niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:31 UTC Эх: https://news.mn/r/2849057/ cb33a81ab2d7706f… ← niitlelch.mn руу буцах

"Дүрмээ мөрдөж байхад осол гарахгүй, аз сорьсон үйлдэл бүү хий"

"Дүрмээ мөрдөж байхад осол гарахгүй, аз сорьсон үйлдэл бүү хий"

"Дүрмээ мөрдөж байхад осол гарахгүй, аз сорьсон үйлдэл бүү хий"

Сар шинийн баярын өдрүүд ойртож байгаатай холбоотойгоор автозамын ачаалал эрс өсөөд байна. Мөн сар шинийн баярын өдрүүдэд монголчууд орон нутгийг зорьдог. Иймд автозамын ачаалал эрс нэмэгдэж байгаа өдрүүдэд зохицуулалт хийх эсэх, мөн орон нутаг руу явахдаа жолооч бүр ямар бэлтгэл хангасан байх ёстой талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.


–Нийслэлийн хэмжээнд автозамын ачаалал их байна. Энэ нь иргэд цагаан сарын баярын бэлтгэл ажлын хүрээнд хөл хөдөлгөөн өссөнтэй холбоотой байх. Тээврийн цагдаагийн алба хэрхэн зохицуулалт хийхээр ажиллаж байна вэ?

-Монголчуудын уламжлалт сар шинийн баяр ойртсон учир нийслэлийн хэмжээнд явган зорчигчийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Мөн орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирж, цагаан сарын хүндэтгэлийн идээ, шүүс бэлтгэдэг учир томоохон зах, худалдаа үйлчилгээний төвийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал өссөн. Үүнтэй уялдуулж Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн аюулгүй байдал, амгалан тайван байдлыг хангах хүрээнд албан хаагчдын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ замын хөдөлгөөний зохион байгуулалт дээр онцгой анхаарч, ажиллаж байна. Тиймээс автозамын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрмийнхээ дагуу хөдөлгөөнд оролцож, явган зорчигчдод зам тавьж өгөхийг уриалж байна.

–Уламжлалт сар шинийн баяраар гэр хорооллын автозамын ачаалал жирийн өдрүүдтэй харьцуулахад эрс нэмэгддэг. Нийслэл дэх автозамын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?

-Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилждэг. Мөн сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй учир хөдөлгөөнд зүй зохистой орох нь чухал.

Үүнтэй холбоотойгоор нийслэл, орон нутгийн замуудад Тээврийн цагдаагийн албанаас тогтмол хянал шалгалтыг баярын өдрүүдэд хийнэ.

Тиймээс иргэд алба хаагчтай зүй зохистой харилцаж, тавьсан шаардлагыг хүлээн авч биелүүлэх нь чухал.

Нийслэлээс гарах болон орох хөдөлгөөнд цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Нэг үгээр сар шинийн баярын өдрүүдэд нийслэлээс гарах хөдөлгөөнд 150 километрт хөдөлгөөнт эрүүлийн үүргийг алба хаагчид гүйцэтгэж ажиллаж байна. Мөн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний хяналтыг хянаж ажиллаж байгаа. Үндсэндээ дан ганц алба хаагчаас гадна дундаж хурдын камер, явуулын хурд хэмжигч, байнгын буюу суурин хяналтын пост давхар хяналт тавьж ажиллах юм.

-Монголчуудын гаргадаг нийтлэг алдаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол. Баярын өдрүүдэд гаргах осол гэмтлийн тоо өндөр байдаг уу?

–Баярын өдрүүдэд иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барьж, жолоодох эрхээ хасуулах болон бусад арга хэмжээг их авхуулдаг. Өнгөрсөн оны сар шинийн баяраар дээрх төрлийн зөрчил их гарсан. Тээврийн цагдаагийн албанаас өдөр тутамд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзахыг анхааруулж ирсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь осол гэмтэл гаргах хувийг нэмэгдүүлдэг. Мөн сар шинийн баяраар ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, ахмад настнаа хүндэтгэн золгож ирсэн зочдоо тэр дундаа тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд архи, согтууруулах ундаа өгөхгүй, шахахгүй байх ёстой. Хэрэв тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооны хүрдний ард суухгүй татгалзах нь зөв юм. Мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэнээр жолоо бариулж хөдөлгөөнд оролцох нь эрсдэлтэй. Сар шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд иргэд хөдөө орон нутгийг олноороо зорьдог. Энэ үеэрээ жолооч нар нийтлэг хэд хэдэн алдаа гаргадаг.

Нэгдүгээрт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал. Хоёрдугаарт, хүн тээврийн стандарт буюу зорчигчийн тоог хэтрүүлэн суулгах нь буруу юм.

Суудлын машины хэмжээнээс хамаарч хэдэн зорчигч суулгахыг зааж өгсөн учир хэтрүүлэхгүй байх нь чухал юм. Хөдөлгөөнд оролцохоос урьдаж суудлын бүсээ тогтмол зүүх шаардлагатай. Тиймээс хөдөө орон нутгаас нийслэл, нийслэлээс хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн хийхээр төлөвлөсөн бол жолооч аюулгүй байдлаа бүрэн дүүрэн хангасан байх ёстой гэдгийг зөвлөе.

-Орон нутгийн замд гэнэтийн хяналт шалгалт хийхэд зөрчил олноороо илэрдэг. Ямар төрлийн зөрчил түлхүү илэрдэг вэ?

–Тээврийн цагдаагийн байгууллагаас орон нутгийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажилладаг. Түгээмэл гаргадаг алдаа гэвэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангалгүй орон нутгийн замд гарсан тохиолдол элбэг. Энэ нь ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч болон хол ойрын гэрэл нь байхгүй, эсвэл ажиллахгүй байх зөрчил зонхилдог гэсэн үг. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж  гараагүйгээс орон нутгийн замд цахилгаан автомашин шатсан хэрэг бүртгэгдсэн. Тухайн гал цахилгаанаас үүдэлтэй осол болох нь тогтоогдсон. Гэвч автомашинд гарсан галыг унтраах галын хор нь хангалтгүй байснаас бүрэн унтрааж чадаагүй кейс бий. Тиймээс галын хор стандарт хэмжээтэй байх ёстой. Гэтэл жолооч нар жижиг хэмжээтэй галын хор авч явдаг нь байж болохгүй асуудал юм.

Харин ослын гурвалжинг зайлшгүй зогсолт хийсэн үед 30 метрийн зайд байрлуулах ба ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд 200-250 метрийн зайнаас харагддаг.

Иймээс ямар нэгэн байдлаар шөнө оройн цагт орон нутаг, нийслэлд хөдөлгөөнд оролцож байх үед гэмтэл гарсан бол ослын гурвалжин болон аваарын гэрлийг асаах шаардлагыг жолооч нар мөрдөж хэвших хэрэгтэй. Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед ослын гурвалжин чухал юм. Хоёрдугаарт, тээврийн хэрэгсэлд шаардлагатай нэг зүйл бол эмийн сан. Яагаад гэвэл зорчигчийн биеийн байдалд өөрчлөлт орох үед анхны тусламжийн хайрцагт хэрэгцээтэй бүх эм байх нь чухал учир жолооч нар замд гарахаасаа урьтаж, сайн шалгах үзэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, тээврийн хэрэгслийн жолооч эмийн сангаа шинэчлэх нь чухал. Хугацаанд өөрчлөлт орсон эм байхыг үгүйсгэхгүй учир нэг шалгахад гэмгүй. Мөн шөнө оройн цагаар хөдөлгөөнд орж байгаа жолооч нар гэрлээ шилжүүлэх нь муу байна.

Стандарт бус гэрлийг автомашиндаа хийсэн нийтлэг зөрчил илэрч байна. Жолооч бүр хөдөө орон нутаг болон нийслэлд шөнө оройн цагаар хөдөлгөөнд оролцож байх үед гэрлээ шилжүүлэх шаардлагатай. Нэг талаараа гэрлийн гялбаанаас хамаарч эсрэг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгсэл замын хажуу руу орох, урдах тээврийн хэрэгслээ мөргөх, автозам дээр байршсан мал амьтан мөргөх гэх мэт олон эрсдэл байдаг. Тиймээс жолооч бүхэн баярын өдрүүдэд эдгээр зүйлд онцгой анхаарах ёстой.

-Зам тээврийн ослын дийлэнх шалтгаан нь юунаас үүдэлтэй вэ?

-Зам, тээврийн ослын шалтгааны дийлэнх нь замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүйгээс үүдэж гардаг. Үүнд,

  • Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх,
  • Саадыг тойрон гарахдаа аюулгүй байдлыг бүрэн хангах,
  • Замын зорчих хэсэг дээр зогсохгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг тогтоосон зайнд шуурхай байрлуулах,
  • 8 цагаас дээш хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хот хоорондын замд зорчих үедээ 2 цаг тутамд зогсож 15 минутаас багагүй хугацаанд биеийнхээ чилээг гаргах, нойроо сэргээж байх,
  • Зорчигч нар жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг анхаарч зөрчихгүй байх талаар шаардлага тавьж, зөвлөж явах зэрэг нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал алхам юм.

Аз сорьсон үйлдэл хийхгүй байх ёстой. Замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөж байгаа үед осол гэмтэл гарах нь бага учир жолоочийн хажууд байгаа зорчигч тээврийн хэрэгслийн хурд болон гүйцэт түрүүлэх, гэрэл шилжүүлэх болон бусад зүйлийг давхар хянаж явах нь эрсдэл учрахаас урьдчилан сэргийлж буй нэг хэлбэр юм.

Орон нутгийн замд гарч байгаа нийт ослын дийлэнх хувь нь урд байрлах тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдлээс улбаатай.

Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд сар шинийн өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн ноцтой ослууд бүртгэгдсэн байдаг. Иймд жолооч бүр хол аян замд замын хөдөлгөөний дүрмээ баримтлах нь чухал. Хурд хэтрүүлж дүрэм зөрчихөөс илүү гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэнд, амь нас болон сэтгэл зүйг бодолцон аюулгүй явах нь чухал. Амь наснаас илүүтэй чухал зүйл байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-11 202.9.46.131

Та нар ажлаа хий! Дүрмээр явдаг жолооч гэж байхгүй болсон. Гарцан дээр хүүхдүүд дайраад байхад, ийм юм яриад зогсож байдаг.

Avatar

Нэргүй 2026-02-11 59.153.113.17

оркуудыг хөөж зайлуулаачээ!!!!

Avatar

-ylcuin 2026-02-11 50.147.160.114

fso

Avatar

TV ###; 2026-02-11 50.147.160.114

– mangarzzxgly

Avatar

T 2026-02-11 50.147.160.114

Net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж