Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Физикийн улсын олимпиадыг 2027 онд Баян-Өлгий аймагт зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс өнөөдөр физикийн багш нартай уулзлаа.
Уулзалтаар улсын олимпиадад оролцох аймгийн шигшээ багийг бүрдүүлэх, сурагчдыг нэгдсэн хөтөлбөрийн дагуу тогтмол бэлтгэх, бэлтгэл сургуулилалт хийх байр, орчин нөхцөлийг бүрдүүлэх талаар ярилцав. Мөн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, сурагчдын бэлтгэлийг үе шаттай хангах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал солилцож, ажлын төлөвлөгөө боловсруулах талаар хэлэлцжээ.
Түүнчлэн аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад физикийн хичээлийн лаборатори байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн, туршилтын тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг багш нар онцолсон байна.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад физикийн 54 багш ажиллаж байна. Тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сурагчдын хичээлээр эзэмших мэдлэг, практик чадварыг нэмэгдүүлэх нь олимпиадын бэлтгэлийн чухал хэсэг юм.
Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс физикийн улсын олимпиадад оролцох сурагчдыг амжилттай бэлтгэхийн зэрэгцээ сургалтын чанар, лабораторийн орчин, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулахад аймгийн удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.