niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:02 UTC Эх: https://news.mn/r/2854521/ aebb03941a6232e5… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: Урт цагааны зогсоол шөнө 5000 төгрөгөөр үйлчилж байна

Сурвалжлага: Урт цагааны зогсоол шөнө 5000 төгрөгөөр үйлчилж байна

Сурвалжлага: Урт цагааны зогсоол шөнө 5000 төгрөгөөр үйлчилж байна

Бидний сайн мэдэх Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн хуучин барилгыг нурааж, түүний оронд орчин үеийн шийдэлтэй шинэ цогцолбор сүндэрлэсэн нь хотын төвийн өнгө төрхийг сайжруулах томоохон бүтээн байгуулалтын нэг болж байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах уг барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард буулгаж, иргэдийн саналд тулгуурлан шинэ төлөвлөлтөөр барьж байгуулсан юм. Шинэ цогцолбор нь далд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, гурван давхар үйлчилгээний төвөөс бүрдэх цогц шийдэлтэй.

2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн бол энэ оны нэгдүгээр сард гурван давхар үйлчилгээний төвийн барилгыг улсын комисс хүлээн авчээ. Одоогоор цогцолборын далд авто зогсоол туршилтын журмаар ажиллаж эхлээд байна.

ШӨНИЙН ЗОГСООЛЫН ТАРИФЫГ БУУРУУЛЖЭЭ

Энэхүү зогсоолд автомашины улсын дугаарыг автоматаар таних, QR код унших, автомат хаалт нээх зэрэг орчин үеийн ухаалаг системийг нэвтрүүлжээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын мэдээлснээр,

“Машин орж гарахад дугаар таних, QR код унших, төлбөр тооцоог автоматаар хийх зэрэг нэлээд нарийн технологийн шийдлүүд суурилсан. Тиймээс одоогоор туршилт, тохируулгын шатандаа явж байна. Системийг бүрэн жигдрүүлэхийн тулд тодорхой хугацаа шаардлагатай. Дөрөвдүгээр сараас эхлээд үйл ажиллагаа илүү тогтвортой болно гэж харж байна” хэмээн тайлбарлав.

Одоогийн байдлаар гараашийн автомат систем, хаалга, агаар сэлгэлт, халаалтын тоног төхөөрөмжүүдийг бүрэн жигдрүүлэх ажил үргэлжилж байгаа аж. Мөн цаашид засвар үйлчилгээ болон аюулгүй байдлыг мэргэжлийн компанид хариуцуулах боломжийг судалж байгаа юм байна.

Албаныхны мэдээлснээр уг далд зогсоол өдөрт дунджаар 400-700 мянган төгрөгийн орлого олж байгаа ч анхны тооцооллоос бага байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ойр орчмын орон сууцны оршин суугчдад зориулсан шөнийн зогсоолын үнийг бууруулж, автомашиныг 5000 төгрөгөөр хонуулах боломжийг санал болгож эхэлжээ.

Одоогоор туршилтын журмаар дараах тарифаар үйлчилж байна.

  • 30 минут – 1000 төгрөг

  • 120 минут хүртэл – 2000 төгрөг

  • 121 минутээс дээш – 3000 төгрөг

  • Шөнийн турш – 5000 төгрөг

Хотын удирдлагуудын мэдээлснээр цаашид нийслэлийн төв хэсэгт далд авто зогсоолын шийдлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд Барилгачдын талбай орчимд ийм төрлийн байгууламж байгуулах боломжийг судалж эхэлжээ.

ТҮРЭЭСИЙН НӨХЦӨЛ ХАРААХАН ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙНА

Харин шинээр баригдсан гурван давхар үйлчилгээний төв нь аялал жуулчлалд чиглэсэн худалдаа, үйлчилгээний концепцтойгоор төлөвлөгдсөн байна. Нийтдээ 16 павильон байрлах бөгөөд нэгж талбай нь 22–33 м² орчим хэмжээтэй байх аж.

Үйлчилгээний төв рүү ормогц орчин үеийн архитектур, үндэсний хэв маягийг хослуулсан өвөрмөц шийдэл анхаарал татна. Барилгын давхаруудыг шилэн хаалттай балконоор холбосон нь зай талбайг илүү уужим харагдуулж байв. Таазнаас унжуулан байрлуулсан модон геометр хээтэй хийц нь Монгол үндэсний хээ угалзыг санагдуулах бөгөөд байгалийн гэрэл том цонхоор дамжин дотогш тусч, орчныг илүү дулаан, тав тухтай болгожээ. Давхар бүрийн ирмэг дагуу байрлуулсан дугуй хэлбэрийн тавцангууд нь кафе, амралтын булан болон ашиглагдах боломжтой юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ талаар, 

“Урт цагааны гудамж анхнаасаа жуулчдад зориулсан бүс байсан. Шинэ барилгын үйлчилгээний төвд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, кофе шоп, ресторан зэрэг жуулчдад чиглэсэн үйлчилгээ ажиллана. Дээд давхар нь террастай учраас дулааны улиралд зоогийн газар ажиллуулах боломжтой” хэмээн онцолсон юм.

Барилгын архитектурын хувьд орчин үеийн хэв маягийг Монголын уламжлалт хээ угалз, үндэсний элементтэй хослуулсан шийдэлтэй. Давхар бүрт ариун цэврийн өрөө байрлуулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай ариун цэврийн өрөөг мөн шийджээ.

Шинэ үйлчилгээний төвийн павильонуудыг удахгүй нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээслүүлэхээр төлөвлөж байгаа ч одоогоор албан ёсоор зарлаагүй байна.

Учир нь уг байгууллагын удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдоогүй байгаа бөгөөд холбогдох хууль журмын дагуу тодорхой процесс үргэлжилж байгаа аж.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодруулснаар:

“Одоогоор удирдах зөвлөл батлагдаагүй байгаа. Хурлын тогтоол гарсан ч ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг авдаг журамтай. Тэр нь 15 орчим хоногийн хугацаатай явдаг процесс. Түүнийг хүлээж байна. Үүний дараа бизнес төлөвлөгөөгөө батлуулаад, удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж байж түрээсийн нөхцөл, үнэ тарифыг албан ёсоор тогтооно” гэв.

Өөрөөр хэлбэл, павильонуудын метр квадратын түрээсийн үнэ одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд эдийн засгийн бодит тооцоонд үндэслэн удирдах зөвлөлөөр батлуулах юм байна.

Албаныхан мөн энэ объект нийслэлийн өмч боловч аж ахуйн тооцоотой, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана гэдгийг онцолж байна. Тодруулбал газрын татвар, дулаан, цахилгаан, ус, хамгаалалт, цэвэрлэгээ зэрэг бүх урсгал зардлаа өөрийн орлогоороо санхүүжүүлэх ёстой аж. Тиймээс зарим иргэдийн ярьж буй шиг хэт хямд түрээсийн бодлого хэрэгжихгүй, харин эдийн засгийн бодит тооцоонд тулгуурлан түрээсийн ханшийг тогтооно гэсэн юм.

Харин өмнө нь Урт цагаанд үйл ажиллагаа явуулж байсан худалдаа эрхлэгчдийн хувьд шинэ барилгад шууд шилжихгүй аж. Тэдэнд зориулсан үйлдвэр, үйлчилгээний зориулалттай шинэ барилга Сүхбаатар дүүргийн 32-ын тойрог орчимд баригдаж байгаа бөгөөд 2026 оны тавдугаар сарын сүүлчээр ашиглалтад орох төлөвтэй байна.

Ингэснээр шинэ Урт цагааны үйлчилгээний төвийг жуулчдад чиглэсэн худалдаа үйлчилгээний гудамж хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг хотын удирдлагууд баримталж байгаа юм.

Хотын төвийн олон жилийн түүхтэй Урт цагааны орон зай ийнхүү шинэчлэгдэж, ногоон байгууламж, орчин үеийн дэд бүтэц, жуулчдад чиглэсэн үйлчилгээ бүхий цогцолбор болон хувирч байгаа нь Улаанбаатар хотын төвийн өнгө төрхийг өөрчилсөн томоохон бүтээн байгуулалт болж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-03-16 202.126.90.198

Дахин төлөвлөлт хийлээ гэдэг нэрээр газрыг нь авсан болохоос өөр юу ч өөрчлөгдсөнгүй тэр чигээр нь хэдэн мянган машины давхар зогсоол хийсэн бол барих барилга нь ч зардал бага орох орлого нь ч өндөр байх байлаа одоо энэнээс өөр аятайхан зогсоол барьчих газар олдохгүй дээ хэвлэлийнхний зам чинь тэр дээ худал хулгай л хийвэл болдог улс хотын дарга нь бас ухаан дутуу би би гэж гудмаар гүйхээс өөр юм мэдэхгүй жаал

Avatar

Зочин 2026-03-16 202.126.90.198

урт цагааны дахин төлөвлөлтийн нэгмөсөн олон давхар авто зогсоолын барилга барих ёстой байсан юм иргэдэд ч хэрэгтэй эзэмшигч байгууллагад нь ч хэрэгтэй орлогын хувьд ч хэрэгтэй та нөхдийн толгой муу л ажиллаж байна даа

Avatar

Зочин 2026-03-16 122.201.26.218

Сандал дээр нь нар, борооны хамгаалалт болгоод сүүдрэвч барьчих мөнгө байхгүй байсан юм байх даа.

Avatar

Зочин 2026-03-16 202.72.243.182

Жуулчдад зориулсан юы байх вэ? Юуч байхгүй юм биш үү…

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-03-16 103.229.121.85

Би цаг засуулах, цагны батерей солиулах гэж хуучин урт цагнааны барилга дотор ордог байлаа. Агааржуулалт муугаас болоод байшин луу ороход л эвгүй үнэртэй. Засварчид нь дотроо тамхи татвал бүр өмхий.Одоо сайхан болж байгаа юм байна. Энэ Нямбаатар овоо ажиллаад байгаа юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж