Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн залилан нэмэгдсэнээр хохирогчдын тоо улам өсч, асуудал дагуулсаар байна. Иймд энэ асуудлын хүрээнд хуульч, өмгөөлөгч У.Болдхүүтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд иргэд орон сууц худалдан авахдаа залилангийн хохирогч болсоор байна. Энэ талын өргөдөл гомдол их хүлээн авч, судалгаа хийдэг хуульчийн хувьд юуг засах, сайжруулах шаардлагатай гэж хардаг вэ?
-Үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа орон сууцны захиалга, худалдан авалттай холбоотой залилангийн шинжтэй өргөдөл, гомдол маш их ирдэг. Бидний гол зорилго энэ асуудал нь хууль эрх зүйн орчны цоорхойгоос болж байна уу, эсвэл эдийн засгийн хүчин зүйлээс үүдэлтэй юу гэдэг суурь шалтгааныг тогтоох явдал. Хэрэв асуудал хуульдаа байгаа бол цаг алдалгүй хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Тийм учраас Иргэний хуулийн хүртээмж, хэрэглээг сайжруулах тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Мөн Улсын Дээд шүүх, Хуульчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үл хөдлөх хөрөнгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гэрээ хэлцлийг сайжруулах тал дээр төвлөрч ажиллаж байна. Хамгийн гол нь бид өнгөрсөн алдааг засч, бодит шийдлийг гаргахыг зорьж байгаа юм.
Өнөөдрийг хүртэл залилангийн хэргийн суурь шалтгааныг бүрэн тогтоож чадаагүйгээс болж, үр дүнтэй арга хэмжээ авч чадалгүй өдийг хүрлээ.
Хууль хяналтын байгууллагынхан, хуульч өмгөөлөгч нар иргэдэд "Худалдан авалт хийхээсээ өмнө мэргэжлийн хуульчаас зөвлөгөө ав" гэж уриалдаг. Гэвч хууль эрх зүйн орчны хүрээнд засаж сайжруулахгүй л бол болохгүй байна л даа.
-Үл хөдлөх хөрөнгийн салбарын хууль эрх зүйн орчинд иж бүрэн өөрчлөлт хийх цаг болсон гэж та үзэж байна уу?
-Тийм ээ, энэ бол зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал юм. Гэхдээ энэ нь зөвхөн хуульд хэдэн заалт нэмэх төдий биш тогтолцооны түвшний цогц шинэчлэл байх ёстой. Төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд мэдээллийн нэгдсэн сантай болж, программ хангамжийн түвшинд хоорондоо шууд холбогдох (real-time) шаардлагатай. Ингэснээр нэг байрыг давхардуулан зарах, бартерын залилан хийх орон зайг хаана. Мөн үл хөдлөхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ шүүх болон хуулийн байгууллагууд өөр, өөрөөр тайлбарлаж байгаа нь тодорхойгүй байдал үүсгэж байна. Энэ маргааныг нэг талд нь гаргах нэгдмэл жишиг тогтоох тал дээр одоогоор дорвитой ажил хийгдээгүй. Тиймээс хууль, шүүхийн байгууллагынхан нь нэгдмэл нэг ойлголттой болох ёстой.
Дээрээс нь олон мянган иргэд, тэр дундаа БНСУ-д болон хилийн чанадад хүнд хүчир хөдөлмөр эрхлэн хуримтлуулсан мөнгөө эх орондоо үл хөдлөх хөрөнгө болгон байршуулж байна.
Эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо байхгүйгээс болж тэдний хөрөнгө мөнгө залилагчдын халаасанд орж, хохирон сэтгэл зүй тогтворгүй байдалд орсоор байна.
Өөрөөр хэлбэл, иргэдийн өмчийг хамгаалах тал дээр анхаарах шаардлага үүсэж байна. Хамгийн чухал нэг асуудал нь залилангийн суурь шалтгааныг олох хэрэгтэй. Залилан гэх статуст хамаарах хэргүүдийн үндсэн шалтгааныг засах нь чухал. Барилгын компаниуд төсөл хэрэгжүүлэхдээ өөрийн хөрөнгөөр, захиалагчийн урьдчилсан төлбөрөөр, банкны зээл болон барьцаа хөрөнгөөр, гадаадын хөрөнгө оруулалтаар гэх мэт олон аргаар санхүүжилт босгодог. Энэхүү санхүүжилтийн аргууд нь салбарыг урагшлуулж байгаа ч нөгөө талдаа худалдан авагчдыг эрсдэлд оруулж байна. Одоогийн хоцрогдсон программ хангамж, журмууд нь энэхүү эрсдэлийг залилан болж хувирах таатай хөрсийг бүрдүүлж өгөөд байгаа юм. Тиймээс бид энэ асуудлыг цогцоор нь харж, эрх зүйн таатай бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ёстой.
-Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид ямар шинэчлэл хийх шаардлагатай байгаа вэ?
-Улсын бүртгэлийн багц хуулийг 2018 онд шинэчлэн баталсан боловч амьдрал дээр үүсэж буй практик асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийг хоёр болон түүнээс дээш этгээдэд давхардуулан худалдах зэрэг залилангийн шинжтэй үйлдлээс сэргийлэх механизмыг боловсронгуй болгох шаардлагатай. Үүнтэй холбогдуулан 2025 оны хоёрдугаар сард хууль тогтоомжийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Энэхүү асуудал нь зөвхөн Улсын бүртгэлийн байгууллагаас гадна газар зохион байгуулалт, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, шүүх, цагдаа, прокурор зэрэг олон талын оролцоог шаарддаг цогц асуудал юм. Тиймээс хуулийн шинэчлэлээр эдгээр байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, хууль хэрэглээг нэг мөр болгох, Дээд шүүхээс зөвлөмж, тайлбар гаргах замаар маргааныг шуурхай, шударгаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.
-Орон сууц худалдан авахаар урьдчилгаа өгөөд барилгын компаниудад залилуулаад хохирсон иргэдийн тоо хэдэн мянгаар яригдаж байна. Энэ асуудал өнөөдөр ч боссон юм биш хэдэн жил боллоо. Гэтэл эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр энэ хугацаанд огт ажиллаагүй?
Бүртгэлийн газар зөвхөн бүртгэлээ, Газрын алба кадастраа, Барилгын яам зөвхөн тусгай зөвшөөрлөө л ярьдаг. Ийм байдлаар асуудал цогцоороо хэзээ ч шийдэгдэхгүй.
-Зарим барилгын компаниуд төсөл хэрэгжүүлж байх явцад материалын хомсдол зэрэг шалтгаанаас болж үйл ажиллагаа нь зогсдог. Үүнийг залилан гэж үзэх үү. Иргэдийн хохирлыг тооцвол энэ нь бизнесийн эрсдэл үү эсвэл зохион байгуулалттай залилан уу?
-Барилгын салбарт төслийн санхүүжилт болон түүхий эд, материалын нийлүүлэлтээс шалтгаалж үйл ажиллагаа түр зогсох, төсөл царцах үзэгдэл түгээмэл байдаг. Үүнээс үүдэн иргэд захиалсан үл хөдлөх хөрөнгөө хугацаандаа хүлээн авч чадахгүй, түрээсийн байранд амьдарч зардал гаргах, эсвэл банкны зээлийн хүүд давхар нэрвэгдэж хохирох тохиолдол их. Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсад бартерын залилан гэх нэр томьёо эрчээ авч байна. Энэ нь барилга угсралтын компанид бараа материал нийлүүлсэн, эсвэл ажил гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч тал өөрт олгогдсон борлуулах эрхээ хэтрүүлэн ашиглах үйлдэл юм. Тодруулбал, өөрийн өмчлөлд бүрэн шилжээгүй, гэрчилгээ нь гараагүй үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд хууль бусаар худалдаж, төлбөрийг нь завшиж буй үйлдэл нь залилангийн гэмт хэргийн шинжийг агуулдаг.
-Иргэд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа ямар нийтлэг алдаа гаргадаг вэ, үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Иргэд зардлаа хэмнэх зорилгоор мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авалгүйгээр, шууд гэрээ байгуулах тохиолдол түгээмэл байна. Энэ нь ирээдүйд үүсч болох эрсдэл, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн залиланд өртөх, шүүхээр маргаан шийдвэрлүүлэхэд их хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдах гол шалтгаан болдог. Иймд аливаа хэлцэл хийхээс өмнө мэргэжлийн өмгөөлөгч, хуульчаас зөвлөгөө авч, гэрээний нөхцөл болон хөрөнгийн эрхийн түүхийг нягтлах нь эрсдэлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.
-Монголд хохирогчийг хамгаалдаг хууль ер нь хэд байдаг юм бэ. Бидний мэдэхээр маш цөөхөн санагдах юм?
-Яг үнэндээ хохирогчийг хамгаалах тал дээр манайд ерөөсөө л гуравхан хууль бий. Тэрний хоёр нь процессын болон байгууллагын шинжтэй хуулиуд. Харин яг энэ харилцааг зохицуулж байгаа гол тулгуур хууль нь Иргэний хууль юм. Гэтэл Иргэний хууль чинь өөрөө нийгмийн асар том харилцааг зохицуулдаг шүү дээ. Энгийнээр хэлбэл, "чи энд мөнгөө зээлсэн байна, одоо мөнгийг нь буцааж өг" гэдэг л зарчмаар шийдвэр гаргадаг хууль. Дараагийнх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль ордог.
Манай хуулийн компанид жилд дунджаар 80 орчим хүн барилгын залилангийн хохирогч болсон гэх үндэслэлээр ханддаг.
Сүүлийн үед өмгөөлөгч, хуульч болон улстөрчидтэй уулзахдаа нэг зүйлийг анзаарлаа. Мэдээж энэ салбарт гарч буй асуудлууд нь хуульч, өмгөөлөгчдийг "ажилтай" байлгаж байгаа нэг тал бий. Гэвч хуульч хүнд нийгмийн өмнө хүлээсэн томоохон үүрэг бий. Энэ нь нийгэмд эрүүл, шударга тогтолцоог бүрдүүлж, иргэд шударга ёсны зарчмаар амьдрах нөхцөлийг бий болгоход оршдог. Тиймээс одоо зөвхөн асуудлыг ярих бус, гарц шийдлийг эрэлхийлэх хэрэгтэй байна. "Залилан их байна, залилуулахгүйн тулд өмгөөлөгчид хандаарай" гэх мэт сошиал контентууд нь өөрийгөө сурталчилж, борлуулж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэтэл бидэнд үүнээс илүү далайцтай шийдэл хэрэгтэй. Бид улс төрийн намууд, УИХ-ын гишүүд болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхэд хандаж, тогтолцооны өөрчлөлт хийх талаар ярилцах ёстой. Жилд хуулийн компанид хандаж буй 80 хүн гэдэг бага тоо биш. Эдгээр хүмүүс тодорхой нэгэн бүлэглэлийн хохирогч болоод байна. Бидний зүгээс иргэдэд шүүхийн маргаан хэрхэн үргэлжлэх, ямар хугацаа зарцуулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг.
-Зарим үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийнхээ гарт ирэхээс өмнө банкны барьцаанд орсон гэх яриа дуулддаг. Албан ёсны гэрчилгээгүй орон сууцыг банк барьцаа болгож авна гэж байх уу. Үүнд ямар учир байна вэ?
-Барилга баригдах явцад төсөвт асуудал гарсан үед эрсдэлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахдаа арилжааны банк, банк бус санхүүгийн газраас өндөр хүүтэй зээл авдаг. Банк төслийг гүйцэтгэж буй компаниас барьцаа, батлан даалт шаарддаг. Иймд төсөл гүйцэтгэгч шаардлага хангахын тулд газар, барилгын корказийг банкны барьцаанд тавьдаг. Банк таатай хүлээн авч санхүүжилтийг олгодог. Улмаар барьцаанд байгаа барилгад ямар нэгэн асуудал үүсвэл иргэд гэрчилгээгээ авч чаддаггүй. Давхар банк, банк санхүүгийн газар төсөл хэрэгжүүлэгчид хүү, торгуулийг ногдуулдаг. Үүнээс харж үзвэл Монгол Улсын хуульд тогтоомжид барьцаалагч давуу эрхтэй гэж тусгасан байдаг нь үүн дээрээс харагдана. Нөгөө талд орон сууц худалдаж авсан иргэд хохирогч болно. Үндсэндээ, тухайн иргэний өмч хөрөнгийг өөрт нь мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр банканд барьцаалдаг. Ил болон далд аргаар барьцаалж ирсэн.
-Газар болон барилга өмчлөлийн тусдаа эрх зүйн зохицуулалт, мөн Улсын бүртгэлийн үйл явц дахь мэдээллийн ил тод бус байдал нь үл хөдлөх хөрөнгийн салбарт иргэд залилангийн золиос болох гол хүчин зүйл болж байгаа тул энэ тогтолцоог цогцоор нь шинэчлэх шаардлагатай юу?
-Барилгын салбарт төсөл хэрэгжүүлэгч болон газар эзэмшигч хоорондын маргаанаас үүдэн ажил зогсох, үүнээс шалтгаалж захиалагч иргэд хохирогч болох тохиолдол нийтлэг. Хуульд газар өмчлөгч болон барилга өмчлөгч нь тусдаа этгээд байж болохоор заасан нь энэхүү маргаан үүсэх суурь нөхцөл болж ирсэн.
Түүнчлэн, өөрийн өмчлөлд шилжээгүй орон сууцыг бусдад худалдах, эсвэл Улсын бүртгэлийн газарт нэр шилжүүлэх мэдүүлэг өгснийхөө дараа батлагдахаас нь өмнө буцааж авах зэргээр иргэдийн хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан залилан хийх тохиолдол цөөнгүй гарч байна.
Энэ үед Улсын бүртгэлийн ажилтан худалдан авагчид мэдэгдэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь залилангийн хэргийг даамжруулж байна. Мөн ашиглалтад ороогүй барилгын өмчлөгч эцсийн байдлаар тогтоогдоогүй байдаг нь томоохон эрсдэл дагуулж байна. Баримт бичиг нь зөвхөн А4 цаасан дээрх тамгатай гэрээгээр хязгаарлагддаг тул нэг талбайг олон хүнд зарсан ч хянах боломжгүй нь үнэн. Хамгийн гол нь, ийм маргаан үүсэхэд хуулийн байгууллагууд үүнийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулиар уу, эрүүгийн хэрэг гэж үзэх нь нэгдмэл ойлголтгүй байна. Энэхүү нэгдмэл бус байдал нь иргэдийг хохироож, залилагчдад боломж олгоод байгаа юм.
3,605.46






















































Шог 2026-03-12 66.181.161.244
Харахаар тэгээд барилга барьж, орон сууц бий болгож байгаа талын буруу ч юм шиг энэ нийгэмд. Мөнгөө төлөөд талх ч бай байр ч бай авахаас өөр яах юм
Яая гэхэв 2026-03-12 59.153.114.205
Арчаагүй аймхай хүмүүс хохино. Гоншигоноод явж байхдаа таарсан юмдаа.
Нэргүй 2026-03-12 202.126.90.82
Орон гэргүй Иргэдийн Зовлонгоор зоолж байгаа Компаниуд олширсоор…..Ховдын Пүрэвсайхан зааны Ах дүү нар гэж луйварчид бна
сонгогч 2026-03-12 202.9.46.58
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ҮНДЭСЛЭЛГҮЙ , ХЭД ДАХИН НЭМСЭН ҮНЭ БОЛ БАРИЛГЫН ХХК- НЫ МАФУУДЫН САНААТАЙ ХИЙЖ БУЙ ИРГЭДИЙГ МӨЛЖИХ , ДЭЭРЭМДЭХ АЖИЛЛАГАА МӨН. ТӨР ЗАСАГ ЭНЭ ДЭЭРМИЙГ ДЭМЖИЖ БУЙ НЬ ХАЧИРХАЛТАЙ…!!!
Нэргүй 2026-03-12 66.181.164.23
МАН ы хулгайч сайдууд ил цагаандаа гарчихжэээ, дүүтэйгээ нийлж ард түмнээ луйварддаг болж. Эргүү хар масс ч юм ойлгох биш нөгөө л МАН ы хулгайчууддаа хулхидуулаал сонгоод байх юм даа, ийм ард түмэн байхад яаж ч өөдлөх олигтой амьдрах вэ дээ. МАНы хулгайч дарга нар чинь та нарын шүтээн Орос Хойд со руу хэзээ ч явдаггүй шүү, та нарын муулдаг Америк Япон баруун руу явж та нарын татварын мөнгөөр эмчлүүлдэг шүү дээ
Зочин 2026-03-12 103.57.92.180
ДЭМЖИЖ БАЙНА… Д ПАРЛИАМЕНТ ДЭЭР ТОМЪЁОЛЛОО ОРУУЛААД ӨРГӨДӨЛ САНААЧЛАА
Нэргүй 2026-03-12 202.9.40.94
манжхужаагууд одо вакумжсн нтр гэж манжлж яриа гаргж нөгөа талруун увуулх гэж манжл яриа гаргж гяяяяхх гяяяяхх гяяяхх хужааманжууд одо амьжихгүй.