niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 07:00 UTC Эх: https://news.mn/r/2857440/ d61af05914402219… ← niitlelch.mn руу буцах

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 74 хувиар дэмжлээ

LiveУИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 74 хувиар дэмжлээ

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 74 хувиар дэмжлээ
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
21 : 47
2026-3-27

Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөх УИХ-ын тогтоолыг баталлаа

УИХ чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэллээ. Үүний дараа санал хураахад гишүүдийн74 хувь буюу 56 гишүүн нь Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж санал өглөө. Улмаар Ерөнхий сайдаас чөлөөлөх УИХ-ын тогтоолыг баталлаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар дараах мэдэгдлийг хийв. 

Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,

УИХ, Засгийн газрын гишүүд ээ,

Монголын ард иргэд ээ,

Та бүхэндээ улс орны хувьд сорилт, бэрхшээл дүүрэн нэгэн үдшийн мэндийг хүргэе.

Монголчууд бид цахилгаан эрчим хүчний хүндхэн хязгаарлалт, түлш шатахууны хомсдол санаанд оромгүй хүнд сорилтуудтай нүүр тулсан ч, Монгол төр, Монголын ард түмэн хамтын хүчээр энэ бүх бэрхшээлийн ард бат зогсож, даван туулж чадсанд би гүнээ талархаж байна.

Нар ташиж, үдэш орой болсон энэ мөчид төрийн жолоог барилцаж буй та бид ингээд яаралтай цуглаж байгаа нь улс орны байдал энгийн горимоос гажиж, улаан шугам давсны тод дохио юм.

Дэлхийн дэг журам ганхаж, геополитикийн хурцадмал мөргөлдөөн, хямралын ирмэгт тулсан амаргүй цаг үетэй бид нүүр туллаа.

Бид дотооддоо талцах биш, дэлхийн шуурганд хамтдаа сөрөн зогсох цаг ирсэн. Гэтэл өнөөдөр улс төрийн талцал хэтэрч, төрийн шийдвэр гаргалт саарч, үүний хүнд ачаа ард иргэдийн амьдрал дээр шууд бууж байна. Монголд ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй билээ.

Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.

Өнөөдөр эрх мэдлийн шунал хүсэл хяналтгүй болж, намын хуваагдал төрийн хямрал болж, цаашлаад дэлхийн шившиг болж байна. Хаяа нь хагархай айл шиг ёс зүйн хэм хэмжээнээс давж төр, улс үндэстнээ шившиглэх мөр үлдээж, улстөрчид хязгааргүй их мөнгөөр Засаг төрөөр тоглодог жишиг тогтлоо. Үүнд би гүнээ харамсаж байна. Бид ёс зүйн уналтыг зогсоохгүй бол энэ улс төр өөрөө ард түмний эсрэг систем болж хувирна.

Эрхэм нөхөд өө,

Есөн сарын өмнө Та бүхний итгэл, ард түмний захиалгаар Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хүлээн авахдаа би нэг зүйлийг тодорхой хэлж байсан.

“Хямралыг ард иргэдэд үүрүүлэхгүй, төр өөрөө бүсээ чангална” гэж. Өнөөдөр би Та бүхний өмнө энэ амлалтад хүрэхийн төлөө хийсэн ажлаа тайлагнаж, хамтдаа туулсан замаа дүгнэн зогсож байна.

Манай Засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж, бодит өөрчлөлтийг авчирч чадлаа.

Биднийг Засгийн газрыг хүлээн авах үед нүүрсний үнэ унасан, экспорт хумигдсан, валютын нөөц багассан, инфляц өссөн, эдийн засгийн өсөлт 2.6 хувь хүртэл саарсан байсныг Та бүхэн санаж байгаа. Хэрэв бид цаг алдалгүй шийдвэр гаргаагүй бол инфляц 15 хувь хүрч, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалд хүрэх бодит эрсдэл нүүрлэж байсан.

Гэвч бид зайлшгүй сонголт хийсэн. Ард түмний халаасыг тэмтрэх биш — төр өөрөө бүсээ чангалсан.Бид 2025 онд түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, “хэмнэлтийн тодотгол” хийсэн.

Үр дүнд нь:

  • Нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, нийт экспорт 15.8 тэрбум ам.долларт хүрлээ. Ноолуурын экспорт 4.7 дахин, махны экспорт 25.7 хувиар өслөө.
  • Эдийн засгийн өсөлт 2.6%-аас 6.8% болж нэмэгдлээ.
  • Инфляц 8.3%-аас 6.5% болж буурлаа.
  • Төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан бол 1 тэрбум ам.долларын ашигт боллоо.
  • Валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум ам.долларт хүрч, 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдлээ.

Энэ бол зөвхөн тоо биш — энэ бол зөв бодлогын үр дүн юм.

Эрхэм гишүүд ээ,

Манай Засгийн газар том төрөөс чадварлаг төр рүү шилжих эхлэлийг тавьж, хариуцлагын шинэ соёлыг бий болголоо.

  • Яамдын бүтцийг 81 нэгжээр
  • Агентлагийн удирдлагыг 54-өөр
  • 29 зөвлөл, хороог татан буулгаж
  • Төрийн өмчит компаниудын удирдлагыг 200-аар бууруулж
  • 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгож
  • Хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиар цөөллөө

Мөн төрийн царцсан өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдэд буцаан ашиглуулах шийдвэрүүдийг хэрэгжүүллээ.

“Төр булаагч биш — чөлөөлөгч байх ёстой” гэдгийг бид бодитоор хэрэгжүүлсэн.

“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, ердөө хоёр сарын дотор олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөсөн. Өнөөдөр нүүрсний экспорт огцом нэмэгдэж, биржийн арилжаа хэд дахин өссөн байна. Тоо худал хэлдэггүй. Төр зөв үед, зөв оролцвол үр ашиг бий болдог гэдгийг энэ харууллаа.

Манай Засгийн газар нийгмийн аюулгүй байдлыг хангах хүрээнд хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх тусгай мэргэшсэн албыг байгууллаа.

Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыг үгээр биш үр дүнгээр хэрэгжүүлж эхэллээ. Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийг нь ард түмэнд хүртээх ажлыг эхлүүллээ.

Оюут шинэ ордоос 357 сая тонн зэсийн нөөц илэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх зуун жил тогтвортой ажиллах бат бөх суурь тавигдлаа.

Эрдэнэт бол ширгэсэн үнээ биш — зуун дамнах баялгийн булаг гэдгээ дахин нотоллоо.

Төрийн өмчит салбарт, Эрдэнэс Монгол нэгдэл 12.8 их наяд төгрөгийн орлого, 4.5 их наяд төгрөгийн ашиг, 4.0 их наяд төгрөгийн татвар төвлөрүүллээ. Энэ бол төр зөв удирдвал баялаг бүтээж чаддаг гэдгийн бодит нотолгоо юм.

 

Эрхэм гишүүд ээ,

 Мөн “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” үндэсний зорилтыг хэрэгжүүлэх БОДИТ АЛХАМ-ыг эхлүүлсэн. Бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажил болгосон.

Хамгийн тод жишээ нь Бортээг. Алдагдах эрсдэлд байсан Бортээгийн ордыг бид ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ замд орууллаа.

Монголын өгөөжийг 51 хувиас бууруулахгүй зарчмыг баримталж, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг анх удаа хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн есөн сарын хугацаанд бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажил болголоо.

Өнөөдөр Бортээгийн ордод хөрөнгө оруулахаар 7 компани хүсэлтээ ирүүлж, 500 саяас 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн санал ирүүлээд байна. Энэ нь нэг зүйлийг тод харуулж байна.

Монголын баялаг үнэгүй биш — дэлхийд үнэлэгддэг. Түүнчлэн олон жилийн турш яригдаж буй Оюу толгойн ордоос монголын ард түмний хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд манай Засгийн Газар хатуу байр суурь баримталлаа. Тухайлбал, Монголын ард түмний хүртэх үр өгөөж өнөөдөр 27 хувь байгааг 60-аас доошгүй хувь болгон нэмэгдүүлэх, ногдол ашгийг 2026 оноос эхлүүлэх, Зээлийн хүүг 5–6% болгон бууруулах, Менежментийн төлбөрийг дор хаяж 50 хувиар бууруулах зэрэг 5 үндсэн хатуу шаардлагыг тавилаа. 

Бид нэг зүйлийг тодорхой хэлсэн. Баялгийн дийлэнх өгөөж Монголын ард түмэнд очих ёстой. Хэлэлцээр ид үргэлжилж байна. Гэхдээ бидний зарчим өөрчлөгдөх учиргүй.

Мөн Манай Засгийн газар Үндэсний баялгийн бодлого — тогтолцооны өөрчлөлт бодитоор хэрэгжүүллээ. Тухайлбал, стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь, өгөөжийг тодорхой болгох хэлэлцээг эрчимжүүлж, хувийн хэвшил, төр, ард түмэн бүгд хожих зарчимд тулгуурласан шинэ загварыг эхлүүллээ.

Томоохон ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хийсэн хэлэлцээний үр дүнд баялгийн өгөөжийн доод хэмжээг 60 хувиас бууруулахгүй байх зарчимд хүрлээ.

Өгөөж буурсан тохиолдолд нөхөн төлөх механизмыг бий болголоо.

Бид стратегийн ордыг өмчлөх тухай биш, харин баялгийн өгөөжийг ард түмэнд хамгийн өндөр хэмжээнд хүргэх тухай бодлогыг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн шууд эзэмшлийг, илүү үр ашигтай, ил тод, зах зээлтэй уялдсан ашигт малтмалын төлбөр, өгөөжийн шинэ тогтолцоогоор орлуулах шийдлийг боловсрууллаа.

Энэ бол: “Баялаг → Төсөв → Иргэн” гэсэн шинэ тогтолцооны эхлэл юм.

Манай Засгийн газар эдийн засгийн сэргэлтийг иргэдийн амьдрал, айл өрхийн хаалгаар оруулахын тулд хичээн ажиллалаа.  Зарим үр дүнгээс товч дурдвал,

  • Өрхийн бодит орлого 5% өсөж, аялал жуулчлалын тоо 847 мянган болж, 728 сая ам.долларын орлого оллоо.
  • Эрүүл мэндийн салбар, тэр дундаа өдөрт 600 байсан Улаан бурхан өвчны халдварын эсрэг дархлаажуулалтыг 95%-д хүргэж, өвчлөлийг бүрэн зогсоосон.

Энэ бол тоон үзүүлэлт биш — Энэ бол аврагдсан амь, хамгаалагдсан ирээдүй, Монгол хүний амьдралын чанарын өөрчлөлт юм.

Мөн хөдөө орон нутагт хавдрын оношилгоо, эмчилгээний үйлчилгээ ойртож, Эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.

Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ,

 Өнгөрсөн есөн сарын хугацаанд манай Засгийн газар дараах таван суурь үр дүнд хүрлээ:

  • Эдийн засгийг хямралаас гаргаж, 6.8% хүргэлээ.
  • Данхар төрийг цэгцлэх шинэчлэлийг эхлүүллээ
  • Баялгийн бодлогын шинэ стандарт тогтоолоо
  • Хөрөнгө оруулалтын орчныг сэргээлээ
  • Иргэдийн амьдралд мэдрэгдэх өөрчлөлтийг авчирлаа.

Бид системийн өөрчлөлтийн суурийг тавьсан. Харин түүнийг гүнзгийрүүлэх ажил цаашид тууштай үргэлжлэх ёстой.

 Эрхэм гишүүд ээ, ард иргэд ээ,

 Бид эдийн засгийн хямралыг давсан, Бид ард түмнийхээ итгэлийг сэргээсэн, Бид шинэ боломжийн үүдийг нээсэн.

Бид бүхнийг амжуулж чадаагүй байж болно. Гэхдээ бид нэг зүйлд үнэнч байсан. Энэ бол Монгол Улсын эрх ашиг, Ард түмний итгэл, Өгсөн тангараг. Энэ бол төгсгөл биш. Энэ бол шинэ эхлэл. Монголын баялаг Монгол хүндээ үйлчлэх ёстой. Монголын төр иргэндээ үйлчлэх ёстой. Есөн сарын өмнө өгсөн амлалтаа би өнөөдөр Та бүхний өмнө тайлагнаж байна. Хийх ажил их байна. Хүрэх зорилго өндөр байна. Гэхдээ бид нэг зүйлийг нотолсон. Монгол Улс зөв бодлогоор урагшилж чадна.

Эрхэм гишүүд ээ,

Би ажлаа хийсэн. Гэхдээ надад, бидэнд энэ тоо баримтаас илүү Монгол төрийн систем өөрөө чухал байна. Бид энэ хямарч гажуудсан төрийн бүхнийг цэгцлэхийн тулд ‘цэгцрэх хөдөлгөөн’-ийг эхлүүлсэн. Энэ бол нэг хүний биш, Монгол төрийг шинэ шатанд гаргах түүхэн оролдлого байсан юм. Төр нь иргэнээсээ холдсон, авлигад идэгдсэн, шийдвэр гаргаж чаддаггүй энэ тогтолцоог халах нь бидний туйлын зорилго байлаа.

Гэвч өнөөдөр албан тушаал, эрх мэдлийн ялалт ард түмний амьдралыг сайжруулахгүй байна. Ялагдал, талцал хуваагдал, парламентын гацаа улс орны чухал шийдвэрүүдийг зогсоож, гадаад дайны халуун цэгээс дутахааргүйгээр нэрвэгдүүлж эхэллээ. Улс төрийн институцүүдийг хуваарилалтад маргалдаж байх зуур улс орны эдийн засаг дахин нурж мэдэхээр аюул ойрхон байна.

Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй. Энэ бүх маргаан, энэ бүх эрх мэдлийн төлөөх улс төрөөс илүү Монгол хүний амьдрал чухал. Төр нь гацаж, төрийн түшээд нь улстөрийн ашиг хонжооны төлөө гүтгэлэг, дайралтаар нийгмийн сэтгэл зүйг гүн хямралд чирч байгаа нь ард түмний нуруунд хүнд ачаа болж байна.

Монголд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой.

Ийм төр байсан, одоо ч байгаа, цаашид ч байх учиртай. Энэ бол Монгол төр.

Төр зогсохгүй, бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой. Би явж болно, харин шударга үнэний төлөөх тэмцэл хэзээ ч зогсох ёсгүй.

Энэ чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж байна. Би Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж байна.

Улс төрийн өрнөл, үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлах боломж хожим олдоно гэдэгт итгэж байна. Албан тушаал мөнх биш, харин Монгол төр мөнх юм. Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн байх ёсгүй. Бидний эхлүүлсэн өөрчлөлт, үнэн зөв эцэстээ заавал ялна.Төр минь төвшин, дэлхий ертөнц амгалан байх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай гэлээ.           

20 : 35
2026-3-27

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 69 гишүүн оролцож байна. Хуралдааныг УИХ-ын дарга Н.Учрал удирдаж байгаа бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд энэхүү чуулганы хуралдаанд оролцоогүй үргэлжилж байна. 

19 : 48
2026-3-27

ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая /2026.03.27/ гишүүдийн ирц 50 хувийн босгыг давснаар эхэллээ. Уг хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий сайдыг үүрэгт албанаас нь чөлөөлөх тухай саналыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээ танилцуулав. Энэ үеэр дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн гацаанаас өдөр цаг алдалгүй шуурхай хариу арга хэмжээ яаралтай авах нь чухал болсон. Иймээс улс төрийн гацаанаас гарах нь чухал гэж үзэн, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэдгийг онцоллоо.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Л.Гантөмөр, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Хэрлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, Б.Баярбаатар, С.Зулпхар, Ц.Идэрбат, Э.Одбаяр, Н.Номтойбаяр нар оролцов.

Ерөнхий сайд Г.Занданшатараас гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалаа. Байнгын хорооны хуралдаанд нийт 19 гишүүн оролцсоноос 16 гишүүн  буюу 84.2 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дэмжлээ.

Ингэхдээ шинээр Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг тогтоолоор даалгалаа. Мөн Ерөнхий сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дэмжсэн тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-27 66.181.190.239

Ерөнхийлөгч болоорой.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа:МАН-д сонгогчдын итгэлийг буцааж авах хугацаа байна 2026-03-27 103.212.116.167

Учрал намын нэр хүндийг өсгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэх.Үүнд:1/Эрчим хүч, Хууль, Барилгын сайд нараа өөрчлөөд, бусдыг нь ажиллуулах. 2/ХҮН, Иргэний зоригтой хамтрах.3/Эрчим хүчээ өөрөө хариуцах,4/Өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд бүх ажлаа чиглүүлэх 5/Намын нэр хүндээ өсгөх гээд хамтрагчдаа элдвээр цоллохоо больж, хуулийн байгууллагын мэдэлд бүрэн шилжүүлэх.Намын санхүүжилтийн түүх чинь тэсрэх бөмбөг болох вий. 6/УИХ-ын даргаар намын хагаралд идэвхтэй оролцоогүй хүнийг тавих.

Avatar

Занданшатар 🇲🇳 Монголын хамгийн сайн Ерөнхий сайдуудын нэг байлаа. 2026-03-27 176.77.153.67

Бодит үнэн ийм байлаа. Занданшатар гуай сайн ажилласан. Монголд бол хэрэгтэй шударга Ерөнхий сайд байлаа.

Avatar

Нэргүй 2026-03-27 202.55.188.83

Учрал хэдэн настай юм бэ Улсыг удирдах ТОГЛООМ БИШ, ман яагаад энэ улсаар тоглоод байна ард түмэн тийм эрх өгөөгүй л байлтай нам доторх есөн шидийн хүмүүсээр улсаа тоглуулаад болж байгаа юм уу

Avatar

зочин 2026-03-27 66.181.189.63

Хулгайч луйьарч АН -ын үл бүтэх этгээдүүд л жинхэнэ монгол улс, ард иргэдээр тоглоом хийж байна, МАН-ын удирдлага дотооддоо хагаралтай байгааг овжин ашиглаж,энэ ажлаа улам идэвхжүүлж байна, Улс орны эрх ашиг тэдний хувьд огт алга, Эх оронч дүр эсгэн ,иргэдийг хуурч,төрийн эрхэнд гарч нийгмийн өмчөөс идэж уухаас өөр зорилт алга, Жил хүрэхгүй шахуу хугацаанд байнга огцордог засгийн газартай орон манайхаас өөр байдаг болов уу Хэн ийм оронтой итгэж харьцах юм Ийм байдлыг эд зориуд буй болгож байн

Avatar

Нэргүй 2026-03-27 66.181.166.134

байгаа ажлын байраа л хадгалж үлдээрэй. цомхотгол хийвэл ядуурал гаарна шүү!!1

Avatar

Нэргүй 2026-03-27 103.212.117.149

Занданшатар төрийн өмчийг лавшруулах, хувийн өмчийг төрд булааж авах гэдэг гол лоозонтой ажилласан тухайгаа бахархан тайлагнажээ!!! Овоо л популист байж??

Avatar

зочин 2026-03-27 66.181.189.63

АН гэх бүлэг луйварч хулгайчдын эцсийн зорилго бол монгол орныг сүйрүүлэх, Энэ зорилгоор тэд хагарал бутрал, тэмцэл,үймээн самуун зохион байгуулдаг,Хийж бүтээх гэсэн бүхнийг нураах ажлыг идэвхжүүлдэг, Засгийн газрыг жил хүрэхгүй хугацаанд унагах зориолгоо сайн хэрэгжүүлж байна, Улс төрийн тогтворгүй байдал бол улс орныг сүйрүүлэх гол арга гэдгийг тэд сайн мэднэ, Хоёр хөршийг үзэн ядна, Дайсагнана, Бидний тогтоосон найрсаг хэвийн харилцааг хүйтрүүлж таслахыг хичээнэ,

Avatar

Ажиглагч 2026-03-27 66.181.188.125

2 удаа УИХ аар чөлөөлөгдөж огцордог одоо МАНГАР уулын ЁС Зандаа…кккк

Avatar

Зочин 2026-03-27 103.212.117.177

НҮҮРСНИЙ ХАМГИЙН ГОЛ ТОЛГОЙ УЛГАЙЧ БОДИЙН АВИЛГАЧ ЭНХБАЯР, ДЭД САЙД НЭРТЭЙ БОДИЙН ТАВИУЛ МӨНХЭРДЭНЭ ГЭГЧ 2 АВИЛГАЧААС ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЛОО ДОО

Avatar

Хотын уугуул иргэн 2026-03-27 66.181.179.97

Рио Тинтогийн халаасанд орсон Ардчилсан нам, гутамшиг. Өс хонзондавтсан, хулгай дээрмээ халхалахын төлөө улаарч буй Оюун"-Эрдэнэ нарын нүд нь бүлтрэг..

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Монголчууд даргаар нь байгууллагыг нь үнэлээд, хүлээлт өгөөд байдаг талтай. 2026-03-27 103.212.116.167

МАН, АН нэр цэвэр цуус шингэн залуу даргатай боллоо.Эрч хүчтэй ажиллана. Энэ нь давуу тал нь. Харин ЕС болоход аль аль нь жулдаж мэднэ.. Энэ нь сул тал нь. Цогтгэрэл нь төрийн байгууллагад огт ажиллаагүй. Учрал нь сайд, ХЭГ-ын дарга хийсэн нь ажилд нь хэрэг болно. Социализмын үед ТАЛ ДААХ гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг байв.Аймаг, суманд нам, захиргааны хоёр даргын нэг нь МАА, нөгөө нь газар тариалангийн мэргэжил, туршлагатай байх нь элбэг.Тэргүүн шадар, Сангийн сайд туршлагатай бол онох биз

Avatar

Зочин 2026-03-27 103.57.93.221

энэ засгийг ард түмэн сонгоогүй малаа авилагчидын нам МАН та нр шунал хулгайн суурь дээр бий болсон унах нь тодорхой бсан дараагийн ЗГ Баямбацогт,2 Энхбаяр ,Чойжоо ,Дэлгэрсайха г.м авилгач нарыг л ахин бүү сайд болгоосой гэж залбирах л үлдлээ

Avatar

Нэргүй 2026-03-27 66.181.187.156

сайн ажилласан үнэхээр богино хугацаа байлаа гэхдээ сайн эдийн засагч хүн хэрэгтэй гэдгийг харууллаа махан толгойтууд хэрэг байхгүй дээ

Avatar

Өвгөн Балдан 2026-03-27 59.153.115.236

Заа даа амьдрал бол драм шүү дээ. Занданшатар мэдэгдэл ч жижигхэн хурган даргын зангарагт чхүрсэнгүй. Нүүрсний экспорт нэмэгдсэн л гэнэ. Хулгайг жаахан зогсоочихсон юм чинь нэмэгдэлгүй яахав. Төрд итгэх итгэл сэргэхгүй л байна даа. Энэ драм яаж үргэлжлэхийг хараад л суухаас.

Avatar

Нэргүй 2026-03-27 172.221.107.123

Ene olon donsolgoond Nyambaatar ats l uldeed baidag ni sonin shuu, khor nairuulgiin gol ezen Khuuk guai aa!

Avatar

Нэргүй 2026-03-27 202.126.91.57

учрал намын дарга тул ЕС болох ёстой анхнаасаа л Зандка дэмий ЕС болсон юм шатар тоглодог хүн бж муу л нүүдэл хийсэн юм даа ядаж байхад хууль зүйн сайд дэд сайд 2 нь авилгач 1.3 сая доллар гэж их мөнгө шүү дээ тэгээд худлаа шударга дүр гаргаад МАН д олигтой хүн байхгүй болж дээ яана даа 1 кг мах 30.000 төг гараад бензин дизелийн үнэ нэмэгдээд хаврын тариалалт эхлэх болж бдаг ядарсан 3 .5 сая ард иргэд нь л нуруундаа үүрнэ дээ

Avatar

Нэргүй 2026-03-27 86.177.162.5

Үгүй л дээ. Учралд суурь тавьж өгөх зөв шийдэл байсан.

Avatar

Зөвөө зөв 2026-03-27 202.9.46.91

Намын дарга нь ЕС байх нь зөв, Зандка л өөрөө гүрдийтэл зүтгэж ЕС суудалд суусан, Б.Энхбаяр авилгалчийг хүртэл хуучин сайдаа зайлуулж байгаад оронд нь чихсэн. Хохь нь, одоо солийчоод Ерөнхийлөгч болно гэж солиорно доо, үхэр монголчууд нь ч өрөвдөөд сонгоно.

Avatar

Зочин 2026-03-27 59.153.113.201

Харамсалтай юм. Хамгийн боломжийн ЕС томилогдлоо гэж эхлээд бодсон. Хийж эхэлсэн ажлуудыг нь дэмжиж байсан юмсан. Ахиад ийм түвшний ЕС төрөх магадлал харагдахгүй л байна.

Avatar

Нэргүй 2026-03-27 66.181.176.70

санал нэг б. тун харамсалтай б

Avatar

Зочин 2026-03-27 103.212.119.101

Ер нь энэ бүхэн Хүрэлсүхийн санаатай болон тооцож чадаагүй алдаа. Энэ тогтолцоогоор МАН цаашид ч хол явахгүй. Нэг бол бүрэн парламентийн засаглалтай эсвэл бүрэн ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй.
Манай улс өнгөрсөн 35 жилд $35 млрд өртэй (Оросын өр 100% цайрсан, үүнд хамаагүй)боллоо. Энэ t-нд сайнаар бодвол ганц Бөөрөлжүүт ДЦС-ыг эхлүүлжээ. Соц-ын 70 жилд $11 млрд өр тавьж юу босгосон билээ? одоо хэд нь үлдсэн? бэлдсэн инженерүүд?! ЭЗ-н аюулгүй бдал ярих ч юмгүй, бүр дордсон!!!!

Avatar

Нэргүй 2026-03-27 103.212.117.177

Авилгач энхбаяраас Занданшатарын Засгийн газар унах гэж дээ

Avatar

Зочин 2026-03-27 66.181.178.32

МАН-ын МЭРГЭШСЭН ЦУУТАЙ ХУЛГАЙЧ,АВИЛАГЧИД, УРВАГЧ ОЮУНЭРДЭНЭ,АМАРБАЯСГАЛАНГИЙН МАФИЙН БҮЛЭГЛЭЛ, ГАНЗОРИГ,АРИУНЗАЯА,САНДАГОЧИР,БАТНАЙРАМДАЛ мэт ХАМСААТНУУД АН-ын УРВАГЧИДТАЙ НИЙЛЖ РИО ТИНТО-д МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛАХ, МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ЭЗЭМШИГЧ ТОМ КОМПАНУУДААС УЛСАД ТАТАХ МӨНГИЙГ НЭМЭХ ШИЙДВЭРҮҮД ГАРГАЖ БУЙ, УИХ-д БУЙ ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, ХУУЛЬ ГАРГАХЫН ӨМНӨ ЕС-ыг ОГЦРУУЛЖ БНА. УЧРАЛ ЕС БОЛБОЛ ЭНЭ ЗГ-ын ХУЛГАЙЧ. АВИЛГАЧИДТАЙ ХИЙСЭН ТЭМЦЛИЙГ ЧАНГАРУУЛ, ЭНХБАЯРЫГ САЙДААР ҮЛДЭЭ

Avatar

Нэргүй 2026-03-27 202.126.90.62

Богд хааны бошигоор хойд энгэр нь хүүрээр, Хотгор газар нь Бетоноор дүүрсэн хот болжээ..Цаашлаад Баяд Ноёд нь Авилгач Худалч Хулгайч

Avatar

Нэргүй 2026-03-27 103.212.117.177

Авилгач халтар хар энхбаярыг зайлуулах байтал юун өөрөө огцрох вэ… авилгач энхбаяр худалчийгаа бодийн тавмул мөнхэрдэнэтэй нь зайлуулаачээ

Avatar

OT хүчтэй байна. Бас Ерөнхийлөгчийн сонгууль ойртсны илрэл 2026-03-27 193.242.192.9

Oюу Толгой, MCS-н гар хөл болсон нам дамнасан бүлэглэлүүд Могнголын ЗГ огцруулдаг томилдог нь харагдаж байна.
Давхар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх бэлтгэл эхэлж байгаа нь энэ

Avatar

Нэргүй 2026-03-27 66.181.184.45

Монголын авлигачдын намын нүүрсчид сүүлийн 3 сонгууль 12 жил Монголын төрийг самарлаа даа. Хэлэх ч үг алга. За 2016 оны сонгуулийг ярихаа байг гэхэд 2020, 2024 оны сонгуулийг нүүрснийн хулгайн мөнгөөр худалдаж авсан. Төрийн эрхийг хууль бусаар авсныг ярихаа байг гэхэд УИХ д 68 суудалтай олонх болчоод ирцээ бүрдүүлж чадахгүй, өөрийн ЗГ аа өөрсдөө огцруулж байгаа нь онигоо цаашаа боллоо. Төрийн ажлыг самарч дууслаа. Монгол улсаар тоголж дууслаа. МАН тар.

Avatar

Нэргүй 2026-03-27 122.201.31.232

Хулгайч луйварчдаас айгаа юу, Эвлэрэхгүй эцсээ хүртэл тэмцэнэ эдр гээд байсан гүүмүү.

Avatar

Нэргүй 2026-03-27 202.126.90.62

Сандал Суудал, Нүүрс, Худалч Хулгайчаа бариа худлаа драма Үргэлжилсэн Он жилүүд хэзэээ дууснаааа

Avatar

иргэн 2026-03-27 202.126.90.13

ажилаа хийгээд явж бгаа хүнээ шантаачаар ан авч хаялаа ёр нь ёрөнхийлөгч их хурлыг тараавал таарна да 126 бүр ард түмнээр тоглоод дуусч бна ан хуралдаа ирэхгүй ман нам баахан хулгай луйвар ярьж биё биёнийгээ муулна бид энэ нийгимйг хүсээгүй ард түмнээ улс орноо боддог улс төрчид цөөрч өөрсдөө юу ч хийж чадахгүй толгой хүрэхгүй өөрсдөө баяжихаа боддог ард түмэний амьдрал улс орон нь хөгжихгүй тоос шороондоо дарагдаад ийм улс төрч нар тараах хэрэгтэй хуучин 70 байвал таарна арай хэцүү бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж