niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 01:36 UTC Эх: https://news.mn/r/2863006/ 184e02c0b04a5f66… ← niitlelch.mn руу буцах

Хөндөх сэдэв: Хүчтэй нь хүчгүйгээ дэмждэг соёлын төлөө

Хөндөх сэдэв: Хүчтэй нь хүчгүйгээ дэмждэг соёлын төлөө

Хөндөх сэдэв: Хүчтэй нь хүчгүйгээ дэмждэг соёлын төлөө

Өсвөр үеийнхний дундах үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл нь өнөөдөр зөвхөн хүүхэд хоорондын маргаан бус, нийгмийн тулгамдсан асуудал болон хувирлаа. Хамгийн сэтгэл түгшээм зүйл нь бусдыг доромжилж, бие махбодын хүчирхийлэл үйлдэж буйгаа дүрс бичлэгээр баримтжуулан цахим орчинд тарааж, түүгээрээ хандалт авах гэсэн ёс зүйгүй үйлдэл нь газар авч байгаа явдал юм.

Саяхан нийслэлийн "Шангри-Ла" зочид буудлын орчимд болсон хэрэг нийгмийг цочроож, эцэг эхчүүдийг шүгэл үлээхэд хүргэснээр сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн олон далд баримтууд ил болсон. Одоогоор нэр бүхий хүүхдүүдийн хэрэгт прокурорын байгууллагаас шалгалт явуулж байгаа юм. Гэвч хүчирхийллийн хэрэг тасрахгүй байна. Тухайлбал, энэ сарын 24-ний өдөр Архангай аймагт 9 болон 11 дүгээр ангийн сурагчид нэгнийгээ зодсон хэрэг гарч, хохирогч хүүхдийг түр хамгаалалтад авахад хүрчээ.

Үе тэнгийнхний дээрэлхэлт гэдэг бол зөвхөн хүүхэд насны шоглоом биш харин тухайн хүний сэтгэл зүй, ирээдүйд насан туршид сорви үлдээх хор уршигтай үзэгдэл юм. Нийгэмд энэ асуудлыг "байх ёстой зүйл" мэтээр хүлээн зөвшөөрч, үл тоомсорлож хэрхэвч болохгүй.

Ялангуяа сургууль, анги хамт олон бол хүүхэд бүрийн хувьд өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох аюулгүй орчин байх ёстой.

Дээрэлхэлт байгаа газарт хүүхэд байнгын айдас, түгшүүрт автаж, өөртөө итгэх итгэл нь үгүй болдог. Энэ нь цаашлаад сэтгэл гутрал, ганцаардалд хүргэх аюултай. Нөгөөтэйгүүр, хүүхэд бүр бусдаас ялгаатай байх эрхтэй. Гадаад төрх, сонирхол, гэр бүлийн байдал зэргээс шалтгаалж хэн нэгнийг доромжлох, гадуурхах нь хүний суурь эрхэд халдаж буй хэрэг юм. Бид бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, харилцан хүндэтгэлтэй нийгмийг цогцлоох учиртай.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн статистик үзүүлэлтээс үзэхэд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил өндөр хэвээр байгаа юм. Тухайлбал, 2025 онд улсын хэмжээнд хүүхэд хохирсон 2339, хүүхэд үйлдсэн 1135 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2026 оны I улирлын байдлаар хүүхдийн эсрэг 518, хүүхэд үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдэж, 335 хүүхэд хохироод байна. Харин дээрэлхэлтийн хэлбэрийн хувьд өнгөрсөн онд бүртгэгдсэн 504 гомдлын 48.7 хувь нь гэмт хэргийн, 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй байв.

Энэ оны эхний улиралд 58 гомдол ирснээс 26 нь эрүүгийн хэргийн шинжийг агуулж байна.

Дээрэлхэлт нь ихэвчлэн бүлэг зохион байгуулалтад орж, сэтгэл санааны дарамт үзүүлэх, ялгаварлан гадуурхах, заналхийлэх хэлбэрээр биечлэн болон цахим орчинд үйлдэгдэж байгаа нь хүүхдийн ирээдүйд нөхөж баршгүй хохирол учруулж байна. Энэхүү нөхцөл байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Цахим инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар тэдгээрийн харьяа байгууллагууд хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг улс орон даяар эхлүүллээ. Тодруулбал, тус аян дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 06-ныг хүртэл үргэлжлэх энэхүү аяны хүрээнд,

  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургууль, олон нийтийн газарт хяналт тавина.
  • Дээрэлхэлт, хүчирхийллийг өдөөн турхирдаг цахим бүлгэмүүдийг хаах арга хэмжээ авна.
  • Өдөр бүр сургуульд хууль эрх зүйн мэдлэг олгох, төлөвшил, ур чадварын сургалтууд зохион байгуулж байна.

Өмнөх онд хэрэгжсэн "Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй" аяны үр дүнд хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 30 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлт гарч байсан бол энэ удаагийн аян нь 365 хоногийн турш хүүхэд бүрийн төлөвшил, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нийгмийн соёл болгон хэвшүүлэхэд чиглэж байна.

Үе тэнгийн дээрэлхэлт нь улам харгис шинжтэй болж байгаа нь ирээдүйн гэмт хэрэгтнүүдийг бэлтгэх аюултайг мэргэжилтнүүд болон улстөрчид анхааруулж байна. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан энэ асуудлаар зохион байгуулсан сонсголын үеэр хариуцлагыг чангатгах шаардлагатайг онцолсон юм. Тэрбээр "Өсвөр насныхны үйлдсэн хэргийн ялыг хойшлуулдаг зохицуулалтыг эргэж харах, дээрэлхэл үйлдэгчдийг Зөрчлийн хуулиар бус Эрүүгийн хуулиар шийтгэж, насанд хүрсэн хойно нь ялыг нь эдлүүлдэг тогтолцоо руу шилжих ёстой" гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн хүүхдээ сурган хүмүүжүүлэх, хараа хяналт тавих үүргээ биелүүлээгүй асран хамгаалагчдад мөнгөн торгууль ногдуулах замаар гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь үе тэнгийн дээрэлхэлтийг үндсээр нь таслах нэг алхам болох юм. Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах нь зөвхөн төр, цагдаагийн ажил бус, айл бүр, иргэн бүрийн анхаарал халамжаас эхлэх нийгмийн нэгдмэл үүрэг билээ.

Өнөөдөр дээрэлхүүлж буй хүүхэд маргааш бусдыг дээрэлхэгч болон хувирах эсвэл нийгмээс өөрийгөө тусгаарлах эрсдэлтэй. Дээрэлхэлтийг зогсоохгүй байх нь хүчирхийллийг хэвийн үзэгдэл мэтээр сурталчилж буй хэрэг юм. Бид хүчтэй нь хүчгүйгээ барьдаг биш, хүчтэй нь хүчгүйгээ дэмждэг соёлыг түгээх ёстой. Дээрэлхэлтгүй орчинд өссөн хүүхэд эрүүл сэтгэл зүйтэй, өөртөө итгэлтэй, бусдад хайр түгээх чадвартай иргэн болж төлөвшдөг. Тиймээс "Үе тэнгийн дээрэлхэлт"-ийг үндсээр нь таслан зогсоохын төлөө хүн бүр дор бүрнээ хичээх нь бидний ирээдүйн төлөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

сонгогч 2026-04-28 202.9.46.11

Хүүхдүүд сошиалаас муу муухай бүхнийг сурч, прагтик дээр хэрэгжүүлж байна……

Avatar

Нэргүй 2026-04-28 43.242.242.59

Капиталист нийгмийн ёс суртахуун угаасаа ийм л байдаг. үүнд гайхаад хачирхаад байх юм байхгүй. Бусад капитались орнуудад бүр буугаар сургууль дотор олон хүнийг буудах, хутгалж алсан хэрэг их л яригдаж байсан.Харгис капиталист нийгэм ийм байдгийг бид мэднэ.Монгол хүүхэд залуучуудын зан заншил ёс суртахуун хүмүүжил ийм байгаагүй. Хүний эрх нэрээр бүхнийг дураар нь тавьж анархизм ноёлох болсон. Өөрсдөө л буруутай.

Avatar

Нэргүй 2026-04-28 66.181.183.110

Холбогдох хуулийн үаалтад өөрчлөлт оруул. Ийм асуудал гаргасан насанд хүрээгүй хүний эцэг эх асран хамгаалагчидтай хамт хариуцлага оноодог болвол тцхайн төрлийн хэрэг эрс багасна

Avatar

ЗИГ ЗАГ НИЙГЭМ УЛС 2026-04-28 202.70.43.34

Манай Нийгэм яагаад ийм Зиг Заг болсон нь мэдээж Бүх Төр ба Хувийн салбаруудын Дээд , Дунд шатны Удирдлагуудтай холбоотой. Хаа газар Дээд, Дунд шатны Удирдлага Мэнэжмэнтэд Хатуу, Зөөлөн Ур Чадварууд Сайнтаагаас гадна Оюун Санаа , Мэдрэл нь Эрүүл Зөв Хандлагатай Хүмүүсийг ажиллуулах Чухал болоод байна

Avatar

Зочин 2026-04-28 103.168.34.3

бусдыг хийхгүй байна. Цаашид энэ байдлаараа үргэлжилж болохгүй. Яагаад төр улсаа засая төвхнүүлье гэж нийтээрээ ярихгүй бодохгүй, шаардахгүй байна вэ?!

Avatar

Нэргүй 2026-04-28 122.201.31.255

Монголчууд эрт дээр үеэсээ л хүчтэйд нь бус хүчгүйг нь дэмжиж тусалдаг байсан. Одоо энэ “хүн чанар” алга болж эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэйг нь дагаж далдаганах боллоо.

Avatar

Зочин 2026-04-28 103.168.34.3

Эд мөнгө, эрх мэдлийн төлөөх улайрсан тэнэгрэлд улс орон тэр чигээрээ автаад, дээр суугсдаасаа эхлээд нийгэмд зуршил болтол үлгэрлэж байхад хувь хүн хичээлээ гээд юуг өөрчлөх юм бэ? Хувь хүний хичээл зүтгэл гэдэг нь нөхцөл бололцоондоо тохируулж, заримаас нь булааж, заримд нь булаалгаж, хүчтэйд нь зусардаж, нэр төр хөөцөлдөж амьдрах л арга шдээ. Төр засгаа, төрийн тогтолцоогоо өөрчлөе гэж бодохгүй байгаа нь нийт ард иргэдийн хамгийн том алдаа дутагдал. Хэвлэл мэдээлэл ч үйл явдлыг дэвэргэхээс бу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж