“Уснаас айх хэрэггүй ээ. Хамгийн гол нь биеэ сул тавьж, усны мандал дээр хөвж сурах нь чухал” хэмээн усан спорт цогцолборын дасгалжуулагч, аврагч М.Энхнар зөвлөж байлаа. Тэрбээр зургаан настай бяцхан суралцагчид устай хэрхэн зөв харьцах, амьсгалаа хэрхэн зөв хуваарилах, хамгийн гол нь уснаас айх айдсаа хэрхэн даван туулах талаар анхан шатны хичээлийг зааж байсан юм. Өмнө нь олон газарт энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай багшийнх нь өгөх зөвлөгөө, ур чадвар суралцагч хүүхдүүдэд ихээхэн урам зориг өгч байгаа нь тэдний баяртай, итгэлтэй төрхөөс илт анзаарагдав.
Уг цогцолбор нээгдээд удаагүй байгаа ч ойр орчмын оршин суугчдын анхаарлыг хэдийнэ татаж, хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Биднийг сурвалжлага хийх зуурт хэдэн гэр бүл хүүхдүүдийн хамт ирж, орчин нөхцөлтэй танилцахаас гадна цагийн хуваарь болон бүртгэлийн талаар лавлаж, усан спортоор хичээллэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд улсын төсвийн 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон шинэ "Усан спорт сургалтын төв" үүд хаалгаа нээгээд гурав ч хоноогүй байна. Энэхүү цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн 25 метр урт, таван зам бүхий усан бассейнаас гадна дотроо боулинг, фитнесийн заал, тухлаг кофе шоптой аж. Мөн гаднаа 62 автомашины багтаамжтай зогсоолыг иж бүрнээр нь шийджээ.
Уг төв зөвхөн Сонгинохайрхан дүүргийн оршин суугчдаар хязгаарлагдахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн бүх иргэд үйлчлүүлж, чөлөөт цагаа эрүүл, идэвхтэй өнгөрүүлэх бүрэн боломжийг олгож байгаагаараа онцлогтой.
"Усан спорт сургалтын төв"-ийн төлбөрийн нөхцөл иргэдийн амьдралд ойр, уян хатан байгаа нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байна. Тухайлбал, өдрийн болон сарын багцын үнэ нь хувийн хэвшлийн усан бассейнуудтай харьцуулахад хамаагүй хямд, боломжийн байгааг суралцагчид онцолсон. Шинэ бассейн нээгдсэн мэдээллийг цахим орчноос харж, зорин ирсэн үйлчлүүлэгчид зөвхөн хямд үнийг бус, ажилтнуудын найрсаг харилцаа, цэвэр цэмцгэр орчныг сайшааж байв.
"ХОТЫН ТӨВИЙН БАССЕЙНУУДААС НЭГ ДАХИН ХЯМД БАЙНА"

Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийн төлөөлөл Н.Золжаргал хэлэхдээ “Миний хувьд өнөөдөр анх удаа үйлчлүүлж байна. Хэд хоногийн өмнө Найрамдал явах замд шинэ усан бассейн нээгдсэн тухай сонсоод, ойр дотныхоо хүмүүсээс байршлыг нь лавлан зорин ирлээ.
Өмнө нь усанд сэлэлтээр хичээллэхийн тулд заавал хотын төвийг зорьдог байсан бол одоо дүүргийн иргэдэд ийм ойр, хүртээмжтэй үйлчилгээ нээгдсэнд маш их баяртай байна. Хамгийн наад зах нь ирж очихдоо түгжрэлд цаг алдахгүй байгаа нь давуу тал болж байна. Мөн үнийн хувьд бусад газруудтай харьцуулахад харьцангуй боломжийн санагдсан. Хотын төвийн бассейнуудаас бараг нэг дахин хямд үнэтэй.
Энд дан ганц усан бассейн гэлтгүй боулинг, фитнессийн өрөө гээд олон төрлийн үйлчилгээ нэг дор төвлөрсөн нь залуу гэр бүлүүдэд цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин болжээ.
Түүнчлэн Найрамдлын зам дагуу байрлалтай тул эндээс шууд цэвэр агаарт гарахад ч ойр санагдсан" гэсэн юм. Тэрбээр хүүхдийнхээ хамт ирсэн бөгөөд хүүхдээ багаас нь усан спортоор хичээллүүлэх хүсэлтэй байснаа дурдаад, багшийн заавар зөвлөгөөний дагуу анхны хичээлдээ орж байгаагаа хэлсэн юм.
Усанд сэлэлт нь зөвхөн бие бялдрыг чийрэгжүүлээд зогсохгүй, зүрх судасны тогтолцоог бэхжүүлж, сэтгэл зүйн амар амгаланг бэлэглэдэг олон талын ач холбогдолтой спорт юм.
"Усан спорт сургалтын төв" нь өглөөний 07:40-өөс оройн 20:45 цаг хүртэл тогтсон хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Төлбөр тооцооны хувьд сургалт болон чөлөөт сэлэлт гэсэн үндсэн хоёр сонголттой. Тодруулбал, усан сэлэлтийн сургалтын тухайд, сургалтыг анхан, дунд, дээд шат гэсэн гурван түвшинд хуваан мэргэжлийн багшийн удирдлага дор явуулдаг.
Нэг сараар буюу 12 удаагийн оролтын төлбөр нь хүүхэд 110,000-130,000 төгрөг, насанд хүрэгчид 130,000-150,000 төгрөгийн үнэтэй.
Харин чөлөөт сэлэлтийн хувьд иргэд өөрийн хүссэн цагтаа ирж сэлэх боломжтой бөгөөд төлбөрийн хувьд дараах тарифтай байна. Сард 12 удаа орох багц нь насанд хүрэгчид 120,000 төгрөг, хүүхэд 100,000 төгрөг байна. Нөгөөтэйгүүр, заавал багцаар бус, нэг удаагийн оролтоор үйлчлүүлж болох бөгөөд насны ангиллаас хамаарч 10,000-12,000 төгрөгийн ханштай байна.
Харин хоёр давхарт байрлах боулингийн үйлчилгээг нэг тоглолтоор эсвэл цагаар тооцон авах боломжтой бөгөөд үнийн хувьд дараах тарифтай байна. Дурдвал,
- Насанд хүрэгчид: 20 бөмбөг нь 10,000 төгрөг, нэг цагийн төлбөр нь 100,000 төгрөг
- Хүүхэд: Нэг тоглолт нь 5,000 төгрөг бөгөөд цагаар тоглох тохиолдолд 80,000 төгрөгийн ханштай байна.

Усан спорт сургалтын төвийн ерөнхий менежер Э.Шинэхүү хэлэхдээ "Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах цогцолбор энэ сарын 27-ны өдрөөс үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлсэн. Нээлтээр 17 клубын 280 гаруй тамирчин оролцсон дөрвөн насны ангилал бүхий тэмцээн уралдаанаар үйл ажиллагаагаа идэвхтэй эхлүүлжээ.
Олон улсын стандартад нийцсэн таван замтай, үзэгчдийн 200 суудалтай бөгөөд эхний хоёр замаа анхан шатны сургалтад, үлдсэн хэсгийг чөлөөт сэлэлтэд зориулсан.
Мөн хоёр давхарт фитнесс болон боулингийн заалаар дамжуулан иргэд цогц үйлчилгээ авах боломжтой юм. Үүнээс гадна цагийн хуваарь хамгийн чухал бөгөөд өглөөний 07:40-өөс оройн 20:45 цаг хүртэл тогтсон хуваарийн дагуу ажиллаж байгаа. "Усан спорт сургалтын төв"-д мэргэжлийн аврагч болон дасгалжуулагч багш нар заавар зөвлөгөө өгч байгаа учир аюулгүй байдал, сургалтын чанарт анхаарал хандуулан ажиллаж байна" гэв.
"НАСАНД ХҮРЭГЧИД БАССЕЙНД ЯВАХДАА БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИНГҮЙ БАЙХ ЁСТОЙ"

Анхлан суралцагчдад “Би чадах болов уу” гэсэн айдас, эргэлзээ байдаг ч санаа зовох хэрэггүй. Усанд хөвөх, амьсгалаа зөв хуваарилах зэрэг анхан шатны бүх техникийг багш алхам бүрд нь зааж өгдөг гэдгийг дасгалжуулагч, аврагч М.Энхнар хэлж байв. Тэрбээр "Усан спортоор хичээллэхээр шийдсэн бол хамгийн түрүүнд усны иж бүрэн хувцас, хэрэглэлээ бэлтгэх хэрэгтэй. Ариун цэврийн шаардлага хангаж, малгай заавал өмсөх ёстой бөгөөд эрүүл мэндийн шинжилгээний бичиг заавал бүрдүүлнэ.
Тухайлбал, арьс өнгөний шинжилгээнээс гадна насанд хүрэгчид бэлгийн замын халдварт өвчингүй байх шаардлагатай байдаг.
Мөн аюулгүй байдал, эрүүл мэндээ бодож хичээл эхлэхээс 30 орчим минутын өмнө хоол идэхгүй байх нь чухал. Хоол идсэн даруйд усанд орох нь дотор эвгүйрхэх, гулигах эрсдэлийг дагуулдаг. Усанд сэлэх нь уушгины багтаамжийг нэмэгдүүлж, нурууны суулт болон үе мөчний өвчтэй хүмүүст эмчилгээний өндөр ач холбогдол үзүүлдэг. Харин бага насны хүүхдүүдийн хувьд бие бялдар нь чийрэгжиж, бусад хүүхэдтэй харьцуулахад бие даах чадвар нь хамаагүй илүү болдог. Сэлэх үед хүний биеэс их хэмжээний энерги зарцуулагддаг тул дасгалжуулагчийн заавар, тун хэмжээний дагуу хичээллэх нь хамгийн үр дүнтэй" гэдгийг хэлсэн юм.
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn









ГЭРЭЛ ЗУРГИЙГ: О.БАТ-ЭРДЭНЭ
3,605.46






















































Вааги 2026-04-29 192.82.65.54
Зардлаа дийлэх үү. Талбайн усах оргилуур шиг битгий болчихоосой
Нэргүй 2026-04-29 66.181.183.18
Баянхошуу, 7 бцудал Дарь эх гээд олноор байгуулах хэрэгтэй.
Бас парк байгуулах
..
Зочин 2026-04-29 124.158.106.27
Дасгалжуулагч, аврагч М. Энхнар багшаа!
Бассейны усны сэлгэлт, ариун байх тал дээр ямар стандарт мөрдөж, яаж ажилладаг вэ? танай хамт олон!
Амжилт ерөөе!
Нэргүй 2026-04-29 66.181.178.49
оруул
Нэргүй 2026-04-29 103.212.162.184
ХУДүүрэгт хэрэгтэй байна.
Нэргүй 2026-04-29 180.188.170.157
Ариун цэвэр маш сайн сахиулсан байх хэрэгьэй дээ, усан санд шээж болох уу гэдгийг ,бэлгийн замын өвчингүй , биеэ сайтар угааж хиргүй гээд ,яс маханд тултал нь хэлж ойлгуулсан байх хэрэгтэй
Нэргүй 2026-04-29 202.126.88.212
Ariun tsevriin asuudal mash chuhal daa. Ene tal deer l mash sain anhaarah heregtei.
Нэргүй 2026-04-29 66.181.160.113
neg dahin hyamd gej hyamdraagyitei adil negt huvaana
Зочин 2026-04-29 202.126.88.174
Зөвхөн хүүхдүүдийг л оруул, нэгэнт томроод орк талдаа болчихсон томчуудыг оруулбал эвдээд, тоноод дуусгана, гэр хороолол ч хэцүү шүү дээ, анхнаасаа жаахан чангахан барьж байхгүй бол нэг л мэдэхэд балгас болно
Пээ 2026-04-29 202.9.46.185
Ямар их хулгай, шахаа, цавчаа, тендерийн луйвар орсон болоо?
номун 2026-04-29 183.177.100.4
иййшш дандаа буруу нүдээр харна, ийм сайхан бүтээн байгуулалт босчихсон байхад хүүхэд залуучуудын эрүүл ирээдүйн өнцгөөс нь хараач
Нэргүй 2026-04-29 66.181.164.250
яагаад ийм ядаргаатаймбээ с**