Нэрт сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны үйл хэргийг үргэлжлүүлэх сэтгүүл зүйн бүтээлийн тэр дундаа нийтлэлийн чанар чансааг сайжруулж, мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулах зорилго бүхий “Нийтлэлч Г.Отгонбаяр” сан болон “iTiom” агентлагаас Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж өнөөдөр /2026.03.09/ шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанд сэтгүүлчдийн бүтээлийг 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2026 оны гуравдугаар сарын 1-ний хооронд хүлээн авсан бөгөөд энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд улс төр, эдийн засгийн нийт 44 нийтлэл ирсэн байна.
Эдгээр нийтлэлээс "Монголын баримт шалгагч төв"-ийн баримт шалгагч, сэтгүүлч Л.Анударь "90 мянган долларын манипуляци" бүтээлээр нэгдүгээр байр, "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл "Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд харанхуй орно" бүтээлээрээ хоёрдугаар байрт орсон бол "Өнөөдөр" сонины сэтгүүлч, тоймч Ж.Сувдмаа "Хуульгүй томилгоо" бүтээлээрээ гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.
"Энэ жилийн тухайд бүтээлээ ирүүлэх сэтгүүлчдийн тоо нэмэгдсэн. Өнгөрсөн жил уг уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн дийлэнх нь засаглалын асуудлыг хөндсөн нийтлэл ирүүлж байсан бол энэ жил нийгэмд өрнөсөн халуун сэдвүүдээр нийтлэлээ бичиж ирүүлсэн нь онцлог байсан. Мөн залуу сэтгүүлчид эх сурвалжийг чухалчилж нийтлэлдээ өгөгдлийг илүү ашигласан байна" гэдгийг шүүгчид онцолж байлаа.
Г.Отгонбаяр сангийн гүйцэтгэх захирал Б.Оргил тэрбээр, "Мэдээллийн шуурхай урсгал дунд урт нийтлэл, сонины бүтээлүүд орхигдож байгаа энэ үед тус уралдаан зарлагдаж байгаа нь энэ орон зайг нөхөх. Сэтгүүлчдийн ур чадварыг ахиулж нийтлэлийн чанар сансааг сайжруулж, уншигчдад зориулсан бүтээлүүд илүү их туурвих боломжийг олгож байгаагаараа давуу талай" гэдгийг хэлж байв.
"Монголын баримт шалгагч төв"-ийн баримт шалгагч, сэтгүүлч Л.Анударь:
-Анх удаа энэ уралдаанд "90 мянган долларын манипуляци" бүтээлээрээ оролцлоо. Монголчуудын фэйсбүүкийн хэрэглээ маш их болсон. Энэхүү орчинд манай улстөрчид улс төрийн манипуляци буюу маш өндөр төлбөр төлж тархи угаалтыг яаж хийж байгаа вэ гэдгийг "Meta ad library" гэдэг олон улсын нээлттэй эх сурвалжийн санд суурилж судалгаатай гаргаж ирсэн.
"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл:
"Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд харанхуй орно” нийтлэлээрээ хоёрдугаар байрт орсон. Ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа хэдийнэ эхэлчихсэн, нэр дэвших хүмүүс эхнээсээ байр сууриа илэрхийлж байна. Энэхүү сонгуульд парламентад суудалтай улс төрийн таван хүчин ямар байдлаар орох бол гэсэн агуулгатай нийтлэл бичсэн. Мөн улс төрийн лидер хомсдоод байна уу даа гэсэн өнцгийг гаргаж өгсөн.
"Өнөөдөр" сонины сэтгүүлч, тоймч Ж.Сувдмаа:
-"Хуульгүй томилгоо" бүтээлээрээ гуравдугаар байрт шалгарсан. Миний нийтлэлийн гол агуулга нь Засгийн газар сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниудад онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхэт төлөөлөгч /БЭТ/ томилдог болсон. Ялангуяа 2019 оноос хойш төрийн өмчит хэд, хэдэн компанид ийм томилгоо хийсэн. Энэ томилгоо нь Үндсэн хууль хийгээд бусад хууль зүйн тогтоомжтой хууль зүйн хэр нийцтэй байгаа вэ гэдэг агуулгыг хөндөхийг зорьсон. Үүнийхээ хүрээнд өөрийн хэмжээнд судалгаа хийж бүтээлээ сойсон маань үр дүнгээ өгч нийтлэлийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэндээ баяртай байна.
3,605.46

















































зочин 2026-03-09 202.9.47.98
ИРГЭД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ ЧАДАХГҮЙ КВОТ ГЭГЧЭЭ ХҮЛЭЭН 1-2 САР ХҮЛЭЭЖ, ЗАРИМ НЬ "ҮХЭЖ" БАЙХАД ДУУГАРСАН СЭТГҮҮЛЧ 1- Ч АЛГА …………………..