niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 10:31 UTC Эх: https://news.mn/r/2852854/ 9cb705afd8f03b53… ← niitlelch.mn руу буцах

Хотын төвд шинэ ногоон бүс бий болох уу?

Хотын төвд шинэ ногоон бүс бий болох уу?

Хотын төвд шинэ ногоон бүс бий болох уу?

Улаанбаатар хотын төвд орших Гандантэгчинлэн хийд болон ойр орчмын дэнжийг чөлөөлж, нийслэлдээ хамгийн том цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг хотын удирдлагууд гаргаад байна. Энэхүү шийдвэр нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Улаанбаатарын түүхэн өвийг хамгаалах, иргэдэд илүү таатай амьдрах орчин бүрдүүлэх зорилготой юм.

Одоогийн байдлаар Гандан орчим нь хотын төв дэх хамгийн нягт суурьшсан гэр хорооллын нэг бөгөөд дэд бүтэц, авто зам, орчны тохижилтын хувьд олон асуудалтай. Иймээс уг газрыг үе шаттайгаар чөлөөлж, томоохон ногоон бүс байгуулах нь хот төлөвлөлтийн хувьд чухал алхам гэж үзэж байна.

55 ГА ТАЛБАЙД НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА 

Нийслэлийн удирдлагуудын мэдээлснээр Гандангийн дэнж орчмын нийт 55 га газрыг 5-6 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр төлөвлөсөн Төслийн хүрээнд ойролцоогоор 1800 өрхийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөлтийг зах зээлийн үнэлгээнд тулгуурлан хийх юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Гандан орчмын иргэдтэй уулзах үеэрээ “Гандан орчмыг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно. Газар чөлөөлөлтөөс татгалзсан айлуудтай дахин уулзаж, үнэлгээг нь нягталж ажиллана. Мөн иргэдэд мэдээллийг илүү нээлттэй, ойлгомжтой хүргэх тогтмол үйл ажиллагаатай мэдээллийн төв ажиллуулах шаардлагатай” хэмээн мэдэгдсэн байна.

Хотын зүгээс Гандан орчимд цаашид шинэ барилга байгууламж барихгүй, шинээр газар эзэмшүүлэхгүй байх бодлого баримталж байгаа бөгөөд газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД ТУЛГУУРЛАН ХИЙНЭ 

Гандан орчимд олон арван жил амьдарсан иргэд дассан орчноосоо нүүхэд амаргүй. Иймд хотын удирдлагууд иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс газар чөлөөлөлтийг зах зээлийн үнэлгээнд тулгуурлан хийх, урьдчилан мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд үнэлгээг дахин тогтоох зэрэг зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм.

Зарим айлууд газраа чөлөөлсний дараа олгосон нөхөн олговроор орон сууц худалдан авч, амьдрах орчноо сайжруулсан жишээ ч бий. Тухайлбал, Гандан орчмын хашааны газар 700 сая төгрөгт хүрээд байна. Тодруулбал, газарт орсон айлын 1м2 газрыг 1.2 сая төгрөгөөр үнэлж авч буй юм.

Улаанбаатар хотод ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигтэй харьцуулахад бага байдаг. Иймээс Гандангийн дэнжийг цэцэрлэгт хүрээлэн болгох төсөл нь хотын экологийн тэнцвэр, иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх орчныг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хэрэв төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл Гандангийн дэнж ирээдүйд Улаанбаатар хотын хамгийн том ногоон бүс болж, түүхэн дурсгал, соёлын орчин, орчин үеийн хот төлөвлөлтийг хослуулсан нийтийн орон зай болон хөгжих боломжтой.

Гандангийн дэнж нь зөвхөн суурьшлын бүс төдийгүй Улаанбаатар хотын түүхэн хөгжлийг илэрхийлсэн онцгой газар юм. Судлаачдын үзэж байгаагаар энэ бүс нь хот байгуулагдсан үеийн хүрээний зохион байгуулалтын хэв маягийг хадгалж үлдсэн ховор жишээний нэг ажээ.

Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Г.Очбаяр энэ талаар “Гандантэгчинлэн хийдийг суурьшлын бүстэй нь хамт хадгалан авч үлдэх шаардлагатай. Учир нь энэ дэнж бол Улаанбаатар хотын хүрээний зохион байгуулалт хадгалагдан үлдсэн цорын ганц газар. Хотын төвд үлдсэн хамгийн сүүлчийн гэр хорооллын нэг бөгөөд түүхэн орон зай гэдгээрээ онцлог” хэмээн тайлбарласан байдаг.

Өөрөөр хэлбэл, Гандангийн дэнж нь зөвхөн архитектурын дурсгалт газар биш, хотын соёл, амьдралын хэв маяг, уламжлалыг илтгэн харуулсан түүхэн газар аж.

Иймд Гандангийн дэнжийг чөлөөлөх асуудал нь зөвхөн хэдхэн айлын газар өмчлөлийн асуудал биш. Энэ нь хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, нийтийн эрх ашиг, түүх соёлын өвийг хамгаалах бодлоготой уялдсан томоохон шийдвэр юм.

Ирэх жилүүдэд энэ бүсийг зөв төлөвлөж, ногоон байгууламжтай, түүхэн үнэ цэнээ хадгалсан орчин болгон хөгжүүлж чадвал Гандангийн дэнж Улаанбаатар хотын шинэ бэлгэ тэмдэг, иргэдийн амрах таатай орчин болж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-03-05 59.153.114.31

ха ха хулхидуулж дуусахгүй хулхидаж ханахгүй төрийн түшээд гэх луйварчидтай улс биш үү

Avatar

Нэргүй 2026-03-05 66.181.178.25

Баянгол дүүрэг ганц цэцэрлэгт хүрээлэнтэй болчихвол сайн л байна сонгуул болооор өнгөрөхөөр урьдын юм ул болдог уламжлалт муу үйлтэй. шүү ман нам ан нам хоёр тэгчихгүй л бол

Avatar

Хариц 2026-03-05 202.126.88.80

Дэмжиж байна.

Avatar

Уншигч 2026-03-05 66.181.189.16

Маш зөв ажил. Дэмжиж байна

Avatar

Нэргүй 2026-03-05 202.126.89.138

Тэр нэг будаа зардаг тагтаа бужигнасан муухай газар. Тагтаа тэжээх, сүү тос өргөх, хадаг яндар зүүх, идээ будаа өргөдгийг хоригловол таарна. Тэр будаа зардаг хүмүүсийг тараавал таарна.

Avatar

Нэргүй 2026-03-05 202.179.26.28

Бурхан шашины Төвөө тойрсон баас шээс тэнд байхгүй муухай юм байхгүй газар

Avatar

Нэргүй 2026-03-05 202.21.104.2

Тийм ээ. Бүрэн дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2026-03-05 202.55.188.110

Тэгмээр дээ.Баахан шавааралдсан ямар өнгө үзэмжгүй өмхий үнэртэй хотондоо дарагдсан аймшгийн орчин биздээ?!

Avatar

Иргэн 2026-03-05 66.181.185.142

хотын Төвөөс 1,5 км радиустай гэрийн хороолыг чалөөлөх нь эхний ээлжинд шаардлагатай бн!! Агаар хөрсний бохирдол арай дэндүү бн!

Avatar

ХУУЛЬЧ 2026-03-05 202.9.47.19

АЛЬ Ч УЛС ОРОНД СҮМ ХИЙДИЙН ОРЧНЫ ГАЗАР НИЙТИЙН ӨМЧ БАЙДАГ БОЛОХООС ,,,,,ХУВИЙН ӨМЧ БАЙСАН ТҮҮХ АМЕРИК,ЕВРОПЫН ХОЛБОО ,БУСАД УЛС ОРОНД БАЙДАГҮЙ Л ДЭЭ .ШАШАИННЫ ГАЗАР ХУВЬЧИЛАГДАГҮЙ ЮМ. ,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж