Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын төлөөх үндэсний шагайн харвааны дөрөв дэх удаагийн тэмцээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын зам” компанийн баг тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо.
Улаанбаатар хотноо энэ сарын 21-22-нд болсон тус тэмцээнд нийслэл болон 21 аймгийн 101 багийн 808 харваач оролцож, цэц мэргэнээ сорьжээ. Насанд хүрэгчдийн ангилалд С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галбын зам” компанийн баг тэргүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг хоёр дахь удаагаа хүртсэн байна.
Монголын Үндэсний шагайн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Гарамгай мэргэн, спортын мастер С.Бат-Эрдэнэ ахлагчтай тус багийн амжилт нь Өмнөговь аймагт шагайн харвааны уламжлал үеэс үед өвлөгдөн, харваачдын ур чадвар, багийн уялдаа холбоо улам бэхжиж буйн илрэл боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар зарлигаар үндэсний шагайн харвааны нэрэмжит шилжин явах цомыг бий болгож, тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламжлалт спортыг хөгжүүлэхэд чухал алхам болсон юм.
Өмнөговь аймаг шагайн харвааг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэхэд анхаарч, аймгийн Засаг даргын ивээл дор бүсийн болон аймгийн аварга шалгаруулах тэмцээн, “Говь гурван сайханы тойром харваа”-г уламжлал болгон зохион байгуулж, 15 сумын харваачдыг хамруулж байна.
Түүнчлэн өсвөр, залуу үеийн харваачдыг бэлтгэх, ахмад үеийн мэдлэг, туршлагыг өвлүүлэх зорилгоор “Өсөх идэр мэргэн” төслийг хэрэгжүүлж, сумдыг харвааны иж бүрэн тоног төхөөрөмж, зурхайгаар хангах ажлыг салбар холбоотой хамтран үе шаттай хийж байна.