"NEWS" агентлаг өнгөрч буй долоо хоногт "Ярилцлага" буланд уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна. Энэ долоо хоногийн ярилцлагын зочдоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Номуун, Монгол Улсын Шатрын олон улсын хэмжээний мастер Б.Халиун нар оролцлоо.
“Санхүүгийн тайлангаа 2 жил дараалан өгөөгүй намыг идэвхгүйд тооцно”

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намууд санхүүжилтийн жилийн эцсийн тайлангаа гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Одоогоор хэчнээн нам санхүүжилтийн жилийн эцсийн тайлангаа ирүүлээд байна вэ?
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа 2024 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж байгаа. Энэ хуульд улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, нээлттэй байлгах, улмаар иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар намууд санхүүгийн тайлангаа жил бүр СЕХ-нд ирүүлэх бөгөөд гурван үе шаттай хяналтыг хэрэгжүүлсний дараа олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн гэсэн үг.
СЕХ намуудын 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна.
Хуульд заасны дагуу хараат бус аудитын байгууллагад намуудын санхүүгийн тайланг хүргүүлж, дүгнэлт гаргуулж, үүний дараа СЕХ дараагийн хяналтыг хэрэгжүүлээд, дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлж, тус газар намуудад олгосон төрийн санхүүжилтийн зарцуулалтын тайлагналд аудит хийж дүгнэлт гаргана. Одоогийн байдлаар 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа СЕХ-нд гурван нам ирүүлээд байна.
–Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 37 нам бий боловч Улсын дээд шүүхэд 29 нь 2025 онд намынхаа үндсэн дүрмийг өөрчлөн шинэчилж, бүртгүүлэхээр 58 удаа хандсан гэх мэдээлэл байсан. Өнгөрсөн жил хуулийн хугацаанд СЕХ-нд 27 нам санхүүгийн тайлангаа ирүүлсэн. Хэрэв улс төрийн нам хуулийн хугацаандаа тайлангаа гаргаж, ирүүлэхгүй бол хүлээлгэх хариуцлага юу байх вэ?
-Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долдугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор СЕХ-нд хүргүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасан бөгөөд санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа тус хороонд хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор намынхаа цахим хуудастаа байршуулж, цахим хуудасгүй бол өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулахаар мөн хуульчилсан.
Санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан СЕХ-нд ирүүлээгүй бол намыг идэвхгүйд тооцох хуулийн зохицуулалттай байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2848122/ линк рүү орж унших боломжтой.
“Хилийн зурваст хэрэгжих боломжтой 54 төсөл хаалттай байна”

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа.
-Засгийн газраас Ашигт малтмал тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлэх шатанд явж байна. Хуулийг өөрчлөх зорилго юу вэ?
-Aливаа нэгэн хууль нэг талыг нь дэмжсэн, нөгөө талыг одоо орхигдуулсан зөрчил, давхардал, хийдэл байдаг. Ашигт малтмалын тухай хуулийнхаа нэмэлт өөрчлөлт дээр энэ хариуцлагатай уул уурхайг дэмжих бодлогын том өөрчлөлт хийж байгаа. Газрын хэвлийдийгээ хөндүүлж байгаа бол нөхөн сэргээлт, уурхайн хаалтын менежментийг сайжруулах хэрэгтэй. Тухайн аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийж, хаалт хийсний дараа дараагийнхаа төслүүдийг одоо хэрэгжүүлэх, зэрэгцсэн төсөл хэрэгжиж байгаа тохиолдолд өмнөх төслийнхөө нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн үр дүнг нь авна.
Төсөл хэрэгжүүлэх байгаль орчны төлөвлөгөө, нөхөн сэргээлтийнхээ төсвийг дансанд байршуулна. Үүнийхээ 70 хувьд 100 хувийн нөхөн сэргээлт хийгээд, үлдсэн 30 хувийг нь чөлөөлж авах гэдэг давхардсан зохицуулалтуудыг хийж өгч байгаа юм.
Төслөө амжилттай хэрэгжүүлээд биологийн болон техникийн нөхөн сэргээлтээ заавал хийх зохицуулалт бий болно гэсэн үг. Ийм зохицуулалт хийж өгснөөр орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж, байгаль орчны доройтол тэнцвэр алдагдах нөхцөл бүрдэхгүй. Хариуцлагатай уул уурхай бодитоор хөгжүүлэхийг зорьж байна.
-Хуулийн төсөлд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн төлбөрийг ямар байдлаар зохицуулж байгаа вэ?
-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тулд давхар оруулж өгч байгаа зохиуцуулалт нь АМНАТ-ийн хуваарилалтыг зөв шударга, орон нутагт нь үлдээх зүйл байгаа. Одоогийн зохицуулалтаар АМНАТ-ийг Орон нутгийг хөгжүүлэх нэгдсэн санд төвлөрөөд, аймгуудад тэгш хүртээмжтэйгээ хуваарилалт хийдэг. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр уул уурхайн төсөл хэрэгжиж байгаа суманд АМНАТ-өөс 20 хувь, аймагт 10 хувийг нь ногдуулдаг байхаар тусгаж өгч байна. Ингэснээр тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн амьжиргааг сайжруулж, аюулгүй, найдвартай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Үр дүнд нь төсөл хэрэгжүүлэгч болон орон нутаг гэсэн хоёр талын ойлголцол сайжирна гэж харж байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2848835/ линк рүү орж нэвтэрч унших боломжтой.
"Дүрмээ мөрдөж байхад осол гарахгүй, аз сорьсон үйлдэл бүү хий"

Сар шинийн баярын өдрүүд ойртож байгаатай холбоотойгоор автозамын ачаалал эрс өсөөд байна. Мөн сар шинийн баярын өдрүүдэд монголчууд орон нутгийг зорьдог. Иймд автозамын ачаалал эрс нэмэгдэж байгаа өдрүүдэд зохицуулалт хийх эсэх, мөн орон нутаг руу явахдаа жолооч бүр ямар бэлтгэл хангасан байх ёстой талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.
–Нийслэлийн хэмжээнд автозамын ачаалал их байна. Энэ нь иргэд цагаан сарын баярын бэлтгэл ажлын хүрээнд хөл хөдөлгөөн өссөнтэй холбоотой байх. Тээврийн цагдаагийн алба хэрхэн зохицуулалт хийхээр ажиллаж байна вэ?
-Монголчуудын уламжлалт сар шинийн баяр ойртсон учир нийслэлийн хэмжээнд явган зорчигчийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Мөн орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирж, цагаан сарын хүндэтгэлийн идээ, шүүс бэлтгэдэг учир томоохон зах, худалдаа үйлчилгээний төвийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал өссөн. Үүнтэй уялдуулж Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн аюулгүй байдал, амгалан тайван байдлыг хангах хүрээнд албан хаагчдын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ замын хөдөлгөөний зохион байгуулалт дээр онцгой анхаарч, ажиллаж байна. Тиймээс автозамын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрмийнхээ дагуу хөдөлгөөнд оролцож, явган зорчигчдод зам тавьж өгөхийг уриалж байна.
–Уламжлалт сар шинийн баяраар гэр хорооллын автозамын ачаалал жирийн өдрүүдтэй харьцуулахад эрс нэмэгддэг. Нийслэл дэх автозамын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?
-Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилждэг. Мөн сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй учир хөдөлгөөнд зүй зохистой орох нь чухал.
Үүнтэй холбоотойгоор нийслэл, орон нутгийн замуудад Тээврийн цагдаагийн албанаас тогтмол хянал шалгалтыг баярын өдрүүдэд хийнэ.
Тиймээс иргэд алба хаагчтай зүй зохистой харилцаж, тавьсан шаардлагыг хүлээн авч биелүүлэх нь чухал.
Нийслэлээс гарах болон орох хөдөлгөөнд цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Нэг үгээр сар шинийн баярын өдрүүдэд нийслэлээс гарах хөдөлгөөнд 150 километрт хөдөлгөөнт эрүүлийн үүргийг алба хаагчид гүйцэтгэж ажиллаж байна. Мөн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний хяналтыг хянаж ажиллаж байгаа. Үндсэндээ дан ганц алба хаагчаас гадна дундаж хурдын камер, явуулын хурд хэмжигч, байнгын буюу суурин хяналтын пост давхар хяналт тавьж ажиллах юм.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2849057/ линк рүү орж унших боломжтой.
"Мөсөнд авиралтаар Монгол олимпоос медаль авах боломж бий"

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшигтэй ярилцлаа. Түүний хувьд "Милан Кортина 2026" өвлийн олимпын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн спринт буюу богино зайн төрлийн медалийг гардуулсан юм.
-"Милан Кортина 2026" өвлийн олимпын гүйлтийн цанын тэмцээн эхэлсэн. Монголын хоёр тамирчин өрсөлдөж байна. Энэ удаагийн өвлийн олимп монголчуудад хэр ээлтэй болж байна?
–Монгол Улс бол өвлийн наадамд ордог улсуудын нэг. 90 улс, 90 олимпын хороо орж байгаа. Өвлийн олимпод оролцдог 90 улсын нэг нь байна гэдэг бол бахархам үйл явдал. Бээжингийн олимпод Монгол Улсаас хоёр тамирчин оролцсон бол одоо гурван тамирчинтай боллоо. Ирээдүйд улам нэмэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.
Бээжингийн олимпод Б.Ачбадрахыг харсан. Одоо энд харж байна. 84 дүгээр байрнаас 79 рүү орж, олимпод таван байр урагшилна гэдэг маш том амжилт гэж харж байгаа.
-Энэ удаагийн өвлийн олимпод нэгэн түүхэн үйл явдал тохиож байгаа нь Монголын уулын цанын тамирчин анх удаагаа олимпын эрх авлаа?
-Уулын цанынхаа хэд дээр очсон. Бид нар саяхан Бормиод бэлтгэлтэй нь танилцсан. Энэ удаагийн олимпын нэг онцлог нь олон хотод болж байгаа болохоор хол зайтай байгаа.
Хорьхон настай залуу 2030 оны олимпод орно гэж төлөвлөж байсан ч 2026 онд олимпын тамирчин болчихлоо. Одоо 2030 онд медаль авахын төлөө хичээнэ гэдгийг сонсох сайхан байна. Тэрийг хараад маш их баярласан.
-Итали улс олимп хүлээн авахын хажуугаар Олон улсын олимпын хорооны 145 дахь удаагийн чуулга уулзалтыг хийлээ. Энэ удаагийн уулзалтаар ямар асуудлуудыг хэлэлцэж байна вэ?
-Тийм ээ, яг одоо ОУОХ-ы чуулга уулзалт үргэлжилж байна. Эхний өдрүүдэд бид ирэх жилүүдэд болох наадмуудын мэдээлэлтэй танилцлаа. Чуулган хараахан дуусах болоогүй байна. Сүүлийн өдрүүдэд дахин уулзалттай. Тамирчдын комиссын төлөөлөл ОУОХ-ны гишүүн болдог дүрэмтэй. Үүнтэй холбоотой комиссын төлөөллийг сонгох сонгууль тамирчдын хотхонд болж байгаа. Манай тамирчид ч саналаа өгсөн байх. 2018 оноос хойш найман жилийн дараа тамирчдын комиссын төлөөлөл солигдож, нэмэгдэж хоёр тамирчин орох юм байна лээ.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2849351/ линкээр орж унших боломжтой.
"Заавал улаан театрын жүжигчин болно гэж мөрөөддөг байсан"

Улсын драмын эрдмийн театр гэх өндөр босготой их айлын босгыг давж, эмэгтэй хүн бүрийн тэр дундаа жүжигчин эмэгтэй болгоны мөрөөдлийн дүр болох Жульеттагийн дүрийг амилуулж мөн “Жаргаагүй нар”, “Тэнгэрийн хүү”, “Би эндээс явахгүй”, “Үнсгэлжин”, “Норовын намтар” зэрэг цөөнгүй уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн. Дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорьж чамгүй уран бүтээлч гэдгээ үзэгчдэдээ харуулж яваа жүжигчин Гантөмөрийн Номуунтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр“Ромео Жульетта” жүжгээс сэдэвлэсэн Нина мазурын зохиол “Хатагтай Капульетта” жүжгээр 2016 онд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг, 2018 онд шилдэг залуу уран бүтээлч шагналыг тус тус хүртсэн.
–Өдрийн мэнд хүргэе. Гэр бүлээрээ орон нутагт жил гаруй хугацаанд амьдарч байгаад ирсэн. Хотод ирээд энэ онд анхны уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулах гэж байна. Сэтгэгдэл хэр байна?
–Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе ээ. “Хөх дөл” төслийн хүрээнд 2023 онд гэр бүлээрээ Баянхонгор аймгийн Галуут сумыг зорьж нэг жил 6 сар орчим хөдөө амьдраад өнгөрсөн онд хотод ирсэн. Энэ хугацаандаа “Хөх дөл” төслийн хүрээнд зохиолч, найруулагч гээд уран бүтээлчидтэйгээ хамтраад нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контент мөн хотын хүүхэд хөдөө очоод хэрхэн дасан зохицож байгаа тухай “Мөнхөө” баримтат кино гээд ганзага дүүрэн ирж, уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос улсад “Мөнхөө” баримтат киногоо нээсэн.
Өнгөрсөн гурван жилийн хугацаа манай амьдралд үнэхээр мартагдахааргүй дурсамж дүүрэн жил болж өнгөрч, түүх болон үлдлээ.
Харин одоо бол гэгээн хайрын өдөрт зориулаад О.Итгэл найруулагч болон нөхөртэйгөө хамтран В.Краснагоровын “Хувь заяаны хүлээс” уянгын драмын жүжгээ хоёрдугаар сарын 12-15-н хүртэл дөрвөн өдөр үзэгчдэдээ толилуулах гэж байна. Шинэ ондоо үзэгчидтэйгээ уран бүтээлээрээ уулзаж байгаадаа маш их баяртай, догдлолтой байгаа. Өмнө нь 2019 онд энэхүү жүжгээ бас тоглож байсан. Тухайн үед тус жүжгээрээ Өмнөд Солонгос улсад хоёр хүний жүжгийн фестивальд амжилттай оролцож “special performance” шагнал хүртэж байсан. Мөн “Хөх дөл” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн зарим сумдын үзэгчдэдээ бас толилуулсан. Орон нутгийн үзэгчид маань маш сайхан хүлээж авч байсан.
-Та Гэгээн хайрын баяр буюу хоёрдугаар сарын 14-нд ер нь хэр ач холбогдол өгдөг вэ?
-Валентины өдөр бол миний хувьд маш чухал өдөр. Энэ өдөрт маш их ач холбогдол өгч, догдолж хүлээдэг. Яагаад гэхээр 2015 оны энэ өдөр манай хүн надад жүжгийн дундуур тайзан дээр гэрлэх санал тавьж байсан. Тухайн үед би маш том гэдэстэй жирэмсэн байсан. Тийм учраас жил бүрийн энэ өдөр хэзээ ч мартагдахааргүй хайр дүүрэн өнгөрүүлдэг өдөр.
-Уран бүтээлч хүн ойлгодог, дэмждэг ханьтай байх нь хамгийн чухал юм шиг санагддаг?
–Тэгэлгүй яахав. Урлагийн хүмүүс маш цаг наргүй ажилладаг. Гэртээ, үр хүүхдүүддээ анхаарал хандуулах нь ховор байдаг. Тийм учраас хань ижил нь ойлгодог байх нь хамгийн чухал.
Нөхөртэйгөө хамт уран бүтээл хийгээд явахад илүү амар байдаг. Одоо бараг харцаараа ойлголцоно гэдэг шиг л болж.
Хүн амьдралын хань, мэргэжил хоёроо зөв сонгож чадвал амьдралынхаа 90 хувийг биелүүлэх нь тэр гэж хүмүүс ярьдаг. Манай хүн бас тэгж хэлдэг. Эмэгтэй хүн чинь хэцүү шүү дээ. Ар гэр, ажил мэргэжлээ зохицуулахад. Аль нэг нь хаягдах гээд байдаг. Миний хувьд бол нөхөр маань сайн ойлгоно, дэмжинэ, зааж зөвлөнө. Дээрээс нь манай аав, ээж нар бидний арыг маш сайн дааж, ардаа санаа зовохгүй ажлыг минь хийлгэдэг. Гэр бүлийнхэндээ бас маш их баярладаг.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2849344/ линкээр нэвтэрч унших боломжтой.
Б.Халиун: Миний өдөр тутмын амьдрал шатар, бэлтгэл, түүнийгээ дахин давтах

Монголын оюуны спортын тод төлөөллийн нэг бол Өмнөговь аймгаас төрөн гарсан шатарчин Б.Халиун юм. Тэрбээр шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд мөнгөн медаль, 2019 онд алтан медаль хүртэж, олон улсын тавцанд Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн билээ. Алслагдсан бүс нутгаас дэлхийн аварга болсон Монгол улсын Шатрын Олон улсын хэмжээний мастер Б.Халиунийг “NEWS” агентлаг залуусдаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж, ярилцлаа. Ингээд түүнтэй танилцъя.
БАТНАСАН ХАЛИУН: 2001.10.04
Төгссөн сургууль:
ОХУ-ын Москва хотноо Г.В. Плехановын Нэрэмжит Эдийн Засгийн Их сургууль
Одоо суралцаж буй сургууль:
Монгол Улсын Их Сургууль Хууль зүйн сургууль
Мэргэжил:
Сэтгэл судлал
Сошиал хуудас:
-ДАШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭХ МӨЧИД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЮУ БОДОГДОЖ БАЙВ?
-Тэр тэмцээн миний амьдралын том сорилтуудын нэг байсан. Би Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд нэг жилийн завсарлага авч, зөвхөн дэлхийн аваргын тэмцээндээ бэлдсэн. Өглөө 10:00 цагт бэлтгэлдээ явж, орой 22:00 цагт гэртээ ирдэг байлаа. Бараг бүтэн нэг жилийн турш ийм л хэмнэлээр амьдарсан даа. Тэр хугацаанд миний өдөр бүрийн амьдрал шатар, бэлтгэл, давталт л байсан.
Дэлхийн аваргад аавтайгаа хамт явсан нь надад маш их урам өгсөн. Аав минь миний мөрөөдлийг дэмжихийн тулд газраа хүртэл зарж, тэмцээний зардлыг гаргасан.
Тийм болохоор би зүгээр нэг өөрийнхөө төлөө биш, гэр бүлийнхээ итгэл, зүтгэлийг авч яваа гэдгээ маш сайн мэдэрч байсан. Надад асар том хариуцлага ирсэн мэт санагддаг байлаа. Түрүүлсэн мөчид хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл бол тайвшрал байсан. “Би чадлаа” гэсэн бодол, бүх дарамт нэг л агшинд алга болсон мэт санагдсан. Медалиа авсны дараа л би өөрийгөө ямар их ядарснаа ойлгосон. Гэхдээ тэр ядаргаа хүртэл сайхан санагдаж байсан.
Хамгийн дурсамжтай нь тэр баярт мөчид аав минь миний хажууд байсан. Надаас илүү баярлаж байгааг нь хараад би бүх хичээл зүтгэл минь үнэ цэнтэй байсныг мэдэрсэн. Энэ ялалт зөвхөн минийх биш, бид хоёрын хамтын ялалт байсан гэж боддог.
-ТОГЛОЛТЫНХОО ХЭВ МАЯГИЙГ НЭГ ҮГЭЭР ТОДОРХОЙЛБОЛ?
-Нэг үгээр тодорхойлбол тайван гэж хэлнэ. Би стратегид суурилсан тоглолтод илүү дуртай, тактикийн хурц, огцом шийдлүүдэд тулгуурласан хэв маягийн тоглогч биш. Тоглолтыг алгуур задлан, байрлалын давуу тал үүсгэж тоглох нь надад илүү тохирдог.
Ер нь шатарчдын сонгож тоглодог гараа нь тухайн хүний тоглолтын хэв маяг, зан чанартай их холбоотой байдаг гэж боддог. Миний багш, дасгалжуулагч нар анх Каталан (Catalan) гарааг надад санал болгож, чиний тоглолтын сэтгэлгээ, хандлагад яг тохирно гэж хэлж байсан. Тэр үеэс хойш би энэ гараагаар тоглож эхэлсэн бөгөөд одоо 10 жилийн турш тууштай ашиглаж байна.
-ШИЙДВЭРЛЭХ МӨЧИД АЛДАА ГАРГАВАЛ БҮХ ЗҮЙЛ НУРАН УНАХ ЭРСДЭЛТЭЙ ШҮҮ ДЭЭ. ТЭР ҮЕД АЙДАСТАЙГАА ЯАЖ “ТОГЛОДОГ” ВЭ?
-Шийдвэрлэх мөчид айдас мэдрэгдэх нь мэдээж. Гэхдээ би тэр айдсыг хэт том зүйл болгож бодохоос илүү тухайн тоглолт дээрээ хамгийн сайнаараа хичээхэд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг.
Хожих ёстой гэж өөртөө дарамт өгөхийн оронд энэ мөчид зөв шийдвэр гаргая гэж бодож тоглодог.
Мэдээж аль болох алдаа гаргахгүй байхыг зорьдог. Миний хувьд хамгийн чухал нь нэг алдааг дахин давтахгүй байхсан гэж хичээдэг.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2849475/ линкээр орж унших боломжтой.
3,607.57






















































Зочин 2026-02-14 66.181.187.96
Дуудлага өгцөн шүү.
Нэргүй 2026-02-14 103.212.116.75
Одоо хилийн бүст хууль зөрчиж зөвшөөрөл өгч, ОЭийн ЗГ газар нутгаа зарж идсэн гээд МАН-ын ЗГ-ын сайд нар шүүх цагдаа болж зодолдож байхад дахиад юун хилийн бүст зөвшөөрөл өгөх тухай яриад байна вэ. ИДСЭН гэхээр уурхайн ажил эхлээд сайдууд нь хувиа хүртэж гэж л ойлгогдоно шүү дээ. Гэтэл хилийн бүст байрлалтай 15 төсөл аагаад байна гэх юм.Сайд Энхбаяр зарж идсэн уусан гэж худлаа яриад байна уу. эсвэл энэ дарга төсөл хөдлөөгүй гээд худлаа яриад байна уу.