“News” агентлаг өнгөрсөн долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна
Б.ЖАРГАЛАН: АН УЛС ТӨРИЙН ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭД БЭЛЭН

-УИХ-ын хаврын чуулганыг нээсэн ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаас хуралдаж чадахгүй гацлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөгдөх хүртэл чуулганд орохгүй гэдгээ мэдэгдсэн. МАН олонхоороо ирцээ бүрдүүлэх бүрэн боломжтой ч хуралдаж чадахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ. Эсвэл Ардчилсан намын бүлэг МАН-ын хэсэг гишүүдтэй хамтран ирцээр "бойкот" хийгээд байна уу?
-УИХ-ын хаврын чуулган эхэлснээр бид хоёр дахь хаврын чуулганы нээлтээ хийлээ. Өөрөөр хэлбэл, одоогийн 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Энэ утгаараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд маш сэтгэл хангалуун бус байна. Өнгөрсөн хугацаанд эрх баригч намын олонхын бүлгийн гишүүд болон Засгийн газар парламентад туйлын хүндэтгэлгүй хандаж ирлээ. Өнгөрсөн намрын чуулган дээр ч тодорхой ажил хийсэнгүй. Одоо хаврын чуулган эхэлсэн ч бүх зүйл тодорхой бус байна.
Энэ утгаараа Ардчилсан нам улс төрийн тэмцэл хийж байгаа юм. Бид сандал суудлын хэрүүлээс гадна МАН-ын дотоод толхилцооныг хараад зүгээр суугаад байх боломжгүй байна.
Эрх баригч намынхан юмыг аргацаасан байдлаар битгий хандаач ээ. Дэд сайд нарын асуудлаа эргэн харах шаардлага тавихаар хоёр сайдыг чөлөөлсөн болдог. Тодорхой бодлого шийдвэрээ танилцуулаад, нэг талдаа гарах хэрэгтэй. Төрийн ажлыг хийвэл хийсэн шиг хийе. Хийж чадахгүй бол болих хэрэгтэй. МАН-ын дотоод асуудал бидэнд хамаагүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн 100 хувийн саналаар энэ шийдвэрийг гаргасан.
-Анх Н.Учрал гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхэд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй 10 гаруй гишүүн дэмжсэн. Одоо болохоор УИХ-ын даргаасаа чөөлөөлөгдөх ёстой гэх шаардлага тавьж, акц өрнүүлж байгаа нь утгагүй юм биш үү гэх шүүмжлэл гарч байна. Таны хувьд УИХ-ын дарга болохыг анхнаасаа дэмжээгүй юу?
-Өнгөрсөн 10, 11 дүгээр сард УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Х.Тэмүүжин гишүүний албан бланк дээр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Энэ төсөлд аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй, хэрэв УИХ-ын даргаар сонгогдвол намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ гэдэг агуулгыг тусгасан. Бид энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ингэснээр парламентынхаа засаглалыг бэхжүүлж, парламентыг олон намын төлөөлөл бүхий мэтгэлцээний талбар байлгах боломжийг тэлэх юм. Тухайн үед Н.Учралыг УИХ-ын даргаар сонгоход Ардчилсан намын нэр бүхий гишүүд улс төрийн соёлоо баримтлаад л саналаа өгсөн байх.
Миний хувьд анхнаасаа Н.Учралыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжээгүй. УИХ дахь МАН-ын бүлгээс ч гэсэн намынхаа даргыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн нь зарчимгүй явдал гэж харж байсан. Тэр агуулгаараа бид хуулийн төслөө аль болох хэлэлцүүлэхийг зорьж байна.
МАН-ын зарим сайд дарга нар ярихдаа "Улс оронд хэрэгтэй олон чухал хууль хэлэлцэх гэсэн чинь Ардчилсан нам улс төр хийж, гацаалаа" гэж байна. Засгийн газар шийдэмгий байж, бодлогын манлайлалтай ажиллахгүй байгаа хэрнээ сандал суудлын асуудал гарахаар ийм зүйл яримааргүй байна. Бид парламент дотроо олонх, цөөнхийн бүлэг гээд талцаж болох ч УИХ бол мэтгэлцээний талбар байж эрүүл хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Гэтэл энэ агуулгыг МАН-ын бүлэг бүдэгрүүлж, ойлгохгүй байгаад харамсч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу
“ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ӨСӨЛТ МОНГОЛД ТОМ ШОК ҮЗҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ”

Эдийн засагч Г.Батзоригтой дайны нөхцөл байдал газрын тос, шатахууны ханшид хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа.
-Ойрхи Дорнод болж буй дайны улмаас дэлхийн эдийн засагт улам ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж, ялангуяа газрын тосны салбарт томоохон доргио үүслээ. Дайн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн яаж нөлөөлж эхэлсэн бэ?
-Өнөөдрийн хувьд АНУ дайны гол оролцогч нь байна. Тус улсын талаас сөргөлдөгч тал Иранд үзүүлэх шахалт эрчимжиж байгаа. Ираны талаас Ормузын хоолойг чөлөөлж, тавихгүй байгаа нь АНУ-д том шахалт болж байна. Нөхцөл байдал цааш үргэлжилсэн тохиолдолд дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар таамгийг эдийн засагчид дэвшүүлэн гаргаж байна. Энэ бол дэлхий дахинд анх удаа тохиож байгаа асуудал биш. Өмнө нь Ирак, Ираны дайнтай холбоотойгоор 1970-1980 онд энэ хямрал болж байсан. Тухайн үед Иран улс газрын тос үйлдвэрлэдэггүй байснаараа ялгаатай. Газрын тосны ханшийг дагаад АНУ бодлогын хүүгээ өсгөж байсан. АНУ-ын бодлогын хүүг дагаад ам.долларын ханш өссөнөөр зах зээл дээр эрсдэлтэйд тооцогдох хөрөнгө оруулалтууд бүгд унасан. АНУ-д инфляц өсөж, хямрал руу орж байсан. Түүхээс харвал, дайн удаан үргэлжилсэн тохиолдолд тэр нөхцөл байдал давтагдах шинжтэй. АНУ бодлогын хүүгээ өсгөх, дэлхийн улс орнуудад ам.доллар үнэд орох магадлалтай. Дэлхийн эдийн засагт газрын тосны үнээс улбаатай дарамт үүснэ. Инфляцын хамгийн суурь зардал өөрөө шатахуун түлш, нийлүүлэлтийн сүлжээ тээвэр, дулаан эрчим хүч байдаг. Суурь үнэ өссөнөөр дэлхий нийтэд инфляцын дарамт ирж, бодлогын хүү чангарна. Эргээд хувьцаа, койн гэх мэт эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд унана. Энэ зүй тогтол 1970-1980 онд байсан. Одоо ч нөхцөл байдал ижилхэн байгаа. Нөгөө талдаа Орос, Украины байдал тодорхойгүй хэвээр байна. Дээр нь Ойрхи Дорнодын дайн эхэлсэн зэрэг нь улс төрийн нөхцөл байдал өмнөхөөс ч илүү тодорхойгүй үе ирснийг харуулж байгаа.
-Монгол Улс шатахуун, түлшээ 100 хувь гадаадаас ам.доллароор худалдан авч байгаа. Одоогийн нөхцөл байдал Монголд хэрхэн нөлөөлөх бол?
-Дайныг шатахууны түлшээр хийж байгаа. Оросууд Украин дайны давуу тал олж аваад байгаа. Газрын тосны үнэ Оросын борлуулалтын орлогыг өсгөж байна. Тэр орлогоороо дайнаас санхүүжүүлнэ. Энэ нөхцөл байдлаас харвал, ОХУ-ын дарамт буурч байгаа. Монголтой хийсэн хэлэлцээрүүдээ сайжруулна гэвэл манайд үнэ өсөөд байх шаардлага алга. Гэхдээ оросууд дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтийг ашиглаад, орлогоо нэмэгдүүлэх өндөр магадлалтай учраас Монголын үнийн өсөлт гарцаагүй ирнэ. Ялангуяа дизель түлшний өсөх нь КОВИД-19 цар тахлын үеийг давтах магадлалтай. Суурь үнэ өсөхөөр бизнесийн зардал нэмэгдэнэ. Эдийн засагт инфляцын асуудал үүсэж эхэлнэ.
Монгол Улс 100 хувь Оросоос шатахууны хамааралтай учраас үнийн өсөлт гол салбарт уул уурхайд цохилт болох магадлалтай. Алт гэхэд л дизель түлш нийт өртгийнх нь 50-60 хувь байдаг. Уул уурхайн салбарын өртөг нэмэгдэнэ. Монгол Улс эдийн засгийн гол цөм салбар болох уул уурхайд хамгийн нөлөөлөл орж ирнэ. Монгол Улс уул уурхайгаас л ам.доллар олж, хэрэглээний эдийн засгаа тэтгэдэг. Монгол инфляц өсөх, бизнесүүдийн суурь өртөг нэмэгдэх бодит эрсдэл харагдаж байгаа. Монголын эдийн засгийн өнөөдөр ч сайн биш байгаа.
Эдийн засаг тогтвортой таван хувийн өсөлт үзүүлж байгаа ч хүмүүсийн худалдан авах чадвар жилээс жилд муудсаар байгаа. Ер нь Монголын эдийн засаг өрийн асар том эргүүлгээр явж ирсэн нь батлагдсаар байгаа. Татвар нэмэгдээд, амьжиргаа сайжирдаггүй. Энэ нөхцөлд үнэ өсөх давхар шок болох магадлалтай.
-АНУ-ын бодлогын хүү өсөж, ам.долларын үнэ өсөхөөр Монгол шиг уул уурхай түшиглэсэн жижиг эдийн засагтай орнуудад хөрөнгө оруулалт буурах зэрэг том эрсдэл дагуулдаг. Энэ талын эрсдэл байна уу?
-Монголын эдийн засгийн голлох гурав буюу нүүрс, зэс, алт нийт орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлж байгаа. Нүүрсний үнэ унаж, дахин КОВИД-19 цар тахлын дараах үе шиг өндөр хэмжээнд хүрэхгүй гэж шинжээчид үзэж байгаа. Нүүрс тонн нь 70-80 ам.долларын ханш дээр тогтох таамаг байна. Алт, зэс дээр хүртэл эрсдэл харагдаж эхлээд байгаа. Ам.долларын ханш өнөөдөр шууд өсөхгүй. Макро эдийн засгийн суурь орчин алга байна. Гэхдээ ханш тогтвортой байна гэсэн баталгаа ч харагдахгүй байна. Ам.долларын ханш өндөр савлагаа үзүүлсэн тохиолдлуудыг харахаар гадаад зах зээл гэхээс илүүтэй Монголын дотоод орчноос хамаардаг. Жишээлбэл, 2016 онд гадаад валютын албан нөөц хоосорсон гэж зарлаад, ам.долларын ханшид өндөр хэлбэлзэл гарч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орж байсан. Цар тахлын дараа их хэмжээний төгрөг хэвлэсний нөлөөлөл ханшин дээр илэрч байсан. Том өөрчлөлтүүдийн дараа төгрөгийн ханш суларсан гарч байсан. Өнөөдөр валютын нөөц тогтвортой, экспорт хэвийн байгаа нөхцөлд төгрөгийн ханш огцом сулрах эрсдэл бага гэж харж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу
"УСНЫ КОМПАКТ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО НЬ УСНЫ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ"

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй II Компакт гэрээ буюу “Усны Компакт” хөтөлбөр нь нийслэлийн ус хангамжийг нэмэгдүүлэх, нөөцийг хамгаалах, тогтвортой хэрэглээг бий болгоход чиглэсэн стратегийн ач холбогдол бүхий чухал бүтээн байгуулалт болсон. Тус хөтөлбөр нь зөвхөн дэд бүтцээр хязгаарлагдахгүй, салбарын бодлого, эрх зүйн орчин, хүний нөөц, олон нийтийн ойлголтыг бүхэлд нь сайжруулах цогц шийдлийг хэрэгжүүлж буйгаараа онцлог юм. “Усны Компакт” хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийн явц, үр нөлөө болон ирээдүйн ач холбогдлын талаар Монголын Мянганы сорилтын сангийн Мониторинг, үнэлгээ, эдийн засгийн шинжилгээний захирал Б.Ууганбаяртай ярилцлаа.
-АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь ядуурлыг бууруулж, эдийн засгийг өсгөх зорилгоор хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж үзүүлдэг. Эдийн засгийн өсөлтөд урт хугацааны тогтвортой хөгжил хамгийн чухал. Үүнд байгаль орчин, ус, агаар, хөрсний эрүүл байдал нөлөөлдөг. Монгол Улсын хувьд эдийн засгаа зөвхөн уул уурхай, үйлдвэрлэлээр өсгөх нь хангалтгүй. Усны нөөцийн асуудал онцгой чухал бөгөөд 2021 оны байдлаар Монгол Улсын хүн амын 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч, улсын нийт баялгийн 63 хувийг үйлдвэрлэдэг гэсэн тоо бий.
Иймээс нийслэлд усны хомсдол үүсвэл үйлдвэрлэл зогсож, хотын хөгжил саарах зэрэг сөрөг үр дагавар үүсэхээс гадна иргэдийн амьдрал, эдийн засаг, хүмүүнлэгийн байдалд эрсдэлтэй.
Энэхүү эрсдэлийг Дэлхийн банкны усны нөөцийн 2030 байгууллага, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын судлаач мэргэжилтнүүдийн 2016 оноос хойш хийсэн судалгаагаар “урьдчилан” харснаар АНУ-ын Засгийн газар буцалтгүй тусламжаа усны салбарт оруулахаар болсон. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх Усны Компакт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Компакт хөтөлбөр маань хоорондоо уялдаа бүхий гурван төслөөс бүрддэг.
-Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй гурван төсөл хэрэгжүүлж буй. Монгол Улсад анхны гэж хэлж болох ус гүн цэвэрлэх, бас хаягдал усыг дахин боловсруулах хоёр том үйлдвэр барьсан. Энэ хоёр үйлдвэрийг ажиллуулах хүний нөөц, хууль эрх зүйн орчин бэлэн үү?
-Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр том үйлдвэр барьсан. Эдгээр нь Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр юм. Аль аль нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн боловч ажиллах зарчим нь ялгаатай. Нэг нь усны нийлүүлэлтийг нэмэгдүүлж нөгөө нь усны хэрэглээг бууруулна. Нэгдүгээр төсөл буюу Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд ундны усны шинэ эх үүсвэр байгуулж байгаа юм.
Энэхүү эх үүсвэрт орчин үеийн технологи бүхий 30 гүний худаг гаргаж, тоноглож байна. Эх үүсвэрээс олборлосон усаа мөн л төслийн хүрээнд барьж байгуулж буй шугам хоолойгоор дамжуулан Сонгинохайрхан уулын зүүн бэлд байгуулсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр рүү татаж, орчин үеийн технологиор ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, хотын хэрэгцээнд нийлүүлэх юм. Ингэснээр хотын нийт ус хангамж нэмэгдэнэ.
Харин хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь хотын усны эрэлтийг бууруулах замаар нийт ус хангамжийг дэмждэг. Тухайлбал, дулааны цахилгаан станцууд дахин боловсруулсан хаягдал усыг ашигласнаар тэр хэмжээний газрын гүний цэвэр усыг хэмнэж, гүний усны эрэлт багасна. Үр дүнд нь хотын нийт ус хангамж нэмэгдэж, усны тогтвортой байдлыг хангана. Эдгээр үйлдвэрүүд нь хатуу дэд бүтэц буюу “hardware” гэж тодорхойлж болох бол, Улаанбаатар хотын ус хангамжийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой Компактын гурав дахь төсөл нь зөөлөн дэд бүтэц буюу “software” юм. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлснээр салбарын чадавхыг сайжруулах, хүний нөөцийг сургах, үр ашиг, материаллаг баазыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, усны хэрэглээний талаарх олон нийтийн ойлголт, эерэг хандлагыг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж, үр өгөөжөө урт удаан хугацаанд хадгалахад чиглүүлдэг юм. Компакт гэрээнд таван жилийн настай төсөл хөтөлбөр биш, үр өгөөжийг нь цаашид ч нийгэм, эдийн засагт удаан хугацаанд, тогтвортой нөлөөлөхийг чухалчилсан байдаг. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамжийн салбарын тогтвортой, найдвартай ажиллагааг урт хугацаанд хангах боломжтой болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу
Б.ОЮУН-ЭРДЭНЭ: ХҮҮХДЭЭ СОНС, ИТГЭ, ХАЛАМЖ ТАВЬ

Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүд тэдэнтэй хэрхэн харилцаж ойлголцох хэрэгтэй талаар сэтгэл зүйч Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Шилжилтийн насны хүүхэдтэй эцэг эхчүүд тэдэнтэй яаж харилцах ёстой вэ. Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа юу байдаг вэ?
-Эцэг эхчүүдийн зүгээс манай хүүхэд дунд ангид орсноосоо хойш дуугаа хураагаад ганцаараа байхыг илүүд үздэг болсон. Юм асуухаар дуугарахгүй, ярилцахгүй байна гэдэг. Энэ нь тэдний толгойн өвчин болоод буй. Уг асуудалд эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа нь хүүхдээ том хүн болж, бие хүн болон төлөвшиж байгааг нь ойлгодоггүй. Миний хүүхэд жаахан байна гэж хардаг. Хүүхдээрээ л байх юм шиг бодож, бие махбодынх нь өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл тухайн хүүхэд өөрийгөө би том хүн болсон. Бие хүн болж байна гэсэн өнцгөөр харж, мэдэрч эхэлдэг. Энэ онцлогийг нь эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад зөрчил үүсч эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрийгөө том хүн гэж мэдэрч, нийгмийн харилцаанд орж хүрээлэл нь тэлж эхэлдэг. Гэтэл эцэг эх нь хүүхэд гэдэг нүдээр харж бүх зүйлд оролцож, хорьж, хүсэл сонирхлыг нь сонсохгүй, ойлгохгүй байснаар тэдний дунд үл ойлголцол үүсдэг.
Ингэснээр хүүхэд гэрээсээ явах, буруу найз нөхдийг сонгож бусдад уруу татагдах зэрэг сөрөг үр дагаврууд бий болж болдог. Нийгмийн харилцаанд анх удаа орж байгааг нь, бие хүн болон төлөвших гэж хичээж буй эдгээр онцлогуудыг нь ойлгох хэрэгтэй.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ итгэдэггүй, хэт их хяналт тавьдаг. Үүнийг хүүхэд хүлээн авч чаддаггүй. Миний хувийн орон зайд халдаж байна гэж ойлгодог.
-Огт хяналт тавихгүй байснаар эргээд сөрөг үр дагавар гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Үүний тэнцвэрийг хэрхэн барих ёстой юм бол?
-Хүүхдэдээ санаа тавьж анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Гэхдээ бүх зүйл дээр алхам тутамд нь хяналт тавих нь хүүхдэд манай аав ээж надад итгэдэггүй юм байна гэсэн ойлголт төрүүлэх нь бий. Мөн тухайн хүүхэд тэр бүгдээс залхаж эхэлдэг. Тиймээс нэн тэргүүнд хүүхдэдээ итгэх хэрэгтэй. Багаас нь хүүхдэдээ сайн ойлгуулах шаардлагатай. Өсвөр насанд хүрээд буюу 16 нас хүрэхээр бүх зүйлийн үүрэг хариуцлагаа өөрөө үүрнэ гэдгийг хэлж ойлгуулах нь зүйтэй. Эцэг, эхчүүд хүүхдэдээ итгэснээр эргээд хүүхэд ч мөн хүний итгэлийг дааж сурдаг. Энэ нь цаашлаад ажлын байран дээр гарахад хүртэл эергээр нөлөөлдөг. Үүнээс гадна шийдвэр гаргахад хүртэл сайнаар нөлөөлдөг буюу бие даан шийдвэр гаргаж чаддаг болно. Хүүхдийн сэтгэл зүйн тогтворгүй байдал 12-18 нас хүртлээ үргэлжилдэг гэж хэлж болно. Өсвөр насанд хүүхэд бие хүн болох өөрчлөлтүүд явагдаж байдаг. Энэ үедээ хүүхэд ганцаардахаас айдаг, хэн нэгний тусламж хэрэг болдог. Тиймээс энэ насанд хүүхдэдээ тавих анхаарлаа илүү сайжруулж итгэл даах хүн нь эцэг, эх нь байх ёстой гэдгийг анхаараарай.
-Сүүлийн үед цахим орчинд хүүхдүүд биенээ дээрэлхэж буй бичлэг цацагдах болсон. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ хаана юу хийж байгааг анзаарахгүй, түүнээс үүдэж ийм хэрэгт орооцолдоод байна уу гэж хараад байна л даа. Дээрээс нь хүүхдүүд зүй бус хандлага гаргаж байгаа нь гэр бүлийн хүмүүжлээс мөн шууд хамаарч байна уу?
-Шуудхан хэлэхэд тийм. Манай хүүхэд өсвөр насандаа очоод шилжилтийн нас нь эхлээд зан ааш нь өөрчлөгдсөн гэж хүмүүс ярьдаг. Гэтэл тухайн хүүхэд бага насандаа ямар хүмүүжлээр өссөн тэр зан авир нь өсвөр насанд илэрдэг. Өөрөөр хэлбэл, эцэг эх нь багад нь буюу 0-3 насанд нь хүүхдээ хэр харж хандаж байсан юм. Утсаа өгөөд л орхичихдог байсан юм уу, хайхардаггүй байсан зэргээс үүдэлтэй. Эцэг эх бол хүүхдэд аюулгүй мэдрэмжийг төрүүлэх ёстой. Хүүхдүүд үгэн дээр маш их анхаардаг, эмзэглэдэг. “Надад ийм юм тохиолдоод байна аа” гээд асуудлаа хэлэхээр манай эцэг эхчүүд юун сүртэй юм, эсвэл жаахан хүүхэд байж том хүн шиг гэх мэтээр үл ойшоодог. Түүний оронд уур бухимдлаа тайлах арга, асуудал тулаад ирвэл гарах арга замыг хэлж өгдөггүй, ярилцдаггүйн улмаас өсвөр насандаа асуудлаа хэрхэн даван туулахаа мэддэггүй. Ер нь бол бага насанд хүүхдийн суурь хүмүүжил бий болж байдаг. 0-3 насанд хүүхдийн ээнэгшил буюу суурь сэтгэл зүй байдал тогтдог. Ээнэгшил дөрвөн төрөл байдаг. Нэгдүгээрт аюулгүй ээнэгшил. Энэ нь ямар ч нөхцөлгүй байгаагаар нь хайрлаж ямар ч үед ээж аав минь намайг хамгаална гэсэн ухамсартай болохыг хэлж байгаа юм. Аюулгүй ээнэгшилтэй хүүхэд сэтгэл хөдлөлөө зөв тайлж ямар ч асуудлыг зөв механизмд оруулж чаддаг. Мөн түгшүүртэй ээнэгшил, замбараагүй ээнэгшил гэж бий. Тодруулбал, бага насанд нь эцэг эх нь хүүхдийнхээ дэргэд маргалдаж цаашлаад зодолддог байсан бол хүүхэд түгшүүртэй тайван бус болдог. Харин замбараагүй ээнэгшил гэдэг нь маш их хайрлаад л бусдаас өмөөрдөг буруу зүйлийг нь дэмждэг, эсвэл маш их загнаж буруутгаад байвал сэтгэл зүй нь замбараагүй байдалд дасдаг гэсэн үг.
Ингэснээр хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар муу болдог. Эцэг эх асран хамгаалагч ямар байна хүүхэд тийм л байна. Шуудхан хэлэхэд эцэг эхийн хүмүүжил, арга барилаас хүүхдийн хүмүүжил шууд хамааралтай.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу
"ЗАЛИЛАГЧИД ХОХИРОГЧООС ХОХИРОГЧИЙН ДАНС РУУ МӨНГӨ ШИЛЖҮҮЛДЭГ"

Монгол Улсын хэмжээнд залилангийн гэмт хэрэг, тэр дундаа цахим залилан нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн онд нийт 47,480 гэмт хэрэг бүртгэгдсэний гуравны нэг буюу 16,906 нь залилах гэмт хэрэг байна. Тэгвэл 2026 он гарсаар энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа, цахим залилангаас хэрхэн сэргийлэх талаар Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүүтэй ярилцлаа.
-Сүүлийн үеийн статистик мэдээллээс харвал залилангийн гэмт хэрэг, тэр дундаа цахим залилан огцом өсөх болсон байна. Үүний гол шалтгаан нөхцөл нь юу байна вэ? Энэ төрлийн гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад ямар түвшинд байна?
-Цагдаагийн байгууллагын статистик мэдээллийг харахад, энэ он гарснаас хойш нийт 10,267 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Үүнээс залилангийн гэмт хэрэг нэлээн өндөр хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 3,844 залилах төрлийн хэрэг бүртгэгдсэний 37.4 хувь нь дан цахим залилан эзэлж байна.
Бид энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзэхэд, залилах гэмт хэрэг 25.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ялангуяа цахим орчинд үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 85.7 хувь нь буюу 2,676 нь зөвхөн залилангийн хэрэг байгаа нь анхаарал татаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг өсөж байгаа гол шалтгаан нь техник, технологийн хурдацтай хөгжилтэй шууд холбоотой. Өнөөдөр иргэдийн хэрэглээ цахимжиж, бүхий л үйлчилгээг цахимаар авдаг болсон. Яг үүнийг дагаад залилагчид ч гэсэн арга барилаа цахим орчин руу бүрэн чиглүүлж байна. Тиймээс л цахим залилангийн тоо ийнхүү өсч байгаа хэрэг юм.
-Өнөөдрийн байдлаар яг ямар төрлийн залилангийн хэргүүд хамгийн их үйлдэгдэж байна вэ?
-Гурван төрлийн цахим залилангийн хэрэг давамгайлж байна. Тодруулж хэлбэл, онлайн худалдаатай холбоотой залилан хамгийн их бүртгэгдэх болсон. Иргэд сошиал орчноос бараа бүтээгдэхүүн захиалахдаа урьдчилгаа мөнгөө шилжүүлж, улмаар залилуулж өөрсдийн данс дахь мөнгөө алдаж байна. Удаах нь, хуурамч сугалаа буюу лайв хэлбэрээр явагддаг залилангууд байна. Жишээ нь, уурхайн үнэт чулуу ялган авах гэх мэт нэрээр иргэдийг татан оролцуулж, хохироодог тохиолдол цөөнгүй байна. Гуравдугаарт, энэ оны нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр бүртгэгдэж эхэлсэн, одоог хүртэл өндөр бүртгэгдэж байгаа шинэ төрлийн залилан байна. Энэ нь томоохон сүлжээ дэлгүүр, хоолны газруудын нэрийг барьж үйлдэгддэг. Тухайлбал, “Пицца Хат” “Кэй Эф Си” зэрэг сүлжээ ресторануудын нэрийг ашиглан “50-60 хувь хямдарлаа, доорх линкээр орж захиалгаа өгөөд, төлбөрөө төлнө үү” гэсэн хуурамч линк байршуулж байна. Иргэд тэрхүү линкээр нь ороход үндсэн сайттай нь маш төстэй зураг, лого, нэр ашигласан байдаг тул төлбөр төлөх хэсэгт банкны мэдээллээ оруулчихдаг. Яг энэ үед залилагчид тухайн иргэний хувийн болон банкны мэдээллийг хуулж аваад, өөр төхөөрөмжөөс нэвтэрч дансан дахь үлдэгдэл мөнгийг нь шилжүүлэн авч байна.
Хэрэв тухайн иргэн хадгаламжийн болон бусад данстай бол тэдгээр мөнгийг нь ч мөн татаж авдаг маш хортой аргаар үйлдэгдэж байгаа цахим залилан юм.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн хэргийг дотоодоос үйлдэж байна уу, эсвэл хилийн чанадаас үйлдэж байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Шинэ төрлийн залилан гарч ирээд удаагүй байгаа тул данс битүүмжлэх болон мөрдөн шалгах ажиллагаанууд одоо яг идэвхтэй үргэлжилж байна.
-Та хилийн чанадаас үйлдэгдэж байх магадлалтай гэж хэллээ. Тэгвэл эдгээр цахим халдлага яг аль улсаас голлон ирж байна вэ. Олон улсын хэмжээнд тогтоогдсон тодорхой бүс нутаг байгаа юу?
-Гэмт хэргийг бүс нутгийн хувьд авч үзвэл, ер нь дотоод уу эсвэл гадаад уу гэдгийг бид нарийвчлан тогтоодог. Миний түрүүн дурдсан уурхайн үнэт чулуу ялган авах болон хусдаг сугалаатай холбоотой залилангийн хэргүүд ихэвчлэн БНХАУ-аас буюу хилийн чанадаас үйлдэгдэж байна. Эдгээр хэргүүд нь сошиал орчинд маш идэвхтэй явагдаж байгаа бөгөөд гадаадаас зохион байгуулалттайгаар манай иргэдийг чиглэн үйлдэгдэж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байгаа юм.
-Залилагчид өдөр ирэх тусам л шинэ арга сэдэж, цахим хэрэглээндээ төдийлөн дадаагүй иргэдийг голчлон онилж байна шүү дээ. Тэгвэл иргэд цахим халдлагын бай болохгүйн тулд яг ямар алхмуудыг хэвшил болгох ёстой вэ?
-Ерөнхийдөө залилагчид үндсэн хоёр төрлийн арга барил ашиглаж байна. Нэгдүгээрт, иргэдийг яаруулж, урьдчилгаа төлбөр авах арга. Тухайлбал, “Таны сонирхсон бараа ганцхан үлдлээ”, эсвэл “Өнөөдөр хямдрал дуусна” гэх мэтээр сэтгэл зүйн шахалт үзүүлж, иргэдийг төөрөгдүүлэн урьдчилгаа төлбөр авдаг.
Мөн үүний нэг хэлбэр нь хусдаг сугалаа юм. Иргэдэд их хэмжээний мөнгө хожлоо гэж итгүүлээд, тухайн мөнгөө бүтнээр нь авахын тулд хожлынхоо 10 хувийг урьдчилж шилжүүлэх ёстой гэж хуурдаг. Жишээ нь, 100 сая төгрөг хожсон бол 10 саяыг нь манай данс руу шилжүүлж байж хожлын мөнгөө авна гэх мэтээр иргэдийг залилж байна.
Хоёрдугаарт, линкээр дамжуулан банкны болон хувийн мэдээллийг нь хулгайлах арга. Залилагчид “Та тэтгэмж авах боллоо”, “Их хэмжээний мөнгөн урамшуулалд хамрагдах боломжтой байна” эсвэл “Бараа бүтээгдэхүүн хэт хямдарлаа” гэсэн хуурамч мэдээллийг линкээр дамжуулан илгээдэг.
Иргэд тухайн линк рүү орж хувийн болон дансны мэдээллээ оруулмагц залилагчид тэрхүү мэдээллийг нь ашиглан өөр төхөөрөмжөөс нэвтэрч, дансыг нь хоосолдог. Тиймээс иргэд цахим орчинд янз бүрийн сугалаа, лайвд оролцохдоо маш хянуур байх хэрэгтэй. Хэрэв танаас ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр нэхэж л байгаа бол энэ нь залилан гэдгийг хамгийн түрүүнд анхаарах ёстой юм.
-Цахим залилан хийсэн хүнд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгээр зохицуулдаг. Тодруулбал, тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилсан бол 450-аас 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-өөс 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэнэ гэж заасан байдаг. Эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Харин энэхүү гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралынхаа эх үүсвэр болгосон бол хуулийн хариуцлага хүндэрч, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд залилангийн үйлдлээ хэдэн удаа хийснээс хамаарч ял шийтгэл нь ийнхүү хүндрээд явдаг зохицуулалттай юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу
3,605.46






















































Нэргүй 2026-03-28 59.153.113.70
нүүрсчид яллаа нүүрсчдэд баяр хүргэе гэхдээ туулын хурдны замыг битгий оролд гуйжын