"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшин, УИХ-ын гишүүн болсон С.Зулпхарыг танилцуулж байна.
УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас жагсаалтын 17-д эрэмбэлэгдэн, парламентад сонгогдсон гишүүн бол С.Зулпхар юм. Улс төрийн хүрээнийхэн түүнийг УИХ-ын гишүүн асан А.Тлейханы ойрын хамаатан гэж тодорхойлдог. Үнэндээ ч А.Тлейхан нь их улс төрөөс буцахтай зэрэгцэн С.Зулпхар Засгийн газрын танхимд ирсэн түүхтэй. Хэдийгээр У.Хүрэлсүхийн танхим огцорч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинээр байгуулагдсан ч тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар улиран томилогдож ажлаа үргэлжлүүлсэн.
Үндсэндээ дөрвөн сайдын нүүр үзсэн дэд сайд гэж хэлж болно.
Учир нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ташууртай тавынхаа нэг болох Т.Аюурсайханыг танхимдаа оруулж ирэхийн тулд сайд А.Ариунзаяаг чөлөөлсөн. Гэвч түүний оронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аюурсайхан нь удалгүй нүүрсний хэрэгт нэр холбогдон шалгагдах болсноор чөлөөлөгдсөн байдаг. Суларсан сайдын суудалд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг томилсон ч ядарсан иргэдээ улныхан гэж тодорхойлсноос болж, удалгүй ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон. Эцэст нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсноор тус яам дөрөв дэх Засгийн газрын гишүүнээ угтаж байв. Ойр, ойрхон сайд нар нь солигдох бүрт яамныхаа ажлыг зангидаж байсан албан тушаалтан нь дэд сайд С.Зулпхар юм. Дэд сайдаар ажилласан нь их улс төрд орж ирэх бэлтгэл нь болсон. Социологич мэргэжилтэй тэрбээр дэд сайдаар томилогдохоос өмнө Засгийн газрын харьяа Удирдлагын академид багшилж, мөн захирлаар ажилласан намтартай.
МАН-аас жагсаалтаар нэр дэвшин сонгогдсон гишүүд дотроо боловсролтойд тооцогддог.
УИХ-ын гишүүнээр ажилласан хоёр жил гаруйн хугацаанд 10 гаруй хуулийн төслийг бусад гишүүдийн хамт санаачлан өргөн мэдүүлсэн. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэрлэж болно. Мөн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай, Дулаан хангамжийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдийг хамтран боловсруулж, өргөн мэдүүлжээ.
УИХ-аар Төрийн өмчит компаниудын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэх үед ажлын хэсэгт багтаж ажилласан. Мөн хуулийн талаар “Манай эдийн засагт эзлэх төрийн өмчит компаниудын эзлэх хувь жин дарсан хэвээр байгаа. Гэвч хэдэн хувь нь үр өгөөжтэй ажиллаж байгаа юм гэдэг асуудал. Аваад үзэхээр асуудал үнэхээр байна. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дотор үр ашиггүй, алдагдалтай ажилладаг нь олон байгаа. Энэ нь эргээд эдийн засаг, төсөвт маш том ачаа болдог.
Зарим тохиолдолд төрийн өмчит компани гэдэг чинь улс төрийн сонгуулийн үр дүнгээр хэсэг улсыг ажилтай, дарга болгодог зүйл боллоо гэдгийг олон хүн хэлсэн. Бодит байдал нь энэ.
Тийм ч учраас үүн дээр хуулийг нь олон улсын жишгээр нь дахиж баталсан. Ерөөсөө л компанийн засаглалаар явах ёстой. ТУЗ-д мэргэжлийн хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар оруулдаг байх нь зөв. Гаднын жишгүүд яг л ийм байна. Тэнд гүйцэтгэх удирдлага, ТУЗ- нь бүгд мэргэжлийн учраас төрийн болон орон нутгийн өмчит компаниуд нь ашигтай ажиллаад байна” гэдэг байр суурь илэрхийлсэн нь бий.
Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого жилийнх нь 93 сая бол гэр бүлийн орлого 333,8 сая, нийтийн орон сууц нэг, нийт үнэлгээ 310 сая, Toyota Land Criuser 300 – 1 нийт үнэлгээ нь 229 сая, хадгаламжиндаа 462, 2 сая төгрөгтэй гэж мэдүүлжээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1992 онд Улаанбаатар хотын 56-р дунд сургууль, Бүрэн дунд боловсрол
- 1998 онд Турк Улсын Мимар синаны их сургууль, Социологич, Бакалавр
- 1999 онд Монгол Улсын Их сургууль, Социологич, Магистр
- 2008 онд Удирдлагын академи, Төрийн захиргаа, Доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1998-2016 онд Удирдлагын академи, Багш, Ахлах багш, Тэнхимийн эрхлэгч, Хөтөлбөрийн удирдагч
- 2016-2020 онд Удирдлагын академи, Захирал
- 2020-2024 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2016 онд Алтангадас одон
- 2022 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос, Турк
Г.ХОРОЛ
3,605.46

















































Холбоотой мэдээ