Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос “Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын хадгалалт, хамгаалалт, менежментийн асуудал ба хамтын шийдэл” сэдэвт олон талт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн өвийн газруудын хамгаалалтын захиргаад, орон нутгийн соёл, урлагийн байгууллага, үндэсний мэргэжилтэн, шинжээчид оролцож, өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн өвийн газруудын хамгаалалтын бодлого, захиргаадын үйл ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, өвийн менежментийг орон нутгийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, хүний нөөц, санхүүжилтийг нэмэгдүүлэх, судалгаа, мэдээллийн сан, хяналт-шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатайг онцоллоо.
Мөн Дэлхийн өвийн менежментийн олон улсын туршлага, Монгол Улсын нэгдэн орсон ЮНЕСКО-гийн конвенц, хөтөлбөрүүд, бүс нутгийн санаачилгуудын уялдаа холбоог хэлэлцсэн юм. Уулзалтын үр дүнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа, шаардлагатай дэмжлэг, хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон нэгдсэн зөвлөмж гаргав.
Монгол Улс 1990 онд Дэлхийн өвийн конвенцод нэгдсэнээс хойш өнөөг хүртэл нийт долоон өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байна. Үүнд Увс нуурын ай сав газар (2003), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Дагуурын ландшафт (2017), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023), Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборууд (2026) багтаж буйг ССАЖЗЯ мэдээлэв.