niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:30 UTC Эх: https://news.mn/r/2901079/ a0132ced68eb773c… ← niitlelch.mn руу буцах

Д.Батцогт: Нийслэлийн төсөв тодорхой хэмжээгээр буурсан

Д.Батцогт: Нийслэлийн төсөв тодорхой хэмжээгээр буурсан

Д.Батцогт: Нийслэлийн төсөв тодорхой хэмжээгээр буурсан

Өнгөрсөн баасан гаригт ийслэлийн 2027 төсвийг Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва НИТХ-ын дарга Д.Ихбаярт өргөн барилаа. Нийслэлийн төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар нийслэлийн ардчилсан намын дарга Т.Батцогттой ярилцлаа. 


Хотын дарга Б.Пүрэвдагва  НИТХ-ын дарга Д.Ихбаярт нийслэлийн 2027 оны төсвийн төслөө өргөн барилаа.  Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцсон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. 

-Шинэ Засаг дарга ажлаа аваад найман сар болж байна. Засаг дарга 2027 оны нийслэлийн төсвийг хуулийн хугацаанд нь НИТХ-д өргөн барилаа. Улсын төсвийг бол хэлэлцээд баталсан. Монгол Улсын төсвийг 42 их наяд  төгрөгөөр баталсан. Ингээд төсөв баталснаас хойш долоо хоногийн хугацаанд Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг хүлээдэг. Ингээд Ерөнхийлөгч улсын төсөвт хориг тавихгүй бол нийслэлийн төсвөө арваннэгдүгээр сарын 20-ны дотор өргөн барих ёстой. Энэ дагуу өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва НИТХ-ын даргад нийслэлийн төсвөө өргөн барьсан. Энэ жилийн төсөв өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад тодорхой хувиар буурсан. Тодруулбал, өнгөрсөн жил 5.2 их наяд төгрөг байсан бол энэ жил 4.6 их наяд төгрөгийн төсөв боож, боловсруулж өргөн барилаа. Хуулийн хугацаа гэж бий. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд Иргэдийн хурлын зөвлөл хуралдаад төсвийн эхний хэлэлцүүлэг хийх чуулганы товыг зарлана. Үүний наана мөн хороодууд болон намын бүлгүүд хуралдана. Энэ долоо хоног ерөнхийдөө хуралтай байна байх. Хуулийн дагуу нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж төсвөө батална.

-Төсвийн зарцуулалтын талаар?

Бидний зүгээс урьдчилсан байдлаар Засаг даргын өргөн барьсан төсвийг харсан. Яг дэлгэрэнгүй мэдээлэл бол хараахан ирээгүй байна. 4.6 их наяд төгрөгөөс 1.9 их наяд төгрөгийг нь урсгал зардалд зарцуулна гэж тооцоолсон байна. Энэ жил төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа. Тэгэхээр урсгалд зардалд зарцуулахаар тооцоолсон мөнгө нөгөө л Төрийн өмчит компаниудын зардал болоод цалингийн нэмэгдэлд зарцуулагдана гэсэн үг. Ерөнхийдөө урсгал зардал нэлээд өндөр байна.

Үүнээс гадна 1.5 их төгрөгийг хөрөнгө оруулалтад тавьсан байна. Үүнийг задалж харвал шинэ хотын дарга түгжрэлийг бууруулахад өөрийн шинэ төсөл хөтөлбөрүүдийг тусгаж өгсөн байна.

Мөн өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тэдгээрийг илүү сайжруулах гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, “skyshuttle” их багтаамжийн цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байгаа юм.

Энэ жилийн төсвөө “иргэн төвтэй төсөв байна” гэж тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсвийг хэд, хэдэн татвараар бүрдүүлдэг. Түүнийг тодорхой хэмжээгээр хөнгөлж байна гэсэн үг.  Татвараар орлогоо бүрдүүлж байгаа хэр нь эргээд иргэнд ямар өгөөжтэй юм бэ гэдгийг харах ёстой. Тэгэхээр энэ удаагийн төсвийг нэгж хотын иргэн рүү чиглэсэн төсөв боловсруулсан гэж хотын дарга тайлбарлаж байгаа.

Мөн нийслэл улсын төсөвт тодорхой хэмжээний орлого төвлөрүүлнэ, энэ жил 420 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоолсон байна.

-Нийслэлийн төсвийг жил бүр тэлж байгаа, зарцуулалт нь төдийлөн үр дүнгүй байна гэж иргэд шүүмжилдэг. Уг нь нийслэлийн төсвөөр хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх байтал, тэгдэггүй. Ер нь төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулах ёстой вэ?

-Төсөв батлахаас өмнө төлөөлөгч нар иргэд аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийдэг. Ингээд нийслэлийн өмчит нэгжүүд бодлогыг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх түвшинд ажиллаж байгаа байгууллагууд дээр ажилладаг. Төсөв гэдэг маань иргэд, аж ахуй нэгжээс татвар төвлөрүүлж байгаагаа л төсөв гэж нэрлээд байгаа шүү дээ. Тиймээс нэгэнт иргэд болон аж ахуй нэгжээс татвараа авч байгаа бол эргээд төр таарсан үйлчилгээ үзүүлэх ёстой. Хотод хамгийн тулгамдаад байгаа асуудал утаа, түгжрэл гээд эрэмбэлэгдэнэ. Тэгвэл энэ тулгамдаад байгаа утаа, түгжрэлийг бууруулахад хот ямар бодлого баримталж явдаг юм бэ. 2018 оноос хойш сайжруулсан шахмал түлш төслийг хэрэгжүүлж, тэр түлшийг хэрэглэлээ. 2025 онд энэ төсөл дуусч, өнгөрсөн жилээс хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Үүнийгээ хятадаас худалдаж авч байна.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн долоон жилийн хугацаанд Тавантолгой түлш компанид 1.8 их наяд төгрөгийн өр үүсгэсэн байна. Үүнээс гадна урсгал зардал зарцуулсан мөнгө нь нэг их наяд төгрөг байна.

Үндсэндээ долоон жилийн хугацаанд утааг бууруулах гээд түлшинд 2.8 их наяд төгрөг зарцуулсан байна. Үр дүн нь ямар байна.

-Утаа, түгжрэлийг бууруулна гээд өчнөөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хэдэн их наяд төгрөг зарцуулсан ч төдийлөн үр дүнгээ өгсөнгүй. Ер нь энэ утаа, түгжрэлийг бууруулахын тулд бид одоо ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой гэж та харж байна. 

-Энэ их мөнгөөрөөрөө бид хэсэгчилсэн байдлаар дэд бүтцүүдээ шийдэж болох байсан. Тухайлбал, Сэлбэ дэд бүтцийг хөгжүүлэх гээд 157 га газрыг чөлөөллөө. Ингээд гэр хорооллыг багасгаж болж байгаа юм. Энэ мэт ажлуудыг бодлогоор хийх ёстой байсан. Хамаг мөнгөө нүүрсэнд л зарцуулаад байна. Үүнийхээ оронд хувийн хэвшлүүдтэйгээ тохироод дэд бүтцээ шийдэх хэрэгтэй. Ингэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд цогцоор нь төлөвлөөд дэмжээд өгөх ёстой. Энэ рүүгээ мөнгөө зарцуулах хэрэгтэй. Бүгдийг төр хийнэ гэхээр зардлыг нь дийлэхгүй, маш өндөр зардалтай. Бидний жилийн баталж байгаа төсөв хязгаарлагдмал. Энэ жил гэхэд хөрөнгө оруулалтад 1.5 их наяд төгрөг баталлаа. Үүгээр утаа, түгжрэлийг бууруулж хүрэхгүй, тиймээс энэ төлөвлөлтөө өөрчлөх хэрэгтэй. Дээрээс нь түгжрэлийн асуудал байна. Тэгэхээр цаг агаар, эдийн засгийн нөхцөл байдал, хүн амын амьдралын хэв маяг зэрэг олон үзүүлэлтийг судалж байж хамгийн боломжит хувилбарыг сонгох ёстой.  Тухайлбал, метро ямар соёлтой улсад тохиромжтой төсөл юм. Манай улаанбаатарт тохирох юм уу. 2024 оны сонгуульд ардын намынхан метротой болгоно гээд л орон нутгийн сонгууль орсон. Энэ жилийн төсөвт  метро харагдахгүй байна. Энэ мэт гоё ярьдаг. Жишээлбэл, метро гэдэг төсөл дээр энэ хугацаанд хэчнээн хүн авч ажиллуулж, зураг төсөлд хэдэн төгрөг зарцуулсан юм. Энэ болгонд чинь л нөгөө татвар төлөгчдийн  урсаж байгаа. Маш олон том, том төслийн нэгж байгуулчихдаг, тэгээд гоё, гоё оффис түрээслээд хэдэн арван хүн авч ажиллуулдаг. Ингээд хоёр, гурван жил болоод төслөө татан буулгачихдаг. Нөгөө урсгал зардлын мөнгө чинь үүнд зарцуулагдаад байна. Үргүй зардал гээд байгаа нь энэ. Энэ нь төсвийн муу төлөвлөлт гэсэн үг. Үүнд хэн хариуцлага тооцох юм, ямар үр дүн өгөв гэдэг дээр анхаарлаа хандуулах ёстой.

Сая та хэллээ, төсвөө муу төлөвлөсөн учраас үр, дүнгээ өгөхгүй байна гэж байна. Тэгэхээр сайн, үр дүнд хүрэх төлөвлөлтийг хэрхэн хийх ёстой юм бэ. Үнэхээр муу төсөв боловсруулаад, муу зарцуулсан бол яаж хариуцлага тооцох вэ?

– Ер нь бол хамгийн эхэнд хүнээ бодсон шийдлийг хийж байх ёстой. Түгжрэл дээр гэхэд нэн түрүүнд саадгүй алхах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл манай хот машинд зориулагдсан хот шиг байдаг. Ногоон гэрэл ассан байхад цагдаа машинаа л явуулаад байдаг. Уг нь бол хотын төв дотроо алхлаа гэж бодоход саадгүй алхвал хүрэх газартаа 20-30 минутад оччихоор зайтай байдаг. Үүнийг л төлөвлөх ёстой. Тасралтгүй, саадгүй алхах ямар нэг тээврийни хэрэгсэл ирээд мөргөчихгүй, ногоон байгууламжтай стандартад нийцсэн орон зайг бий болгож өгөх хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад энэ боломжийг бүрдүүлж өгсөн байдаг. Хотын аж ахуйн шинж чанартай ажлууд эндээс л эхэлнэ. Алхах боломжийг бүрдүүлээд өгчихвөл түгжрэл хэдэн хувиар буурах юм, үүнийг тооцоолох хэрэгтэй. Нэг их том, том бүтээн байгуулалтаас ярихаасаа өмнө, энэ мэт шийдлүүдийг хийх нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж