niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 12:32 UTC Эх: https://news.mn/r/2850066/ a310eb2325a41048… ← niitlelch.mn руу буцах

Худалдааны түр хэлэлцээрийг амь оруулах АЙЛЧЛАЛ

Худалдааны түр хэлэлцээрийг амь оруулах АЙЛЧЛАЛ

Худалдааны түр хэлэлцээрийг амь оруулах АЙЛЧЛАЛ

ОХУ, БНХАУ бол Монгол Улсын мөнхийн хөршүүд. Тэр утгаараа хоёр их гүрний дунд оршдог Монголын хувьд улс төр, эдийн засаг, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гээд өргөн хүрээнд хамтран ажиллаж, тэнцвэртэй гадаад бодлого баримтлахыг чухалчилдаг. Сүүлийн 30-аад жил ОХУ-тай гаалийн маш өндөр татвартай байж, хоёр улсын экспорт импортын зөрүүтэй байдал үүссэн. Эдийн засгийн харилцааг авч үзвэл ОХУ, Монгол Улсын хооронд жилдээ 2.5 тэрбум ам.долларын худалдааг хийдэг. Бид үүний 2.4 тэрбум ам.доллараар нь ОХУ-аас шатахуун түлш, бордоо гэх мэт бүтээгдэхүүн худалдан авдаг бол 100 сая ам.доллараар л экспорт хийж байна.

Тиймээс УИХ-ын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-02.13/ ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар анхны төрийн айлчлалаа хойд хөршөөсөө эхлүүлж, улс төр болон эдийн засгийн олон талт уулзалт, хэлэлцээг хийлээ.

ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины хувьд өмнө нь 2023 онд Монгол Улсад албан айлчлал хийж байсан.

Айлчлалын хүрээнд “Монгол-Оросын бизнес форум”-ыг зохион байгуулж, хоёр улсын экспорт импортын зөрүүтэй байдлыг багасгаж, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хийх худалдааны түр хэлэлцээрийг амь оруулах явдал байв. Уг форумд Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим төлөөлөл оролцсон бол Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл цуглаж, тулгамдаж буй асуудлаа ярилцсан юм.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр сараас эхлэн Евразийн эдийн засгийн түр хэлэлцээр хийх ажлыг өрнүүлж, 2025 оны зургадугаар сард хэлэлцээрээ байгуулан, 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ-аар соёрхон баталсан байдаг. ЕАЭЗХ-ны гишүүн таван улс худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах ёстойгоос өнөөдрийн байдлаар Казахстан, ОХУ, Беларусь улс соёрхон баталсан бол Киргиз болон Армени улс парламентаараа соёрхон батлах бэлтгэл ханган, хүлээгдэж байна.

ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРТ БАГТСАН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН МАЛЧДЫН ОРЛОГЫГ ДЭМЖИНЭ

Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталснаас хойш 60 хоногийн дараагаар үйл ажиллагаа хэрэгжих учиртай. Ингэснээр ЕАЭЗХ-ны гишүүн орнууд тус бүр 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ гаалийн татваргүй, нэн хөнгөлөлттэй тарифаар экспортлох боломж бүрдэнэ.

Нийт 200 орчим сая хүн амтай Евразийн зах зээлд Монголын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлохоос 90 гаруй хувь нь малын гаралтай бүтээгдэхүүн эзэлж буй. Албаныхны хийсэн тооцооллоор Монгол Улсын экспортын хэмжээг 24.2 хувиар өсгөнө гэдгийг танилцуулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн "Худалдааны түр хэлэлцээрээр тохиролцсон нийт 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг чөлөөлж, хөнгөлөх болон тарифын бус зохицуулалтад онцгой анхаарах шаардлагатай. Нийт 367 бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь хүнс хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна. Экспортын зорилгоор тодорхой бүс нутгийг малын халдварт өвчингүй бүсээр баталгаажуулах, мал эмнэлгийн лабораторийн чадавхыг ОХУ болон ЕАЭЗХ -ны шаардлагад нийцүүлэх ариун цэврийн гэрээг харилцан хүлээн зөвшөөрөх асуудал тулгарч байна. Мөн хоёр талын үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд ЕАЭЗХ-ны техникийн стандартын сургалт явуулж, зөвлөмж өгөх, мэдээлэл солилцох бүс нутгийн үзэсгэлэн болон бусад хамтарсан арга хэмжээг тогтмол хамтран зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна" гэдэг байр суурийг илэрхийлэв.

Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар ярихдаа "Том зургаар нь харвал, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хийх худалдааны түр хэлэлцээрт багтсан бараа бүтээгдэхүүн малчдын орлогыг дэмжих юм. Жишээлбэл, мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир гэх мэт. Үүнээс гадна Монгол Улсын гадаад худалдаа хэтэрхий нэг туйлтай буюу 70 орчим хувийг зөвхөн нэг улс эзэлж байна. Тиймээс саармагжуулах шаардлагатай. Мөн дотоодын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хамаарч, улсын орлогоо төвлөрүүлж байна. Энэ бүх асуудлыг шийдэх гарц нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хийх худалдааны түр хэлэлцээр юм.

Эдийн засгийн суурь бүтцээ авч үзвэл, уул уурхайн салбарын дараагаар хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар хөгжлийн хамгийн өндөр потенциалтай. Худалдааны түр хэлэлцээр хийхдээ эдийн засгийн өгөөж болон хөрөнгө оруулалт ямар байх вэ гэдэг тооцоо судалгааг хийж байна.

Мэдээж том эдийн засагтай улс, жижиг эдийн засагтай улс оронтой худалдааны түр хэлэлцээр байгуулахаар хөгжлийн түвшингээсээ хамаараад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй талдаа илүү ашигтай байдаг. Гэхдээ Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хийх худалдааны түр хэлэлцээр байгуулахдаа бүх бараа бүтээгдэхүүнээрээ бус зөвхөн сонгосон 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр хийж байна. Монгол Улсын ихэнх гаалийн татвар таван хувь. Өндөг, архи, тамхи, гурилд ногдуулдаг татвар арай өндөр бол ихэнх өргөн хэрэглээний бараа таван хувийн татвартай.  Харин ОХУ Монголоос экспортолсон үхрийн маханд 50 хувь, бог малын махан дээр 15 хувь, ноос ноолууран бүтээгдэхүүнд 15-25 хувийн татвар ногдуулж байсныг аль аль талдаа тэглэж байна гэсэн үг. Ингэхдээ дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ хамгаалж байгаа. Жишээлбэл, Монгол Улс жилд дотооддоо 800 сая ширхэг өндөг хэрэглэдэг. Дотоодын хэрэглээ жил бүр тодорхой тоон хэмжээгээр нэмэгдэж байгаа ч экспортын өндөгний тоо хэмжээг нэмэхгүй, квот тогтооно гэсэн үг. Үрийн улаанбуудайн дээр ч адилхан" гэдгийг онцолсон.

МОНГОЛ УЛС ОЙРЫН ХУГАЦААНД ЕВРАЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКИНД ЭЛСЭНЭ

Мөн Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдааныг /2026.02.11/ Москва хотноо зохион байгуулж, "Хоёр улсын парламент хоорондын комиссын хуралдаанаар эрчим хүч, шатахууны асуудлыг хөндөн ярилцсан" талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж яриандаа онцолж байв.

Тэрбээр "Монгол Улсаас шатахуун, хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл болон  эрчим хүчний төлбөрийг ямар нэгэн асуудалгүй хийж байгаа. Гэвч жижиг бизнес эрхлэгчдийн зүгээс БНХАУ эсвэл Дубайгаар дамжин төлбөрөө хийж байна. Ялангуяа баруун аймгуудын шатахууны төлбөр Дубайгаар дамжин хийгдэж, төлбөрийн шимтгэл 3-5 хувьтай болжээ. Монгол, ОХУ хооронд бизнес эрхлэхэд аливаа асуудалгүй төлбөр хийх ёстой байтал хэн нэгэнд өндөр шимтгэл төлж байгаа нь буруу.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд өмнө нь ОХУ-д айлчлал хийхдээ банкны салбар байгуулах тухай асуудлыг хөндсөн. Мөн Монголбанкнаас төлбөр тооцоог хурдан шуурхай явуулах, өндөр хүү, шимтгэлгүйгээр төлбөр тооцоог хийх асуудлыг УИХ онцгой анхааралдаа авч ажиллана" гэсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийн хувьд "Хоёр улсын хооронд үүссэн төлбөр тооцооны асуудлыг харилцан ашигтай байдлаар шийдүүлэхийн төлөө ажиллаж, Евразийн бүс нутаг дахь санхүүгийн тогтвортой байдал, харилцан уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Монгол Улс ойрын хугацаанд Евразийн хөгжлийн банкинд элсэхээр болсон" гэдгийг яриандаа дурдсан юм.

Харин АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Сүүлийн жилүүдэд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 онд өмнөх онтой харьцуулахад 2.9 сая тонн буюу зургаан хувиар өссөн үзүүлэлттэй байна. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний  хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, нөөцийг бүрдүүлэхэд чиглэж шатахууны агуулах барих зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд ОХУ-ын Монгол Улстай хил залгаа нутаг дэвсгэрт буюу Эрхүү муж орчимд шатахууны агуулах түрээсэлж, нөөц бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Энэ тохиолдолд төмөр замын тээвэрлэлт, гаалийн хяналтын талбай байгуулах шаардлагатай бөгөөд дэмжин ажиллахыг хүсье.

Монгол Улсын баруун аймгуудад "Роснефть" компаниас газрын тосны бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэх боломжийг судлан үзэж өгөхийг хүсч, Монголд агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монголын талын саналыг нааштайгаар хүлээн авсанд талархал илэрхийлсэн.

Уг хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын их хурлаар хавраас соёрхон батлахаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийж ажлыг тусгасан. Үүнтэй холбогдуулан Монголд бага чадлын цөмийн эрчим хүчний станц ашиглахад шаардлагатай дэд бүтцийг судлах хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, хүний нөөц бэлтгэх  чиглэлд хамтарсан судалгаа хийх саналыг тавьж байгаагаа АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-16 202.9.47.73

танайх Германаас 2-3 дахин үнэтэй хүнс хоол хэрэглэж байна.

Avatar

зочин 2026-02-16 66.181.183.189

Хоёр хөрш гүрэнтэй тогтоосон манай орны найрсаг нөхөрсөг харилцааг хүйтрүүлж устгах зорилготой этгээдүүд ялангуяа , АН дотор маш олон бий, Хоёр хөршийг үзэн ядах үзэл дэлгэрүүлэх гэж бололцоогоороо оролдоно, Гүтгэнэ доромжлоно, Ялангуяа ЗХУ-ын үеийн зүйл бүрийн өгөөмөр тусламжийг бүрэн үгүйсгэнэ Мэдээ мэдээлэл бүхэндээ хоёр хөршийг монголын мөнхийн дайсан мэт дүрслэнэ Хоёр хөрштэй харилцаа хүйтэрч тасарбал улс орон ахар богино хугацаанд сүйрнэ ,Монголчууд хохирно гэдгийг тэд мэдэж л байгаа,

Avatar

Нэргүй 2026-02-16 103.212.116.75

ОРОСЫН ТӨРИЙН УДИРДАХ ХҮМҮҮС, ОРОСЫН ОЛОН НИЙТИЙН ЗАРИМХЭСЭГ МОНГОЛЫН ТАЛААР ЯЛГААТАЙ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ ЗҮЙЛ. ҮҮНИЙГ ХОЛЬЖ ХУТГААД ОРЛСУУД МАНАЙД МУУ БАЙНА ГЭЭД ТУЙЛШРАХ ХЭРГГҮЙ.

Avatar

Нэргүй 2026-02-16 103.212.116.75

ОРОСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЁР ТАНХИМ МАНАЙ УИХ-ЫН ДАРГА, ГИШҮҮДИЙГ САЙН ХҮЛЭЭН АВЛАА. ГЭХДЭЭ ОРОСЫН ОЛОН НИЙТ ХУУЧИН ШИГ АХ, ДҮҮ ЭНЭ ТЭР ГЭХЭЭ БОЛЬСОН ГЭДГИЙГ БИД ОЙЛГОХ ЁСТОЙ.Шинэ оросуудын заримынх нь үзэл бодол манайд сайн биш гэдгийн илэхийлэл нь цагаачийн тухай хэвлэлийн мэдээ юм. Манайд чгэсэн оросын эсрэг, бүр оросыг үзэн ядах үзэлтэй хүмүүс зөндөө байгааг бид ч, тэд ч мэдэж быйгаа.

Avatar

Нэргүй 2026-02-16 66.181.186.221

Ояа нарын ах нар манай УИХ ын даргыг жинхэнэ доромжлох шиг болж бахаа хангаад явууллаа даа хөөрхий. Манайхаас цагаачилсан цагаач удамтай гээд сонины тасархайгаар атгуулж зургийг нь дараад хөөгөөд явууллаа хаха. МАН ын учралыг дормжилсон бол ч болж гэхсэн ч МУ ын их хурлын даргыг дормжилох нь монгол хүмүүсийн нүүр лүү нулимлах шиг боллоо. Манай орос ялначуудын харин бах ханасан биз ээ.

Avatar

Нэргүй 2026-02-16 59.153.114.122

Монголын төрийн өндөр албан тушаалтныг Оросын зах хязгаар нэг колони нутгаас дүрвэж гарсан Оросын харьяатын хүүхэд гэж басамжлан дураа хангав!!!

Avatar

Нэргүй 2026-02-16 2.58.74.67

энэ хэлэлцээрээр тэртэй тэргүй хамгийн хямд аваад нугалаад борлуулдаг дизель түлшний татварыг тэглэснийг гайхал төрүүлж байна

Avatar

Нэргүй 2026-02-16 103.229.120.63

Орос Беларусын банкнаас болж хоригт оров. Бас Дамдинням орк Орост шатахууны сав түрээслэнэ гэж солиорсныг яахав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж