niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 06:35 UTC Эх: https://news.mn/r/2856927/ a50cedd95e063ba7… ← niitlelch.mn руу буцах

Усны чанарт итгэж болох уу?

Усны чанарт итгэж болох уу?

Усны чанарт итгэж болох уу?

Ус бол амьдралын үндэс. Хүн төрөлхтөн усгүйгээр оршин тогтнох боломжгүй ч бид өдөр тутамдаа усны үнэ цэнийг төдийлөн анзаарч, бодож явдаггүй. Крантаа нээгээд л ус авчихдаг болохоор хэзээ ч дуусахгүй мэтээр төсөөлөх нь элбэг. Гэвч бодит байдал дээр дэлхий дээрх цэвэр, ундны ус маш хомс нөөцтэй.

НЭГ ХАЛБАГА ЦЭВЭР УС

Ус сувгийн удирдах газрын Лабораторийн газрын дарга Ц.Болормаагийн ярьснаар тус байгууллага иргэд, ялангуяа хүүхэд багачуудад усны үнэ цэнийг ойлгуулах зорилгоор сургалт, судалгааны төвдөө “Усны үзэсгэлэн” ажиллуулдаг байна. Энэ үзэсгэлэнд нэгэн сонирхолтой жишээг ашигладаг. Ваннд дүүрэн ус хийж, түүнийг дэлхий дээрх бүх ус гэж үздэг бол түүнээс ердөө ганц хоолны халбага ус авч харуулах нь дэлхийн цэвэр, цэнгэг усны нөөцийг илэрхийлдэг. Энэ харьцуулалтаас бидний хэрэглэдэг ундны ус ямар бага хэмжээтэй, үнэтэй баялаг болох нь маш тодорхой харагдаж байнаг.

Өнөөдөр шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж, хүн төрөлхтөн олон гайхамшигт нээлт хийсэн ч цэвэр усыг шинээр “үйлдвэрлэх” боломж хараахан байхгүй байна. Өөрөөр хэлбэл, бидэнд байгаа усны нөөцөө л зөв зохистой ашиглах ёстой гэсэн үг. Иймээс ус бол хамгийн үнэтэй, стратегийн чухал нөөцийн нэг болоод байна.

Ус сувгийн удирдах газрын үндсэн үүрэг нь нийслэлийн иргэдэд хүрч буй ундны усны чанарт хяналт тавих, мөн хэрэглэсэн бохир усыг цуглуулж, цэвэрлээд байгальд буцаан нийлүүлэх явдал юм. Энэ ажлыг чанартай гүйцэтгэхийн тулд 1959 онд ундны усны лаборатори, 1964 онд бохир усны лаборатори байгуулагдсан бөгөөд 2010 онд эдгээрийг нэгтгэн орчин үеийн төв лаборатори болгон өргөжүүлжээ. Ингэснээр усны шинжилгээ, хяналтын үйл ажиллагаа илүү нарийвчлалтай, үр дүнтэй болсон байна.

Мөн тус лаборатори нь зөвхөн дотооддоо ажиллахаас гадна бусад байгууллагын мэргэжилтнүүдийг дадлагажуулах, сургалт явуулах боломжийг бүрдүүлдэг. Хүмүүс усны чанарыг хэрхэн шинжилдэг, ямар арга технологи ашигладгийг бодитоор үзэж, ойлгох боломжтой байдаг нь ихээхэн ач холбогдолтой.

“БИДНИЙ УС- БИДНИЙ ИРЭЭДҮЙ”

Улаанбаатар хотын хувьд ундны усны эх үүсвэрүүд нь 10 орчим өөр байршилд байдаг. Эдгээр эх үүсвэр нь газрын гүнээс ус олборлодог гүний худгууд юм. Нийтдээ 220 орчим гүний худагтайгаас ихэнх нь нөөц байдлаар хадгалагддаг. Байршлаасаа хамаараад усны найрлага бага зэрэг ялгаатай байдаг ч ерөнхийдөө Монгол орны гүний ус маш цэнгэг, чанартай гэдгээрээ онцлог.

Иргэдийн дунд “крантны ус аюултай” гэх ойлголт түгээмэл байдаг. Гэвч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хэрэв усанд зэв, бохирдол харагдахгүй бол буцалгаад хэрэглэхэд бүрэн боломжтой.

Харин ус шүүх төхөөрөмжийг хэт их ашиглах нь зарим тохиолдолд сөрөг нөлөөтэй. Учир нь шүүлтүүр нь усанд агуулагдах ашигтай эрдсүүд болох кальци, магни зэргийг шүүж авдаг. Уг нь хүний биед хэрэгтэй эрдсийн хэмжээ аль хэдийн бага байхад дахин шүүж багасгах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн зарим хүмүүс савласан усыг илүүд үздэг. Гэхдээ бүх савласан ус эрдэстэй байдаггүй, ихэнх нь мөн л шүүсэн ус байдаг. Ийм усыг байнга хэрэглэх нь эрдэсийн дутагдалд орох эрсдэлтэй. Харин крантны усыг зөв хэрэглэж, буцалгаад уух нь илүү зохистой, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй сонголт юм.

Эцэст нь хэлэхэд ус бол бидний амьдралын баталгаа, ирээдүйн хамгийн үнэт баялаг. Тиймээс хүн бүр усны хэрэглээндээ хариуцлагатай хандаж, дэмий үрэхгүй байх, зөв зохистой ашиглах нь чухал. Бидний өнөөдрийн хандлага ирээдүй хойч үед маань ямар ус үлдэхийг шийдэх учраас “Бидний ус-Бидний ирээдүй” гэдэг үг зүгээр нэг уриа биш, харин бодит үнэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-30 103.229.122.131

Нүдээр хараад зэв, бохирдол байхгүй бол "зүгээр" ч гэх шиг. Шүүлээ гээд эрдсийн дутагдалд орохгүй. Эрдсийг зөвхөн уснаас авахгүй, амаар орж байгаа бүх хоол хүнснээс авдаг. Бүр санаа чинь зовоод байгаа бол сардаа нэг цувдай идэж бай.

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.184.223

Цэцэрлэгт хүрээлэнгээс Ботаник хооронд байх гүний худгуудаас УБ уух усаа татдаг. Тэдгээрийг Туул гол, түүний мод бургас тэтгэж бдг. Гэтэл гүний усыг тэтгэх усгүй болгох Туулын хурдны зам нэртэй мөнгө угаалт эхэлж бхд News.mn ганц сурвлажлага хийсэнгүй. News.mn үнэндээ шантаажны жижиг сайтуудаас ялгаа алга. Хоттой хийсэн та нарын ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ чинь Хаалтын гэрээ юм бна. ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ хийе гээд танай нэг вагай байгууллагуудаар бичиг шидээд яваад бдг. Хөлсний троллоос ялгаа алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж