niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:31 UTC Эх: https://news.mn/r/2848636/ 889e6e38e08d07ea… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: "Нүүр рүү 40 мянган төгрөг шидчихээд яваад өгдөг байлаа"

Сурвалжлага: "Нүүр рүү 40 мянган төгрөг шидчихээд яваад өгдөг байлаа"

Сурвалжлага: "Нүүр рүү 40 мянган төгрөг шидчихээд яваад өгдөг байлаа"
Хустайн БЦГ, Төв аймаг. 2026 оны 2 дугаар сарын 3. Хустайн БЦГ-ын байгаль орчны хяналтын Улсын байцаагч Ц.Санжмятав. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Хотод ойрхон агаар салхинд гарч хүүхдүүддээ зүсэн зүйлийн ан амьтан, ургамал үзүүлж, таниулж, байгалийн сайхныг тольдон нүд баясгах газрын нэг Хустайн нуруу гэдэгтэй хүмүүс санал нийлэх биз ээ.

Манай сурвалжлах баг Даваа гаригийн өглөө 05:30 цагийн үед Хустай байгалийн цогцолборт газрыг зорихоор Улаанбаатар хотоос хөдлөв. Хустай байгалийн цогцолборт газар нь Улаанбаатараас 80 орчим километр зайд Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумын заагт оршдог. Засмал замаар 70 орчим километр явж зүүн гар тийш эргээд, ертөнцийн зүгээр урагш шороон замаар 10 гаруй километр давхиад зорьсон газартаа ирэв.

Өмнө нь ярьж тохирсон байсан учир байгаль хамгаалагч Ц.Санжмятав, судлаач Ц.Батзаяа нар биднийг угтаж зэрлэг амьтад олноор харагдах боломжтой байршил руу хөдлөв. Нар уулын цаагуур мандаж, уул толгод цасан бүрхүүлээр хучигдаж, энгэрээр нь ан амьтад идээшилж байх ажээ. Амьтны хүрээлэнд эсвэл зурагтаар л хардаг байсан ховор амьтдыг олноор нэг дор харахад сүрдэм. Эдгээр амьтдыг жилийн дөрвөн улиралд олон мянган жуулчин, аялагчид ирж үздэг тул айж бэргэхээ нэгэнт больжээ. Зуны улиралд өнгийн цэцэгс алаглаж, зүйлийн амьтад үзэгддэг амьтдын диваажин шүү дээ гэж Ц.Санжмятав хуучилна. Өвөлд зарим амьтад ичдэг тул харагдах амьтдын тоо багасдаг байна. Гэсэн ч бугын сүрэг энд тэнд бэлчиж, тахийн сүрэг  уулын энгэр, бэлээр тайван идээшилж, зарим нь үүрсэн зогсох нь энд л харах боломжтой зураглал ажээ. Хустайн нурууны гол онцлог нь тахийг анх удаа нутагшуулж, өнөөдрийг хүртэл тоо толгойг нь өсгөж байгаа.

Манай сурвалжлагын гол баатар өндөр нуруутай, хөрслөг бор царайтай, ардаа Улсын тусгай хамгаалалттай газар, урд энгэртээ байгаль хамгаалагч гэсэн бичигтэй хар ногоон өнгийн өмд, хүрэм хосоор нь өмсөж, урт түрийтэй хар гуталтай дуран барин алхах 50 гаруй насны энэ хүнийг Ц.Санжмятав гэдэг. Тэрбээр, ганц нүдний дурангаа гаргаж дөрвөн зүг, найман зовхист руу дуран тавьж уулын энгэрээр идээшлэн бэлчих хэдийн ижил дасал болсон амьтдаа бүртгэн зогсох нь нэг бол малчин хүн нөгөө бол хилээ манаж буй хилчин гэлтэй.

Хустайн БЦГ, Төв аймаг. 2026 оны 2 дугаар сарын 3. Хустайн БЦГ-ын судлаач Ц.Батзаяа.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Байгаль хамгаалагч Ц.Санжмятав Хустай нуруунд байгаль хамгаалагчаар ажиллаад 32 жил болж буй. Тэрбээр, Завхан аймгийн уугуул, 1994 онд анх бэлчээр хамгаалагч, дагалдан байгаль хамгаалагчаар энд ажилд орж 1995 онд жинхэлж өнөөдрийг хүртэл байгалийн манаанд зогсож, зэрлэг амьтадын тоо толгойг өсөхөд үнэтэй хувь нэмрээ оруулж буй нэгэн. Түүний ажлын нэг өдөр өглөө амьтдаа хаана идээшилж, эрсэдсэн байна уу, өссөн байна уу, идэш хоолоо идэж байгаа эсэхийг харж ажиглалт хийхээс эхэлнэ. Ингэхдээ өвөл морьтой, хавар, намар, зундаа мотоциклоор өөрийн оногдсон талбайгаар уул хадыг дамжин 120 орчим километр замыг туулна. Яг энэ маршрутаар өдөр бүр энэ үйлдлээ давтана. Энд нутагшиж буй зэрлэг амьтдыг өвлийн гурван сард, сард нэг удаа. Харин бусад саруудад сард хоёр удаа тоолдог байна. Ингэж тоо, толгой төрөл зүйл нь хэрхэн өсөж байгааг хянадаг аж.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРААС АН АГНАВАЛ 2-5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ

Хустайн БЦГ, Төв аймаг. 2026 оны 2 дугаар сарын 3.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Тэрбээр, “Хустай нуруунд хамгийн анх 1992 онд тахь нутагшуулах ажил эхэлсэн юм билээ. Тухайн үед би байгаагүй л дээ. Намайг анх 1994 онд ажилд ордог жил Тариатын давааны тэнд хэдэн тахь тээвэрлэж ирж байлаа. Тэгээд бид тухайн үед цай сүүний дээжээ өргөөд хүлээж авч байсан бол өнөөдрийн байдлаар Хустай нуруунд 360 орчим тахь нутагшиж байна. Хүний амьдрал богинохон юм даа. Намайг ажилд орж байхад энэ газрыг тусгай хамгаалалттай газар болгоод удаагүй байсан. Зэрлэг амьтад маш ховор хэдэн буга байдаг байлаа. Гэтэл одоо бол тоо толгой, төрөл зүйл нь маш их өссөн, энүүхэнд идээшилдэг болж бидэнтэй зэрэгцэн оршиж байна. Монголчууд хүнээс үргэж зугтаж байвал зэрлэг амьтан гэж ойлгодог. Гэтэл зэрлэг амьтан гэж хүний гар бие оролцохгүйгээр байгальд өөрөө өсөж үржиж чадаж байвал түүнийг зэрлэг амьтан гэж ойлгож болно. Харин бид газрыг нь тусгай хамгаалалтад авч хамгаалснаар тэдний зөнгөөрөө өсөх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Бид яг одоо зэрлэг амьтны гэрт орж ирээд суучихсан байна шүү дээ. Энэ дэлхий дээр ганц хүн амьдардаггүй. Тэгэхээр аль болох чанга дуу чимээ гаргаж, амьтдыг үргэж цочоохгүй байх нь чухал байдаг. Тэгэхээр байгалиа, амьтдаа хайрлаж зэрэгцэн амьдрах нь чухал” гэдгийг хэлж байсан юм.

Хустайн БЦГ, Төв аймаг. 2026 оны 2 дугаар сарын 3. Хустайн БЦГ-ын байгаль орчны хяналтын Улсын байцаагч Ц.Санжмятав.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Ц.Санжмятавын хэлж  буйгаар хулгайн анчид нэлээд асуудалд дагуулдаг гэнэ. Анчдын хувьд өвлийн улиралд саарал чоно зуны улиралд тарвага агнах зөрчлүүдийг санаатай болон санамсаргүй нэлээд гаргадаг аж.  Түүнийг анх байгаль хамгаалагчаар ирж байхад энэ зөрчил бол толгойн өвчин болж байж. Тухайн үед хууль сул дуртай хүн тусгай хамгаалалттай газраас ан агнах гэж ирдэг байсан гэдгийг хэлэв.

Зөрчлийн тухай хууль гарснаар Тусгай хамгаалалттай газраас ан агнасан иргэдэд ногдуулах ял чангарчээ. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газраас ан агнавал 2-5 жилийн хорих ялтай болсон байна.

Мөн нэн ховор амьтныг агнавал эрүүгийн хуулиар шийтгэнэ гэдгийг хэлж 500,000-27,000,000 төгрөгөөр торгоно гэж хуульд заажээ.

Дээрээс нь байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг. Энэ нь амьтдаас хамаараад өөр, өөр байдаг гэв. Тухайлбал, буга агнасан тохиолдолд 7,5 сая төгрөгийн торгууль дээр Тусгай хамгаалалттай газраас агнасан гэдэг утгаараа үүнийг 2-3 дахин нэмэгдүүлж үүн дээр экологи эдийн засагт учруулсан хохирлыг үнэлж нэмж торгууль ногдуулна. Нэмээд улаан номд орсон нэн ховор амьтан агнасан гээд эрүүгийн хэрэг үүсгэдэг байна.

 ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ БУУ ҮҮРЧ, НОХОЙ ДАГУУЛЖ ЯВАХ ХОРИОТОЙ

Хустайн БЦГ, Төв аймаг. 2026 оны 2 дугаар сарын 3. Тааваараа идээшлэх тахийн сүрэг.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Тэрбээр “Хууль чангараад Тусгай хамгаалалттай газраас ан агнах зөрчил харьцангуй багассан. Хуучин бол Тусгай хамгаалалтай газраас ан агнахад ногдуулах торгууль маш бага байлаа. Тухайн үед чинь Ангийн тухай хуулиар хамгийн дээд торгууль нь 20 мянган төгрөг байсан. Тэр үед миний хувьд анчид ирэхэд хамгийн их торгуулийн мөнгөн дүнгээ л хэлнэ. Тэгэхэд 2000 онд анчид "Торгуулиа төллөө шүү. Чи энүүгээр цадаарай’ гээд нүүр рүү машиныхаа цонхоор 40 мянган төгрөг шидчихээд давхиад явдаг байлаа. Харин одоо бол өөр болсон” хэмээн хуучилсан юм.

 Тусгай хамгаалалттай газарт буу үүрч, нохой дагуулж явах хориотой гэж хуульд заасан байдаг.

Ц.Санжмятавын хувьд жилийн дөрвөн улиралд дурангаа үүрээд, уул хад дамнан алхаж амьтдаа харж явах нь жаргал гэнэ. Ингэж ярихад түүний нүдэнд баяр бахдал төрж, амьтдаа байгалийн жамаар үхэхэд эрхгүй гуниг төрдөг гэж ярихад царай нь хувирч байгаагаас ажвал хэдийн амьтадтайгаа ижил дасал болж, зүрх сэтгэлийнх нь нэгээхэн хэсэг болсон гэлтэй. Тэрбээр хэлэхдээ, энд олон жил болж байгаа тул амьтдаа мэдэрдэг, хараагүй байсан ч дуугаар нь хаана ямар амьтан байгааг төвөггүй таньдаг гэв.

Хустайн БЦГ, Төв аймаг. 2026 оны 2 дугаар сарын 3.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Хустай байгалийн цогцолбор газарт 11 судлаач, дөрвөн байгаль хамгаалагч ажилладаг бөгөөд жуулчны баазын ажилчид, орчуулагч, жолооч гээд нийт 50 гаруй хүн энд ажиллаж, амьдардаг байна.

Жилд 17000 орчим гадаадын жуулчин, 13000 гаруй дотоодын жуулчин хүлээж авдаг. Гадаадын жуулчид амьтны хүрээлэнд байдаг амьтад байгалийн сайханд тааваараа бэлчиж, хүнтэй зэрэгцэн оршиж байгааг хараад уулга алдаж, гайхдаг гэдгийг хэлж байв.

Амьтдад зориулж жил бүр 2000-5000 боодол өвс худалдаж авахаас гадна хужир шүү амьтаддаа зориулж авдаг ажээ. Хустай байгалийн цогцолборт газрын захиргаа нь ТББ гэсэн статустай ажил үүргээ гүйцэтгэдэг байна. Товчхондоо жуулчид, гадаадын судлаачид, гаднын кино зураг авалтын багийнхнаас төсвөө бүрдүүлдэг бөгөөд улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй аж. Тодруулбал, "BBC", "National Geographic", "NHK" зэрэг томоохон газруудаас баримтат кино хийх гэж ирдэг. Ингэхдээ тодорхой хэмжээний төлбөр төлдөг аж. Мөн жуулчид, аялагчид нэвтрэхдээ төлбөр төлнө. Өөрөөр хэлбэл, гадаадын аялагч болон дотоодын аялагчдын нэвтрэх төлбөр улирлаасаа хамаараад харилцан адилгүй байдаг.

Хустайн БЦГ, Төв аймаг. 2026 оны 2 дугаар сарын 3.
Хустайн БЦГ-ын судлаач Ц.Батзаяа.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Тус газрыг 1993 онд тусгай хамгаалалттай газар нутгаар бүртгэж, 1998 онд байгалийн цогцолборт газар болгож зэрэглэл ахиулсан бөгөөд 50,600 га газрыг хамардаг. Үүний 30 орчим мянган га талбайд тахь бэлчдэг байна. Энд тарвага, бор гөрөөс, цагаан зээр, буга, аргаль үнэг зэрэг 50 орчим зүйлийн хөхтөн амьтан, 200 гаруй зүйлийн шувуу 400 орчим зүйлийн цэцэг, эмийн ургамал ургадаг байна. Хамгийн чухал нь анх тахийн сүргийг нутагшуулж улмаар өнөөдрийг хүртэл тоо,  толгойг өсгөж буй. Хустайн нуруунд тахь нутагшуулах Монгол Голландын хамтарсан "Тахь" төслийг 1992 онд хэрэгжүүлжээ. Энэ төслийн хүрээнд 900 ам километр  нутгийг 1993 оноос улсын хамгаалалтад авсан байна. Улмаар 1992 онд анх удаа 15 тахийг Оросоор дамжуулан авчирсан. 1945 он гэхэд 31 тоо толгой байж байгаад 1960 он гэхэд устаж үгүй болоод байсан гэж бүртгэгджээ.

Хустайн БЦГ, Төв аймаг. 2026 оны 2 дугаар сарын 3. Тахийн сүрэг оройн наранд.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Монголд гурван газарт тахь нутагшуулж байгаа бол өөр нэг газрыг төлөвлөж байгаа гэдгийг судлаач Ц.Батзаяа хэлэв. Тэрбээр, Хустайгаас гадна Говь-Алтай аймгийн  Бугат сумын Тахийн талд, Хомын талын байгалийн цогцолборт газар гэсэн нийт гурван газар тахь нутагшиж байна.

Өнөөдрийн байдлаар говьд 310 орчим тахь,  Хомын талд 150 орчим тахь, Хустайд 350 орчим тахь гээд нийт Монголд 800 орчим тахь бий.

Тусгай хамгаалалттай газар гэдэг маш онцлогтой. Дуртай газар болгоноо “за энэ газрыг тусгай хамгаалалтад авчихъя” гэхгүй шүү дээ. Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг бий. Тухайн газарт ургадаг ховор ургамал, ан амьтад тэдгээрийг устаж үгүй болохоос сэргийлэхийн тулд эхлээд байгалийн нөөц газарт авна, дараа нь дурсгалт газар тэгээд байгалийн цогцолборт газар, ингээд дархан цаазат газар гэсэн дөрвөн ангилалд авдаг. Ан, амьтад, ургамлыг хамгаалахаас гадна газар нутаг нь доройтсон газрыг дахин сэргээхийн тулд бас тусгай хамгаалалттай газар болгодог. Өнөөдрийн байдлаар нийт газар нутгийн 21 хувийг дархан цаазат газраар бүртгээд байгаа. 2030 он гэхэд Монгол Улсын нийт газар нутгийн 30 орчим хувийг улсын тусгай хамгаалалттай газар болгох үүрэг хүлээсэн байна" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-11 59.153.113.80

яаж очиж үздэг юм болоо.төдбөр журам байна уу

Avatar

Нэргүй 2026-02-11 103.57.92.178

Тэгээд тэр бодлогын бүхэл бүтэн ам байсаар байтал тэдэндээ яагаад хэлдэггүй юм ?

Avatar

Нэргүй 2026-02-11 103.212.119.185

Ийм тэнэг гарчиг өгөх гэж

Avatar

Иргэн 2026-02-11 66.181.188.54

харин тийм. т1 юм уу гэхээр ярилцлагаа дажгүй хийж. даанч буруу малгайтай л бхоос Гарчигтай зөв өгөх чинь чадвар шүү дээ

Avatar

Нэргүй 2026-02-11 202.9.46.206

гарчигтай гэдэг гэнэ ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж