүүхдүүдэд харшил ихэвчлэн шинээр оношлогдож, хоол хүнсний харшил харьцангуй түгээмэл байдаг. Харин насанд хүрэгчдэд ургамлын тоосонцор, орчны нөлөөлөлтэй холбоотой харшил давамгайлахын зэрэгцээ олон төрлийн хавсарсан харшил илрэх нь элбэг. Ерөнхийдөө харшлын өвчлөл бүх насны хүмүүст нэмэгдэх хандлагатай байна.
Мөн харшил нь “гэнэт бий болдог” гэхээсээ илүү тухайн хүний дархлааны урвалтай холбоотой ойлголт юм. Өөрөөр хэлбэл, бие махбод тодорхой бодист хэт мэдрэг хариу үзүүлж байгаа хэлбэр. Зарим хүмүүс өмнө нь анзаараагүй явж байгаад хожим илрүүлдэг болохоос биш огт байгаагүй харшил шинээр үүссэн мэт ойлгох нь төдийлөн зөв биш юм. Иймд харшлын шинж тэмдэг илэрч байвал оношилгоо хийлгэж, харшил үүсгэгчээ тодорхойлуулан, тохирсон эмчилгээ, урьдчилан сэргийлэлт хийх нь хамгийн үр дүнтэй арга юм.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2863603/ линкээр орж унших боломжтой.
Байр суурь: Чухал хуулийн төслийг халуун улс төрөөр шийдэх гэж байна

Энэ хаврын УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж буй голлох хуулийн төслүүдийн нэг бол Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл. Уг төсөл нь нэг удаагийн үйлчлэлтэй бөгөөд гурван томоохон төсөлд хамаарах юм. Тодруулбал, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, мөн Сэлбэ дэд төв төсөлд үйлчилнэ. Эхний хоёр төсөлд Энэтхэг болон БНХАУ-ын Засгийн газартай Монгол Улсын Засгийн газар гэрээ хэлэлцээр байгуулж, зээл авахыг соёрхон баталсан бөгөөд хэрэгжилт нь хэдийнэ эхэлжээ. Уг хуулийн төслийг УИ Х-аар батлах нь хэр зөв зохистой талаар эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.
Эдийн засагч Н.Ууганбаатар:
–Хамгийн эхний санаа зовж байгаа асуудал бол уг хуулийн төсөл халуун улс төр дунд шийдэгдэх ёстой асуудал биш. Хүйтэн тооцоо хийх хэрэгтэй. Жишээлбэл, Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд Энэтхэгийн эксим банктай хийсэн гэрээтэй нь танилцсан нь хэд байгаа бол? Энэ мэт тооцооллоо огт ярихгүй байгаа байхгүй юу. Миний ойлгосноор зээлийн хэлэлцээр нь нууцын зэрэглэлтэй юм шиг байгаа юм. ТЭЗҮ нь нууцын зэрэглэлтэй юм шиг байгаа юм. Чуулганы хуралдаан дээр ажлын хэсгийг төлөөлж ганц хүн л хариулт өгөөд байдаг, бусад нь юм л асуугаад байгаа процесс харагдаж байна.
Газрын тосны түүхий эд нь байгаа юм уу, хэдэн жилийн дараа ашгаа өгөх юм гэх мэт. Өөрсдийнх нь тооцооллоор 7-8 жилийн дотор зээлээ эргэн төлнө гэдэг зүйлийг яриад байсан. Гэхдээ анх эхлээд л нэг тэрбум ам.доллар гээд ярьж байхад л 7-8 жил гэж ярьж байсан. Дараа нь 1.7 тэрбум ам.доллар болоход мөн л ялгаагүй 7-8 жил гэдгээ яриад байгаа байхгүй юу.
Тэгэхээр үүн дээр халуун улс төр хийж биш, хүйтэн тооцоолол хиймээр санагдаад байгаа юм. Харамсалтай нь, хэн ч хийхгүй байна. Ажлын хэсэг дээр ч хийгдсэнгүй.
Даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр дурдагдсан бүлгийн даргын ярианаас үзэхэд "төслүүдийг хоёр хуваая, өөрийгөө санхүүжүүлээд явдаг эдийн засгийн үр ашигтай төслүүдийг тусад нь авч үзье" гэдэг чиглэл өгсөн гэх зүйлийг ярьж байсан. Тэгвэл нөгөө төслүүд нь ямар төслүүд байх юм бэ? эдийн засгийн ямар ч үр ашиггүй төслүүд юм уу?. Төсөл гэдэг чинь угаасаа нийгэм, эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Төсвийн тогтолцоо, төсвийн хөрөнгө оруулалт гэдэг зүйл чинь хүйтэн тооцоон дээр явагдах ёстой. Харамсалтай нь, манайд үүнийг дандаа халуун улс төрөөр л шийдсээр ирсэн.
Ялангуяа энэ гурван мега төслийн хувьд үнийн дүнг нь аваад үзэхээр манай ДНБ-ний 10 хувь шүү дээ. Гэтэл ийм хэмжээний төслүүд дээр дахиад л халуун улс төрөө хийгээд "Сэлбийг оруулах уу, болих уу" гэдэг зүйл яриад байж байгаа нь надад маш харамсалтай байна. Дээрээс нь маш эрсдэлтэй санагдаж байгаа.
Тэгэхээр цаашид шаардлагатай бол хүйтэн тооцоонуудыг нь хийгээд, хөндлөнгийн байгууллагуудыг хөлсөлж авна уу, судлаачдын баг гаргаж ирнэ үү, ажлын хэсгийг дахиж байгуулна уу холбогдох тооцооллуудыг бүгдийг нь хийсний дараа дүгнэлтээ харж байгаад шийдвэрлээд явчих нь зөв болов уу гэж харж байна.
Хоёрдугаарт, Алтанширээтийн газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг ажиглах юм бол хүйтэн тооцоо хийгээгүйг юун дээр харж болох вэ гэхээр төсөвт өртгийг нь гурван удаа тодотгочихлоо шүү дээ.
Анх 2017 онд тэрбум ам.доллар гэж байгуулагдсан гэрээ 2019 онд 1.2 тэрбум ам.доллар болсон. Тэгээд 2025 онд 1.7 орчим ам.доллар болгосон. Төсөл хэрэгжих явцад ямар нэгэн хүндрэл гарч ирэхийг үгүйсгэхгүй.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2863581/ линкээр орж унших боломжтой.
"Жамухын гэж нэрлэгдээд буй олдвор Түрэгийн үеийнх"

Түүхч Г.Билгүүн 1981 онд Сонгинохайрхан уулын Дадарт гэх газраас Гүр хаан Жамухын шарилыг олсон хэмээн мэдээлсэн. Алтан бүс болон хугарсан нуруугаар нь түүнийг мөн болохыг баталсан гэж тайлбарласан ч энэ нь түүхийн шинжлэх ухааны хүрээнд огт батлаагдаагүй байна. Мэргэжлийн түүхч, археологичдын дунд Жамухын шарилыг тодорхойлон олсон гэх ийм төрлийн мэдэгдэлд болгоомжтой ханддаг. Учир нь археологийн судалгаанд тухайн олдворыг хэн болохыг тогтоохын тулд зөвхөн домог, аман уламжлал, эсвэл ганц нэг шинж тэмдэг бус харин олон талын нотолгоо, он цаг тогтоох, ДНХ шинжилгээ, бичгийн эх сурвалжийн давхцал зэрэг шаардлагатай гэж үздэг байна. Энэ талаар археологичид, эрдэмтэд ямар байр суурьтай байгааг хүргэе.
МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийн доктор, профессор М.Эрдэнэ:
-Сүүлийн үед нэр бүхий түүхч цахим орчинд Гүр хаан Жамухын ясыг контейнерт хадгалж байгаа гэх зүйлийг ярьсан. Энэ үнэхээр үнэн үү?
-Монголын нутгаас малтлан судалсан, археологийн малтлагаар илрүүлсэн хүний ясны олдворын дийлэнх хэсэг нь МУИС-ийн Био археологийн лабораторид хадгалагддаг. Хамгийн эртнийх нь 5000-6000 жилийн өмнөх, сүүл үеийнх гэхэд 20-р зууны эхэн үеийн ясны олдворууд манайд хадгалагддаг. Энэ олдворуудын нэг нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас малтан судалсан хүний яс юм. Тэр ясыг л Жамухын яс гэсэн таамаглалыг тухайн үед малтан судалж байсан археологич Наваан дэвшүүлж байсан. Тухайн үед алтан тоног бүхий бүс олдсоны дараа энэ хүн яавч жирийн иргэн биш байх магадлалтай гэж үзсэн.
Газарзүйн байрлалаараа Туул голтой ойр, Хэрэйдийн Ван хааны туурьтай ойрхон тул 13-р зууны үед хамаарах боломжтой гэж таамагласан байдаг. Мөн алтан товчтой бүсийг жирийн иргэн хэрэглэдэггүй байсан гэж үздэг. “Монголын нууц товчоо”-нд бичигдсэнээр Тэмүүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд бололцохдоо бүсээ солилцсон байдаг. Тиймээс энэ алтан бүс нь Тэмүүжиний бүс байсан байх боломжтой гэж үзсэн. Бүс солилцсоны дараа Жамуха бүстэйгээ явж байгаад оршуулагдсан байж магадгүй гэж таамаг дэвшүүлсэн юм билээ. Гэхдээ энэ нь зөвхөн таамаглал байсан юм.
-Түүхч Г.Билгүүн гэх хүн Жамухын яс гэдэг нь тодорхой болсон, үүнийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон гэж хэлж байсан. Үнэхээр энэ яс Жамухынх мөн болох нь тогтоогдсон уу?
-Тухайн үед таамаглал л дэвшүүлсэн болохоос энэ нь “Жамухынх мөн” гэж нотлогдож, батлагдсан зүйл биш. Био-археологийн лабораторид хадгалагдаж буй яснуудад олон төрлийн судалгаа хийдэг. Тухайн хүний амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал, нас, хүйс, биеийн бүтэц зэрэг олон талыг тодорхойлдог. Гэхдээ нэг ясан дээр үндэслээд тухайн хүнийг хувь хүнээр нь яг таг тогтоосон баттай дүгнэлт одоогоор байхгүй.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2863903/ линкээр орж унших боломжтой.
"Анхны дүрээрээ энэ миний дуртай, хайртай мэргэжил гэдгээ баталсан"

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор залуу уран бүтээлч С.Хонгорхүүг онцлон хүргэж байна. Тэрбээр, удам дамжсан уурхайчин гэр бүлээс гаралтай ч сансрын нисгэгч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчин болсон. Түүний хувьд "Алдуул", "МАД", "Гэгээн учрал" зэрэг 20 орчимд уран бүтээлд гол болон туслах дүр бүтээгээд буй.
Төгссөн сургууль
Соёл урлагийн их сургууль /СУИС/-Театрын Урлагийн сургууль
Мэргэжил
Жүжигчин
S_Khongorkhuu /Instagram/,С.Хонгорхүү /facebook/
-Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ, гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
-Өдрийн мэнд хүргэе. Намайг С.Хонгорхүү гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Миний хувьд Дорноговь аймгийн Иххэт суманд суманд төрсөн. Гэхдээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд дунд сургуулиа төгссөн. Учир нь манай аав, ээж хоёр хоёулаа уурхайчин хүмүүс л дээ. Уурхайчид чинь яг л цэргийн хүмүүс шиг ийш, тийшээ байнга нүүж байдаг тийм болохоор аав ээжийгээ дагаад л явна. Намайг гурван настай байхад манайх Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу нүүсэн юм билээ. Тэнд аав, ээж хоёр уурхайд ажилладаг байсан. Манайх Бор-Өндөр суманд намайг наймдугаар анги хүртэл амьдарч байгаад Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу нүүсэн. Тэндээ дунд сургуулиа төгссөн. Тэгээд жүжигчин болно гээд шалгалт өгч тэнцээд СУИС-д элссэн.
-Удам дамжсан уурхайчны хүүг юу жүжигчин мэргэжил рүү хөтөлсөн бэ?
-Манай аав уурхайд бульдозер /шанагат ачигч/ барьдаг байсан. Аавыгаа дагаад л ажил руу нь байнга явна. Тухайн үед машиных нь кабинд суугаад л хамт явахаар маш. Тухайн үед ямар ч байсан дарга л болно гэж боддог байлаа. Тэгсэн жаахан том болоод ирсэн тэр бодол маань сансрын нисгэгч болно гэх мөрөөдлөөр өөрчлөгдсөн л дөө. Яагаад гэхээр манайд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Жанибеков хоёрын зурагтай дурсгалын зоос байдаг байв. Түүнийг харахаар их сонирхолтой тэгээд судалж үзсэн. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа дэлхийн 101 Азийн хоёр дах сансрын нисгэгч байсан. Тэгээд л тэр хүний түүхийг илүү их судалж мэдэх тусам сансрын нисгэгч болох мөрөөдөлтэй болгосон. Тэгсэн Монголд энэ мэргэжлээр сурах боломж байхгүй байсан. Тийм болохоор сансрын нисгэгч болох боломжгүй юм бол жүжигчин болоод тэр мэргэжлийнхээ дүрд тоглоё гэж бодсон. Бас нэг энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан бол Сэргээш-3 хошин шог үзэж байсан чинь төгсгөлд нь хошиг шогоо бүтээж байгаа үйл явцаас харуулдаг. Тэндээс жүжигчид нь бүгд жаргалтай харагдаж байсан. Тэгээд л жүжигчин болъё гэж эргэж буцалтгүй шийдсэн.
-Хамгийн анхны кино нь “Гэгээн учрал” уран сайхны кино билүү. Хамгийн анх дэлгэцийн уран бүтээлд тоглоход ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Дүр дээр ажилласан анхны уран бүтээл бол "Гэгээн учрал" кино. Түүнээс өмнө оюутан байхдаа киноны олны хэсэгт тоглодог байсан. Хамгийн сүүлд 2019 оны зун “Single ladies 4” киноны олны хэсэгт ажилласан. Тэндээс камертай хэрхэн харилцах, биеэ яаж авч явах гэх мэт маш олон зүйлийг сурч авсан. Тэгээд 2020 онд “ZEV” фильмийн уран бүтээлчдийн анхны дэлгэцийн уран бүтээл болох “Гэгээн учрал” киноны Бөхөөгийн дүрд тоглох аз завшаан тохиосон. Оюутан байхад тайз дээр түлхүү бэлтгэл хийдэг байсан бол анхны киноноосоо маш их туршлага хуримтлуулсан. Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаад таван жил болж байна. Энэ хугацаанд гол болон туслах дүрүүдэд тоглоод, суралцаад явж байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2864059/ линкээр орж унших боломжтой.
3,605.46






















































Холбоотой мэдээ