niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-24 11:01 UTC Source: https://news.mn/r/2852288/ ff97634bf84ca8c3… ← back to niitlelch.mn

"Монгол Улс тэргүүлэх эдийн засагтай улс болно гэдэг эргэлзээтэй"

"Монгол Улс тэргүүлэх эдийн засагтай улс болно гэдэг эргэлзээтэй"

"Монгол Улс тэргүүлэх эдийн засагтай улс болно гэдэг эргэлзээтэй"

Эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрх баригч намын Бага хурал өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6,8 хувийн үзүүлэлтэй гарсан нь Азидаа төдийгүй дэлхийд өсөлтөөрөө тэргүүллээ. Энэ нь улсын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна гэсэн үг. Тоо худлаа хэлдэггүй" гэдгийг тодотгож хэлсэн. Эдийн засагч хүний хувьд дээрх дүгнэлттэй санал нийлж байна уу?

-Цөөн үзүүлэлтээр улс орны эдийн засаг сайжирсан гэж хэлэх боломжгүй. Жишээ нь, эдийн засгийг зөвхөн ДНБ -ийн өсөлтөөр дүгнэх боломжгүй.  Монгол Улсад өнгөрсөн 2025 онд бодлогын хүү буураагүй, өр орлогын харьцаа зэрэгт өөрчлөлт оруулж мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байгаа нь эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүй гэдгийг илэрхийлнэ. Уг бодлогуудыг яагаад хэрэгжүүлж байна гэвэл иргэдийн зээл их хэмжээгээр өсч байгаатай холбоотой өрийн дарамт, зээлийн давхардлыг багасгах зорилготой. Тэгвэл яагаад эдгээр зээл нь өсөөд байна гэхээр, иргэдийн олж байгаа орлого нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй зээлийг зээлээр эсвэл зарлагаар нэмэлт зээл авч санхүүжүүлж байна.

Ингэснээр иргэд, өрхүүдэд ирэх өрийн дарамт өссөн. Мөн хувийн хэвшил буюу ААН-ийн үйл ажиллагаа хумигдан, олон аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж байна. Ингэж эдийн засаг уруудаж хумигдаж байхад УИХ болон Засгийн газрын түвшинд хувийн хэвшлийг дэмжсэн томоохон өөрчлөлт хийсэнгүй.

Хувийн хэвшил бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн хуулиудыг хэлэлцээгүй учраас дэмжих бодлогууд үгүйлэгдэж байна.

Гадаад нөхцөл байдал муудаж байгаа энэ үед хувийн хэвшлийнхээ бизнесийн үйл ажиллагааг нь дэмжсэн бодлогууд дээр анхаарах шаардлагатай. Геополитикийн нөхцөл байдал өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа энэ үед Монгол Улсын суурь нөхцөл байдал амаргүй байна. Өрийн нөхцөл байдал, хувийн хэвшлийн үйл ажиллагаа доголдож байхад тэргүүлэх эдийн засагтай улс болно гэдэгт эргэлзэж байна.

–Засгийн газар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрт хүргэх зорилготой цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч бодит амьдрал дээр эдийн засгийн өсөлт айл өрхүүдийн үүд хаалгаар орохгүй байгааг иргэд хэлж байна. Ард түмний амьдрал 300 хоногт сайжирч, ахиц гарах болов уу?

-Бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ богино хугацаанд үр дүнгээ өгнө гэж байдаггүй юм. Тэгээд ч айл өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд олон ажил хийх шаардлагатай. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой тул шууд шийдээд явах боломжгүй. Мөн шууд нөлөө үзүүлэх боломжгүй хүчин зүйлс бас бий. Зарим нэг жишээ татвал, ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, инфляцийг тогтвортой барих гэх мэт маш олон ажлыг хийх хэрэгтэй байна. Ялангуяа бичил, жижиг дунд үйлдвэрлэл  эрхэлж байгаа хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд харин ч энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн орон зайг хумьсан шийдвэрүүд шил дарааллан гарсан.

Тухайлбал, ТҮЦ ажиллуулдаг хүмүүсийн үйл ажиллагааг зогсоосон. Гадаадын улс орнуудад энэ төрлийн бичил бизнес байсаар л байна. Үүнийг зах зээл нь өөрөө шийддэг буюу эрэлт нийлүүлэлтээр зохицуулдаг. ТҮЦ -ийг байхгүй болсноор сонин борлуулах цэг, ширхгийн худалдаа гэх мэт иргэний орлогод нь тохирсон үйлчилгээ байхгүй болсон.

Бас нэг жишээ бол хуучин байруудыг нурааж том өндөр барилгууд барьж буй явдал. Ингэснээр подваль, нэг давхруудад эрэлттэй байдаг оёдол, гутал засвар, үсчин, түлхүүр олшруулах газар зэрэг үйлчилгээг боломжийн үнээр авах боломжтой байсан нь хумигдсан. Эдгээр барилгыг нураагаад шинээр барьсан өндөр барилга дотор үнэтэй үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Түрээслээд ашигтай ажиллах буюу түрээс, цалин, ашиг олох боломжтой юу гэвэл бараг үгүй. Харин эдгээр үйлчилгээ нь хүмүүст ойр байх шаардлагатай байдаг. Яав ч 300 хоногт ард түмний амьдрал сайжирна гэж байхгүй.

-Мөн валютын нөөц долоон тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оноос 1,5 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолсон. Энэхүү өсөлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж тайлбарлаад байгаа?

-Валютын нөөц нэмэгдүүлсэн нь сайн хэрэг. Энэ нь төгрөгийн ханш сулрахад хэрэгтэй. Ер нь бол Монголын эдийн засаг импортоос хараат байдаг тул валютын эрэлт өндөр байдаг. Тиймээс ч валютын нөөц их байх шаардлагатай. Валютын нөөц нэмэгдсэнээр гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй. Гадаад хөрөнгө оруулалт татахын тулд хууль эрх зүйн орчин бодлого хэрэгтэй. Үүнийгээ тогтвортой тууштай хэрэгжүүлэх нь чухал. Мөн  хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд олон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчсөн, зөвхөн нэг орных ч биш олон орнуудын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон. Үүнийг засч залруулахгүйгээр хөрөнгө оруулалт татах хэцүү байх болов уу.

-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр хэлэлцэж байна. Энэ сарын 15-нд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Зарим улстөрчид хаврын чуулганаар Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийнэ гэж ярьж эхэллээ. Төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдсэн үү?

-УИХ-аас баталсан төсөв нь бодит эдийн засгийн нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа тул төсвийн тодотгол хийж таарна. Төсвийн орлого багасах нөхцөл байдалтай байгаа тул зарлагаа ч гэсэн танах шаардлага үүссэн гэж харагдаж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дөрөвдүгээр сард иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг буюу 63 мянган төгрөг тараана гэдгээ мэдэгдсэн. Бэлэн мөнгө тарааснаар эдийн засаг, инфляцид хэрхэн нөлөөлөх бол?

-Ер нь бол 1072 хувьцааны ногдол ашиг тараах хэмжээний төсөв байхгүй. Ногдол ашиг өгөх юм бол нэмэлтээр өр зээл тавьж байж л шийдэх боломжтой. Нөгөө талаасаа өнөөдөр нэг хүнд 63 мянган төгрөг өгснөөр тухайн хүний амьдралд томоохон нөлөө үзүүлэх боломжгүй. Инфляцийг л хөөрөгдөх үр дүн гарна. Харин тэгсний оронд тэр мөнгөө 3,5 сая хүн амаа үржих нь 63 мянгаар үржвэл шинэ цахилгаан станцаа барих, сургууль эсвэл цэцэрлэг барих, эсвэл зам барьж байгуулаад бидний амьдралд өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэл илүү үр дүнтэй. Өнөөдөр түгжрэлд бид хийж бүтээх амьдралынхаа хэдэн цагийг үрж байна. Өөрөөр сэтгэж шинэ зүйлс хиймээр байна. Нөгөөх л байдгаараа нэг хэлбэрийн мөнгө тараах гэж байгаа нь буруу.

-Энэ жил Засгийн газраас тэтгэврийг 80 мянгаар нэмсэн нь хангалтгүй гэж ахмадууд үзэн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж тэтгэврийг 2026 ондоо багтаан 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьж байна. Хэр бодитой шаардлага гэж харж байна вэ?

-Ер нь бол бодит гэж харж байгаа. Тэтгэвэрт гарсан хүмүүс хэдэн төгрөгийн тэтгэвэр авч байгаа талаар тооцоо судалгаа хийх хэрэгтэй. Бас дотор нь ангилж харах хэрэгтэй. Тэгэхгүй бүгдийг нь нэг тогоонд шийдчихдэг. Гэтэл бас хөдөлмөрийн хөлснөөс доогуур тэтгэвэр олон жил авсан хүмүүс байгаа шүү дээ. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ойролцоогоор 800 мянган төгрөг болсон. Тэгэхэд түүнээс доогуур хэмжээний тэтгэвэр авч байгаа хүмүүс ч байна. Эдгээр хүмүүсийн тэтгэврийг 80 мянгаар нэмээд томоохон өөрчлөлт гарахгүй. Саяхан цагаан сар болж өнгөрлөө. Ахмад настнууд 800 мянган төргөгийн тэтгэвэр авч, бүтэн жил хуримтлал үүсгэн цагаан сараа хийж чадах уу гэвэл үгүй. Тэтгэврийн 800 мянган төгрөг нь амьжиргаанд нь хүрч байвал их юм. Тийм болохоор үүн дээр тооцоо судалгаа гаргаж байгаад дорвитой өөрчлөлт буюу нэмэх хэрэгтэй.

-Засгийн газраас Татварын багц хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл эдгээр хууль хэрэгжих хугацаа 2027 оноос наашгүй. Нийгэмд энэ хуулиудыг баталчихвал бүх асуудал нэг зэрэг шийдэгдэх юм шиг хүлээлт үүсгэж байна?

-Татварын багц хууль, Эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төсөл боловсруулаад бараг нэг жил өнгөрлөө. Нийгэмд томоохон хүлээлт бол бий болчихсон байгаа. Аль аль хуульд дутуу зүйл олон байна. Татварын багц хуульд гэхэд газрын татварын талаар ороогүй. Батлагдсанаар бүх асуудал шийдэгдэхгүй, тодорхой асуудал салбаруудад зөвшөөрөл зохицуулалтууд байсаар байх болно. Татварын багц хууль батлагдлаа гэсэн ч 2027 оноос хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр бодлогын түвшинд хэрэгжүүлж эхэлснээр бодит үр дүнгээ өгтөл 2028, 2029 оноос наашгүй.

Нөгөө талаасаа Монгол Улсад тулгамдаж байгаа томоохон асуудлуудын нэг бол хуулийн хэрэгжилт. Хууль эрх зүйн орчин харьцангүй гайгүй мөртлөө хэрэгжилт тал дээр тун дутагдалтай байдаг. Өнөөдрийн бидний өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол хэрэгжилт. Хууль баталж, яриад л байдаг хэрэгжилт тэг хувьтай гэхэд хилсдэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

Avatar

Нутгийн уугуул 2026-03-03 66.181.179.97

Манай энэ хэдэн эдийн засагч нэртэй нөхөд улс орны хөгжилд дорвитой зөвлөмж өгдөггүй, тус дэм байхгуй хирнээ сав л гарвал үргэлж эргэлзэж байдаг, шүүмжилж байдаг ёрын амьтад шүү. Монгол хүн амны бэлгээр гэдэг дээ.

Avatar

Нэргүй 2026-03-03 103.57.95.197

тааруухан ярилцлага болжээ

Avatar

з 2026-03-03 66.181.183.139

Худлаа ш**. үлгэр.

Avatar

Иргэн 2026-03-03 122.201.19.99

Болно доо

Avatar

Нэргүй 2026-03-03 103.57.95.197

баруун Европт л лав Түц байтугай 8 нэрийн дэлгүүр байдаггүй юм билээ. Хүний эрүүл мэнд 1 номерт байх ёстой учраас тэр. Ер нь зуны +35 градусын халуунд ил тавьсан хүнсний бүтээгдэхүүн хор л болдог!!!

Avatar

Нэргүй 2026-03-03 202.126.90.182

МАН д гишүүнээр элсэж бгаа бузруудыг хараарай, хүн алахаас буцахгүй дан хулгайчид!!!

Avatar

Нэргүй 2026-03-03 202.126.90.182

Хятадаас импортын хараат байдлаар дэлхийд 2т буюу Камбожийн ард явна манай улс!!! Оросуудын гаргасан судалгаагаар. Хилийн газар нутгаас зөндөө алдсан бна орос хятадад!!! говиор маш их хятадууд амьдарч байна.
МАН Монголыг зарж байна, Монгол улсын аюулгүй байдалд заналхийлж байна!!!

Avatar

Нэргүй 2026-03-03 66.181.184.238

ЕС маань Онигоо л ярьсан байлгүй дээ?

Avatar

Нэргүй 2026-03-03 188.162.249.137

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2026-03-03 202.9.46.169

Төрд хулгайч нар байхад юун тэргүүлэх эдийн засаг вэ. Эргэлзэх юм байхгүй.

Avatar

иргэн 2026-03-03 202.126.88.73

өвчтэй, солиотой юм уу ?

Avatar

us 2026-03-03 66.181.178.39

odoo ungursuun… naidaad xereggui ee

Avatar

хөгжиж 2026-03-03 66.181.161.172

эхлэхийн тулд зөв зүгт хөдөлж эхлэх ёстой… буруу замаар явж бгаа тул тул юуных нь тэргүүлэгч э\з …. нүүрс нтр гээд хэдэн тоо бол түр зуурын үзэгдэл… хамгийн чухал зүйл нь жинхэнэ боловсролын суурийг тавих ёстой юм… бид бусдаас хэдэн зуун жилээр хоцорч явна… бидний одоо бгаа боловсрол гээд бгаа зүйл бол хууран мэхлэлт… хэдэн малын ачаар л явж бн…. бусад нь хоосон… хэрэглээ… бусдын хийсэн сайхан машин унаж бн… бусдын цахилгаан хэрэглэж бн… бусдын хүнсээр дүүрсэн дэлгүүр…

Avatar

зочин 2026-03-03 66.181.190.37

+Манайх шиг жижиг орон хэрэгцээт бүх зүйлээ дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, гадаадын хүчирхэг орнуудтай өрсөлдөхөд бас хүнд,Гэхдээ боломж хайвал,зүтгэл байвал зөв явбал,бусад зарим орон шиг хөгжих боломж мэдээж бий, Хамгийн гол нь нэн түрүүнд улс төрийн тогтвортой байдал чухал,Хэсэг бүлэг болоод өөр хоорондоо дайн зарлаад үл бүтэх этгээдүүд төрд гараад байвал улс орон яаж урагшлах юм,Украин шиг улс орноо бүүр сүйрүүлж ч болзошгүй

Avatar

Нэргүй 2026-03-03 103.229.120.38

kk bas buurunhiilj helsen bna,. ugaasaa bolomjgui geed shuud heleh hergetei

Avatar

Нэргүй 2026-03-03 138.252.29.4

тэр үлгэр

Avatar

Иргэн 2026-03-03 103.57.92.195

Шашны сургаал, ёс заншлын хуулиар олон үеэрээ амьдарч ирсэн нүүдэлчид цаасан дээр бичсэн хуулийн зохицуулалтад захирагдах болтол нэлээн цаг хугацаа шаардагдана.

Avatar

zochin 2026-03-03 202.9.47.101

hulgaichuudaas salj chadval terguuleh bag gehed ard tumen ni davgui amidraltai bolj bolno

Avatar

Монголчууд бид 2026-03-03 202.70.43.34

Нийгмээрээ нэг 7 хоногт Батсуурь аварга, нэг 7 хонгогт Нара, нэг 7 хоногт нь Ираны, Украйны дайн ярьж шагшран, муулж, сайлж Цагаа дэмий үрж Зорилгогүй амьдарч, Нйигэмээрээ хэрэггүй Машин, Гар утас, элдэв Тансаг бараанд Мөнгөө үрсээр байвал Улс орон хэзээ өөдлөн урагшилах вэдэээ….. Асуудлыг томоор харж, Агуулгаар нь ойлгож, мөнгөө Боловсрол, Эрүүл мэнд, Дэд бүтэц зэрэг хэрэгтэй зүйлд зарж ухаалаг аж төрмөөр бна лдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж