Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

“Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер, доктор Д.Оюунбадамтай ярилцлаа.
–“Нээлттэй нийгэм форум”-ын судлаачид нийслэлийн 2026 оны төсөвт тойм дүгнэлт хийсэн. Нийслэлийн 2026 оны төсөв нээлттэй, ил тод байх шаардлага хангаж байна уу?
-Нийслэлийн төсвийн ил тод байдал хангалтгүй байна гэж үзэж байгаа. Төсвийн төслийг иргэд, олон нийт олж авахад аль болох хялбар байдлаар ил тод байрлуулах ёстой. Гэтэл 2026 оны төсвийг батлах хугацааг дөхүүлж байгаад, олж уншихад төвөгтэй байдлаар байрлуулсан. Төсвийн төслийг скайнердсан файлаар оруулсан нь шуурхай дүн шинжилгээ хийх боломжгүй, нэр төдий ил болгосон гэж дүгнэж байгаа. Мөн нийслэлийн төсөвт хяналт тавих ёстой Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/төсвийн төслийг 1-2 удаагийн богино хэлэлцүүлгээр баталдаг зэрэг аль болох олон нийтийн хэлэлцүүлгээс зайлхийсэн нь харагдаж байгаа.
Ерөнхийдөө нийт зарлага гэхэд л бараг 5 их наяд төгрөгт хүрээд байгаа ч нийслэлийн төсөв улсын төсвөөс ч илүү хаалттай байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зардал бараг 3 их наяд төгрөгт хүрсэн нь улсын төсвийн нийт хөрөнгө оруулалттай тэнцэх хэмжээ юм. Тэгэхээр нийслэлийн төсөвт ил тод байдлыг хангуулж, олон нийтийн хяналт тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж болно.
-Хуулийн дагуу улс, орон нутгийн төсвийг батлахын өмнө нийгмийн бүх төлөөллийн оролцоог хангасан олон нийтийн хэлэлцүүлгийг хийх ёстой. Иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт хэлэлцүүлэгт оролцоогүй юу?
-Нийслэлийн 2026 оны төсвийг батлахад олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн гэж байгаа. Гэхдээ энэ чиглэлээр ажилладаг судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулаагүй. Цөөн тооны иргэдийг хамруулсан. Тиймээс төсвийн төслийнхөө хэлэлцүүлгийн чанарыг сайжруулж, мэдээллээ илүү нээлттэй өгөх шаардлагатай. Иргэдийн амь амьжиргааг шийдвэрлэх зарим хуулийн төслийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлдэг шиг төсвийн төсөл дээр ч мэдээллээ өргөн хүрээнд өгөх ёстой. Ер нь нийслэлийн Засаг дарга нь ИТХ-д төсвийн төслөө өргөн барьсан гэдэг мэдээ гаргахтайгаа зэрэгцэн цахимд төсвийн төслөө ил болгочих хэрэгтэй. Маш товчхон, ерөнхий мэдээ гаргаад өнгөрдөг. Энэ мэт байдлыг засаж, нийслэл татвар төлөгчдийн хөрөнгийг юунд зарцуулж буйгаа шуурхай, ил тод болгоход онцгой анхаарах шаардлагатай гэж харж байна.
УИХ-аас 2023 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн төслийг боловсруулах явцад салбар болгоноор олон нийтийн хэлэлцүүлэг хийхээр тусгасан. Үүний дагуу 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг хийх явцад төлөвлөлтийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа нь ажиглагдсан. Ерөнхий байдлаар мэдээлэл өгч, хэлэлцүүлсэн нь учир дутагдалтай.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"МОНГОЛД ОРОСЫН БАНК САЛБАРАА НЭЭВЭЛ ХОХИРОЛ ДАГУУЛНА"

Эдийн засагч А.Цагаанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр 2025 оны эцсийн гүйцэтгэлээр эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсан. Үүний 40 хувь буюу 2.9 хувь нь хөдөө аж ахуйн өсөлт эзэллээ гэж мэдээлсэн. Гэтэл ард түмний амьдрал дорой байгааг иргэд хэлж байна. Засгийн газраас эдийн засгаа сэргээх чиглэлд хэр анхаарч, арга хэмжээ авч байна гэж та хэлэх вэ. Эдийн засагч хүний хувьд 2026 оны эдийн засгийн төлөвийг хэрхэн дүгнэж байна?
-Миний хувьд Ерөнхий сайдтай доорх хэдэн үндэслэлийн хүрээнд санал нийлэхгүй байна. Ерөнхий сайд бол хариуцлагатай албан тушаалтан. Тэр утгаарааа эдийн засгийн нөхцөл байдал ард түмний байдлыг мэдээлэхдээ хариуцлагатай хандах хэрэгтэй. 2025 онд ам.доллар, юанийн ханш тус бүр 15-20 хувь өссөн, Төв банкны бодлогын хүү 12 хувь хэвээр байгаа. Сонгуулийн үеийн буруу шийдвэр болох хоршоололыг дэмжих зээлийн санхүүжилт, импортын улаан буудайн хоригийг цуцалсанаас болж Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар хүнд цохилтод орсон. Үүнийг яаралтай засах бодлого гаргах шаардлагатай.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам маань Дарханд байх уу, Улаанбаатарт байх уу гэдэг хамгийн том маргаан болоод байгаа нь харамсалтай. Бид малын гоц халдварт өвчлөлөө хэзээ дарж, мал аж аж ахуйн бүтээгдэхүүнээ чөлөөтэй экспортолж эхэлнэ. Тэр цагаас л Монголд уг салбар хөгжих болов уу.
Монгол Улс хуурай сүүний хэрэглээнийхээ 60-70 хувийг импортоор оруулж ирдэг. Олон улсын зах зээл дээр хуурай сүүний үнэ 2564 ам.долларын үнэтэй байна. Энэ нь дотооддоо үйлдвэрлэж буй шингэн сүүний үнээс даруй 25 хувиар хямд байгаа юм. Элсэн чихэр гэхэд олон улсын зах зээл дээр 500-600 ам.долларт хэлбэлздэг бол одоо 427 ам.доллар буюу дундаж үнээсээ буурсан байгаа. Мөн дэлхийн бүх түүхий эд, материалыг хэмждэг газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр тогтворжиж, 55-60 ам.долларт хэлбэлзэж байна. Газрын тосны үнэ цар тахлын үеэр 70-80 ам.долларт хүрч байлаа. Би яагаад энийг яриад байна вэ гэхээр дэлхий дахинаа цар тахал, дайны үед түүхий эд, материал өндөр ашигтай байсан үед Монгол Улс нийлүүлэлтээ сайн хийж чадаагүй, маш муу ажилласан. Дэлхийд болж буй тогтворгүй байдлын үед олдсон боломжийг ашиглан бид нийлүүлэлтээ ихэсгэж чадаагүй. Шалтгаан нь шийдвэргүй байдал, дотоодын улс төрийн маргаан, хил холболт гэх мэт асуудлаас болсон.
Эргээд манай зах зээл дээр түүхий эдийн үнэ тогтворжих гэхээр нэгэнт хожимдсон бага үнэтэй /нүүрсний/ экспортоос улбаалж борлуулалтын орлого багасч байна. Мөн дэлхий даяар ам.долларын инфляци өндөр хэвээр байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн маш их алдагдал хүлээсээр байна. Ер нь дэлхийн геополитикийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаас нь асуудалд хандахгүй, бүх зүйлд хожимдож хариу үйлдэл үзүүлж байгаа нь өнөөгийн муудсан эдийн засгийн байдлын нэг гол шалтгаан болж байна.
–Энэ онд олон улсын геополитикийн үр нөлөө хэрхэн Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх бол. Жишээлбэл, нефтийн бүтээгдэхүүний тасалдал үүсэх эрсдэл бий гэдгийг хөндлөнгийн судлаачид хэлж байгаа шүү дээ?
-Нефтийн бүтээгдэхүүний хувьд энэ жил дахин тасрах бүрэн магадлалтай. АНУ болон Ираны маргаан тодорхой шийдэлд хүрээгүй. Мөн Украин, Оросын нөхцөл байдал маргаантай хэвээр байгаа. Монголын засгийн газар хэдийгээр нефть боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа ч ойрын дөрвөн жил буюу ирэх сонгуулиас өмнө амжилттай болох эсэх нь эргэлзээтэй байна.
Гадаад нөхцөл байдлын хувьд, 2026 он гараад л дэлхий даяар бужигналаа.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэртэй холбоотой “шок”-ууд дэлхий даяар ойрын хэдэн жилдээ үргэлжлэх нь тодорхой байна. Олон улсын зах зээл дээр зэсийн үнэ 9100 ам.доллар, алтны үнэ 4000-5000 ам.доллар, нүүрсний үнэ 70 ам.доллартай байна. Монголын эрх баригчид нүүрсний үнийг 80 ам.доллараар төлөвлөсөн. Миний хувьд, улсын төсвийг бодохдоо ганцхан нүүрсний үнэ гэхгүйгээр Монгол Улсад хэрэгтэй бараа таваарын үнийг онцолж хардаг. Монголчууд нүүрсний үнэд их ач холбогдол өгдөг ч, үнэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эсвэл Ерөнхий сайд Г.Занданшатар авч хэлэлцэхээр олон улсын нүүрсний зах зээлийг үнэд нөлөөлөл орж, өөрчлөх боломж огт байхгүй. Монгол Улс дэлхийн нүүрсний зах зээлийн нэг хувьд ч хүрэхгүй нийлүүлэлтийг хийдэг.
Тэгэхээр одоо Монгол Улсын хувьд, ганц үлдсэн гарц нь төсвийн зардлаа танаж, эдийн засгийн хүндрэлээсээ гарах л шийдэл байна. Ганцхан нүүрсний орлогод найдаж, ирээдүйгээ төсөөлөн улсын төсвөө баталж байгаа нь маш буруу. Тэрний оронд улсын төсвийн зардал болон зарцуулалтдаа илүүтэй анхаарч ажиллах ёстой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"МАНСУУРУУЛАХ ЭМИЙГ НЭГ УДАА ХЭРЭГЛЭХЭД Л НАСАН ТУРШИЙН ДОНТОГЧ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ"

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулах арга хэлбэрүүд хурдацтайгаар өөрчлөгдөж, нийгмийн бүхий л давхаргад хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас анхааруулах болсон. Иймд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, худалдаатай хэрхэн тэмцэж байгаа талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуутай ярилцлаа.
-Засгийн газрын 2025 оны тогтоолоор Хар тамхитай тэмцэх газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Хар тамхитай тэмцэх алба болгон өргөжүүлсэн. Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулах ажилтай хэрхэн тэмцэж байна вэ ?
–Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 90 дугаар тогтоолын дагуу Хар тамхитай тэмцэх газрыг өргөжүүлж, Хар тамхитай тэмцэх алба болгосон. Алба болж өргөжсөнөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон гадаад, дотоод хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл байдал бүрдсэн. Тухайлбал, 2025 оны долдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 223 гэмт хэргийг илрүүлж нийт 212 холбогдогчийг шалган 93 мянган хүн хэрэглэх нэг удаагийн бодисыг хураан авсан.
Хар тамхитай тэмцэх албаны үндсэн гол үүргийн нэг нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчийн гарт очихоос урьтаж сэргийлэх арга хэмжээг авч шуурхай ажиллах. Хэрэв 223 гэмт хэргийг алба хаагчид илрүүлээгүй бол 93 мянган хүн хэрэглэх нэг удаагийн бодист мансуурах иргэд нэмэгдэх байсан.
-Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон үед ямар төрлийн ял шийтгэл оногдуулдаг вэ?
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулна.
Харин улсын хилээр уг төрлийн бодисыг нэвтрүүлэх үйлдлийг хийсэн үед 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулдаг.
Мөн Эрүүгийн хуулиас гадна Зөрчлийн хуулиар уг асуудлыг давхар шийдвэрлэж ирсэн. Тухайлбал, Зөрчлийн тухайн хуулийн 5.1 дугаар зүйлд зааснаар мансуурсан этгээдэд Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэлгүйгээр 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Харин зохион байгуулалттай гэмт бүлэг мансууруулах бодис тээвэрлэсэн, борлуулсан зэрэг үйлдлх хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэдэг.
Ер нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь зөвхөн хууль зөрчлийн асуудал биш. Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, ирээдүй хойч үеийн хамгаалалтын асуудал юм. Тийм учраас төр, иргэн, гэр бүл, нийгмийн бүх түвшинд хариуцлагатайгаар тэмцэх шаардлагатай байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ШОГ ЗУРГАА ХАРААД ИНЭЭЖ, БАЯРЛАЖ БАЙГАА ХЭР НЬ ДОТРОО ЗЭВҮҮЦЭХ НЬ ОЛОН"

Шог зураач Р.Гал-Одтой шог зургийн урлагийн онцлог, илэрхийллийн өвөрмөц арга барил, түүний уран бүтээлийн үзэл санаа, утга агуулга, нийгэмд хүргэх гэсэн өгүүлэмжийнх нь талаар ярилцлаа.
– Сүүлд оролцсон тэмцээнийхээ сонин хачнаасаа хуваалцаач?
-БНСУ-ын шог зураачид 2016 оноос хойш Сөүл хотод “KOSCA” нэртэй тэмцээн зохион байгуулж байгаа юм. Арав дахь удаагийн тэмцээн энэ оны нэгдүгээр сард болсон. Нийт 13 улс орноос 100 гаруй уран бүтээлч оролцож, дэлхийн шилдэг мастерууд нэг дор цугларсан. Уг тэмцээнд оролцсоноор илүү ихийг ойлгож, өөрийнхөө алдаа оноог олж харж, хэв маягаа улам тодорхойлох боломж бүрдсэн. Алхам тутамдаа суралцаж явна. Тиймээс энэ тэмцээнд оролцсондоо баяртай байна. Мөн тэмцээнд тодорхой амжилттай оролцсон учраас их урам авч байгаа.
-Анх хэзээнээс шог зурагт татагдаж эхэлсэн бэ, юу таныг татав?
-Би 2008 онд анх зурагтаар олны алдартай эрхмүүдийг шог хэлбэрээр зурсан байгааг олж харсан. Тэр үед маш сонирхолтой санагдсан. Түүнээс сэдэл авч арван жилд хичээл ордог багш нараа зурсан. Зураг багш нарт маш их таалагдсан. Зарим нь бүр сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлсэн. Тэр нь ч надад таалагдсан. Түүнээс хойш шог зургийн төрлөөр дагнан уран бүтээлээ үргэлжлүүлэх хүсэл, эрмэлзэл төрсөн. Одоо ч тэр хүсэл эрмэлзлээ орхиогүй явна.
-Зураач болгон шог зураг зурж чаддаггүй байх л даа. Шог зураг зурахын тулд зурах авьяасаас гадна шог мэдрэмж хэрэгтэй болов уу?
-Тийм. Монголд шог зураг зурдаг зураачид маш цөөн. Шог зургийн дүрслэл, донж, хэтрүүлгийн мөн чанарыг бүх төрлийн зургийг зурж сурсан хойно л ойлгодог байх. Дараагийн ахисан түвшин ч гэж ойлгож болно. Миний хувьд суралцаад л явж байна.
Надад бусдаас илүү гарсан зүйл огт байхгүй. Харин юугаараа өөр вэ гэвэл энэ зүйлийн төлөө зорьсон зорилго, хүсэл, тууштай сэтгэл байгаа нь л өөр байх.
Алхам тутамд суралцаж, хөгжиж байхыг багш нар маань зааж, сургадаг. Саяхан цагаан сараар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр багштайгаа золгож байхад хүртэл багш минь надад үнэт сургаалиудаа хайрласан. Миний хувьд өнгөрсөн 15 жилийн хугацаанд гудамжинд, хүний төрсөн өдөр, баяр ёслол зэрэг олон газарт зураг зурж байсан. Гэхдээ тэр болгоныг уран бүтээл гэж нэрлэхэд хэцүү юм билээ. Түүнийг сүүлд л ойлгосон. Уран бүтээлдээ бүх зүрх сэтгэлээ зориулсан үед тэр бүтээл амь орж, үнэ цэнтэй болдог.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ЖҮЖИГЧИН БОЛНО ГЭВЭЛ ХАМААГҮЙ ГЭЭД ҮСЭЭ ХУСАЖ БАЙСАН"

“NEWS” агентлаг залуустаа зориулсан "ШИНЭ НЭР" буланийнхаа энэ удаагийн дугаарт жүжигчин Ц.Энхжинг урьж оролцууллаа. Түүний хувьд “Итгэл” “love and sex” “Сүүдэрт ургасан цэцэг”, “Нийслэл хүүхэн” зэрэг дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн. Урлагаасаа дөрөв орчим жил хөндийрч АНУ-д санхүүгийн чиглэлээр магистр хамгаалж ирээд удаагүй байгаа тэрбээр энэ удаа Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хориотой” драмын жүжигт Жавхаагийн дүрийг бүтээхээр ажиллаж буй. Тус жүжиг 20 жилийн өмнө “Х ТҮЦ” продакшны тавилтаар үзэгчдийн хүртээл болж байв. Харин энэ удаа “Орфей” театрын найруулагч М.Батболд, “Xermel” багийнхан уг төсөлд хамтран ажиллаж байгаа билээ.
-Он гараад хоёр дахь уран бүтээлдээ ажиллаж байна. Анх удаа тайзны уран бүтээлд тоглож байна. Бэлтгэл хэр байна вэ?
-Энэ удаагийн “Хориотой” драмын жүжиг бол миний анхны тайзны уран бүтээл. Театрын уран бүтээл жүжигчнээс маш их ур чадвар шаарддаг. Тиймдээ ч яг одоо бол жүжигтээ төвлөрөөд Жавхаагийн дүр дээр маш их хичээж ажиллаж байна. Жүжигчин ямар ч нөхцөлд, ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой учраас өөрөө л хичээх ёстой гэж боддог. Тайзны уран бүтээлд дууны өнгө, харц, хөдөлгөөн гээд бүх жижиг үйлдэл бүр чухал байдаг. Тийм ч учраас уйгагүй бэлтгэлээ хийж байна. Жүжиг маань гуравдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ.
-Урлагтай хэрхэн холбогдож байсан тухайгаа ярихгүй юу?
-Бага байхдаа ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Цэцэрлэгээсээ эхлээд л дунд сургуулиа төгстлөө урлагийн бүх төрөлд бараг ордог дуулдаг, бүжиглэдэг, шүлэг уншдаг гээд урлагт дуртай, хайртай хүүхэд байсан. Хүүхэд байхдаа олны танил жүжигчдийг хараад “ямар гоё юм бэ, эд нар шиг гоё жүжигчин болох юм сан” гэж мөрөөддөг байсан. Гэхдээ “би чадах болов уу, яах бол” гэсэн айдастай байсан. Тэгж явсаар дунд ангид ороод жүжигчин болъё гэж шийдсэн. Гэтэл гэрийнхэн маань жүжигчин хүн цаг наргүй хэцүү гээд зөвшөөрөөгүй. Тэгээд гэрийнхэн, ээж намайг эмч бол гэсэн. Тэгээд эмч болдог ч юм уу гэж бодсон л доо. Ингэж явсаар ахлах ангид ороод элсэлтийн шалгалт өгөх болоод шийдвэр гаргах мөч тулаад ирсэн чинь “Ер нь би жүжигчин л болох юм байна, жүжигчнээс өөр мэргэжил сонгохгүй” гээд бүрмөсөн шийдсэн.
-Энэ сонголтыг сонсоод гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Ерөөсөө зөвшөөрөхгүй байсан. Манай гэрт надаас өөр урлагийн мэргэжил сонгосон хүн байхгүй. Манай өвөө хуульч эмээ маань эмч ер нь ихэнх нь төрийн албан хаагчид.
Тэгээд гэрийнхэн, ээж намайг “чи үнэхээр жүжигчин болно гэвэл үсээ хус” гэсэн. Би бага байхдаа даахиа үргээлгээгүй юм билээ л дээ. Тэгээд ээж түүнийг далимдуулаад жүжигчин хүн ямар ч дүрд хувирч чаддаг, өөрийгөө өөрчилж чаддаг байх ёстой гээд дээрээс нь үнэхээр энэ мэргэжлийг сонгохыг хүсэж байгаа эсэхийг тэгж шалгасан. Дээр хэлсэндээ бага байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гээд загварын дугуйланд явдаг байсан тэнд драмын хичээл гэж ордог байсан юм. Тухайн үед жүжигчин болвол ямар вэ? гээд л багшаасаа асууна. Багш, жүжигчин болоход золиос их шаарддаг. Дээрээс нь ямар ч дүрд хувирахад бэлэн байх ёстой гэж их хэлдэг байсан. Тийм учраас энэ миний эхний сорилт юм байна, үүнийг давахгүй бол жүжигчин болж чадахгүй гэж бодоод л шийдвэрээ гаргаж байсан. Тухайн үед чинь би яг өсвөр насан дээрээ байсан.
Гэсэн ч “үнэхээр үсээ хусчихвал жүжигчин болгоно гэвэл хамаагүй” гээд амлалт аваад үсээ хусаж байсан.
Гэхдээ үсээ хусах бол маш том сорилт байсан. Тэгээд халзан толгойтой элсэлтийн шалгалтаа өгч тэнцээд 2014 онд Соёл урлагийн их сургуульд элсэж Б.Отгонбат багшийн ангид ороод 2018 онд сургуулиа төгссөн дөө. Харин одоо манай гэрийнхэн бол миний ард асаалттай танк шиг намайг дэмждэг дээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
3,607.57





















































зочин 2026-02-28 183.177.99.226
Одоо Монголын төр өрийг өрөөр нь дардаг зуршил нь хэвээр байгаа үнэндээ бол Татвар төлөгч та бидний мөнгөөр буюу татвар нэмэгдүүлэх журмаар Гадаад өрийг нь Та бид төлөж сууна үнэн хэрэгтэй Харамсалтай нь манай улс төрчидын халааснаа с нэг ч 1 мөнгө гарахгүй Монголын төр суусан хулгайч этгээдүүд нээх гоё гоё нэртэй Бонд Чингис боонд гээд л эзэн богд Чингис хааныхаа нэрээр өр босгож тэр Гоё нэртэй Бондны өрийг Татвар төлөгч та бид төлөж сууна гэдгийг ойлшох хэрэгтэй
зочин 2026-02-28 183.177.99.226
Өнөөдөр Монгол улсын Гадаад өр 40,6 тэрбум ам доллар байгаа түүн дээр хүлээгдэж буй өр бас нэмэгдээд 50,0 тэрбум ам долларыг давчихсан байгаа Засгийн газар нь Монгол банкиндаа 53,2 их наядын өртэй үүнийг бол дотоод өр Монгол банкны мөнгөний бодлогыг ОУВС тогтоодог юм Та бүхэн хараарай Монголын улс төрчид Зээлийн хүүг бууруулана гээд байгаа хүүгүй зээл гэх шиг энэ бүхэн Банкны тухай хуулин дээр байхгүй шүү дээ Рио Тинтоотой зээлийн хүүг буруулахтай тохиролцсон гэх ээлжит тавилттай жүжиг юм
Нэргүй 2026-02-28 59.153.115.170
Мэдэхгүй дээ одол. Өөрөөр тэгээп яаж төлөх вэ дээ.
World Press 2026-02-28 102.211.97.65
Харуулах боломжгүй.
Investment Offer 2026-02-28 102.211.97.65
ОНЛАЙН АРИЛЖААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
ӨНӨӨДӨР бидэнтэй хамт хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтынхаа гурав дахин ихийг буцаан аваарай, 72 цагийн дотор хурдан ашиг олоорой
20 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 60 долларын ашиг олоорой
50 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 500 долларын ашиг олоорой
100 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 400 долларын ашиг олоорой
200 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 800 долларын ашиг олоорой
500 долларын хөрөнгө оруулалт x 72
Нэргүй 2026-02-28 202.126.89.218
Татварыг бууруулаад байгаа. Энэ хүүхэн юу гээд донгосоод байна вэ!
Нэргүй 2026-02-28 202.9.40.228
худлаа шаагаадбгаарай.