Ерөнхий сайд Н.Учрал татварын өртэй 12 мянга гаруй ААН-ийн дансыг нээж нэг сарын хугацаанд өрөө төлж барагдуулах хугацаа олгоод байгаа. Энэ нь хэр зөв шийдвэр болох мөн нэг сарын хугацаанд хуримтлагдсан өрөө төлснөөр эргээд тухайн аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дарамт учрах эрсдэл байгаа эсэх асуудлын хүрээнд эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
"АЖ АХУЙ НЭГЖЭЭ ДЭМЖИЖ ТӨР ТЭДНИЙ ТӨЛӨӨ ҮЙЛЧИЛДЭГ БАЙХ НЬ МАШ ЧУХАЛ"

ЭДИЙН ЗАСАГЧ Г.БАТЗОРИГ:
-Өмнөх Засгийн газруудын хувьд бизнес эрхлэгчдэдээ чөдөр тушаа болж төр төмөр нүүрээ харуулдаг байсан. Ихэнх аж ахуй нэгжүүд өрөнд ороод дампуураад хаалгаа бариад эхлэхээр татварын орлого бүрдэхгүй. Тэгэхээр хаанаас орлогоо бүрдүүлэх вэ гэдэг асуудал үүснэ. Тиймээс үүнийг одоо ойлгож байгаа юм болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээж татварыг бүрдүүлдэг эдийн засгийн гол хөшүүрэг нь аж ахуй нэгж эрхлэгчид юм байна гэдгийг ойлгоод дансыг нь нээж өрөө төлөх боломжийг нь олгож байгаа нь аж ахуй нэгж эрхлэгчдээ дэмжсэн шийдвэр гэж харж байна. Энэ бол ахиц. Гэхдээ аж ахуй нэгжүүд татварын өрөө төлөхөд нэг сарын хугацаа гэдэг бол хангалтгүй. Учир нь тухайн бизнес эрхлэгч хуримтлагдсан өрөө шууд төлөх боломжгүй. Яагаад гэвэл, сүүлийн арван жилийн хугацаанд ужгирчихсан татварын дарамт чинь хуримтлагдсан өрөөр илэрч байгаа юм. Түүнээс нэгнээс бараа аваад түүнийгээ төлөөгүй асуудал биш шүү дээ.
Ер нь бол татварын дарамт өндөр, тодорхой бус байдал ихтэй манайх шиг улсад аж ахуй нэгжээ дэмжиж төр тэдний төлөө үйлчилдэг байх нь маш чухал.
Ингэж чадвал хөгжиж байгаа улсын хувьд төсөв сууриараа өсөх боломж бүрдэнэ. Аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээ тасралтгүй үйлдвэрлээд түүнийгээ хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж ашиг, орлогоо олж байгаа. Харин төр тодорхой хэмжээнд зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна. Ингэхдээ, төр эргээд яаж ашиг олох вэ гэвэл, аж ахуй нэгжүүдээ дэмжээд л бай.
Товчхондоо, маш олон аж ахуй нэгж оршин тогтнох орчныг бүдүүлж өгөөд байвал хүссэн хүсээгүй аж ахуй нэгжүүд чинь томроод, үйл ажиллагаа нь өргөжөөд улмаар татвараа нуух шаардлагагүй болно.
Гэтэл манайхан чинь шүүсийг нь шахсаар байгаад татвараа авна гээд хүчээр үзээд байдаг. Дээр хэлсэн татварыг өсгөх чухал зүйл нь татварын суурь баазаа өсгөж аж ахуй нэгжүүдээ ил гаргах. Ингэж чадвал аж ахуй нэгжүүд татвараас зугтахгүй. Энэ мэт эдийн засгийн суурь зарчмаа ойлговол хүссэн үр дүндээ хүрнэ. Дээрээс нь гүйцэтгэх засаглал татварын реформ зэрэг томоохон ажлуудыг зориг гаргаж хийхгүй байна. Учир нь татварын реформ зэрэг том өөрчлөлтүүдийн үр дүн гурав, дөрвөн жилийн дотор гарахгүй л дээ. Дор хаяж 5-10 жил шаардагддаг учраас гүйцэтгэх засаглал сонгуулийн дөрвөн жилийн тойрогт орчихсон, том өөрчлөлтүүдийг хийхгүй байгаа юм.
"ӨР НЬ ХУРИМТЛАГДСАН ЖИЖИГ, ДУНД БАЙГУУЛЛАГЫН ХУВЬД ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ДОГОЛДОХ ЭРСДЭЛТЭЙ"

БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИЙН АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ Ч.СОСОРБАРАМ:
-Хугацаандаа багтаад төлж барагдуулж амжаагүй аж ахуй нэгжүүдийн хувьд татварын өрийг барагдуулахад боломж байж болох ч хуримтлагдсан татварын өртэй аж ахуй нэгжид хувьд төдийлөн ач холбогдолтой байна гэж харахгүй байна. Ялангуяа их хэмжээний татварын өртэй, тухайн өр нь хуримтлагдсан жижиг, дунд байгууллагын хувьд тухайн татварын өрийг барагдуулахад мөнгөн урсгал доголдох, улмаар үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй. Харин багахан хэмжээний өртэй, төрийн худалдан авалтад оролцдог аж ахуйн нэгжийн хувьд энэ нь боломж байхыг үгүйсгэхгүй. Хөгжиж буй улсуудын хувьд ААН-үүд татварын өртэй бол шууд тухайн байгууллагын дансыг царцаах аргыг ашигладаг. Энэхүү арга нь ААН-үүдийн хэвийн үйл ажиллагаа явуулах, орлого зарлагаа удирдахад төвөгтэй байдлыг бий болгох цаашлаад тухайн ААН-үүд дампуурах хүртэл эрсдэлийг дагуулдаг. Иймд ААН-ийн данс царцаахгүйгээр татварын өрийг барагдуулах олон төрлийн шийдлүүд олон улсад байна шүү дээ. Тухайлбал, Бразил, Энэтхэг зэрэг улсуудад татварын өрийг сар бүр тодорхой хэмжээгээр төлж барагдуулдаг тогтолцоог ашиглан ААН-үүдэд ачаалал багатайгаар, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах татварын тогтолцоо ажилладаг. Зүүн Азийн зарим улсуудад тодорхой хугацаанд татварын өрийг барагдуулах боломжийг олгодог. Зарим улсуудад ААН-үүд нь төртэй гэрээтэй, төрөөс авлагатай бол татварын хувь хэмжээг тухайн авлагаас суутган төлдөг улс орнууд ч бий. Татварын өр барагдуулах дээрх олон төрлийн арга хэрэгслээс манай улсад тохирох боломжтой, татвар төлөлтийг нэмэгдүүлэхэд чухал холбогдолтой арга хэрэгслийг тодорхойлох замаар ААН-үүдийг үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх биш илүү дэмжсэн байдлаар зохицуулалт хийх нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой.
"НЭГ САРЫН ХУГАЦААНД ХУРИМТЛАГДСАН ӨРӨӨ ТӨЛӨХ БОЛОМЖГҮЙ"

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛАКШМИ:
-Аливаа компани дансаа хаалгаснаар дансаараа орж ирж буй мөнгийг нь зарцуулах боломжгүй болдог. Улмаар тухайн компанийн үйл ажиллагаа улам доголддог. Тиймээс аж ахуй нэгжүүдийн дансыг нээх шийдвэрийг бол зөв гэж харж байгаа. Харин хугацааны хувьд нэг сар гэдэг бол хангалтгүй байна. Яагаад гэвэл, оны сүүлээр ашиг орлого нэмэгддэг үе байсан бол өөр. Гэтэл он гараад дөнгөж гурван сар өнгөрч байна. Бизнесийн үйл ажиллагаа энэ үед зогсонги байдаг, идэвхжих болоогүй байна. Тиймээс аж ахуй нэгжүүд тэр их хуримтлагдсан татварын өрөө нэг сарын дотор төлж барагдуулах боломжгүй. Өөр уян хатан санаачилгыг гаргах шаардлагатай. Тухайлбал, тухайн аж ахуй нэгжийн дансыг нээгээд татварын газартай очиж уулзаад хуримтлагдсан татварын өрийг бага багаар төлж барагдуулах график гаргаж, үүнийг санал болгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд бизнесийн орчин нэлээд хүнд байгаа. Энэ цаг үед аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө өгч төрөөс ямар төрлийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа талаар ярилцах шаардлагатай.
3,605.46





















































Нэргүй 2026-04-14 85.93.1.25
;))))))) Хамгийн сайн секс болзоо үйлчилгээнд тавтай морилно уу — Xdate.mom
Нэргүй 2026-04-14 124.158.122.50
Ганц сар бол нүд хуурсан хэрэг. 1, 2 улирал болгох шаардлагатай.
Нэргүй 2026-04-14 202.179.11.230
unen 1 sar gedeg baga hugatsaa.
Нэргүй 2026-04-14 192.82.65.88
Төр тогтоосон татвараа бүрэн хурааж авах ёстой. Татварын бодлого жигд, тэгш үйлчлэх ёстой. Өрийг өршөөгөөд байвал энэ улсад татвар төлөх аан олдохгүй, улс мөхнө. Татвар өндөр байгаа, үе шаттай бууруулах ёстой. Хураасан татварын зарцуулалтаа ил тод тайлагнах ёстой.