niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 09:36 UTC Эх: https://news.mn/r/2853658/ 88f862313ddb4bc6… ← niitlelch.mn руу буцах

126:1 Х.Баттулгатай тэмцэгч

76:1

126:1 Х.Баттулгатай тэмцэгч

126:1 Х.Баттулгатай тэмцэгч

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Д.Ганбатыг танилцуулж байна.


Ерөнхийлөгчийн сэнтий мөрөөдөн өөрийгөө битүүхэндээ сойж эхэлсэн гишүүн бол Д.Ганбат юм. Эрх баригч намаас ч хүслийг нь өдөөн хатгах болсон нь өөрсдийн талд ялалт авах зорилготой нь холбоотой. Гэвч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намынхны хувьд эрх баригч намынхны өгөөш болохыг хүсэхгүй, илүү ширүүн өрсөлдөгч нэр дэвшүүлэхээр дотооддоо үзэлцэж байна.

Д.Ганбат гишүүний хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд нам доторх сунгаанд орсон ч дэмжлэг хүлээлгүй унаж байсан түүхтэй.

Ардчилсан нам нь 2020 оны УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцож, ердөө 11 суудал авсан, мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн албанаас буусныхаа дараа буцаж ирж, намаа бужигнуулах үед сөрж, С.Эрдэнийн баруун гар болж, баттай зогссон гишүүн бол Д.Ганбат юм.

Харин Х.Баттулга хариугаа авахын тулд Д.Ганбат гишүүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаас огцруулах ажиллагааг Ж.Батсуурь нараар дамжуулан гүйцэтгэж байв. Анд нөхөд явсан тэд ийн зам салцгаасан.

Үндсэндээ хоёр хуваагдсан намаа нэг болж нэгтгэхийн төлөө болохоос нь болохгүйг хүртэл явж, зүтгэсэн гэж хэлж болно.

Мөн тэрбээр Х.Баттулга болон түүний багийнхны хийх хорон тоглолтоос эмээсэнгүй, 2024 оны УИХ-ын сонгуульд хуучин тойрогтоо нэр дэвшин дахин ялалт байгуулж чадсан. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт нэр дэвшин  58, 263 сонгогчийн саналаар УИХ –д гурав дахь удаагаа сонгогдсон юм. Нийт есөн мандатын төлөө 18 нам эвслийн 80 нэр дэвшигч өрсөлдсөнөөс сонгогчдоос авсан саналын тоогоороо зургаад эрэмбэлэгдэж байв.

Харин “Д.Ганбат гишүүнийг үл бүтэх нөхөр” гэх суртал ухуулга хийгээд ч нэр хүндийг нь унагаж бараагүй Х.Баттулга тойргоо сольж, Булган, Хөвсгөл, Орохныг зорихоос өөр сонголтгүй болсон юм.

Одоо Д.Ганбат гишүүн Харбины гэрээг шалгах УИХ-аас байгуулагдсан нээлттэй сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай дээрх гэрээ байгуулахдаа Монгол Улсыг эдийн засгийг хохиролд оруулсан байж болзошгүй сэжиг таамгууд гарч байна, үүнийг нягтлах ёстой гэх шаардлагыг өнгөрсөн өвлийн турш тавьснаар УИХ-аас эл гэрээг судлах ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг гаргуулж чадсан юм.

Тэрбээр ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургуулийг механик инженер мэргэжлээр төгссөн бөгөөд Ардын армийн салаа салбарын захирагчаас ажлын гараагаа эхэлжээ.

Олон нийтэд тэрбээр бидон Ганбаа нэрээрээ илүү танигдсан. УИХ-д анх сонгогдсоныхоо дараа тойргийнхоо сонгогч нарт 40-ын бидон тараасан нь ийм хочтой болгосон.

Өрсөлдөгч нарынх нь зүгээс тараасан 40-ын бидон дээрээ Д.Ганбат гишүүн өөрийн зургаа зуруулсан байсан гэх худлаа цуу мэдээ тараасан нь нэг хэсэгтээ сошиалаар дуулиан тарьж байв. Харин тэрбээр “Тэр бидон дээр юу гэж би зургаа тавих вэ дээ. Хүмүүсийг би ойлгодог байх гэж бодтол ойлгодоггүй юм байна. Бидон дээр зургаа тавих хүн мөн үү, би. Зурагтай бидоныг айл өрх ашиглах уу. Үнэхээр тийм юм шиг ойлгоод яваад байдаг. Гэтэл тэр нь фото шоп, эвлүүлэг л юм шиг байгаа юм.

Тэр мөнгө Нийгмийн даатгалын хөрөнгө биш ээ. 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа, мөн 2016-2020 онд УИХ-ын гишүүн бус байхдаа ч би Баянхонгор аймгийн 8000 ээжид 40-ын бидон тараасан. Хуванцар сав хэрэглэснээр хорт хавдар тусаад байна гэсэн судалгаа гарсан учраас хэрэглээг нь багасгая гэдэг зорилгоор анх санаачлагыг гаргаад явсан.

Улсын төсөвт анх 1 тэрбум төгрөг өрхийн орлогыг дэмжих зорилгоор суусан байсан. Үүний 300 сая нь Завхан аймагт, 300 сая нь Чингэлтэй дүүрэгт, 300 сая нь Баянхонгор аймагт зарцуулагдсан.Энэнээс гадна би өөрөөсөө тэрбум төгрөг гаргаад 40-ын пидон тараасан, энийг харин тайлбарлах боломж олгосонд баярлалаа” хэмээн хээвнэг хариулж суусан билээ. Ер нь боломж гарвал өөрийгөө хөөрхөн дээш нь татаад дөвийлөгчихнө.

УИХ-ын чуулганаар нэг удаа Ардчилсан нам, МАН-ынхны дунд маргаан өрнөхөд Д.Ганбат гишүүн “Манай энэ УИХ-ын байж байгаа царай. УИХ-ын гишүүд нь бүгдээрээ ямар нэгэн хулгайд холбогдсон. Цөөхөн нэр цэвэр над мэтийн хүн л байна. Сонгогч дээрээ очоод ярихад нүүртэй. Бүгд мэдлэгтэй, мэдээлэлтэй ч тэрийгээ ашиглаад ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайд холбогдчихсон” гэж хийж байв.

Уур нь хүрвэл намын даргаа ч “гөвнө”.

Ардчилсан нам Засгийн газарт хамтарч байхад Д.Ганбат гишүүн “Т.Доржханд, Лу.Гантөмөр хоёр овоо гайгүй юм ярьдаг байсан. Одоо бол төрсөн эцэг, эх нь ч танихааргүй Засгийн газрын хамгаалагчид болчихсон” гэж шүүмжилж суусан удаатай.

Тэрбээр ОХУ-ын Украйн руу хийсэн түрэмгийллийг эсэргүүцэн, байр сууриа илэрхийлж, украйнчуудад туслахыг уриалан цалингаа хандивлаж байв.

УИХ-ын 126 гишүүн дотроо тэрбумтны тоонд орно. УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлого 582 сая, 2.2 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, хадгаламжиндаа 21 сая төгрөгтэй, 28 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1969-1977 онд Баянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн дунд сургууль
  • 1977-1979 онд Баянхонгор аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль
  • 1984-1989 онд ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургуулийг механик инженер
  • 1997-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч мэргэжлээр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1979-1982 онд Ардын армийн салаа салбарын захирагч
  • 1989-1992 онд Ардын армийн салбарын техникийн орлогч инженер
  • 1992-1996 онд Монгол Оросын хамтарсан “Баянбулаг” компанид дэд захирал
  • 1996-1999 онд Түүх, соёлын дурсгал сэргээх газрын дарга
  • 1999-2004 онд "Техник импорт" ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2004-2012 онд "Техник импорт" ХК-ийн ерөнхий захирал
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2016-2020 онд "Техник импорт" ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
  • 2021 оноос Ардчилсан намын тэргүүн дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2010 онд Алтан гадас одон
  • 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2021 онд Ардчилсан намын тэргүүн дээд шагнал Чингисийн одон

ГАДААД ХЭЛ

  • Орос хэл

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Оуюн Эрдэнэ 2026-03-10 66.181.187.180

zuv khun

Avatar

Нэргүй 2026-03-10 202.9.41.91

Украйнд цалингаа хандивлахын оронд ядарсан зарим монгол эхчүүддээ өгөхгүй дээ. Эд ямар эх орноо бодох биш дээ. Эд нарын тэмцэлд улс орон туйлданядарч байна.

Avatar

Нэргүй 2026-03-10 66.181.176.129

Hmm

Avatar

1 2026-03-10 202.21.115.165

Эхнэр хүүхдээ хаяж яваад бас болоогүй шинэ эхнэрээсээ төрсөн хүүхдүүддээ хуучин эхнэрийн хүүхдүүдтэйгээ адилхан нэр өгсөн байвал яахуу мэдрэл муутай н**ш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж