niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 11:36 UTC Quelle: https://news.mn/r/2851260/ bc3f3d0327932f80… ← zurück zu niitlelch.mn

Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн  шийдвэрлэлээ.


Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсөл батлагдсанаар,

-Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар Засгийн газрын түвшинд тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр зам, дэд бүтэц байгуулах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг илүү уялдаа холбоотой, бодлоготой шийдвэрлэх боломж бүрдэнэ.

-Нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэнэ. Мөн тухайн аймаг, сумын харьяалал бүхий иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжийг тодорхой болгож тусгалаа.

-Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газрыг зориулалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох зохицуулалтыг нарийвчилж тусгасан.

-Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжих зохицуулалтыг тусгасан.

-Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгож, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар газар олгох асуудлыг орон нутаг илүү бие даан шийдвэрлэх боломжтой болж, шат дамжлага цөөрч, иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдэл багасна. Орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг бодлоготойгоор олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ.

Мөн малчид тэжээлийн ургамал тариалах боломжтой болсноор уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх сайжирч, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой дэмжлэг болно гэж үзэж байна.

Гэрээний хугацаа дууссан тул “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор баталсан “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагын агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-д 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаар тогтоолоор нэмэлт оруулж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж ахуйн нэгж,  байгууллагыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагад хамруулахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар тогтоолоор “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-д “Таван толгой түлш” ХХК-д түүхий эдийг үнэ төлбөргүй нийлүүлж байсан “Энержи Ресурс” ХХК-ийг нэмэлтээр оруулж, агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн байна.

“Таван толгой түлш” ХХК болон “Энержи Ресурс” ХХК-ийн хооронд гэрээний хугацаа дуусгавар болсон тул “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хасах шийдвэр гаргалаа.

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хураангуй жагсаалтад багтсан оролцогчдод хүргүүлэх сонгон шалгаруулалтын баримт бичгийг батлах, тэдгээрээс ирүүлсэн материалыг үнэлэх эрхийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэгт олгож, үр дүнг энэ оны тавдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж буй.

Зэс, металлургийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компанид хүргүүлж 7 улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлснээс ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх болон бусад холбогдох шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлж, хоёр улсын хуулийн дөрвөн этгээдэд мэдэгдэл хүргүүлж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

1.    БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;

2.    БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;

3.    БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;

4.    Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Улаанбаатар-Лүн чиглэлийн 101,7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй бөгөөд Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголлоо.

Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.

"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ

"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зөвшилцөх, хэлэлцүүлэхээр УИХ-д хүргүүлэхээр тогтлоо.

Тус конвенцод “Хүн төрөлхтний түүх, соёл, шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой, доод тал нь 100 жилийн туршид хэсэгчлэн эсхүл бүхэлдээ, тодорхой хугацааны туршид эсхүл байнга усан доор байсан соёл, түүх эсхүл археологийн шинж чанартай, хүний оролцоотой бүхий л ул мөрийг “усан доорх соёлын өв” хэмээн үзэж, усан доорх соёлын өвийг хамгаалахтай холбоотой бусад олон улсын хэлэлцээр, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчихгүйгээр Оролцогч Улсууд дотоодын ус, олтригийн ус, харьяалах тэнгис дэх усан доорх соёлын өвд чиглэсэн үйл ажиллагаанд конвенц болон дүрмийг хэрэглэхээр заасан.

Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц батлагдсанаар олон улсын эрх зүйн хүрээнд усан доорх соёлын өвийг хамгаалах тогтолцоо бүрдэж, үндэсний эрх зүйн үйлчлэлээс гадуур соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах арга зүй, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий болжээ.

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-д 80 улс гишүүнээр нэгдэн орж, усан доорх соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, ашиглах үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
  • Хэлэлцээр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
  • Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө,
  • Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүс байгуулах тухай Засгийн газрын 2025 оны 157 дугаар тогтоол,
  • Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-25 202.55.188.91

малчид гэж халхавчилсан хужаанууд

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.177.61

Аль 1998 оноос өвөлжөө хаваржааны газрыг морины уяа хураасан аргал, өвсний хашаа мэтийг оролцуулж 1 га хүртэл гэж үнэгүй эзэмшүүлж 1998 онд ЗГ-ынм100-р тогтоол, 2002 оны хуулиар баталгаажуулсныг одоо хийх мэт пиар хийх юм. Харин 5 га тэжээл тарих газар 120 мян малчин өрхөд 700 мянган га буюу одоо улсын нийт тариалж буй газрын тал болох нь. Энэ газрыг бэлчээрийн ангиллаас хасаж болохгүй дараа нь аягүй бол ногоо тарьж эхлэнэ.

Avatar

Ахмад 2026-02-25 202.9.41.68

Юу вэ . Нөгөө хилийн боомтуудын хилийн зурвас газрыг хулгайг чөлөөллөө гэсэн чинь дахиад хаалттай болгосон уу. Баасан баасаа долоосон юу хийхээ мэдэхгүй хэдэн сүржигнүүр гарууд байнаа. Та нар одоо больдоо

Avatar

Нэргүй 2026-02-25 103.229.122.228

идсэн буузандаа цатгалдаад толгойнууд нь ажиллахаа байж. Тэр хэрэг эрхлэх газар нь олигтой юм бэлдэж оруулаачээ. гал унтраасан, арга барсан, хийх юм нь олдохоо байсан тэнэг ажлуудаа орхиод өөр олигтойхон реформ хийгээчээ

Avatar

Нэргүй 2026-02-25 202.9.40.82

Огцрцн зг

Avatar

Нэргүй 2026-02-25 103.229.120.137

оркууд нэг юм ойлгохгүй юмаа. Ногдол ашиг гэдэг чинь зүгээр тарааж байгаа мөнгө биш ш дээ. Хувьцааны мөнгөө авч байгаа хэлбэр. Илүү зантай юмнууд авмааргүй бол хувьцаагаа бусдад шилжүүлэх хэрэгтэй. 63 мянган чинь орлого багатай айл, оюутан сурагчдад хэрэг болох л мөнгө!!!

Avatar

Нэргүй 2026-02-25 202.9.40.82

Үхсн алныхних занбхав худоаа хулгай шаадг хужаамэнж арга заль манжллт.

Avatar

Зочин 2026-02-25 103.57.92.180

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧУХАЛ ХЭСЭГ СТРАТЕГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛЧЭЭРИЙН МАЛЫН МАХАНДАА ЭКСПОРТЫН ТАТВАР 100 ХУВИАР НОГДУУЛАХ АСУУДЛАА ШИЙДЭЭЧЭЭ… ЧАЦГА ЦАРАЙЛААД ЧАДДАГГҮЙН БОЛ ЭКСПОРТЫН КВОТОО БАГАСГАЖ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ҮНЭ ХАЯЛЦУУЛАН ӨГЧ БЭЛЧЭЭРЭЭ ҮНЭГҮЙ АШИГЛУУЛЖ ТАЛХЛУУЛЖ БАЙГААГЫНХАА ТӨЛБӨРИЙГ ЯДАЖ ТӨСӨВТӨӨ АВДАГ БОЛООЧЭЭ ХАР МААНАГ АВИЛГАЧ ДАНХАР ТОЛГОЙЛСОН МАХАН ТОЛГОЙ МИНЬ ЭЭ

Avatar

Зочин 2026-02-25 103.57.92.180

Өөр хийх олигтой ажил байхгүйн байх даа авилгачдын энэ унтаа засгийн газарт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж