Монгол орны хатуу ширүүн өвөл, зудын гамшиг малчдын амьжиргаанд ноцтой сорилт болдог хэвээр байгаа энэ цаг үед олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа улам бүр чухал ач холбогдолтой болж байна. Тэгвэл өнөөдөр (2026.03.26) Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яаманд болсон хандив гардуулах ёслол нь үүний тод илэрхийлэл байлаа.
Энэхүү арга хэмжээний үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэгээс Монголын Улаан загалмайн нийгэмлэгт цагаан зудын гамшигтай тэмцэхэд зориулан 200 мянган юанийн буцалтгүй тусламжийг албан ёсоор гардуулан өгсөн юм.
Ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуань, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон хоёр талын төлөөлөгчид оролцож, хамтын ажиллагааны ач холбогдол, ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцлоо.

Элчин сайд Шэнь Минжуань хэлсэн үгэндээ, Монгол, Хятадын Улаан загалмайн байгууллагуудын олон жилийн найрсаг, үр дүнтэй хамтын ажиллагааг онцлон тэмдэглэв. Тэрбээр өнгөрсөн өвөл Монголын зарим аймаг, сумдад цаг агаар огцом хүйтэрч, удаа дараагийн хүчтэй цасан шуурга тохиосноос болж малчдын аж амьдралд хүнд сорилт учирсныг дурдсан юм. Монголын Улаан загалмайн нийгэмлэг цаг алдалгүй арга хэмжээ авч, хөрөнгө мөнгө төвлөрүүлэн гамшигт өртсөн малчдад тусламж үзүүлж байгааг өндрөөр үнэлжээ. Түүнчлэн Өвөр Монголын Улаан загалмайн нийгэмлэг Монгол дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл авмагцаа шуурхай дэмжлэг үзүүлэх санал гаргасан нь энэхүү хандивын эхлэл болсон гэдгийг онцолсон юм. Элчин сайд мөн хоёр жилийн өмнө Монгол Улсад сүүлийн хагас зуунд тохиогоогүй томоохон зуд болж, тухайн үед Хятадын аж ахуйн нэгжүүд болон байгууллагууд идэвхтэйгээр мөнгөн болон эд материалын тусламж үзүүлж байсныг дурдсан.

Харин Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хандивлагч талд талархал илэрхийлээд, энэ өвлийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүний хэлснээр, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь цасанд хучигдаж, 50 гаруй сум цагаан зудын нөхцөлд өвөлжсөн байна. Цагаан сарын дараахан болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 23 мянга гаруй малчин өрх хүнд байдалд орж, зарим зүүн бүсийн аймгуудад хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдлууд гарчээ. Ийм хүнд нөхцөлд Монголын Улаан загалмайн нийгэмлэг дотоод, гадаадын түнш байгууллагуудтай хамтран шуурхай хариу арга хэмжээ авч, хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн хандивыг Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зудын хохирол амссан малчдад чиглүүлж, бэлэн мөнгө, хүнсний багц, малын тэжээлийн дэмжлэг хэлбэрээр хүргэхээр төлөвлөжээ.
Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгох бөгөөд ингэснээр тусламжийг ил тод, шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар Монголын Улаан загалмайн нийгэмлэг 1600 гаруй малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байгаа бөгөөд өрх тус бүрд 660 мянган төгрөгийн дэмжлэг олгосон байна. Энэ үйл ажиллагаанд дотоодын байгууллагууд ч идэвхтэй нэгдэж, Гандантэгчинлэн хийд, Эрдэнэт үйлдвэр зэрэг байгууллагууд бодит хувь нэмэр оруулжээ. Н.Болормаа мөн хаврын улирал малчдын хувьд хамгийн хүнд үе байдгийг онцлон тэмдэглэсэн. Өвлийг давсан ч хаврын хавсарга, хүнсний болон малын тэжээлийн хомсдол нэмэгдэж, малчдын амьжиргаа улам хүндрэх эрсдэлтэй байдаг. Иймээс энэ удаагийн хандив нь зөвхөн богино хугацааны дэмжлэг бус, малчдын амьжиргааг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж буй. Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэг хэрхэн тусламжийн үйл ажиллагаа явуулдаг болохыг танилцуулах хүсэлтэй байгаагаа Элчин сайд Шэнь Миньжуаньд илэрхийлсэн.








Монгол, Хятадын Улаан загалмайн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөн хүрээг хамарч иржээ. “Бүс ба Зам – Гэрэлт аялал”, “Бүс ба Зам – Сахиусан тэнгэрийн аялал” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд хүнд өвчтэй хүүхдүүдэд эмчилгээний тусламж үзүүлэх ажлууд амжилттай хэрэгжсэн байна. Мөн өнгөрсөн онд Хятадын Даян дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын Улаан загалмайн холбоо болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Уг төсөл нь 20 мянган малчин өрхөд чиглэсэн бөгөөд урт хугацаанд тогтвортой үр өгөөж өгөх зорилготой юм.
Энэ удаагийн хандив гардуулах ёслол нь зөвхөн тусламжийн үйл ажиллагаа төдийгүй хоёр орны ард түмний найрсаг харилцаа, харилцан дэмжлэгийн илэрхийлэл болж байгаагаараа онцлогтой. Цаашид ч талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гамшгийн үед төдийгүй урьдчилан сэргийлэх, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр илүү нягт хамтран ажиллах зорилготой байгаагаа илэрхийллээ.
3,605.46






















































Нэргүй 2026-03-26 103.242.47.254
Тэгээд ч энэ их мөнгө малчиддаа очихгүй МАНгар даргатай энэ хэдэн авгайчуул гусаад дуусгана
Нэргүй 2026-03-26 202.55.188.114
муусайн малчдаас болж дэлхийд гутамшиг болж амьдрах гэж үргэлж халамж урамшуулал авч байхын