Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг иргэдийн эрх зүйн мэдлэг, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Иргэний боловсрол хөтөлбөр”-ийн сургагч багш бэлтгэх сургалтыг Иргэний боловсролын төв ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн 17 сумын иргэний нийгмийн байгууллагын гишүүд хамрагдаж, иргэдэд эрх, үүрэг, хууль эрх зүйн мэдлэг олгох, нийгмийн асуудлаар мэдээлэл түгээх, олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр сургагч багшийн арга зүй, ур чадварт суралцаж байна.
Иргэний боловсрол нь зөвхөн хууль, эрх зүйн мэдлэгтэй байх бус, өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах, нийтийн эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх чадварт суралцахыг хамардаг. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, шийдвэр гаргах үйл явцад саналаа илэрхийлэх, нийгмийн амьдралд идэвхтэй, хариуцлагатай оролцох мэдлэг, чадварыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.
Сургалтад хамрагдсан хүмүүс цаашид орон нутагтаа иргэд, хүүхэд, залуучуудад чиглэсэн сургалт, мэдээлэл түгээж, иргэний боловсролын мэдлэгийг сум, багийн түвшинд хүргэх юм.
Энэ нь иргэд эрх, үүргээ ухамсарлан ойлгож, нийгмийн асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэр гаргахад оролцох, нийтийн эрх ашгийн төлөө хариуцлагатай хандах орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.