2026.02.07
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болох “Түмэн тэмээний баяр”-ыг сурвалжлахаар замдаа бид гарлаа. Өглөөний 07:00 цагт Улаанбаатар хотоос хөдлөв. Амралтын өдөр гэлтгүй хотын хөл хөдөлгөөн бужигнасаар л. Магадгүй энэ нь сар шинийн баяр ойртож, хүмүүс бэлтгэл ажлаа хангаж эхэлсэнтэй холбоотой болов уу. Өвлийн нар тодрон тодорсоор гэнэт мэлсхийтэл гэгээ цацруулан гялалзана. Замын уртыг жигдлэн туулж, хот газрын бараа, хүний сүрээс аажмаар тасрав.
Ойр хавийн хаяа газар оо энгэсгээ түрхсэн бүсгүй мэт үзэгдэнэ. Лавсан орсон цасны өнгөөр эргэн тойрон бүхэлдээ будагджээ.
Төв аймгийн нутагт явж байх үеэр бидний унаанд доголдол гарч, замын голд хэсэг саатав. Улмаар ойрхон байх сууриныг бараадан Зуунмод сум руу газар дөхлөө. Сумын баруун талд “Авто засварын төв” гэх нэртэй дөрвөн том хаалга бүхий цагаан граш байх ба үүдэнд нь олон машин цуваа үүсгэн зогссон нь ачаалал их байгааг илтгэнэ. Тус авто засварын газрын засварчныг н.Баяраа гэдэг аж. Ойр хавийнхан нь түүнийг "алтан гарт" гэж бүгд л магтацгаана. Биднийг замын хүмүүс хэмээн хүндэтгэн дараалал дайруулан үйлчлэлээ. Машины сэлбэг байхгүй учраас зайлшгүй унаагаа солихоос аргагүйд хүрэв. Тэнд саатан хэсэг эргэн тойрноо ажиллавал суурин газрын хүн, машины цуваа тасрахгүй үргэлжилж, худалдаа эрхлэгчид гадаа талбайд сар шинийн үзэсгэлэнгээ дэлгэжээ. Бага үд дундрах үеэр бид унаагаа сольж, цаашлах замыг дөтлөн, наашлах уулсыг ширтэн явцгаав.
Алс хол дүнхийх амрагийн хоёр уулзварын ар өврийн энгэрт нь адуун сүрэг бэлчиж буй нь үзэгдлээ. Үзэх нүднээ илхэн харагдавч хүрэх газар нь хол. Тал газрын сонин нь энэ аж.

Дундговийн Дэлгэрхангай сумын нутгаар дамжин өнгөрөх үеэрээ бид түр бууж замын алжаалаа гаргалаа. “Хишиг буян” гэх нэртэй цайны газар байх ба гадна нь сүр бараатай гэж жигтэйхэн малын арьсаар бүрсэн хоёр мотоцикль байлаа. Тал газрын намуун хонгор салхи хацар нүүр илбэж буй нь таатай сайхан. Аяны дөрөөгөө чангатган алсын газрыг туулсаар Даланзадгад гэсэн хаалгаар үдшийн бүрий тасрах үеэр орж ирлээ. Бид очих газрынхаа ойр буудалж, унтаж амарцгаав.
2026.02.08
Өглөөний 07:00 цаг. Гэгээ түгэлгүй тас харанхуй нөмөрсөн хэвээр. Баруун урд зүгт хөөрсөн тал сарны бүдэгхэн гэгээ юмсыг бүүр түүрхэн харуулна. Говь газарт нар удаалдаг нь энэ бололтой. Цаг орчмын дараа аажим аажмаар өссөөр нар бүрэн мандав.
Байгалийн сайхан нь харц булаамаар дэндүү үзэсгэлэнтэй. Юу ч үгүй хоосон тал мэт харагдавч юм бүхэн байгаа мэт сэтгэл дүүргэж, харц уяруулна.

Л.Энх-Оргил/News.mn
Бид буудалласан газраасаа хөдөлж, зорьсон газартаа хүрлээ. Баяр наадмын талбайд ёстой л түм түжигнэж, бум бужигнана гэдэг шиг л байв. Дээлтэй хүмүүс нэг нааш, нэг цааш хөлхөлдөнө. Мөсөн сур харваа, тэмээний уралдаан гээд хараахан л бөхийн барилдаан болсонгүй. Говь нутгийн онцлогийг харуулсан өргөн дэлгэр наадам болж байлаа. Тэмээн сүрэг, говийн налайсан нар, нутгийнхны уужуу тайван байдал нь өөрийн эрхгүй тайвшрал төрүүлнэ. Нутгийн хүмүүс хоорондоо “Тэмээ ч мөн сайхан амьтан шүү. Хүйтэнд дааруулахгүй. Хүнд хүчир зүйлсийг ажрахгүй. Маш түшигтэй сайхан амьтан юм даа” гэж хоорондоо ярилцана.
Элсэн шаргал говьд атан тэмээний бараа холоос дүр бараатай харагдаж, дөхөх тусам улам сүр хүчийг мэдрүүлнэ.
Эзэд нь өнгө өнгийн эрээн мяраан дээлээр гоёж, тэмээнүүдээ хөтлөн жагсах нь говийн тэнүүн уудамд дахин давтагдашгүй зураглал мэт. Тэмээний бөхөн дээрх гоёл чимэглэл бүхэн баярын уур амьсгалыг улам тодотгоно. "Монголын уламжлалт өв соёлыг дэлхийд таниулсан “Түмэн тэмээний баяр-2026” арга хэмжээ 29 дэх жилдээ болж байгаа. Энэ жилийн баярт гадаад, дотоодын жуулчид олноор хүрэлцэн ирж, тэмээний соёл, малчдын ахуй амьдрал, говийн байгалийн өвөрмөц төрхийг сонирхон үзсэнээр онцлог болж байна" гэдгийг наадам зохион байгуулагчдын зүгээс хэлэв.

Л.Энх-Оргил/News.mn
Тэмээний уралдаан эхлэх нь гэж цугласан олон яарцгаана. Сүрлэг том тэмээ унасан идэр насны залуус гарааны зурхайгаас нэгэн зэрэг хөдлөх агшинд алдарт дуучин П.Адарсүрэн гуайн дуулсан "Тэмээн дээрээс наран ойрхон" дуу өөрийн эрхгүй аманд аялагдаж байлаа.
Тэмээчид тэнгэрийн хаяаг тэлэх мэт, тэнүүн уудам газрыг тэшүүлэнхэн бараа сүр нь алсрав.
Наадмын дундуур тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээн боллоо. Ёстой л гоё ганган, чамин дэгжин намба төрх энд л харагдана. Мөнгөн хэт хутга, тоног, ногт, хазаар хэрэгсэл нь харц салгахын аргагүй. Ижил зүсмийн тэмээ хоршин унаж, ижил өнгийн торгоор дээл хийж өмссөн энэ дэгжин хосуудыг зөвхөн Монголын говь нутгаас л харах боломжтой. Энэ л агшин говь нутгийн сүр хүч, монгол ахуй, нүүдэлчдийн соёлын амин сүнсийг илтгэх мэт. Өмнийн цэнхэр говьд өвлийн цагт ч наадаж болохоор өнөтэй сайхан нутаг ажээ.

Л.Энх-Оргил/News.mn
"Арслан, заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан
Айл, хүн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн
Амгалан, аварга хоёрын бэлгэдэл мэт биетэй
Алтан дэлхийд энэ тэмээ гэдэг сайхан амьтан
Нээрээ би тийм ээ гэх шиг
Нэр нь хүртэл тэмээ" Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуайн "Тэмээ" нэрт шүлгээр алтан говь нутгийн амгалан тэмээчдийг зорьсон аян замынхаа тэмдэглэлийг дуусгая.
3,607.57






















































Монгол хэлээ сур 2026-02-12 103.168.34.41
Монгол хэлээ сайн сурах хэрэгтэй. Монгол хэлээ мэдэхгүй байна уу? Малчдыг доромжлоод байна уу? "сүр бараатай гэж жигтэйхэн малын адсагаар бүрсэн хоёр мотоцикль байлаа." гэж юугаа бичээд байна вэ? Адсага гэж турж үхсэн адуу, үхрийн арьсыг хэлдэг юм шүү дээ.
ХаХа 2026-02-12 202.21.124.2
Баас шиг сурвалжилга байна. Ньюс нүдэн дээр нүхэндээ орж байна шүү.