niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 11:00 UTC Эх: https://news.mn/r/2852297/ 95c58b3795b93da6… ← niitlelch.mn руу буцах

Улс төрөөс ангид байх ёстой салбарын хохирогч нь иргэд байж болохгүй

Улс төрөөс ангид байх ёстой салбарын хохирогч нь иргэд байж болохгүй

Улс төрөөс ангид байх ёстой салбарын хохирогч нь иргэд байж болохгүй

Улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ) өдөрт дунджаар 1200 гаруй хүнд амбулаторийн тусламж үзүүлж, 24 цагийн яаралтай тусламжаар 70 орчим иргэнийг хүлээн авч, хоногт 60 гаруй мэс засал хийдэг өндөр ачаалалтай байгууллага. Гэвч сүүлийн саруудад тус эмнэлгийн удирдлагын тогтворгүй байдал, ойр ойрхон хийгдсэн халаа сэлгээ нь эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд бодит хүндрэл учруулж эхэлсэн талаар эмч, ажилтнууд өнгөрсөн долоо хоногт /2026.02.26/ хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлсэн. Үүний дараа шүгэл үлээсэн зарим дэд дарга, эмч нарыг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байгаа юм.

Тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал М.Адилсайханы хэлснээр, уг нь бодлого шийдвэрийн хүрээнд удирдлагыг дөрвөн жилд нэг удаа солих зарчим үйлчлэх ёстой. Гэвч бодит байдал дээр “худалч хүнд долоо хоногтоо гурав солигдох нь холгүй” болсон. Он гарснаас хойш гурван удаагийн захирлын чөлөөлөлт, томилгоо хийгдсэн нь ажил хүлээлцэх, баримт бичиг шилжүүлэх үйл явцыг тодорхойгүй болгож, захиргааны ажлыг гацахад хүргэжээ.

Түүнчлэн УНТЭ-ийн Төлөвлөлт, үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Чойдогийн мэдээлснээр, эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх эрх бүхий Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа эсэх нь өөрөө эргэлзээтэй асуудал болсон. Есөн гишүүний дөрөв нь бүрэн эрхийн хувьд тодорхойгүй, зарим нь гадаадад урт хугацаагаар байгаа гэх мэдээлэл бий. “Энэ даргыг томил, нөгөөг чөлөөл” гэсэн шийдвэрүүд ирдэг ч хурлын албан ёсны тэмдэглэл, гишүүдийн бүрэн санал нэгдсэн гарын үсэг дагалддаггүй тохиолдол гарч байгааг тэр онцолсон юм.

Эргэн сануулахад өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр УНТЭ-ийн ТУЗ хуралдаж, тус эмнэлгийн захирал Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар оронд нь өмнө нь тус эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Н.Лхажийг ерөнхий захирлаар томилсон. Гэтэл томилогдоод арав ч хоноогүй Н.Лхажийг хоёрдугаар сарын 06-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус эмнэлгийг ТУЗ-өөс мөн гаргажээ.

Н.Лхажийг 2020 оны наймдугаар сард буюу тухайн үед эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсоны дараа тус эмнэлгийн ТУЗ-ийн тогтоолоор УНТЭ-ийн ерөнхий захирлаар томилж байсан билээ. Гэсэн ч зургаан сарын дараа түүнийг анх томилсон ТУЗ нь эргүүлэн чөлөөлсөн байдаг.

Эмч, ажилтнуудын зүгээс удирдлагын тогтворгүй байдлын цаана хэт улстөржилт, ашиг сонирхлын зөрчил нөлөөлж байна гэж үзэж буй. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нарын хоорондын албан тушаалын зөрчил, нөлөөллийн тэмцэл эмнэлгийн дотоод тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл гарсан.

Жишээ дурдахад, 2025 оны сүүлээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл, тоо хэмжээг тогтоож, дараагийн тендер зарлагдах хүртэл худалдан авалт хийх шийдвэр гарсан ч удирдлага солигдсоны дараа уг шийдвэр цуцлагдсан байна. Дараагийн удирдлага мөн адил худалдан авалтыг зогсоосноор эм, хэрэгслийн нөөц тасалдах нөхцөл үүсчээ.

Үүний уршгаар дурангийн мэс заслыг хэвлийн зүслэгээр хийхээс аргагүйд хүрсэн, компьютер томографийн аппарат ажиллахгүй удсан зэрэг ноцтой нөхцөл байдал үүссэн талаар эмч нар мэдээлсэн. Тархины цус харвалт, зүрхний шигдээстэй өвчтөнүүд ирж байхад оношилгооны үндсэн төхөөрөмж доголдолтой байгаа нь лавлагаа шатлалын төв эмнэлгийн хувьд байж боломгүй асуудал юм.

Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбатын мэдээлснээр, тус тасаг 24 ортой ажиллах хүчин чадалтай ч одоогоор 12 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Яаралтай тусламжийн 12 ор засварт орж, найман сар үргэлжилсэн ч бүрэн хүлээлгэн өгөөгүй нь ачааллыг эрс нэмэгдүүлжээ. Ийм нөхцөлд удирдлагын тогтворгүй байдал давхар нөлөөлж, эм, багаж хэрэгслийн өдөр тутмын хангамж, зохион байгуулалт доголдож байгааг тэр хэлсэн юм.

Төсөв батлагдаж, худалдан авалтын төлөвлөгөө ТУЗ-өөр орж, саналууд хүргэгдсэн ч яг хэрэгжилтийн шатанд удирдлагын сэлгээ явагдсанаар шийдвэрүүд гацаж, тасралтгүй ажиллагаанд саад болж байна. Санхүүгийн урсгал удааширснаас ариун цэвэр, халдвар хамгааллын хэрэгсэл, зайлшгүй шаардлагатай нөөц тасалдах бодит эрсдэл үүссэнд эмч, ажилтнууд халаглаж буй юм.

УНТЭ бол улсын хэмжээнд хамгийн хүнд, яаралтай тохиолдлыг хүлээн авдаг төв байгууллагын асуудал. Удирдлагын тогтворгүй байдал, улс төрийн нөлөөлөл, албан тушаалын зөрчил эцэстээ эмч, сувилагчдын ажлыг хүндрүүлж, улмаар иргэдэд очих үйлчилгээний чанар, хүртээмжид шууд нөлөөлж байна.

Эмнэлгийн дарга солигдох бүрт бодлого тасалдаж, өмнөх шийдвэр хүчингүй болж, шинэ хүн дахин “тэгээс” эхэлдэг тогтолцоо эрүүл мэндийн салбарт байж болшгүй үзэгдэл. Тогтвортой удирдлага, мэргэжлийн бие даасан шийдвэр гаргалтгүйгээр лавлагаа шатлалын төв эмнэлэг хэвийн ажиллана гэдэг боломжгүй.

Тиймээс салбарын сайд, өмнөх болон одоогийн удирдлагуудын улс төрийн маргаан, нөлөөллийн тэмцэл эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд нөлөөлөх ёсгүй. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг тогтворжуулах, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хууль ёсны дагуу бүрдүүлэх, санхүүгийн болон худалдан авалтын шийдвэрийг шуурхай болгохгүй бол өнөөдрийн хүндрэл маргаашийн илүү ноцтой хямралд хүргэх эрсдэлтэй.

Эцсийн дүндээ, албан тушаалын “зодоон”-ы үнэн нүүр царай нь эмнэлгийн коридорт хүлээж буй өвчтөн, оношилгооны хариугаа хүлээсэн ар гэрийнхэн дээр илэрч байна. Улс төрөөс ангид байх ёстой салбарын золиос нь иргэд байж таарахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

Иргэн 2026-03-03 66.181.184.108

Мөнхсайхан одоо зүгээр л эмчээ хийгээд явалдаа

Avatar

Зочин 2026-03-03 202.170.66.100

Эрүүл мэндийн яамны тнб дарга Очирбат гэж авилга авах гэж ажил гацаадаг цаддаггүй өлөн луйварчин байгаа цагт энэ салбар өөдлөхгүй шүү. Дээр нь Чинбүрэн, Мөнхсайхан хоёрын хувийн хорсол тэмцэл энэ салбарын ажлыг жигд явуулахгүй гацааж самарч байна даа.

Avatar

Нэргүй 2026-03-03 202.9.46.49

Ж.Чинбүрэн сайд болоод хийж байгаа юм юу байна.

Avatar

ИРГЭН 2026-03-03 66.181.184.114

Энэ хоёр МАН мафиуудыг хараад энэ сэдвийг уншсангүй ойлгомжтой! МАН мафиууд хулгайгаа булаалдаж байгаа нь ойлгомжтой!!! МАН Монгол улсын бүхий л салбарыг бузартуулсан нам мөн!

Avatar

Махны худалдагчаа одоо боль 2026-03-03 202.126.89.75

Мөнхсайхан гэж өөртөө дурлачихсан өөрийгөө л сайд гээд бодчихсон махны худалдагч залуучуудыг араас нь хатгаад, өмнөх хойдох сайдууд руугаа бүх луйвраа чихээд, сайд нараа ажлыг нь хийлгэхгүй байх юм болиоч. Арслан.мн гээд баахан сайтыг мөнгө болон биeрээ базчихсан. сайдуудын эсрэг снвүүлээд байх юм.

Avatar

Нэргүй 2026-03-03 59.153.114.122

Сайн эмч заавал сайн сайд байна гэж байхгүй!! Харин ч Баабарын хэлснээр "мэргэжилтэн царайлаад" удирдaж (мэнэжмент) чаддаггүй?!

Avatar

Нэргүй 2026-03-03 122.201.27.148

Эрүүл мэндийн салбар үнэхээр хэцүү болж бна.Дотор нь ажилладаг хүний хувьд хэлэхэд дарга болон удирдлагын багийн хэдэн хүн самарч бна.Чадвартай чадалтай хүмүүс нь залхаж ч бна даа.Улс төрчдийн нэр бариад л сүйрүүлж бна даа. Арай ч ийм байгаагүй .Өндөр хөгжилтэй оронд 3 жил тутам дотроос нь сонгон шалгаруулт хийж томилоод эмнэлэг нь хөгжөөд бдаг юм бна лээ.

Avatar

Нэргүй 2026-03-03 203.23.49.145

дампуу буруу хүнлэг бус бохир бизнэс ёрын салбар болгож хувиргасан эрүүл бус салбар болоод удаж байна доо

Avatar

Ахмад настан 2026-03-03 103.229.120.254

Хүнд эрүүл мэнд эрхэм болохоос эд мөнгө чухал биш манай улсад хүн өлсөөд байхгүй чинбүрэн сайд болсоноос хойш 1 р эмнэлэг хөгжихөө байлаа Мөнхсайхан дарга байхдаа эмнэлэг шиг эмнэлэг болгосон нарийн шинжилгээ хийлгэдэг байнга хяналтанд байдаг өвчтөнүүд уусмал байхгүйн улмаас шинжилгээгээ ч өгч чадахгүй эмийн тунгаа ч тохируулж ууж чадахгүйд хүрсэн ингэж тасарч байгааг арван хэдэн жил хараагүй юм байна.

Avatar

Эмч 2026-03-03 202.126.89.75

мөнхсайхантай жгтчихсан юм уу

Avatar

Нэргүй 2026-03-03 202.9.40.214

,Эмнэлгийн дарга нар улс төрийн албан хаагч биш шүү. та нарын ашиг сонирхлоос болж иргэд, өвчтөнүүд хохирсоор байх уу? албан тушаалын шуналтнууд, хулгайчуудаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж