"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн VII тойрогт өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг танилцуулж байна.
УИХ-ын 2024 оны сонгуульд Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймагт нэр дэвшин, 35,629 сонгогчийн саналаар УИХ-ын гишүүн болсон Г.Ганбаатарыг “Говийн” гэж тодотгох нь бий. Учир нь, парламентад нэр нэгтэй дөрвөн Ганбаатар ажилладаг. “Амьдаа” нарыг андуурахгүйн тулд “Босоо”, “Оргил”, “Холбоо”, “Говийн” гэж тодотгодог. Говийнхон нь түүнийг Герман Ганбаа гэнэ.
Г.Ганбаатар гишүүний хувьд бизнес эрхлэгчдийг хамгаалах чиглэлд хамгийн их дуу хоолой илэрхийлдэг, мөн авлига хээл хахуульд Ардын намынхан нэр холбогдож байгааг шүүмжилж, төрийг авлигачдаас цэвэрлэх ёстойг сануулж ирсэн. Тухайлбал, Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох санал УИХ-аар хэлэлцэгдэх үед Г.Ганбаатар гишүүн “2016 оноос өнөөдрийг хүртэл МАН дангаараа засаглаад 10 жил боллоо. Иргэдийн амьдралын байгаа байдал, Монгол орны өнөөгийн нөхцөл байдал бүх зүйл тантай, танай намтай холбоотой. Алдсан байж болно, алдаагаа засах чиглэлээр юу хийх вэ.
Манай улс МАН-ын хурган дарга нарын хулгай нүүрлэсэн улс болж хувирлаа. Бизнес хийж үзээгүй төрөөс төрсөн тэрбумтнууд тансаг хороололд амьдардаг болчихлоо.
Та авлигатай тэмцэж чадах уу. Авлигатай тэмцэнэ гэдэг бол намтайгаа тэмцэнэ гэсэн үг. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ” гэхчлэн асууж, асуудал хөндөж байв. Мөн өнгөрсөн оны аравдугаар сараас Ардын нам дотор даргын төлөөх зодоон ширүүссэнээс УИХ-ын ажил үндсэндээ зогсонги байдалд орж, Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлэг урагшлахгүй болоход улсынхаа нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстойг сануулж суусан гишүүний нэг юм.
Харбины гэрээгээр нээлттэй сонсгол зохион байгуулах санаачлагыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар гаргахад УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “Засгийн газрын сайд нар Харбинд очоод нууц гэрээ хийчихсэн нь олны хар дагуулж байна. Ил болгож эргэлзээг тайлах хэрэгтэй” гэж дэмжиж байв.
Тэрбээр УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа гишүүний нэг.
Ардчилсан нам хоёр тамгатай болж, хөл толгойгоо олохгүй хэсэг бужигнацгаахад түүнийг орон нутагт намынхнаа “базаж”, эв нэгдлийг хангуулахын төлөө чадлаараа зүтгэсэн гишүүний нэг гэх нь бий.
2023 онд Ардчилсан намын даргаар Л.Гантөмөр гишүүн сонгогдоход тэрбээр орон нутгийн бодлого хариуцсан зөвлөх нь болжээ. Анх Ардчилсан намд 2007 онд элсэж, 2008 онд Дорноговь аймгийн Ардчилсан намыг орон нутгийн сонгуульд удирдаж орсноор ялалт байгуулж байсан түүх бий. Гэхдээ Засаг дарга нь болсонгүй, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болж, үндсэндээ энэ албыг найман жил залгуулжээ. Тухайн үед аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын олонхи нь гадаад хэлгүй байсан бол Г.Ганбаатар нь англи, герман хэлтэй тул гадаад томилолтод багтаж ажилласан тохиолдол цөөнгүй. Энэ үеэрээ Ерөнхий сайдыг төлөөлөн илтгэл тавьсан тохиолдол ч бий. Жишээ татвал, 2011 онд Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн үеэр Ерөнхий сайд Сү.Батболд тэргүүтэй том бүрэлдэхүүн АНУ-ыг зориход багтаж чадсан. Айлчлалын сүүлийн өдөр Монгол Улсын санаачлагаар 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарлах хурал НҮБ-ын төв байранд болох байсан ч урьд өдөр нь Ерөнхий сайд тэргүүтэй албаны бүрэлдэхүүн гэнэт Монгол руу буцсанаар улсаа төлөөлж хэн илтгэл тавих вэ гэдэг эрэл сурал болж, бужигнаад авчээ.
Тухайн үед Монголын Элчин сайд, дипломатууд байсан ч Монгол Улсаас ирсэн хүн л уг илтгэлийг тавих ёстой гэх шаардлага тавьснаар Г.Ганбаатар НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Монгол Улсыг төлөөлж илтгэл тавьж, нүүр улайлгахгүй аваад гарсан байдаг.
"Хүнсний аюулгүй байдалд дэлхийн байгаль цаг уурын нөлөөлөл" сэдвээр илтгэл тавьсан.
Ер нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд гадаад улсад айлчлал хийхэд гэнэтийн асуудал гарвал өмнөөс нь үүрэг хүлээх тохиолдол гардагийн нэг жишээ дээрх үйл явдал гэж хэлж болох юм.
Тэрбээр аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажиллахаасаа өмнө бизнесийн салбарт хүч үзэж байсан аж.
Тухайлбал, 2004-2007 онд Европын Холбооны ТАСИС төслийн бүсийн менежер хийжээ.
Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байсан ТАСИС төслийн хүрээнд Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт бөөний худалдааны сүлжээ байгуулж, иргэдэд хямд үнээр бүтээгдэхүүн борлуулах, бизнес эрхлэгчдийг чадавхижуулах зорилгоор дээрх төсөл хэрэгжиж байсан аж.
Цэргийн нэгдсэн сургуульд сурч байсан бөгөөд Германы Хамбургт Олон Улсын Менежмент Маркетингийн Академи, Англид Barnes Community Association English School –д “номын дуу” сонсчээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлого 471 сая, 335 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 244 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл, 102 саяын үнэлгээтэй мал аж ахуйтай, 135 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 480 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1988 онд Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн сургууль
- 1990 онд Сүмбэр сумын 10 жилийн сургууль, Чойр хот
- 1992 онд Цэргийн Нэгдсэн Сургуульд сурч байсан, Улаанбаатар хот
- 1998 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институт, Улаанбаатар хот
- 2001 онд Герман улс, Дортмунд хот
- 2002 онд Олон Улсын Менежмент Маркетингийн Академи /IMMA/, Хамбург хот.
- 2003 онд Barnes Community Association English School Англи улс, Лондон хот
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1994-1997 онд “Тогоруу” ХЭАА-д менежер
- 1999-2000 онд Дорноговь аймгийн Айраг сумын “Сайн-Ус” багийн Засаг Дарга
- 2000-2001 онд Дорноговь аймгийн Айраг сумын”Талын-Оч” хоршооны дарга
- 2004-2007 онд Европын Холбооны ТАСИС төслийн бүсийн менежер
- 2008-2016 онд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга
- 2018-2023 онд “Бат Иншүрэнс” компанид зөвлөх
- 2023 онд АН-ын даргын орон нутгийн бодлого хариуцсан зөвлөх
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ
- 2011 онд Алтангадас одон
ГАДААД ХЭЛ
- Англи, Герман
Г.ХОРОЛ
3,607.57


















































Зочин 2026-02-11 66.181.178.244
Говийн бор гээд байдаг чинь энэ юм уу
Нэргүй 2026-02-11 103.57.92.178
УИХ д нэр цэвэр нэг ч баагий байхгүй
Зочин 2026-02-11 202.55.188.33
хэлэх үг хийсэн юмтай байна гэдэг сайхан шүү миний хувьд бол мундаг гишүүн шүү үг үзэл бодолоо шууд хэлж явдаг гишүүдий нэг анх удаа гишүүн болоод ард олондоо танигдаж явж байгаа гишүүн шүү бусад гишүүд хэдэн жил сууталий бөглөөс болоод ард түмэндээ хийсэн ажилгүй гишүүд зөндөө шүү
Зочин 2026-02-11 75.85.172.96
УИХ-д говийн тойргоос сонгогдсон герман Ганбаа гэдэг залуу байна. Германд сургууль төгссөн болохоор нь тэгж нэрлэдэг биз. Бизнесийн бүлэглэлүүд, Женко, Ажнай, Дэлгэрсайханы мөнгөнөөс хол, хамгийн нэр цэвэр гишүүдийн нэг. Сумын багийн даргаас ажлаа эхэлж, дараа нь аймгийн хурлын дарга, одоо УИХ-ын гишүүн гээд улс орноос сайн мэдэх улстөрчдийн нэг.
Нэргүй 2026-02-11 66.181.178.129
дажгүй гишүүн шүү
Нэргүй 2026-02-11 202.9.40.139
Их буурьтай тулхтай дажгүй гишүүн санагдсан шүү.
Cok 2026-02-11 66.181.186.13
Бас нэг гахай
Нэргүй 2026-02-11 103.57.92.178
Тийм л байна