Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар өнөөдөр Төв аймагт ажиллаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах кабинетын үйл ажиллагаатай танилцан, 22 нэр төрлийн тоног төхөөрөмж гардуулан өглөө.
Ингэснээр сэргээн засах тусламж, үйлчилгээнд ашиглах тоног төхөөрөмжийн хүрэлцээ нэмэгдэж, аймгийн 26 сумын 90 гаруй мянган иргэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах нөхцөл бүрдэж байна.
Тус кабинет нь 1985 оноос сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 1991 онд уламжлалт сэргээн засах эмчилгээний хэвтүүлэн эмчлэх тасаг болон өргөжсөн түүхтэй.
Өмнө нь амбулатори болон өдрийн эмчилгээний чиглэлээр зургаан нэр төрлийн тоног төхөөрөмж ашиглан 11 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байжээ. Харин 2025 онд кабинетын үйл ажиллагааг өргөжүүлж, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу хүлээлгийн болон эмчийн үзлэгийн өрөө, физик эмчилгээ, хөдөлгөөн засал эмчилгээний өрөөг шинэчлэн тохижуулсан байна.
Сэргээн засах тусламж, үйлчилгээ авч буй иргэдийн дунд нурууны өвдөлт, өвдөг, түнхний үений остеоартроз, мөрний үений болон мэдрэлийн ёзоор, сүлжээний эмгэг зонхилж байна. Энэ онд амбулаторийн үзлэгт 2552 иргэн хамрагдаж, 1107 хүн өдрийн эмчилгээ хийлгэжээ.