niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:04 UTC Эх: https://news.mn/r/2854460/ e29bf0fe829946fc… ← niitlelch.mn руу буцах

"Хөгжил дэвшил бол Хятад, Монгол хоёр улсын хамтын эрмэлзэл юм"

"Хөгжил дэвшил бол Хятад, Монгол хоёр улсын хамтын эрмэлзэл юм"

"Хөгжил дэвшил бол Хятад, Монгол хоёр улсын хамтын эрмэлзэл юм"

Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам өнөөдөр (2026.03.13) жил бүр зохион байгуулдаг Хятадын "Хоёр чуулган"-ы төгсгөлийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр БНХАУ-ын саяхан батлагдсан XV дахь таван жилийн төлөвлөгөөний (2026-2030) дэлгэрэнгүй тоймыг танилцуулсан бөгөөд өндөр чанартай хөгжлийн зураг, төслийг тодорхойлсон гэж Элчин сайд Шэнь Минжуань онцлон тэмдэглэсэн юм.

Тэрбээр энэ жил Хоёр чуулганы хувьд маш онцгой гэдгийг тайлбарлаж, Бээжингийн дотоод, гадаад бодлогын шинэ үе эхэлсэн гэв. Элчин сайд Шэнь Минжуанийн хэлснээр, "Энэ жил Хятадын Коммунист намын 105 жилийн ой төдийгүй шинэ таван жилийн эхлэл давхцаж байна. XV дахь таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс орчин үеийн шинэчлэлийг тууштай урагшлуулж, 2035 он гэхэд социалист орчин үеийн нийгмийн бат бөх суурийг тавих болно" гэлээ. Мөн Хоёр чуулганы үеэр БНХАУ-ын ДНБ-ий өсөлтийг тогтмол зорилтот түвшинд биш, харин "боломжийн хэмжээнд" байлгахын тулд хорин гол үзүүлэлтийг баталсан гэдгийг мэдэгдэв. Улмаар 2035 он гэхэд ДНБ-ийг 2020 оныхтой харьцуулахад хоёр дахин өсгөж, дунд түвшний хөгжсөн орнуудын хэмжээнд хүргэх суурийг тавих болсон гэж Шэнь Минжуань онцоллоо.

Тэрбээр БНХАУ-ын XIV дэх таван жилийн төлөвлөгөө (2021–2025) нь өсөлтийн зорилтоо давсан гэж мэдээлсэн. Тус улсын эдийн засаг өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар 5.4 хувиар өссөн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 орчим хувийг эзэлж байна. Аж үйлдвэрийн гарц, өндөр технологийн үйлдвэрлэл сүүлийн жилд 9.4 хувиар өссөн бол шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал зэрэг нь бүгд амжилттай өсөлтийг үзүүлсэн байна.

XV ДАХЬ ТАВАН ЖИЛИЙН ГОЛ ЗОРИЛТ

Элчин сайд Шэнь Минжуань XV дахь таван жилийн төлөвлөгөөнд зургаан чиглэлийн 109 томоохон чухал бүтээн байгуулалтын төслийг багтаасан гэж хэллээ. Эдгээр нь инновацад суурилсан шинэчлэлийг эрчимжүүлж, ногоон хөгжлийг сайжруулж, хүн төвтэй хөгжлийг бэхжүүлэх юм. Шэнь Минжуанийн тайлбарлаж буйгаар,

  • Инновацад суурилсан шинэчлэл: Бээжин шинээр гарч ирж буй зургаан тулгуур салбарын хөгжилд анхаарах болно. Үүнд интеграцчилсан хэлхээ, сансар судлал, био-анагаах ухаан, нам өндрийн эдийн засаг, шинэ эрчим хүч  хуримтлуулах технологи, ухаалаг робот зэрэг орж байна. Мөн ирээдүйд хөгжих зургаан салбар буюу квант технологи, био үйлдвэрлэл, ногоон устөрөгч, цөмийн хайлш, тархи-компьютерийн интерфейс, бие даасан хиймэл оюун ухаан болон 6G зэрэг технологи-инновацын хөгжлийн суурийг тавих болно.  Дижитал эдийн засгийн ДНБ-д эзлэх хувийг 12.5 хувьд хүргэх зорилт тавьсан бөгөөд бүх салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх зорилготой "AI+" санаачилга хэрэгжиж эхэлжээ.
  • Ногоон хөгжил: Хос нүүрстөрөгчийн зорилтыг эрчимжүүлж, ногоон хөгжлийг түргэтгэнэ. Улмаар 2030 он гэхэд чулуужсан бус түлшийг нийт эрчим хүчний хэрэглээний 25 хувьд хүргэж, нэгж ДНБ-д ногдох нүүрстөрөгчийн ялгарлыг 17 хувиар бууруулж, ой модны эзлэх хувийг 25.8 хувьд хүргэх юм.
  • Хүн төвтэй хөгжил: XV дахь таван жилийн хүрээнд баталсан 20 гол үзүүлэлтийн долоо нь амьжиргааны түвшинтэй шууд холбоотой бөгөөд дундаж наслалтыг 80 хүргэхийг зорьж байна.

Элчин сайд Шэнь Минжуань хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын бодлого, эдийн засаг болон гадаад харилцааны талаар хэд хэдэн мэдэгдлийг хийсэн юм. Тэрбээр Хятадын хөгжлийн бодлого нь таван жилийн төлөвлөгөөгөөр хэрэгждэг бөгөөд I дэх таван жилийн төлөвлөгөөнөөс XV дахь төлөвлөгөө хүртэл нэг жанжин шугам баримталдаг гэдгийг онцолсон. Энэ нь үе үеийн удирдагчид өмнөх үеийнхний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, тасралтгүй хөгжүүлдэг гэдгийг илэрхийлдэг аж. Шэнь Минжуань мөн Хятадын эдийн засгийн тэсвэртэй чанарыг онцлов. Дэлхийн эдийн засагт олон хүндрэл тулгарч байгаа ч Хятадын нөхцөл байдал тогтвортой байдгийг тэрбээр онцолж байна. Энэ нь дотоод зах зээл, бүрэн хөгжсөн үйлдвэрлэлийн сүлжээ, мөн их хэмжээний чадварлаг хүний нөөцийн тусламжтай биеллээ олдог аж. Жишээ болгон тэрбээр 2025 оны эхний үеийн худалдааны статистикийг дурдсан бөгөөд худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 18.3 хувиар өссөн байна.

Элчин сайд Шэнь Минжуань мөн Хятадын гадаад бодлогын чиглэлийг тайлбарлав. Түүний хэлснээр, Хятад улс “өндөр түвшний нээлттэй бодлого”-ийг үргэлжлүүлж, чөлөөт худалдааны гэрээнүүдийг өргөжүүлэн, “Нэг бүс ба зам” санаачилгыг илүү чанартай төслүүдээр хэрэгжүүлэх болно. Түүнчлэн Хятад улс дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй тогтворгүй байдлын үед тогтвортой байдлыг дэмжих хүч байхыг зорьж байна гэлээ.

Элчин сайд сүүлийн үеийн стратегийн яриа хэлэлцээний үеэр Монгол Улс “Нэг Хятад” бодлогыг дахин баталгаажуулсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

ХЯТАДЫН ТАЛ МОНГОЛЫН ТАЛТАЙ ДЭД БҮТЦИЙН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙНА

Уялдаа холбоотой хөгжил дэвшил бол Хятад, Монгол хоёр улсын хамтын эрмэлзэл юм. Монгол Улсын Засгийн газар таван жилийн шинэ төлөвлөгөө гаргасан бөгөөд талууд хөгжлийн хоёр стратегийн уялдааг бэхжүүлэн, “Бүс ба Зам” хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтдаа хожих үзэл санааг улам томоор биелүүлэх боломжтойг Элчин сайд Шэнь Минжуань онцолж байна.

Энэ хүрээнд Хятадын тал Монголтой олон салбарт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Юуны өмнө дэд бүтцийн холболт эрчимжиж байна. Ганцмод–Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлж, хоёр улс 70 жилийн дараа хоёр дахь хил дамнасан төмөр замтай болох гэж байна. Мөн Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудын байгууламжууд ашиглалтад орж, Хятад–Монгол–Оросын төмөр замын төв коридорыг шинэчлэх ажил болон Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт урагшилж байна.

Хилийн нэвтрэлт болон стандартын уялдаа ч сайжирч байна. Зарим боомтод хамтарсан хяналт шалгалтын механизм нэвтэрч, Ганцмод–Гашуунсухайтын боомтод жолооч нар ухаалаг системээр 10 секундийн дотор бүртгэлээ хийн, хил нэвтрэх боломжтой болсон. Мөн ашигт малтмал, барилга, авто инженер, төмөр зам зэрэг салбарт Хятадын 56 стандарт Монголд хэрэгжиж эхэлжээ.

Хүмүүс хоорондын харилцаа мөн өргөжиж байна. Хятад улс Монголд ирэх жуулчдын гол эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд аялал жуулчлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн Монголын оюутнуудад Хятадад суралцах тэтгэлэг үргэлжилнэ. Дижитал болон санхүүгийн хамтын ажиллагаа идэвхжиж байна. Голомт банк, Тээвэр хөгжлийн банк Хятадын хил дамнасан төлбөрийн систем (CIPS)-д нэгдэж, "Taobao", "TEMU" зэрэг цахим худалдааны платформууд Монголд нэвтэрсэн. Мөн "Social Pay" систем "WeChat Pay"-ийн "QR" төлбөрийг хүлээн авах боломжтой болсон. Ногоон хөгжил ч хамтын ажиллагааны чухал чиглэл юм. Хятад улс Монголын “Тэрбум мод” санаачилгыг дэмжиж, цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүч болон нарны халаалтын төслүүдэд хамтран ажиллаж байна.

Мөн томоохон төслүүд хэрэгжиж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажил эхэлж, Улаанбаатарын гэр хорооллын орон сууцны төсөл болон Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон нь иргэдийн амьдрах орчинд бодит үр өгөөж авчирч байна. Цаашид спортын цогцолбор, Үндэсний урлагийн их театр зэрэг төслүүдэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхийдөө XV дахь таван жилийн төлөвлөгөөнд Хятад, Монгол хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хөгжлийг хамтдаа урагшлуулах зорилготой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж