niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 08:04 UTC Source: https://news.mn/r/2855750/ d48fe800be0c427e… ← back to niitlelch.mn

Харагдахгүй “дайсан” хүрээгээ тэлж байна

Харагдахгүй “дайсан” хүрээгээ тэлж байна

Харагдахгүй “дайсан” хүрээгээ тэлж байна

Сүүлийн жилүүдэд харшил, мэдрэг байдлын талаархи яриа нэмэгдэж, үүнийг зөвхөн хувь хүний биеийн онцлогоор тайлбарлахад хангалтгүй болжээ. Агаарын бохирдол, хоол хүнсний өөрчлөлт, химийн бодисын хэрэглээ, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр харшлын төрөл улам нарийсч, хүрээгээ тэлсээр байна. Орчин үед хамгийн түгээмэл тохиолдож буй харшлуудыг дурдвал тоос, тоосонцор, хүнсний, эмийн, арьсны, амьтны үс ноосны, мөн шавьжинд хатгуулахад илрэх харшлын урвал зэрэг багтдаг. Үүний дундаас онцгойлон анхаарал татах болсон нь улаан буудайн гаралтай глютентэй холбоотой харшил, мэдрэг байдал юм.

Глютений харшил гэдэг нь улаан буудай, арвай, хөх тарианд агуулагддаг глютен уурагт дархлааны систем хэт хариу үзүүлэхийг хэлнэ.

Үүнтэй холбоотой хамгийн ноцтой эмгэг бол целиак өвчин бөгөөд нарийн гэдэсний салстыг гэмтээж, шим тэжээлийн шингээлтийг алдагдуулдаг.

Хүн төрөлхтөн улаан буудайг 10 мянга гаруй жилийн турш хэрэглэж ирсэн ч өнөөдрийн буудай эртнийхээсээ ялгаатай болсон байна. 20-р зууны “ногоон хувьсгал”-ын хүрээнд өндөр ургацын шинэ сортууд гарган авснаар глютений бүтэц, ялангуяа глиадин гэх бүрэлдэхүүн хэсэг өөрчлөгдсөн байж болзошгүйг судлаачид онцолдог. Глиадин нь дархлааны хариу урвалыг илүү хүчтэй өдөөдөг уурагт тооцогддог.

Өнөөдөр зөвхөн түүхий эд бус, боловсруулах технологи ч өөрчлөгдсөн. Урьд нь талхыг удаан хугацаанд байгалийн хөрөнгөөр исгэдэг байсан бол одоо хурдан үйлдвэрлэх зорилгоор нэмэлт фермент, сайжруулагч бодис өргөн хэрэглэгддэг болсон.

Зарим судалгаагаар удаан исгэлтийн үед глютен хэсэгчлэн задарч, хүний биед илүү амар шингэдэг бол хурдан боловсруулсан бүтээгдэхүүнд энэ процесс бүрэн явагддаггүй аж. Иймээс орчин үеийн гурилан бүтээгдэхүүн нь зөвхөн глютений хэмжээ төдийгүй түүний биед нөлөөлөх хэлбэрээрээ өөрчлөгдсөн байж болох юм.

АНЗААРАГДАЖ ЭХЭЛЖ БУЙ ӨӨРЧЛӨЛТ

Целиак өвчний оношлогдсон тохиолдол сүүлийн 50 жилд эрс өссөн. Жишээлбэл, АНУ-д 1970-аад онд 0.2 хувь орчим байсан бол өнөөдөр нэг хувь орчимд хүрсэн нь бүртгэгдсэн. Үүнээс улбаалан нэг асуулт гарч ирж байна. Бид глютенд илүү мэдрэг болсон уу, эсвэл глютен өөрөө өөрчлөгдсөн үү? Хариулт нь магадгүй энэ хоёрын огтлолцолд оршиж байгаа.

Монгол Улсад глютений харшил болон целиак өвчин нь өргөн судлагдсан асуудал биш ч сүүлийн жилүүдэд холбогдох шинж тэмдэгтэй иргэдийн тоо нэмэгдэж буйг эмч нар хэлж байна. Уламжлалт хооллолт нь мах, сүү, цагаан идээнд тулгуурладаг байсан нь глютений хэрэглээг хязгаарлаж ирсэн.

Харин хотжилт эрчимжиж, Улаанбаатар хотод амьдрах иргэдийн тоо өсөхийн хэрээр талх, гоймон, нарийн боов, түргэн хоолны хэрэглээ эрс нэмэгдсэн. Ингэснээр глютений өдөр тутмын хэрэглээ урьд өмнөхөөс илүү болсон.

Нөгөө талаар, өндөр цэвэршүүлсэн гурил, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний хэрэглээ нэмэгдэх нь гэдэсний бичил орчинд нөлөөлж, дархлааны хариу урвалыг өөрчлөх магадлалтай гэж үздэг. Монголд тулгарч буй хамгийн том бэрхшээл бол оношлогоо, мэдээллийн хүртээмж юм. Целиак өвчнийг илрүүлэх нарийвчилсан шинжилгээ хязгаарлагдмал, мөн иргэдийн дунд глютений талаарх ойлголт хангалтгүй хэвээр байна.Үүний улмаас олон хүн гэдэс дүүрэх, суулгах, ядрах, арьсны тууралт зэрэг шинж тэмдгийг энгийн асуудал гэж үзэн, оношлуулалгүй удаан хугацаанд явж цаг алдах нь нийтлэг үзэгдэл болжээ.

ӨДӨР ТУТМЫН ЗӨВ СОНГОЛТООС ЭХЭЛНЭ

Глютений харшил болон целиак өвчнөөс сэргийлэхийн тулд өдөр тутмын дадал чухал үүрэгтэй. Юуны өмнө хүн өөрийн биеийн дохиог анзаарах хэрэгтэй. Тодорхой хүнс хэрэглэсний дараа зовиур илэрдэг бол тухайн хүнсийг түр хугацаанд хязгаарлаж, өөрчлөлтийг ажиглах нь зүйтэй.

Мөн хэт боловсруулсан гурилан бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж, боломжтой бол уламжлалт аргаар бэлтгэсэн, удаан исгэсэн хүнс сонгох нь биед ачаалал багатай байдаг. Үүний зэрэгцээ мах, ногоо, жимс, сүүн бүтээгдэхүүнийг тэнцвэртэй хэрэглэх нь хоол боловсруулах тогтолцоог дэмжинэ.

Хэрэв шинж тэмдэг тогтмол илэрч байвал өөрийгөө оношлох гэж оролдохын оронд мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай шинжилгээ хийлгэх нь хамгийн зөв алхам юм. Ялангуяа целиак өвчний үед зөв оношлогоо, хоолны дэглэм баримтлах нь урт хугацаанд эрүүл мэндийг хамгаалах чухал нөхцөл болдог.

Мөн хүнс худалдан авахдаа орц найрлагыг уншиж хэвших, глютен агуулсан бүтээгдэхүүнийг таньж мэдэх нь эрсдэлээс сэргийлэх энгийн боловч үр дүнтэй арга болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Глютентэй холбоотой асуудлыг зөвхөн “харшил” гэх ойлголтоор хязгаарлах боломжгүй. Энэ нь хүнсний үйлдвэрлэлийн хувьсал, амьдралын хэв маяг, дархлааны өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн огтлолцол дээр үүсэж буй цогц асуудал юм.

Мөн глютентэй холбоотой асуудал нь зөвхөн нэг төрлийн харшлын тухай яриа биш, харин бид юу идэж, хэрхэн амьдарч буйг илтгэх томоохон дохио болж байна. Глютений харшил, целиак өвчин зэрэг эмгэгүүдийн өсөлт нь зөвхөн эмнэлгийн асуудал бус, хүнсний үйлдвэрлэл, хэрэглээний соёл, амьдралын хэв маягийн өөрчлөлттэй салшгүй холбоотой.

А.АМИРЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-03-20 103.229.123.76

Цилиак нь зүгээр нэг харшил биш маш серёзьный өвчин насан туршдаа нарийн дэглэм баримтлах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж