niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 07:05 UTC Эх: https://news.mn/r/2856923/ be283cd2887cec95… ← niitlelch.mn руу буцах

"Дахин боловсруулсан усыг ТЭЦ-3,4-т нийлүүлж байна"

"Дахин боловсруулсан усыг ТЭЦ-3,4-т нийлүүлж байна"

"Дахин боловсруулсан усыг ТЭЦ-3,4-т нийлүүлж байна"

Усны зохицуулах хорооны Үнэ тариф, судалгааны газрын дарга Б.Доржбатаас Улаанбаатар хотын усны нөөц, гүний усны ашиглалт, саарал усыг дахин ашиглах боломж, усны үнэ тарифын талаар тодрууллаа.


-Улаанбаатарын усны гол эх үүсвэр юу вэ? Гүний усны ашиглалт ямар түвшинд байна вэ?

-Одоогоор Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр нь гүний ус. Ихэвчлэн 100–150 метрийн гүнээс олборлодог. Гүний ус олборлоход цахилгаан эрчим хүчний зардал гардаг ч гадаргын усыг цэвэршүүлэхтэй харьцуулахад илүү хямд тул хотын ундны усны гол эх үүсвэрээр ашиглагдаж байна.Тиймээс одоогоор хамгийн ашигтай арга гэж үздэг.

-Гүний ус, гадаргын усны хэрэглээг тэнцвэртэй ашиглах боломж бий юу?

-Усны нөөцийн хувьд зөвхөн гүний усанд найдах нь эрсдэлтэй. Хэрэв гадаргын усны нөөц хомсдоод ирвэл гүний ус руу илүү их дарамт ирнэ. Тиймээс аль алиныг нь зохистой хэмжээгээр, тэнцвэртэй ашиглах шаардлагатай. Гүний усны нөөцийг хамгаалж, урт хугацаанд ундны усны тогтвортой байдлыг хангах нь чухал.

-Улаанбаатар хотод саарал ус дахин ашиглах үйлдвэр бий юу?

-Америкийн Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж эхэлсэн. Энэ үйлдвэр нь төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг мембран шүүлтүүр зэрэг өндөр технологи ашиглан дахин цэвэрлээд дулааны станц болон зарим үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэж байна. Үүний үр дүнд гүний усны хэрэглээг бууруулах, нөөцийг хамгаалах боломж бий болсон.

Дахин боловсруулсан усыг голчлон дулааны цахилгаан станцууд ашиглаж байна. Жишээлбэл. ДЦС-3 нь жилдээ 5–6 сая куб метр ус хэрэглэдэг бөгөөд үүний 3–3.5 сая куб метрийг дахин боловсруулсан усаар хангах боломжтой. Мөн ДЦС-4 нь жилдээ 8 сая куб метр ус хэрэглэдэг бөгөөд бүх усаа дахин ашиглах боломжтой. Энэ нь гүний усны хэрэглээг бууруулж, усны нөөцийг хамгаалах томоохон боломжийг бүрдүүлж байна.

-Саарал усны ашиглалт хөдөө орон нутагт ямар түвшинд байна вэ?

Олон улсын жишгээр саарал усыг ихэвчлэн газар тариаланд болон мал аж ахуйд ашигладаг. Манай улсад Хэнтий аймаг дахь уул уурхайн зарим үйлдвэрүүд болон Эрдэнэт үйлдвэрийн зарим салбарууд саарал усыг дахин ашиглаж байна. Саарал усны ашиглалтыг нэмэгдүүлэх нь усны нөөцийг хамгаалах, эрчим хүчний зарцуулалтыг багасгах боломжтой.

Одоогоор шинэ цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин боловсруулах үйлдвэрт дамжуулж, дулааны станцуудад хүргэх шугам, насосын дэд бүтэц бүрэн бэлэн. Одоогоор зөвхөн хамгийн өндөр хэрэглээтэй дулааны станцуудыг хангах боломжтой боловч цаашид бусад салбар, үйлдвэрлэлд ашиглах боломжийг өргөтгөх боломж бий.

Сурвалжлага: Цэвэрлэх байгууламж ирэх 10 дугаар сард бүрэн ашиглалтад орно

-Одоогийн байдлаар нэг литр усны үнэ ямар байна вэ?

-Улаанбаатар хотод нэг литр усны үнэ айл өрхийн хувьд 34 мөнгө байна. Харин аж ахуйн нэгжүүд 2–3 төгрөг, төсөвт байгууллагууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт байгууллагууд 3.42 төгрөг төлж байна. Энэ нь зөвхөн ус олборлоод цорго хүртэл дамжуулах үйлчилгээний өртгийг багтаасан үнэ юм. Үнийн түвшин зах зээлийн үнээс доогуур байгаа нь нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах зорилготой. Гэхдээ энэ нь усны салбарын санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, алдагдал үүсгэдэг.

Түүнчлэн өндөр үнэ нь нийгмийн эмзэг бүлгийн төлбөрийн чадварт нөлөөлж болзошгүй. Тарифыг тогтоохдоо зөвхөн өртөг бус, иргэдийн төлбөрийн чадварыг харгалзан үздэг.Олон улсад өрхийн орлогын 5 хүртэлх хувийг усны төлбөрт зарцуулах боломжтой гэж үздэг. Харин Улаанбаатар хотод энэ үзүүлэлт 1–2 хувь орчим байгаа нь харьцангуй бага, төлбөрийн дарамт багатай гэсэн үг.

Иргэд ихэвчлэн усны чанар болон үйлчилгээний төлбөртэй холбоотой маргаан үүсгэдэг. Зарим үед зэвтэй, амтгүй ус гардаг нь шугамын элэгдэл, засвар үйлчилгээтэй холбоотой. Мөн тоолуурын баталгаажаагүй эсвэл хэдэн сараар мэдээлэл өгөөгүйгээс үүдэлтэй бичилт, өндөр төлбөр гарч маргаан үүсгэдэг.

-Улаанбаатар хотод ус дамжуулах дэд бүтэц ямар байна вэ?

-Хотод 1200 гаруй км шугам, 400 гаруй дамжуулах төв, олон насос станц ажиллаж байна. Өндөр барилга руу ус хүргэхийн тулд өндөр даралттай насос хэрэгтэй. Шугамын элэгдэл, засвар үйлчилгээний зардал өндөр, олон жилийн насжилттай шугамуудын нөхцөл байдал янз бүр.

-Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор ямар давуу талууд бий болох вэ?

-Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотод усны чанар сайжирна. Цэвэрлэгдсэн усыг дахин боловсруулж үйлдвэрлэл, дулааны станцууд ашиглах боломж бүрдэнэ. Ингэснээр гүний усны хэрэглээ буурч, нөөцийг хамгаалах боломжтой болно. Мөн энэ нь усны хэрэглээтэй холбоотой нийгмийн болон байгаль орчны сөрөг үр дагаврыг багасгах давуу талтай.

Цэвэрлэх байгууламжыг бүрэн ажиллагаанд оруулахад технологийн горимыг тогтоох, туршилт тохируулга хийх, амьд бактери болон бусад процессуудыг жигдрүүлэх шаардлагатай тул нийтдээ ойролцоогоор нэг жил орчим хугацаа ордог.

Усны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд усны үнэ, чанар, хэрэглээг зөв зохицуулахын зэрэгцээ гүний усны нөөцийг хамгаалах, дахин боловсруулсан усыг ашиглах, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах шаардлагатай. Энэ арга хэмжээ нь иргэдэд чанартай, хүртээмжтэй ус хүргэхэд чухал үүрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-26 103.145.234.36

Чухал ажил 👏👏👏

Avatar

Зочин 2026-03-26 162.229.191.188

Зөв зүйтэй ажил хийж эхэлжээ. Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2026-03-26 162.229.191.188

Баяр хүргьe

Avatar

Самхай 2026-03-26 202.9.46.75

Төв цэвэрлэхийн үнэр танарыг өндөрт цацаж гарах нь, Налайх хүрч үнэртэнэ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж