niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 04:36 UTC Эх: https://news.mn/r/2859715/ 0cb501552c6f3039… ← niitlelch.mn руу буцах

УИХ: Санхүүгийн хоршооны тухай хууль батлагдвал зээл хямд өртгөөр хүрнэ

LiveУИХ: Санхүүгийн хоршооны тухай хууль батлагдвал зээл хямд өртгөөр хүрнэ

УИХ: Санхүүгийн хоршооны тухай хууль батлагдвал зээл хямд өртгөөр хүрнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.09/ 10.00 цагт эхэллээ.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
15 : 31
2026-4-9

Санхүүгийн хоршооны тухай хууль батлагдвал зээл хямд өртгөөр хүрнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа, санхүүгийн салбарт банк хамгийн том орон зай зээлж байна.

Санхүүгийн хоршооны тухай хууль батлагдан хэрэгжвэл санхүүгийн салбарт мөнгө нэг тал руу хэт төвлөрөх эрсдэл гарах уу. Санхүүгийн зохицуулах хороо эрсдэлийг яаж харж байна вэ. Монголын банкинд 22 их наяд төгрөгийн хадгаламж байна гэдэг статистик гарсан. Монголчуудын мөнгийг улсынхаа  дэд бүтцийн салбарт зарцуулах чиглэлээр төлөвлөсөн зүйл байдаг уу. Санхүүгийн үйлчилгээ ойртоод иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ бий болох ч гэлээ хэрэглээг дэмжсэн зүйл болохгүй юу. Бүтээн байгууалалтад тодорхой зүйлийг чиглүүлж зохицуулах боломжтой юу. 

Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

-Хоршоод гишүүддээ үйлчлэх эрхтэй, зөвхөн зээл, хадгаламжийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хууль батлагдвал хадгаламж зээлийн хоршоо нь дахиад гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Даатгал, санхүүгийн түрээсийн үйлчилгээ зэрэг. Илүү орон нутгийн хөрөнгө оруулалт руу чиглэх гэдэг талдаа хувь нийлүүлэгчид орон нутагт санхүүгийн эх үүсвэрээр  өөрсдийнхөө боломжит дүнгээр хоршиж нэгдээд үүгээрээ хөрөнгө оруулалтын жижиг дунд бизнес эрхлэх том боломж болно. Орон нутагт хадгаламж зээлийн хоршооны гишүүд нь малчид байдаг. Сүүлд шинэ хоршоо хөдөлгөөн өрнөхөд малчид шинээр хоршооллыг үүсгэн байгуулсан. Цаашдаа төрийн зүгээс хоршоодод хөдөлмөрөөрөө хоршиж байгаа жишээлбэл, газар тариаланд ямар нэг дэмжлэг олгохгүйгээр санхүүгийн хоршоодынхоо үйл ажиллагаатай уялдуулаад өөрсдийн дундаас босгосон хувь нийлүүлсэн хөрөнгөөрөө үйл ажиллагаа эрхлэх боломжийг нь дэмжих санхүүгийн нэг хөшүүрэг, анхан шатны институцынх нь үйл ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд өргөжүүлж дэмжиж өгч байгаа хэлбэр юм.

Өнөөдөр арилжааны банкууд дээр байгаа зээлийн эх үүсвэр банк бус санхүүгийн байгууллагаар дамжаад банк бус санхүүгийн байгууллага нь хоршооны гишүүн болоод иргэдийн гар дээр очих ёстой хямд өртөгтэй эх үүсвэр нь дундаа маш олон дамжлага дамжсанаар өртөг нэмэгдээд өндөр хүүтэй зээл болж хүрээд байгаа учраас энэ хуулийн зохицуулалтаар орон нутгийн болон салбарын хязгаарыг тогтоож өгснөөрөө хямд өртөгтэй эх үүсвэр нь иргэдэд хүрэх боломжийг олгоно. Эдийн засгийн өсөлт өрх бүрт очих суурь хууль юм.

Ажлын хэсгийн гишүү, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц:

-Санхүүгийн хоршоо бол хамтын удирдлагатай гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус гэдэг онцлогтой.  Бүх гишүүдийн хурлаас томилогдсон Хяналтын зөвлөл дотоод хяналтын үйл ажиллагаа явуулна.. Түүн дээр нэмээд хөндлөнгийн аудитын байгууллага санхүүгийн аудит хийнэ. Гишүүд нь үйл ажиллагаан дээр нь хяналт тавина . Санхүүгийн зохицуулах хороо  хуульд заасан чиг үүргийн хүрээнд санхүүгийн зохистой харьцаа, төлөбөрийн чадвар зэрэг санхүүгийн үзүүлэлт дээр хяналт тавиад явна.

Төсөлд тусгагдсанаар Санхүүгийн зохицуулах хороо албадлагын олон арга хэмжээ авна.

Энэхүү хуулийн төслөөр санал хураах ёстой байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс маргааш санал хураахаар боллоо. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

 

14 : 46
2026-4-9

УИХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нарын санаачлан боловсруулсан Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хийв.

Өнөөдрийн байдлаар хадгаламж, зээлийн 172 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 53.5 хувь буюу 52 нь орон нутагт, 46.5 хувь буюу 80 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж. 2025 оны байдлаар салбарын нийт хөрөнгө 376 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 0.5 хувь, гол үзүүлэлт болох хадгаламж болон зээлийн дүн банкны зах зээлийн мөн үзүүлэлтийн 0.8 хувьтай тэнцэж байгааг онцлов.

Нэг зээлдэгчид ногдох дундаж зээл 10.3 сая төгрөг бөгөөд энэ үзүүлэлт нь Улаанбаатар хотод 17.4 сая төгрөг, орон нутагт 4.9 сая төгрөг байгаа аж.

Нэг хадгаламж эзэмшигчид ногдох дундаж хадгаламж 5.3 сая төгрөг бөгөөд тус үзүүлэлт нь Улаанбаатар хотод 7.5 сая төгрөг, орон нутагт 2.9 сая төгрөг байгаа юм байна. Нийт гишүүдийн тоо 2025 оны байдлаар 77155 иргэн байгаа нь эдийн засгийн идэвхтэй хүн амын 5.5 хувийг эзэлж байгаа аж. Энэ үзүүлэлтээрээ Азийн дундаж үзүүлэлт болох 6.6 хувьтай ойролцоо, олон улсын дундаж үзүүлэлт болох 11.2 хувиас 5.7 пунктээр доогуур байгаа аж.

Монгол Улсын 18-64 насны эдийн засгийн идэвхтэй хүн амын 26 хүн тутмынх нь нэг нь хадгаламж, зээлийн хоршооны гишүүн, 71 хүн тутмын нэг нь зээл авсан, 41 хүн тутмын нэг нь хадгаламж төвлөрүүлсэн гэх тоон мэдээллийг мөн танилцууллаа.

Хэдийгээр санхүүгийн зах зээлд эзлэх хэмжээ харьцангуй бага ч тогтвортой, зохистой өсөлтийг үзүүлж буй зээл болж төлөвшиж байгааг тэмдэглээд “Тасралтгүй хөгжиж байгаа энэ зах зээлийн хөгжлийн чиг хандлагад тохирсон зохицуулалтыг бий болгох, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, гишүүдийн санхүүгийн хэрэгцээнээс гадна нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хоршоодыг хөгжүүлэх шаардлага тулгарч байна” хэмээсэн.

Олон улсын туршлагаас судалж үзэхэд хадгаламж, зээлийн хоршоодын талаар тогтсон нөхцөл тодорхойгүй байдгийг дурдаад “Энэ төрлийн байгууллагыг улс орнууд янз бүрээр нэрлэж байгаа ч Дэлхийн банк “Санхүүгийн хоршоо” хэмээн нэгтгэн нэрлэж байгаа. Иймд төсөл санаачлагчид эл томьёоллыг ашиглан, салбарын нэршлийг өөрчлөх алхам нь гишүүдийн хэрэгцээнд нийцсэн, олон төрлийн санхүүгийн үйлчилгээг хүргэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зохицуулалтын орчныг бий болгосноор гадаадын зорилтот болон хөнгөлөлттэй төсөл, хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх, санхүүжилт авах боломжуудыг бүрдүүлэх ач холбогдолтой” гэв.

Мөн олон нийтийн хоршооны талаарх сөрөг төсөөллийг бууруулж, салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор ребрэндинг хийх нь зүйтэй хэмээн үзжээ.

Иргэд хоорондын харилцан туслалцах зарчим дээр тулгуурлан байгуулагдаж, санхүүгийн үйлчилгээг зөвхөн гишүүддээ хүргэж ажилладаг учраас санхүүгийн хоршооны салбар улс орны санхүүгийн системд онцгой байрыг эзэлдэг тул төрөөс бодлогоор дэмждэг байна. Зах зээлийн найдвартай байдал болон хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалахын тулд дэлхийн улс орнууд хамгаалалтын 2-3 давхарга бүхий тогтолцоог бий болгон иржээ. Нэгдүгээрт санхүүгийн хоршоодын цэвэр орлогоос байгуулдаг нөөцийн сан, хоёрдугаарт үйл ажиллагааны түр хугацааны хүндрэлд орсон, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдсан санхүүгийн хоршоодод мэргэжил арга зүйн болон санхүүгийн туслалцаа үзүүлж, дампуурлаас сэргийлж үйл ажиллагааг сэргээхэд чиглэдэг тогтворжуулалтын сан, гуравдугаарт хадгаламжийн даатгал бөгөөд хоршоо дампуурсан тохиолдолд даатгагдсан хадгаламжийг хадгаламж эзэмшигчид нөхөн олгодог.

Олон улсын чиг хандлагад хадгаламж хамгаалалтай холбоотой асуудалд санхүүгийн хоршоодыг банкны салбарын нэгэн адил зохицуулахад чиглэсэн байдаг байна. Хадгаламж хамгаалах тогтолцоог нэвтрүүлснээр зах зээлд орох мөнгөний урсгал нэмэгдэх, гишүүдийн тоо өсөх, иргэдийн санхүүгийн хоршоонд, цаашлаад санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэргээр санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх аж.

Манай орны хувьд санхүүгийн хоршоод хамгаалалтын нэгдүгээр давхаргын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгаалалтын олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлснээр салбарын нэгдсэн бодлого, удирдлагын дор төрд үүсэх дарамтгүйгээр салбарыг тогтвортой хөгжүүлж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзсэн гэв

 

11 : 52
2026-4-9

“ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал та хээвнэг худлаа яриад сууж байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалт тусгасан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ -ийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хэрэгцээ шаардлага байгаатай бүгд санал нэгдэж байгаа, УИХ-ын гишүүн хариуцлагатай байх ёстой, ард түмнийг төлөөлдөг үүргээ чин шударгаар хрээгжүүлдэг байх ёстой, авлига, албан тушаалын хэргээс бүгд хол байх ёстой. Ёс зүйн дэд хороо ажиллахгүй, хариуцлага тооцдог механизм үеийн үед сул байсан учраас энэ асуудал яригдаад байгаа. Миний хувьд зарим заалттай саналтай нийлэхгүй байгаа. УИХ-ын гишүүд хуралдаа суух, саналаа өгөх нь анхан шатны үүрэг. Х.Баттулга гишүүн хойд бүсээс сонгогдчихоод чуулганы хуралдаандаа суусныг санахгүй байна.

Австралид бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр сараас дээш чуулганы хуралдаа суугаагүй бол хөөдөг. Латвид хуралдааныхаа 50 хувьд хувьд суугаагүй бол хөөдөг.

Ах нар хувийн ажлаа хөөцөлдөөд явдаг, энэ дээр сахилга бат байх ёстой.

Гэхдээ энэ хуульд асуудал байна. Шийдэл нь залхуу байна. Хамгийн амархан арга сонгов гэхээр та бүхэн хүнтэй зууралдаад байна. Яагаад энэ асуудал үүсэв , парламентын нэр хүнд унаад байгаагийн суурь асуудал руу чиглэсэнгүй. Сонгогдож орж ирсэн хүнтэй нь зууралдаад тийм ёс зүйгүй, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг, нэр дэвшүүлж сонгодог систем рүү орохгүй байна. Улс төрийн намд асуудал байгаа. Улс төрийн нам болохгүй бүтэхгүй хүн нэр дэвшүүлээд байх юм бол яах юм. Улс төрийн намд өгч байгаа хариуцлага байхгүй, сонгогдсон хүнтэй нь зууралдсан хууль гэж харж байгаа.

Улс төрийн намд хариуцлага хүлээлгэх бол гаргалгаанууд бий. Сахилгын шийтгэл хүлээсэн, ёс зүйн зөрчил гаргасан хүмүүсээ нам нэр дэвшүүлдэггүй байх ёстой.

Гэтэл асуудалд нэр холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлээд гаргаад ирдэг. Ингээд парламентын нэр хүнд унаад байна.

Тангаргаасаа няцсан бол татчихна гэдэг ерөнхий юм хэлээд байгаа. Тодорхой бус юмыг чинь араар буруугаар зэвсэг болгон ашиглах орон зай нээх гээд байна.

Тангаргаасаа няцсан гэдэг агуулгыг А.Бямбажаргал хуульч та юу гэж харж оруулж ирсэн бэ?

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал:

-УИХ 2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, баталж байсан. Энэ нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олон зүйлүүд орсны нэг нь 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нэмэлт орсон. Тэр нь УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно гэдэг заалт. Өөрөөр хэлбэл, 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа гишүүнийг эгүүлэн татах үндэслэлд энэ агуулга байхгүй байсан. Гэхдээ байхгүй байсан гэж шууд хэлж болохгүй. Гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх, мөн түүнийг эгүүлэн татах эсэх үндэслэл байгаа эсэх асуудлаар Цэц 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдвэрлэх эрх нь Үндсэн хуульд заасан 66 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт байж ирсэн. Хуулийн төсөлд энэ агуулгыг яаж тодруулсан бэ гэхээр та бүхний өргөсөн тангаргын хэсэгт уг хуулийн хоёрдугаар зүйлд байгаа ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж гэдэг ийм зүйлийг нэмж байгаа юм.

Ёс зүйн хэм хэмжээ гэдэг дотор юу орох юм бэ гэдэг асуулт гарна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хууль тотгоох хүрээ хязгаарыг тогтооно гэдэг ийм агуулгатай 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт орсон. Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар хууль санаачлах эрх нь нээлттэй. Бид зарим талаар дутуу хараад байх шиг байгаа юм. Хуульчид бас анхаараасай:  Өөрөөр хэлбэл, ярьж байсан зүйл, томъёолж баталсан хууль хоёрынхоо /микропон тасрав/.

Юуг вэ гэхээр хууль санаачлах эхрийнхээ хүрээ хязгаарыг хуулиар  тогтоож байгаа хууль маань УИХ-ын тухай хууль. УИХ ын тухай хуулийг 2020 онд батлаад тухайн үед Ерөнхийлөгч хэсэгчилсэн хори тавьж, уг хоригийн дагуу засахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль тогтоох хүрээ хязгаар нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-ийг баримтална гэж заасан. 4 нь хууль санаачлах эрхийн хүрээ хязгаар нь одоогоор ийм л хэмжээнд байгаа.

Тангаргаасаа няцсан гэдэг агуулга маань энэ хуулийн төслийг дагалдах тогтоолын төсөлд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлээч ээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Өөрийн чинь байнгын хооронд өгсөн хариулт, чуулганд өгсөн хариулт тэнгэр газар шиг зөрж байна. Үндсэн хуулийн Цэц 1994 оноос хойш УИХ ын гишүүн тангаргаасаа няцсаныг шийдэж ирсэн, 1992 оны Үндсэн хуульд байсан юм гээд хээвнэг ярьж байсан,  тийм биш шүү дээ. Чи худал мэдээлэл өгөөд явж байсан шүү дээ, Байнгын хороон дээр. 1992 оны Үндсэн хуульд тангаргаасаа няцах гэдэг үг байгаагүй. 29.1 дээр өөр албан тушаал эрхэлсэн бол гэдгээр хоёр асуудлаар Цэц дүгнэлтээ хийгээд зөрчсөн байна аа зөрчөөгүй байна гэсэн.

Гэтэл та нар миний асуултад хариулахдаа “1994 оноос хойш байгаа юмыг та нар өөрсдөө харчихаач дээ” гэж даапаалаад сууж байсан.

Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга,  хариуцлагатай албан тушаалтан. Та худал мэдээлэл хээвнэг яриад сууж байна, та өөрөө ёс зүйн хариуцлагагүй юм биш үү.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр та худлаа яриад сууж байдаг юм биш биздээ  санаа зовж байна, айж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: 

-Цаашид парламент орших уу, эс орших уу  гэдэг зангилаан дээр энэ хуулийн төслийг хэлэлцэж байна. Хүн бүр хийх ёстой ажлаа л хиймээр байна. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг эв нэгдлийг хангадаг. Засгийн газар нь Засгийн газар шиг асуудлаа шийддэг. УИХ нь парламент шиг байж, ардчилсан тогтолцоог хамгаалж, хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд иргэдийн аж амьдралд шаардлагатай хууль тогтоомжийг батлах. Гэтэл манайд хөлөөрөө толгой хийж байна гэдэг шиг л юм болж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хүртэл УИХ-д хууль тайлбарлаад сууж байна. Энэ хуулиа батлуулж авчихаад УИХ-ын гишүүдэд ёс зүй заагаад суух юм байна л даа. Тийм учраас УИХ-ын даргад хандаж үг хэлье.  С.Бямбацогт дарга  та парламентад таван удаа сонгогдсон парламентчидын нэг.  Таны анх даргаар сонгогдоод хэлэлцүүлж байгаа хууль энэ болж байна. Энэ хуулийн төсөлд асуудалтай зүйл их байна. Саначилснаасаа эхлээд асуудал дагуулж байгаа.

УИХ-тай холбоотой асуудлыг зөвхөн УИХ ын гишүүн санаачилна гэж заасан байдаг, гэтэл  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хүмүүс тэс хөндлөнгөөр  тайлбарлаад сууж байна, УИХ-ын даргын хувьд үүнийг та зүгээр хараад сууж болох юм уу.

Эгүүлэн татах асуудлыг процессжуулах шаардлагатай гэж үзэх юм бол тэр асуудлыг УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлаад оруулж ирж болно, нээлттэй. Шаардлагатай бол би ч санаачлаад явж болж байна. Миний бодол бол өнгөрсөн 36 жилийн хугацаанд маш их үнэ цэнээр хамгаалагдаж байгаа ардчиллын хувь заяа сонгогчдод л байх ёстой. Эгүүлэн татах эрх сонгогчдод л байх ёстой. Та УИХ-ынхаа хувь заяаг яаж харж байгаа юм бэ?

УИХ-ын дарга С.Бямбацогт: 

-Дэгийн тухай хуулиар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авдаг. Гишүүдэд эргэлзээ байгаа учраас танд УИХ-ын Тамгын газраас тайлбар өгүүлье. УИХ-д өргөн мэдүүлж байгаа хуулийн төслийг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцсэн эсэхээр УИХ-ын Тамгын газраас дүгнэлт гаргадаг. Ингэж хянагдсан. Тиймээс Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн хүрээ хязгаарыг зөрчсөн, давсан, парламентын эрх мэдэл рүү халдсан зүйл байхгүй гэж үзсэн.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөл нь УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал учраас Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй гэдэг лавлагаа өгсөн.

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Өлзийсайхан Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль бусад хуультай зөрчилдөөгүй, хууль зөрчөөгүй болохыг хууль зүйн үүднээс тайлбарлав.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: 

-Сая тайлбар хэлсэн хүн дээр ч гэсэн хөл, толгой нь алдагдсан байдал харагдаад байгаа. Өнгөрсөн намар МАН-ын хэрүүл тэмцлийн үеэр Үндсэн хуулийн Цэцийн гишүүний ажлаа өгөөд УИХ-ын Тамгын газар ирж ажиллаж байгаа. Тэгээд одоо бас хууль тайлбарлаад сууж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: 

-Б.Жаргалан гишүүн над руу чиглэсэн тодорхой зүйл хэлсэн учир зүйл хэлье. Юун түрүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуулиар нарийн бичиг нь зөвлөлийн гишүүдийнхээ бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд нь туслахаар заасан байдаг. Хоёрдугаарт, намайг ажлын хэсгийн гишүүнээр оруулсан. Тиймээс би үүрэгт ажлаа хийж байна.

Мөн би Б.Жаргалан гишүүнд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг хичээл зааж байсан. Гэвч би ёс зүйн том алдаа гаргаснаа энд хүлээн зөвшөөрөх ёстой юм байна.

Юу гэхээр Б.Жаргалан гишүүн хичээлдээ суугаагүй, хүнээр гуйлгаж дүнгээ тавиулж байсан юм. Би үүндээ хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Миний хичээлийг сонсоогүй учраас энэ хүн ингэж яриад сууж байна.

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад хандан хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зүйл ярих сануулга өгөв.

Ийнхүү ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалыг үг хэлсний дараа УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэлцэж буй асуудалтай холбоотой зүйл ярихыг сануулж, ажлын хэсгийн гишүүд хэлж байгаа үгээ бодоорой хэмээн анхааруулав.  

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Хараад байхад их явцуу, хэн нэгэн хүн рүү дайрсан, ялангуяа эмэгтэй гишүүд рүү дайрсан хуулийн төсөл орж ирж байгаа юм бишүү. М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа, Х.Булгантуяа, Б.Баасанжаргал гишүүн гээд.

126 гэдэг нэг ангийнхан. Сонгогчдоос өгсөн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа хамтдаа дуусгах ёстой. Анги дотор хэл амтай,  муу сурдаг, уур уцаартай, хичээлээ тасалдаг хүүхэд байдаг, бүгд л төгсдөг шүү дээ.

УИХ-ын дарга аа та парламентын засаглалаа хамгаалах гол үүрэгтэй  хүн. Бид нар танд тэгж итгэл найдвар өгсөн.

Бид нар зүгээр байж байгаад ангийнхаа охидуудыг зодуулаад сууж чадахгүй шүү, хэн ч байсан хамаагүй. Эмгтэй гишүү юм ярихаар дайрдаг. Таны лекцэнд суугаагүйгээр та энд цоллоод сууж болохгүй, дэндэж байна. А.Бямбажаргал таны хичээлд суух хүнгүй болох гэж байна шүү дээ. Танд итгэдэг олон залуус байгаа. Хуульч болох хүслийг нь ганцхан өгүүлбэрээр гишгэчээд хаячихлаа шүү дээ. 

126 гишүүнтэй парламентын эрчүүд охидуудаа хамгаалж чадах байх гэж найдаж байгаа шүү.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

-Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжихгүй байгаа. Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүн рүү хамааралгүй асуудлаар дайрдаг хэлбэр лүү орлоо, хуулийг янз бүрийн хэлбэрээр тайлбарладаг боллоо. Бид дотооддоо асуудлаа шийдээд явах бүрэн боломж байгаа гэж харж байгаа. Монгол Улс одоогоор парламентын засаглалтай байна.

Мөн бид 1992 оноос хойш есөн удаагийн сонгуулиар давхардсан тоогоор 446 УИХ-ын гишүүн сонгосон байгаа. Энэ хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдох асуудлыг хэрхэн авч үзэж байсан юм бэ гэдэг мэдээллийг өгье.

1992 онд Д.Бямбасүрэн, 2012 онд У.Хүрэлсүх, 2018 онд Д.Гантулга, 2020 онд Д.Сумъяабазар, 2023 онд Ж.Мөнхбат, Х.Нямбаатар нар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний ажлаа өгч байсан байна.

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг 16 хүн дээр оруулж ирсэн.

2007 онд Г.Занданшатар, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, 2018 онд Т.Мурат, Д.Гантулга, Б.Батзориг, 2019 онд Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Султан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж  хэлэлцүүлэхэд парламент түдгэлзэх шаардлагагүй гэж үзсэн.

Харин 1999 онд Д.Энхбаатар, Д.Баттулга, Ц.Батчулуун, 2020 онд Н.Номтойбаяр, 2023 онд Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх нь зүйтэй гэж УИХ-аас шийдвэрлэж байсан.  Хуульгүй юм уу, зохицуултгүй зүйл байхгүйг эндээс  харж болно.

Энэхүү төслөөр санал хураах ёстой байсан ч гишүүдийн ирц тааруу байснаас маргааш болгон хойшлууллаа. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших чуулган 14:00 цагаас үргэлжилнэ. 

 

10 : 23
2026-4-9

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалт тусгасан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү төсөлд дараах зохицуулалт тусгасан.

  • Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
  • Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм.
10 : 10
2026-4-9

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.09/ хуралдаан гишүүдийн ирц 53.2 хувьд хүрснээр эхэллээ.

Тус хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэхүү тогтоолд нэмэлт оруулснаар газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газар авах юм.

Олон улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч, түүнийг даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл байдал үүсээд буй. Иймд нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газар авснаар шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав. 

Улмаар энэхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өсчээ. Энэ онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 3.0 сая, 2027 онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Монгол Улсын гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648 ам.доллароор нэмэгдэж 1385, Евро-5 дизель түлш 483 ам.доллароор нэмэгдэж 1410, Евро-5 Аи-92 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1206, Аи-95 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1176, Аи-98 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1226 болж, төрлөөс хамаарч 441-648 ам.доллароор өссөн. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн Аи-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200, Евро-5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300, Евро-5 Аи-92 автобензин 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200, Аи-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болж нэмэгдэх нөхцөл байдал үүсээд буй.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасны дараа эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

09 : 03
2026-4-9

АН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр дараах тогтоол, төслийг хэлэлцэнэ. 

 Тогтоолд нэмэлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

Avatar

irgen 2026-04-09 66.181.179.250

Ямар ч ажил, амьдралын туршлага, чадваргүй хүн үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргад крандуулчихаар хэлж байгаа үг нь байгаа онохгүй энд тэнд тэнтэр тунтар гишгэж хөлд орох гэж байгаа хүүхэд шиг зүг чиггүй хөөрхийлэлтэй амьтан болж хувирдгийг бид нүдээрээ харж, чихээрээ сонсоод сууж байна.

Avatar

Х3Х 2026-04-09 202.9.46.181

Бас баахан Хадгаламж Зээлийн Хоршооны хохирогч нар үүсгэх нь.

Avatar

Nyraagch chuluul. 2026-04-09 103.212.117.59

CKP

Avatar

bainguin Xylgaich ydaxgyi yxnee XOT 2026-04-09 103.212.117.59

Sait ajilyylagch Xylgaich alyyraa zaaj Notlogdloi_@G.

Avatar

ИРГЭН 2026-04-09 103.212.118.21

Санхүүгийн хоршооны тухай хууль ч дээ тээр жилийн комуни шиг л юм болчих вий дээ

Avatar

Баагий 2026-04-09 202.126.88.169

Б Жаргалангаас эхлээд жагсаалтыг гишүүдийн үнэн төрх цухуйж байх шив дээ.Бямбажаргал багш сайхан ИЛЧЛЭВ.

Avatar

Бэхээ 2026-04-09 202.126.88.169

Их хурлын гуравхан гишүүний чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнээс дүгнэлт хийхэд Б.Жаргалан ,Г.Очирбат нар ёстойл нялхаараа байна даа.Төрийн хууль тогтоох багуулгынгишүүн гэхэд хэт өрөвдмөөр байх юм.Тулга тойрсон чавганцын яриатай.Харин О Номинчимэг асуудлын голыг олоод харчихсан жинхэнэ парламентын гишүүний байр суурьнаас оновчтой санаа гаргаж байна.Энэ гувын ярианаас дүгнэвэл гишүүдийн 66% нь шаардлага хангахгүй 33% нь шаардлага хангах хэмжээнд байгаа юм байна.

Avatar

Зочин 2026-04-09 116.84.110.128

энэ новшийн УИХ г нэн дариу тэмцэж,алалцаж тараах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-04-09 103.26.195.115

энэ хууль ард түмэнд хэрэгтэй хууль. гишүүд ярьдаг шигээ ард түмний төлөө байдаг эсэхээ энэ санал хураалтаар харуулна. тэр лодой бассанжаргал мэтийн цайчихсан гарууд бол ойлгомжтой ахиж сонгогдлхгүй

Avatar

Нэргүй 2026-04-09 103.168.34.156

Эрхэм гишүүд өөрсдийгөө хамгаалж парламентийн дархлаа энэ тэр гэж худлаа том б**х хэрэггүй. Сонгогч иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр өдий хүрч аргаа барсан хэрэг. Худлаа амлаж гарч ирчихээд амлалтаа биелүүлдэггүй улсын эрх ашгаас хувийн эрх ашгаа дээгүүр тавьдаг эрхмүүдийг сонгогчдоо хуурсан үндэслэлээр эргүүлэн татах бүр иргэдийн саналаар огцруулдаг байх хэрэгтэй

Avatar

Өөрийнхөө ажлыг л хий л дээ 2026-04-09 66.181.187.218

Хууль батлагдчих байх аа. Харин ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга яагаад хуулийн төслийн талаар ЕТГ-ыг төлөөлөөд УИХ-д тайлбар хийж байгааг ойлгохгүй байна.
Өөрийнхөө ажлыг л хий л дээ

Avatar

Нэргүй 2026-04-09 27.123.212.86

Г.Очирбат гэдэг гишүүн байдаг юм уу. Дунд сургуулийн боловсролтой юм уу? тэр л хүрээндээ сэтгэдэг нөхөр байна гэж ойлголоо.

Avatar

Угсаа залгамжлах хунтайж хүүк 2026-04-09 66.181.165.234

Гончигдорж, Батбаяр мэтийн хүмүүсийн үрийн шингэнээр удирдуулахаар цус ойртолт болно

Avatar

Нэргүй 2026-04-09 66.181.183.117

МОНГОЛЧУУДЫН ӨМНӨ ЭЛБЭГДОРЖИЙН ЗАМААР ЗАМНАХ ,ЭСВЭЛ ОЮУНЭРДЭНИЙН ГАРГАСАН ЖИМЭЭР ЯВАХ ХОЁРХОН СОНГОЛТ БАЙНА

Avatar

Нэргүй 2026-04-09 103.212.116.80

Энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа ажлын хэсэг гэгч ерөнхийлөгчийн ажилтангууд нэг л биш байна бараг их хурлын гишүүдээсээ илүү эрих мэдэлтэй болчих гээд,их л дээрэнгүй их хурлын гишүүдээ даапаалаад нэг л бишээ,айлгах гээд байгаа юм уу хаашаа юм тэгээд бас асуудлын эцсийн шийдвэрийг үндсэн хуулийн цэц гаргана гэдэг нь огт болохгүй учир нь цэц өөрсдөө том даргаас их хамааралтай шийдвэр гаргадаг гэх мэт олон юм бн энэ хуулийг хэлэлцэх хэрэггүй,өөр аргаар ёс зүйгээ зохицуулсан нь дээр

Avatar

Нэргүй 2026-04-09 66.181.180.32

Ухаа худагийг төрд авна гэгчдийг зайлуулах оджаргалын арга

Avatar

Данхыг цаазал 2026-04-09 210.96.249.21

Энэ хуулийг санаачилсан Ерөнхийлөгчид баярлалаа. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг хүчингүй болгуулсан Данхыг нэн яаралтай баривчилж Шар хаданд аваачиж буудчих. Монгол улсад тус болно.

Avatar

Нэргүй 2026-04-09 66.181.179.94

хүн алахыг уриалсан энэ мэдрэлийг яаралтай илрүүлж хорь!!!

Avatar

Нэргүй 2026-04-09 122.201.20.153

Хурлаа байнга тасалдаг Х.Баттулга, эсвэл бүдүүлэг үг хэллэг, х****л урсгадаг ёс зүйгүй Нара шиг гишүүд УИХ-д байх ёсгүй

Avatar

даваа 2026-04-09 66.181.180.67

Түүхэнд нэр бүтэн үлдэх гэж байдаг даа, Монгол улсын парламентын засаглалаа баталгаажуулах сонголт хийх үү гэдгийг харах боломж , энэ хууль өөрөө үндсэн хуулинд харшилж байгаа юм биш үү

Avatar

Нэргүй 2026-04-09 43.242.242.59

Эргүүлэн татдаг байвал УИХ-ын гишүүд ёс зүйтэй шударга байх болно. Хамгийн муу өөдгүй хүмүүс эсэргүүцэнэ. Тэр хүн хэн болохыг үүнээс нь харж мэдэж болно.

Avatar

Нэргүй 2026-04-09 202.21.100.164

Баталчихаасай

Avatar

Нэргүй 2026-04-09 66.181.179.94

орк та нар юм ойлгохгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж