niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:03 UTC Эх: https://news.mn/r/2864172/ 83bda60cb253e707… ← niitlelch.mn руу буцах

"Хэрэглээ”-г сануулсан хог урлагийн бүтээл болжээ

"Хэрэглээ”-г сануулсан хог урлагийн бүтээл болжээ

"Хэрэглээ”-г сануулсан хог урлагийн бүтээл болжээ

Гялгар ууттай “хог”-нуудыг хананд өлгөжээ. Анзаарвал, ундааны лааз, тамхины хайрцаг, сүүний сав, хуванцар зэрэг бидний өдөр тутмын хэрэглээд хаясан зүйлс тэр өнгө, өнгийн торонд холилдох.

Бидний тоохгүй хаясан эдгээр зүйлс өнөөдөр урлагийн бүтээл болсон байв.

Хотын төвд буюу бидний мэдэхээр Төв шуудангийн баруун хойно байрлах Гэрэл төвийн нэгдүгээр давхарт байрлах Хөх нар Орчин үеийн урлагийн төвд бидний хэтэрсэн “хэрэглээ”-г урлагаар дамжуулан сануулсан нь энэ байлаа.  Уран бүтээлч Н.Насанбатын анхны бие даасан энэхүү үзэсгэлэн өнгөрөгч Мягмар гаригаас эхлэн үүдээ нээгээд байна. Ажил, сургууль, замын түгжрэл гээд өдөр тутмын  ахуйгаас түр ч атугай холдуулах газар бол уран зургийн үзэсгэлэн. Сошиалд элдэв янзын зар, сурталчилгаа, хов жив гээд ар араасаа хөврөх мэдээллээс “хэрэглээ” хэмээх энэ үзэсгэлэнгийн тухай мэдээлэл ч  нүдэнд өртсөн тул ажлаа тараад очсон нь энэ юм. Үүдээр нь ороход гурван ширхэг тор хананд өлгөсөн нь анхаарал татлаа. Үзэгчид хэрэглэсэн ус, ундааны сав, шилээ торонд хийхээс эхлээд үзэгч нь бус оролцогч болж буйгаараа шинэлэг. Цаашилбал үзэсгэлэнгийн хойморт ууттай хогон дунд 20 мянгатын дэвсгэрт байх зураг нүдэнд туслаа. Хэзээнээс “төрийн минь сүлд өршөө” гээд эцэг өвгөдийн хоймортоо залдаг мөнгөн тэмдэгт хог болсон нь тэрслүү санагдана. Үүгээрээ зураач төгрөг үнэгүйдсээр байгааг харуулахыг зорьсон мэт.

Энэ талаар уран бүтээлч Н.Насанбат “Энэ зураг маш олон агуулгыг илэрхийлж байгаа. Өнөөдөр үндэсний мөнгөн тэмдэгтээ дээдлэхээ больсон байна. Уул овоон дээр хаяж, үрэгдүүлж байна шүү дээ. Нөгөөтээгүүр, мөнгө гэдэг зүйлээр бид эд бараа авч эргээд хог болж хаягдаж байна гэх агуулгаар мөнгөн дэвсгэртийг шигтгэж оруулсан” гэсэн юм.

БИД ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЯНАЖ БАЙНА УУ АЛЬ ЭСВЭЛ ХЯНАГДАЖ БАЙНА УУ?

“Хэрэглээ”-г харахад цомхон бөгөөд зүйрлэвэл минимал хэв маягтай. Гэвч үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн найман зургийн өнгө аяс өөрөө цаг хугацаагаар үл хэмжигдэх аж. Ингэж хэлэхийн учир нь, энд дэлгэсэн уран бүтээл тус бүр өөрийн гэсэн цаг хугацаа, үнэ цэн, үүх түүхтэй.

Жишээ нь, үүдээр ороход л нүдэнд тусах энэ зураг  гэхэд 2023 оны аравдугаар сард Тайванийн Тайчун хотын захиргаанаас зохион байгуулсан Дадун дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс тусгай байр эзэлж байж.

Энэхүү зургаараа уран бүтээлч Н.Насанбат нь хүмүүс бидний идсэн хоолноос эхлээд ариун цэврийн өрөөнд хэрэглэдэг цаас хүртэл хог хаягдал болдог. Улмаар байгальд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй асуудал болж байгааг харуулахыг зорьжээ. Үүгээрээ эдгээр хог хаягдлыг дахин боловсруулж ашиглах боломжтой болгож  байгалийг аврах уу, эсвэл байгальд ээлтэй байлгах уу гэдгийг сануулах үүднээс энэхүү бүтээлийг бүтээжээ.

ХӨРГИЙН МАСТЕРААС HYPERREALISM-Д ХҮЧ СОРИВ

Фото зураг шиг атал зурсан эдгээр бүтээлүүд нь hyperrealism  төрөл бөгөөд зураачаас маш өндөр ур чадвар, их техник шаарддаг байна. Уран бүтээлч Н.Насанбат үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээрээ өөрийн чансааг илтгэсэн болохыг "Хөх нар" төвийн үүсгэн байгуулагч, зураач, барималч Ё.Далх-Очир ярьж байлаа. Тэрбээр “Уран бүтээлч хүн  санаагаа олж болох ч түүнийгээ нүдэнд харагдаж гарт баригдтал биетэй болгох нь маш өндөр ур чадвар, техник шаарддаг. 1970-аад оноос уран зургийн бие даасан элемент болсон hyperrealism төрөл нь өөрөө зураачаас маш өндөр техник, ур чадвар шаарддаг. Энэ хэмжээнд бүтээл хийдэг уран бүтээлч гарч ирсэн нь өнөөдрийн Монголын уран зурагт маш чухал. Бүтээлүүдийг нь харахад бидний өдөр тутмын хэрэглээ болсон пластикийн чанарыг яг л гаргаж зурсан нь ямар өндөр ур чадвартай болохыг нь илтгэж байгаа юм” гэсэн юм.

Уран бүтээлч Н.Насанбатын хувьд сүүлийн найман жил гаруйн хугацаанд hyperrealism төрлөөр дагнан уран бүтээлээ туурвиж байгаа аж. Гагцхүү яагаад энэ төрлийг сонгох болов гэх асуулт урган гарна. Тэрбээр “Би нэг зүйлийг барьж авахдаа их шазруун. Анх дэлхийн томоохон уран бүтээлчдийн hyperrealism төрлийн  бүтээлийг хараад Монголд яагаад иймэрхүү бүтээл хийж болохгүй гэж, яагаад Монгол хүн ингэж зурж болдоггүй юм гэсэн хүсэл зоригоос л энэ төрлийг барьж авах болсон” гэсэн юм. Түүний хувьд өмнө нь хөргөөр дагнадаг байсан бөгөөд энэ нь мөн л тухайн уран бүтээлчээс маш их цаг хугацаа, анхаарал, ур чадвар, мэдрэмж шаарддаг болохыг уран зургийн салбарынхан андахгүй биз ээ.

             ЗАЛУУСЫН ДУНД  УРАН ЗУРАГ СОНИРХОХ СОЁЛ ТҮГЖ БАЙНА

Түүний бүтээлүүдийг харахад бидний өдөр тутамдаа нэг удаа хэрэглээд хаядаг улаан, цэнхэр гялгар ууттай тор нийтлэг. Бас яагаад заавал хог гэж. Уран бүтээлч Н.Насанбатын тухайд хөдөөгүүр явж байхад  зам зуур  энд тэндгүй хийсэх гялгар уут,  архины шил, хуванцар нь уран бүтээлээрээ дамжуулан “бид хэрэглээгээ хянаад байна уу, аль эсвэл хэрэглээ биднийг хянаад байна уу” гэдгийг  сануулах өнөөдрийн үзэсгэлэнг дэлгэх эхлэл нь болжээ. Үзэсгэлэнд зочилсон залуус хоорондоо “үүнийг зурсан гэхэд итгэмээргүй юм”, “яаж ингэж зурдаг байна аа, яг л фото шиг юм. Ууттай хогийг ялгаж харуулна гэдэг сонирхолтой юм” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

Уран бүтээлчийн зүгээс “Зургандаа хог хаягдлыг сонгохдоо тэр дундаа бидний өдөр тутамд хэрэглэгддэг улаан цэнхэр торнуудыг зохиомжид ашигласан. Энэ нь гэрэл сүүдэр, гэрлийн гялбаа, тороо ялгаж өгөхийг хичээснээр Hyperrealism гарч ирж байгаа юм” гэв.

Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Урлаг соёл хөгжсөн газар нийгмийн сэтгэлзүй маш тогтвортой болдог. Урлаг соёлыг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Урлаг соёл бүдгэрсэн газар зэрлэгшил үүсэж байдаг” гэдгийг тодотгосон юм. Нэг үеэ бодвол залуус чөлөөт цагаараа уран зургийн үзэсгэлэнд зочлох соёл түгж байна. Энэ талаар уран бүтээлч Н.Насанбат “Залуу үеийнхэн уран бүтээлчдийн үзэсгэлэн, уран зураг их сонирхдог болж оролцоо нь нэмэгдсэн. Нөгөө талаас, боловсролын салбарт дүрслэх урлагийн хичээл бага орж байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Гэхдээ нэг үеэ бодвол залуус сошиалиар мэдээллээ авч уран зураг, бүтээл сонирхдог болсон байна. Тиймээс манай үзэсгэлэнг шинэ үеийнхэн үзэж сонирхоорой. Магадгүй таван жилийн дараа миний өнөөдрийн зурсан бүтээлүүдээс илүү чадварлаг уран бүтээлч төрөн гарахыг үгүйсгэхгүй. Тэгвэл их баяртай байх болно” гэсэн юм.

Ташрамд дурдахад, зураач Н.Насанбатын “хэрэглээ” хэмээх анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрийг хүртэл үзэгчдэд нээлттэй толилуулах юм байна. Түүний хувьд өнгөрсөн оны нэгдүгээр сард уран бүтээлч О.Алтанхуяг, Ж.Шижирбаатар нарын хамтарсан “Парадокс”  үзэсгэлэнгээ толилуулж байсан юм.

Б.ЦЭЦЭГ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

Avatar

Ай Амьдрал гэж 2026-05-01 202.126.88.180

Хүн Төрлөхтөн эдгээр Хогнуудын төлөө л Өдөр Шөнөгүй Хөдөлмөрлөж, Байлдаж, Гэрээ хэлцэл хийж, Гадаад Дотоод Айлчлал хийж, Хууль баталж, Огцорч, Хэрэлдэж , Жагсаж, Уурлаж Баярлаж, Гомдож бна дааа хөөрхий………..

Avatar

Нэргүй 2026-05-01 138.252.29.6

дахин боловсруулсан усны саванд шингэн савлахаар аюулгүй юу? аюултай юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж