Эдийн засагч, доктор А.Энхбаттай улс орны өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.
-Олон улсын дайны нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улс дотооддоо үүсч болох эрсдэлийг хэрхэн тооцож байна гэж харж байна вэ. Шатахууны үнэ нэмэх шийдвэр нь эдийн засгийн суурь үнэд шууд нөлөөлнө?
-Энэ асуултад хариулахын өмнө Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар хэд хэдэн тоо баримт хэлэх нь зүйтэй байх. Манай улсын эдийн засгийн өсөлт Covid-19-өөс хойш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ойролцоогоор 5.2 хувиас 6.8 хувьтай болсон. Эдийн засаг тогтвортой өсөлттэй байна. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл бол мэдээж уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах болон барилгын салбарын өсөлт нөлөөлсөн. Гадаад худалдааны тэнцэл 2025 онд ашигтай гарсан. Сүүлийн таван жилд экспортын орлого хоёр дахин өсч 2025 оны байдлаар 15.7 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ экспортын орлогод голлон нүүрс болон зэсийн баяжмалын нүүрсний орлого дийлэнх хувийг эзэлж байна.
Бид уул уурхайн салбараас олсон орлогоор л амьдарч байна. Энэ нь нэг талаасаа дэлхийн зах зээлийн үнэ ханш буурсан тохиолдолд манай орлого буурч эдийн засгийн хүндрэлтэй байдалд орох, эрсдэл өндөртэй гэсэн үг.
Нөгөө талаар өрхийн амьжиргааны түвшин улам хүнд байдалд орж байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг, 15 хүнсний зах худалдааны төвд гуравдугаар сарын 30-ны байдлаар хийсэн судалгаагаар хүнсний бараа бүтээгдэхүүний 20 нэр төрлийн үнэ тогтвортой, нэг бараа бүтээгдэхүүний буурсан, 12 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногоос өссөн байна.
Сүү, хонь үхрийн мах, төмс, дизель түлш, АИ95 бензин шатахууны үнэ өссөн байна. Нэг кг үхрийн цул мах гэхэд л 32 мянга, хонины мах 24-25 мянган төгрөгт хүрсэн байна.
Олон иргэд, өндөр настан, бага орлоготой хүмүүс өнөөдөр дайвар бүтээгдэхүүн, дотор махаар хоол хийж, амь зууж, өдөр хоногоо өнгөрөөж байна. Хүмүүсийн амьдрал улам л хүнд болж байна.
Одоо таны асуултад хариулья. Олон улсын геополитикийн хурцадмал байдал, ялангуяа Орос-Украйны болон АНУ, Израйл-Иран улсын хоорондын дайн нь дэлхийн эрчим хүчний зах зээлд бүтцийн өөрчлөлт авчирч, нийлүүлэлтийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна. Манай улсын хувьд энэ шок дараах үндсэн дамжих сувгуудаар эдийн засагт нөлөөлж байна. Нэгдүгээрт, импортын үнийн суваг-инфляци. Монгол Улс шатахууны хэрэгцээнийхээ дийлэнхийг ОХУ-аас хангадаг /98 хувь/ учраас олон улсын зах зээлийн үнэ болон нийлүүлэлтийн тасалдал нь дотоодын үнийн түвшинд шууд дамждаг.
Хоёрдугаарт, шууд бус нөлөө. Шатахууны үнэ өсөх нь тээвэр, ложистик, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлж, улмаар өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өсгөдөг. Энэ нь суурь инфляцийг тогтвортой өндөр түвшинд хадгалах эрсдэлийг бий болгодог.
Гуравдугаарт, бодит орлогын шахалт. Өрхийн орлого инфляцийн хурдыг гүйцэхгүй нөхцөлд хэрэглээ хумигдаж, дотоод эрэлт саарна. Манай улсын хувьд хүнсний зардлын жин өндөр ойролцоогоор 40 хувиас дээш байгаа нь инфляцийн мэдрэмжийг нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд бодлогын хувьд бид богино хугацаанд үнийн шокыг зөөлрүүлэх татварын бодлого болон нөөцийн менежментийг онцгойлон авч үзэх, мөн цаашдаа нефьт, газрын тосны бүтээгдэхүүний импортын нэг улсаас хараат байдлыг зогсоох шаардлагатай.
-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлдэг. Ирэх онд олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна уу?
-Манай улсын гадаад секторын эмзэг байдал нь экспортын төвлөрлөөс шууд хамаардаг. Нүүрсний экспортын 90 гаруй хувь нь БНХАУ руу чиглэж байгаа нь нэг худалдан авагчаас хараат байдал үүсгэж байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт дунджаар таван хувь орчим байгаа ч өсөлтийн бүтэц өөрчлөгдөж байна. Хятадын эдийн засагт үл хөдлөх хөрөнгийн салбар агшиж, дотоод эрэлт нь сул хэвээр, өрийн дарамт өндөр байна. Энэ нь гангийн үйлдвэрлэл, улмаар нүүрсний эрэлтэд сөрөг нөлөө үзүүлэх суурь хүчин зүйлс болж байна. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар нүүрсний үнийн хувьд богино хугацаанд өсөх боломжтой хэдий ч дунд болон урт хугацаанд бууралт үргэлжилнэ гэж үзэж байна. Учир нь Хятад улс сүүлийн жилүүдэд ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, нүүрстөрөгчийн бодлого, технологийн өөрчлөлтийг ихээхэн хийх зорилтыг хэрэгжүүлж байна. Ийм нөхцөл байдалд бид бодлогын түвшинд экспортын бүтээгдэхүүний төрөлжилтийг улам хүчтэй хийх, нэмүү өртгийн сүлжээнд шилжих, тээвэр ложистикийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллах манай гол стратеги болох ёстой.
-Улс төрийн тогтворгүй байдал одоо ч үргэлжилж байна. Ер нь шинээр байгуулагдсан Засгийн газраас одоогийн нөхцөл байдалд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна вэ?
-Ер нь аливаа нэг улсын улс төрийн тогтворгүй байдал нь макро эдийн засагт тодорхойгүй байдлыг нэмэгдүүлдэг. Энэ нь гадаад хөрөнгө оруулалтын бууралт, аливаа төсөл хөтөлбөрийн болон зээлийн санхүүжилтийн өртөг өсөх, валютын ханшийн дарамт нэмэгдэх зэрэг олон талын сөрөг үр дагавар бий болгодог. Өнгөрсөн 30 гаруй жилийн манай улсын улс төр, эдийн засаг нийгмийн байдал, хөгжлийн явцыг дүгнэн харахад товчхондоо институцийн сул талууд тод харагдаж байдаг. Үүнд, төрийн бодлогын залгамж чанар сул, төсөв-мөнгөний бодлого улс төрөөс өндөр хамааралтай, төрийн өмчит секторын үр ашиг муу, хууль хүчний байгууллагууд, шүүх засаглал ил тод нээлттэй биш авлигын эсрэг тууштай тэмцдэггүй гэх мэт асуудлууд байсаар байна.
Шинэ Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлд дараах асуудлуудыг нэн яаралтай анхаарч арга хэмжээ аваасай гэж бодож байна.
Тухайлбал, иргэдийн орлогыг инфляциас хамгаалах бодитой шийдвэрүүд гаргах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах, иргэн аж ахуй нэгжид татварын бодит өгөөжтэй шинэчлэлтийг хийх, төсвийн хатуу дүрмийг мөрдөх, төсвийн сахилга батыг чангатгах, төрийн өмчит компаниудад реформ хийх, эрчим хүчний найдвартай тогтвортой эх үүсвэртэй болох, авлигатай тууштай тэмцэх зэрэг асуудлууд байна. Эдгээрийг хэрэгжүүлэхгүй бол хүмүүсийн амьдрал улам доройтож, улс орон дампуурч хямрал тулахад их ойрхон оччихлоо. Оюутолгойгоос монголчуудын хүртэх өгөөжийг бодитоор бий болгох, шаардлагатай бол “Pио тинто”-гоос татгалзах өөр найдвартай итгэлтэй түнштэй болох хэрэгтэй.
-Багш нарын цалин хөлс, ахмад настны тэтгэвэр, эрчим хүчний салбарын асуудлыг шийдэхийн тулд төсвийг тодотгох шаардлагатай гэдгийг зарим улстөрчид хэлж байна. Улсын төсвийг жил бүр тодотгодог боллоо. Энэ оны төсвийг тодотгохгүй байх нөхцөл боломж байна уу?
-Монгол Улсын төсвийн бодлого сүүлийн жилүүдэд мөчлөг дагасан шинжтэй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого өсөх үед зардлыг огцом нэмэгдүүлдэг, харин орлого буурах үед төсвийн алдагдлыг тэлдэг. Энэ нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулдаг. Төсвийн тодотгол байнга хийж буй шалтгаан нь төсвийн орлогын хэт өөдрөг төсөөлөл, уул уурхайн орлогын хэлбэлзэл, улс төрийн аливаа нэг сонгуулийн мөчлөгтэй холбогдож байна.
Нөгөө талаас төсвийн төлөвлөлтийн алдаанаас болж зайлшгүй төсвийг тодотгох асуудлууд сүүлийн үед ихэслээ. Улсын хэмжээгээр цалин хөлсний нэгдсэн бодлого, чиглэлгүйгээр олон жил явж ирсний үр дагаврууд илэрч байна.
Ажил хариуцсан албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал төсвийг тодотгох нэг нөхцөл болж байна. Энэ оны төсвийг тодотгохдоо Төсвийн тухай хуульд төсөв ямар тохиолдолд тодотгох тухай заасан заалтыг баримтлах нь зүйтэй. Гэхдээ аль болох хавар нэг тодотгол хийдэг, намар нэг бас тодотгол хийдэг нөхцөл байдал руу шилжиж байгаа сүүлийн жилүүдийн хандлагыг зогсоох хэрэгтэй.
-Өнгөрсөн 2025 оны улсын төсвийг хэт өөдрөг төсөөлснөөс эдийн засагт эрсдэл үүссэн шүү дээ. Энэ жилийн дунд хугацааны төсөөлөл, таамаглалыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал ямар ахиц дэвшил гарав?
-Өнгөрсөн оны буюу 2025 оны төсөв илүү өөдрөг төсөөлөлтэй хийгдсэн байсан. Энэ байдал тухайн үед төсөв хэрэгжиж эхэлсэн эхний сараас л мэдрэгдэж үүнийг хэлж байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Сангийн яам төсвийн төлөвлөлтөд алдаа гаргасан. Үүний төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй. Энэ нь макро эдийн засгийн эрсдлийг улам нэмэгдүүлсэн. Харин шаардлагатай тодотголыг УИХ хийж, хэт хөөсөрсөн төсвийг хөрсөн дээрээ буулгаж байж бодит байдал руугаа эргэсэн. Энэ оны хувьд илүү консерватив макро таамаглал дээр үндэслэгдсэн, эрсдлийн талаарх ойлголт илүү сайжирсан. Гэвч үндсэн асуудлууд арилаагүй хэвээр л байгаа.
Уул уурхайгаас хэт хамааралтай орлогын төлөвлөлт, зардлын хатуу бүтэц, үр ашиггүй зарцуулалт, улс төрийн нөлөөлөл шингэсэн төсөвлөлт байсаар байна.
Эцэст хэлэхэд Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдал нь гадаад хамаарлаас их. Өөрөөр хэлбэл, газрын доорх эрдэс баялгийн түүхий эдийн үнэ болон импортын бензин шатахуун, нөгөө талаас дотооддоо бодлогын сул байдал, сахилга бат хангалтгүй, төрийн авлига их хэмжээтэй, институцийн хөгжил сул байгаатай холбоотой байна. Монгол Улс цаашдаа хөгжиж дэвшихийн тулд нэгдүгээрт, авлигаас салах, төрийн хүнд суртлыг байхгүй болгох, хоёрдугаарт төсвийн сахилга батыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх, институцийн чадавхийг сайжруулах, эрчим хүчний зөв бодлогын өөрчлөлтийг хийх шаардлагатай байна. Эдийн засгийн өсөлт өндөр дүнгээр цаасан дээр бичигдэж байгаа боловч нүдээр харагдаж мэдрэгдэх зүйл байхгүй, иргэдийн амьдрал улам доройтойж, улстөрчид хэдэн их наяд төгрөгийн хэрүүл хийж, хэдэн сая ам. доллараар авлига, хээл хахуулиа ярьж, ард түмнээрээ доог тохуу хийсээр л байна.
3,605.46



















































Картын бараа 2026-04-06 202.9.46.109
Зун тийшээгээ мах, гурил, төмс ногоо бүр тэнгэрт хадаж, олдхоо ч больж картанд орно. 1986 онд хүүхэд байхад манай аймагт мах бүр картанд орж билээ.
Ц 2026-04-06 66.181.184.174
махны үнэ.татвар нэмэгдсээр..иргэд доройтсоор..
Иргэн 2026-04-06 59.153.115.102
Хүнд хргтэй зүйл хэлж бмаар юм. Танд ямар хргтэй юм хэлэв энэ эрдэмтэн хүн?
Нэргүй 2026-04-06 66.181.182.50
21000 цүнхний компаныг данс нээж байхаар иргэдээ ханшийн уналтаас хамгаалсан дээр
Нэргүй 2026-04-06 66.181.177.245
х***а гэж Хятадуудыг дууддаг монголчуудад зориулж Хятадууд барааныхаа үнийг нэмэх хэрэгтэй!
Нэргүй 2026-04-06 202.55.188.33
малчид мах ноолуурынхаа үнийг нэмсэн муусайн хужаанууд
demjij bna 2026-04-06 103.229.122.79
hujaagaaraa duuduulaad l ugjaad hoollood suuj bhuu. yarshig l bna
х***а хүн 2026-04-06 202.9.46.109
Хужаанууд чинь өөрсдөө Монголыг дуурайж xятадыгаа х***а гэж яриад байх чинь билээ..