niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 08:01 UTC Source: https://news.mn/r/2855995/ d15309bfee875ee4… ← back to niitlelch.mn

Тойм: Хаврын чуулганаа нээж, сөрөг хүчний акцаар үргэлжлэв

Тойм: Хаврын чуулганаа нээж, сөрөг хүчний акцаар үргэлжлэв

Тойм: Хаврын чуулганаа нээж, сөрөг хүчний акцаар үргэлжлэв

 "NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганыг Даваа гаригт /2026.03.16/  нээлээ. Харин Пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшилсоор ажлын цаг дуусгасан юм.УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Эрх баригч нам гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэх ёстой. УИХ-ын чуулганыг МАН-ын дарга Н.Учрал удирдаж байгаа цагт сөрөг хүчин болох Ардчилсан нам чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй" гэдэг байр суурь илэрхийлсэн. Мөн Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн намууд ирцээ бүрдүүлээд хуралдах боломжтой. Эрх баригч нам ирцээ бүрдүүлсэн тохиолдолд Үндэсний эвслийн дөрвөн гишүүн чуулганы хуралдаанд оролцоход асуудалгүй" гэлээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Орон нутагт ажиллаж байгаа дөрвөн гишүүн, эрүүл мэндийн шалтгаантай зургаа, гадаадад ажиллаж байгаа гурван гишүүн байна. Шалтгаан хэлэлгүй чуулганы хуралдаандаа ирээгүй 10 гаруй гишүүн байна, бүгдтэй нь ярилцаж байна. Ардчилсан нам эрх барьж байх үед З.Энхболд АН-ын дарга, УИХ-ын дарга байсан. Хэн нэгэн дээр дабль стандарт хэрэгждэг юм байж болохгүй. Хэрэв тийм асуудал байгаа бол эрх зүйн орчноо бүрдүүлэх асуудлыг ярих ёстой. Бүлэг хуваагдаагүй" гэдэг байр суурь илэрхийлээд байна.

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АКЦ ЭХЛЭВ ҮҮ?

Жил жилийн хаврын чуулган улс төрийн хувьд хамгийн адал явдалтай, адармаатай эхэлдэг нь нууц биш ээ. Энэ удаагийн хаврын чуулган нээлтээ хийхдээ жагсаал, цуглаанаар эхэлсэн бол үргэлжлүүлээд Ардчилсан намын эсэргүүцэлтэй тулж эхэллээ.

Ардчилсан намын бүлгээс Даваа гаригт /2026.03.16/ мэдэгдэл хийсэн. Ингэхдээ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэдгээ албан ёсоор эхлэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Н.Учралыг огцрохыг шаардав.

Угтаа бол Ардчилсан намын мэдэгдэл, МАН-ын дарга Н.Учралыг гүйцэтгэх засаглалын эрхээ авч, ажлаа хийгээд, УИХ-ын даргаа жирийн МАН-ын гишүүнд өг гэсэн сануулга.

Ингэхдээ Ардчилсан намынхан Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл нь чуулганы хуралдаанд оролцуулахгүй гэв. Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлыг анзаарвал Засгийн газрын хоёр ч сайд өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд өнөөдөр ээлжит бусаар Засгийн газар хуралдах байсан ч хуралдаанаа цуцалсан. Үүний араас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөө мэдэгдсэн. Ингээд Ардчилсан нам чуулганд оролцохгүй гэсэн. Ингээд харвал Ардчилсан нам МАН-ын дарга Н.Учралтай тохиролцсон уу гэсэн хардлага төрүүлээд байна.

Хэрэв Ардчилсан нам МАН-ын дарга Н.Учралтай тохиролцсон бол дараагийн Засгийн газар байгуулахад хамтарна гэсэн тохироотой ийм улс төрийн акц эхлүүлсэн байх боломжтой. Эсвэл Ардчилсан нам жинхэнэ утгаараа сөрөг хүчний ажлаа хийх гэж байна гэдэг ирэх өдрүүдэд өрнөх улс төрийн үйл явцаас тодорхой харагдана.

"ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТООЦОХ АСУУДЛЫГ ЯАРАН ШИЙДВЭРЛЭХГҮЙГЭЭР БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ"

УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор Мягмар гаригт /2026.03.17/  Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг сонссон. Энэ үеэр Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгөхдөө "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталж, гэр бүлийн хүчирхийллийг бие даасан гэмт хэрэг болгон хуульчилснаас хойш 10 дахь жилдээ орж байна. Мэдээж ял шийтгэлийн бодлогыг чангатгах, гэмт хэргийн шинжийг тодорхойлох зэрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хандах шаардлагатай. “Үе тэнгийн дээрэлхэлт” гэх ерөнхий ойлголтын хүрээнд тухайн үйлдлээс учирсан хохирлын хэмжээнээс хамааран олон төрлийн гэмт хэрэг багтаж байна. Тухайлбал, заналхийлэх, бусдын биед халдах, сэтгэл санааны дарамт учруулах зэрэг үйлдлүүд нь тус бүрдээ хуульд заасан ял шийтгэлтэй байдаг. Үүнд торгох, нийтийн алба хаших эрхийг хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ багтдаг. Эрүүгийн хуулийн үндсэн зорилго нь цээрлүүлэх, хүмүүжүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршдог. Төр бодлогоо хэрэгжүүлэхдээ хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн байх зарчим баримталдаг. Бид хүүхдийн асуудлыг ярьж байгаагаа ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрх зүйн бүрэн чадамжгүй, төлөвшөөгүй, өөрийн үйлдлийн хор уршиг, учруулж буй хохирлыг бүрэн ухамсарлах чадварт хараахан хүрээгүй, оюун санаа, тархи нь бүрэн хөгжөөгүй хүмүүсийн тухай ярьж байна. Тиймээс дээрэлхэлтийг шууд эрүүгийн хэрэгт тооцох асуудлыг яаран шийдвэрлэхгүй, нарийн тооцоо, судалгаанд тулгуурлан, маш болгоомжтой хандах шаардлагатай. Үүнийг зөвхөн хүүхдийн ёс зүйн доголдол гэж үзэхээс илүүтэйгээр нийгэм, эдийн засаг, хувь хүний хөгжлийн олон хүчин зүйлтэй уялдуулан цогцоор нь авч үзэх нь зүйтэй. Жишээлбэл, 2017 онд эдийн засаг 17 хувиар өсөх үед танхай, хулгайн гэмт хэргийн түвшин огцом буурч байсан. Эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн сэтгэлзүй тайван байдаг бол буурах үед бухимдал, стресс нэмэгддэг хандлагатай.

2025 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын цахим орчны хэрэглээний талаар гадаадын байгууллагаас хийсэн судалгаагаар Монгол Улс өндөр эрсдэлтэй хэрэглээтэй орнуудын тоонд багтсан. Тухайлбал, иргэдийн 90 гаруй хувь нь “Фэйсбүүк”-ийг интернеттэй дүйцүүлэн ойлгодог, гурван хүн тутмын хоёр нь цахим орчинд тархсан мэдээлэлд шүүлтүүргүйгээр итгэдэг, үлдсэн нэг нь харьцангуй шүүн тунгаадаг гэсэн дүгнэлт гарсан.

Хүүхдүүдийн цахим орчны хэрэглээнд бодитой хяналт, хориг хязгаарлалт сул байгаа нь тэд мэдээллийг шууд, шүүлтүүргүй хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж байна" гэсэн юм.

Л.ЭНХ-АМГАЛАН, Б.НАЙДАЛАА НАРЫГ САЙДААР ТОМИЛНО

Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 12 дугаар сарын 3. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт. Засгийн газрын ээлжит хуралдааны талаарх мэдээллийг танилцууллаа. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Засгийн газрын Лхагва гаригийн /2026.03.18/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох сайд нар танилцуулсан. Энэ үеэр ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний дагуу Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилхоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргасан" гэсэн юм.

Мөн ГБХНХ-ын сайд Т.Аубакир "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг дэмжин баталлаа. Энэ нь Монгол Улсад удаан хугацаанд хүлээгдэж байсан чухал хуулийн нэг юм.

Одоогийн байдлаар хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тодорхой эрх зүйн орчин бүрдээгүй хэдий ч зарим байгууллагуудтай гэрээ байгуулсан 130 гаруй мянган иргэний 70 гаруй тэрбум төгрөгийг тэтгэврийн хэлбэрээр хуримтлуулан, тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдлууд бий.

Иймд Засгийн газрын хуралдаанаар эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх зорилтын хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн санг албан ёсоор бий болгох шийдвэрт хүрлээ" гэдгийг онцлон танилцуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-22 66.181.184.144

АН н оронцогууд ажил хаячихаад бусдыг тавлаад доромжлоод дотуур гаднагүй тэнэх болжээ. АН гээчийн дарга нь УИХ-ын дарга хийж болдог бусад нь болохгүй гэнэ. УИХ-тараах гэж цагаандаа гарчээ харгисууд

Avatar

Нэргүй 2026-03-22 59.153.115.121

МАН гэж нэг гай монгол улсыг мөн ч их хорлох юм,дандаа өмнөх юмтайгаа барьцаж хамаг буруугаа бусад руу чихэж өөрсдийгөө зөвтгөх гэж бүх л түүхийнхээ туршид монголыг хорлолоо одоо ухаарч хөгжих болоогүй юу,аль 10аад жилийн өмнө болсон юмнаас сургамж аваад муугий нь засаад сайныг нь хөгжүүлээд явж чадахгүй байна уу,бусдыг муулж суухаар өөрсдөө ирцээ бүрдүүлээч дээ,дандаа хариуцлагаас зайлсхийж бусдыг буруутгаж суух юм

Avatar

Нэргүй 2026-03-22 103.57.95.34

Данх, дамар 2 үймүүлж улс төр хийх эрхтэй юу. Орлогыг нь нотлуул, бусад хэргийг нь ио болгоод хөөгөөч:::: Юун дураараа юм

Avatar

Нэргүй 2026-03-22 202.126.90.55

ардын нам бүх гишүүдээ цуглуулах хэрэгтэй. ардчилсан нам суухгүй л байна биз. ер нь явж явж учрал занданшатар гэх мэт 2 гайгаас болж чуулган хуралдахгүй байгаа ш дээ

Avatar

зочин 2026-03-22 66.181.184.214

АН ямар нэг шалтаг олж, хийж бүтээх шийдэх бүх зүйлийг гацаахыг хичээнэ, Төрийн эрхэнд шунана, Эх оронч дүр эсгэнэ, Монголчуудаар тоглоом тохуу хийнэ, Барууны тавиулууд, Эздийнхээ өгсөн үүрэг даалгаварыг ямар ч үнээр хамаагүй хэрэгжүүлэхийг бодно,Бусдыг гүтгэнэ гүжирдэнэ Түрэмгийлнэ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж