Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан бөгөөд өнөөдөр /2026.3.2/ “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр” үндэсний форум-2026 хэлэлцүүлгийг салбар яамнаас Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир салбарын бодлого, тоо баримтыг танилцуулав.
Тэрбээр “2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн амын 1.5 сая нь ажиллах хүчний ангилалд хамаарч, 1.4 сая хүн ажил эрхэлж байна.
Ажилгүйдлийн түвшин 5.6 хувь, ажиллах хүчний оролцооны түвшин 62.3 хувь байгаа ч залуучуудын ажилгүйдэл улсын дунджаас 2.7 дахин өндөр, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо эрэгтэйчүүдээс 16.4 хувиар бага, дундаж цалингийн хүйсийн зөрүү 17.4 хувьтай хэвээр байна. Мөн хөдөө аж ахуйн бус салбарт ажиллагчдын 20.8 хувь нь албан бус хөдөлмөр эрхэлдэг.
2025 оны эцэст эдийн засгийн бодит өсөлт 6.8 хувьд хүрч, 2026 оны нэгдүгээр сард экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь эдийн засгийн төрөлжилт эрчимжиж байгааг харуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд 39 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1500 орчим ажлын байр бий болсон бол Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарт 8000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор тооцоолж байна. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. “Халамжаас хөдөлмөрт” бодлогыг бодитой хэрэгжүүлэх, кейс менежментийн аргачлал нэвтрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллана” гэв.

2026-2027 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг баталж, 106.6 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулан 103.2 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Үүнд өрхийн амьжиргааг дэмжих шинэ хөтөлбөрөөр 5000 өрхийг хамруулах, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох зэрэг арга хэмжээг багтаажээ. Мөн “Бүтээмжийн мастер төлөвлөгөө”-г боловсруулж, ДНБ-д эзлэх цалингийн хувийг 37.2 хувиас 50 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн, бүтээмж ба цалин хөлсний уялдааг хангах бодлогыг хэрэгжүүлнэ. Салбар хоорондын бодлогын уялдаа, хамтын ажиллагааг чухалчилж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах, мэргэжил ур чадварын зөрүүг бууруулах, үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд ажиллах хүчнийг бэлтгэх, ажлын байранд дадлагажуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Форумд төрийн байгууллагын 50, олон улсын байгууллагын 50, нийгмийн түншлэлийн болон төрийн бус байгууллагын 50, боловсрол, сургалтын байгууллагын 50 төлөөлөгч, мөн 200 ажил олгогчийн төлөөлөл оролцов. Оролцогчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, ур чадварын нийцэл, технологийн нөлөө, ирээдүйн ажлын байрны чиг хандлага зэрэг асуудлыг панел хэлэлцүүлгээр хөндөн ярилцаж, бодлогын болон практик шийдлийн талаар санал дэвшүүлэв.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ
3,607.57





















































z 2026-03-02 202.126.88.65
atsnuud yj mungu hulgailah yu gj hud shaajaa sn medhiimdaa
Нэргүй 2026-03-02 66.181.190.93
ажил хөдөлмөр эрхлэх чадвар бүхий бүх хүмүүсийг нас харгалзахгүй ажил олгох хэрэгтэй. богино цагаар ажиллах чадвартай хүсэлтэй хүмүүс олон байдаг шүү. ингэснээр амьжиргаагаа дээшлүүлж бас улсаа хөгжүүлэх бололцоотой