Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Кибер орон зай дахь аюулгүй байдлын сорилт, эрсдэлийг хэлэлцэж, үндэсний кибер хамгаалалтыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил болон цэрэг, иргэний салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Кибер тусгаар тогтнол-2026” форумыг өнөөдөр зохион байгуулж байна.
“Үндэсний кибер тусгаар тогтнол-Стратегийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд болж буй тус форумд салбарын эрдэмтэн, судлаачид, хууль сахиулах, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож, когнитив дайн, кибер дипломат ажиллагаа, гадаад улсаас Монгол Улс руу чиглэсэн кибер гэмт хэргийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцож байгаа юм.
Форумын нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут үг хэлэхдээ, орчин үед кибер орон зай нь хосолмол дайны чухал талбар болж, энхийн цагт ч далд хэлбэрээр үйлдэгдэх кибер халдлага, мэдээллийн нөлөөлөл нь улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх болсон гэдгийг онцоллоо. Мөн Батлан хамгаалах яамнаас кибер хамгаалалтын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан юм.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус форумыг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв хамтран ажиллаж байна.
Үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба болон төр, хувийн хэвшлийн кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг инженер, судлаач, алба хаагчид оролцож байна.
Форумын төгсгөлд “Үндэсний кибер хамгаалалт: Сорилт, шийдэл, хамтын хариуцлага” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлж, кибер халдлага, зөрчил гарсан тохиолдолд байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах боломж, шийдлүүдийг тодорхойлоход чиглэж буйг БХЯ-наас мэдээлэв.

“Тогтвортой аялал жуулчлал, зочин жуулчны менежмент ба тайлбарлан таниулах үйлчилгээ” сэдэвт сургалт болж байна
СҮХБААТАР
СҮХБААТАР: Мэргэшсэн, ёс зүйтэй, тэгш хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэхэд анхаарч байна
Орон нутгийн мэдээ
ХӨВСГӨЛ: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг хэлэлцэж байна