Өмнөговь аймгийн хээр талд, элсэн манхны завсраар цөлийн нам гүмийг эвдэн хөдөлмөрийн хэмнэл цохилно. Тэмээ бол энэ нутгийн танил, салшгүй дүр. Харин уламжлалт маллагаанаас үйлдвэрлэл рүү шилжиж, ингэний сүүг эдийн засгийн эргэлтэд оруулсан "Camwell" ингэний ферм энд таван жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэхүү фермийг “Солид партнерс групп” компани байгуулсан бөгөөд одоогоор улсын хэмжээнд цорын ганц, Монголын анхны ингэний ферм гэдгээрээ онцлог юм. Тус ферм өнөөдөр нийт 160 ингэтэй, үүнээс 70 ингэ саалинд орж, өдөрт 140-150 литр сүү сааж байна. Тоо баримт хуурай сонсогдож мэдэх ч түүний цаанаас говийн хатуу ширүүн нөхцөлд бүрэлдэн тогтсон үйлдвэрлэлийн шинэ загварыг харж болно.

Тооцоход нэг ингэнээс дунджаар 2.1 литр сүү гарч байгаа нь уламжлалт бэлчээрийн тэмээнээс хоёр дахин их үзүүлэлт. Харин зуны улиралд нэг ингэнээс 4 литр хүртэл сүү сааж авах боломжтойг фермийн удирдлагууд тайлбарлаж байлаа. Одоогоор тус ферм нэг ингэнээс хамгийн ихдээ 6 литр сүү сааж авсан амжилт үзүүлжээ.
Харин дундаж хэмжээг нэмэгдүүлэхийн тулд ингэний сонголт, тэжээлийн чанар, тав тухтай байдлыг нь сайжруулах замаар ингэний сүүний өгөөжийг сайжруулах боломжтой гэж харж байгаа юм байна.

Саалийг гар аргаар бус, зориулалтын саалтуураар хийдэг нь анхаарал татна. Үүний тулд тусгайлан байгуулсан хашаанд ингийг эхлээд ботгонд нь хөхүүлж, ивэлгэж дараа нь саалийг хийдэг байна. Ингэснээр саалийн хугацаа богиносож, сүүний гарц нэмэгдэхийн зэрэгцээ ажиллах хүчний ачаалал буурчээ.
Ферм одоогоор 15 хүнийг ажлын байраар хангаж байна. Говийн бүсэд тогтвортой ажлын байр гэдэг дан ганц орлогын эх үүсвэр бус, хүн ам суурьших нэг нөхцөл болдгийг орон нутгийнхан ярьж байв.

“Солид партнерс групп”-ийн захирал Б.Цэнд-Аюуш "Судалгаагаар улсын хэмжээнд 60 мянган ингэ сааж, өдөрт 4000 литр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Гэхдээ бодит саад нь тоо биш, зах зээл. Юуны өмнө тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дотооддоо таниулах, хэрэглээний соёлыг бий болгох хэрэгтэй” гэдгийг тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлээс илүү итгэл, ойлголт чухал аж. Энэ фермийн хамгийн онцлог хэсэг нь үйлдвэрлэлээс гадна инкубатор хэлбэрээр ажиллаж буй явдал. Малчид, аж ахуйн нэгжүүд энд ирж саалийн зохион байгуулалт, тэжээл, эрүүл мэндийн менежмент, бүтээгдэхүүн боловсруулах бүхий л процессыг газар дээр нь харж, туршлага судлах боломжтой.
Компанийн хэтийн зорилго нь монгол тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж, “Монгол” гэсэн тодотголтой брэнд бий болгох. Үүний тулд ингэний сүүгээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэгдэн кластер байгуулж, экспортод гаргах бичиг баримтаа хөөцөлдөөд эхэлсэн гэнэ. Тиймээс ганц ферм хангалтгүй, харин загвар хэрэгтэй гэдгийг тэд ойлгожээ.
Фермийн цагаан сүү саалийн газраасаа шууд зах зээлд очихгүй. “Солид партнерс групп” компани одоогоор ингэний сүүг боловсруулан тараг, ундаа, хуурай сүү зэрэг нийт 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байна. Үйлдвэрлэл нь аймгийн хэмжээнд боловч борлуулалт нь Улаанбаатар хотод хүрч очсон. Хамгийн гол тогтвортой нийлүүлэлт чухал учраас борлуулалт болон бэлтгэн нийлүүлэх сүлжээг зэрэг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг “Солид партнерс групп”-ийн захирал Б.Цэнд-Аюуш хэлсэн юм.
Эдгээр бүтээгдэхүүн нь эрүүл хүнсний ангилалд багтаж, хэрэглэгчдийн эрэлт жилээс жилд нэмэгдэж байгааг компанийн зүгээс онцоллоо. Цаашид бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, гадаад зах зээлд экспортлох зорилт тавин ажиллаж байна.

Ингэний сүү, цагаан идээ нь говь нутгийн хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй бие махбодид зайлшгүй шаардлагатай кальци, фосфор, аминдэм болон үл орлох уургийн үндсэн эх үүсвэр болдгоороо онцлог. Сүүнд казин хэмээх бодис агуулагддаг. Энэ бодис хүний биед гаднаас орж буй хорт утаа, хорт бодисуудыг өөртөө шингээн хүний бие махбодиос гадагшлуулах үйлчилгээтэй юм байна.

Монгол Улс тэмээний тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг ч сүүний үйлдвэрлэл, боловсруулалтаар бодит ашиг хүртэж чадаагүй ирсэн нь нууц биш. “2025 оны мал тооллогын дүнгээр Монгол Улс 501 мянга гаруй тэмээ тоолсон. Хорин жилийн өмнө тэмээний тоо 254 мянга байсан бол хоёр дахин нэмэгдсэн нь малчдын нөр их хөдөлмөрийн үр дүн, мөн тэмээний баяртай салшгүй холбоотой” гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Түмэн тэмээний баяр 2026”-ын нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон юм.
Энэхүү өсөлтийн хамгийн тод жишээ нь Өмнөговь аймаг. 2025 онд 155,900 тэмээ тоолуулж, улсдаа тэргүүлсэн тус аймаг тэмээний аж ахуйг зөвхөн тоогоор бус, чанараар хөгжүүлэх боломжийг бий болгожээ. Аймгийн удирдлагуудын мэдээлснээр Өмнөговь аймаг “Тэмээ судлалын төв”-тэй болж, тэмээний үржил, селекц, ашиг шимийн судалгааг системтэй явуулах нөхцөл бүрдсэн байна.
Сүүлийн жилүүдэд тус аймагт тэмээ хамгаалах сан байгуулах, ботгоны мөнгөн урамшуулал олгох, мөн Гиннесийн Дэлхийн дээд амжилт тогтоосон 1108 тэмээний уралдаан зохион байгуулах зэрэг бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, малчдын идэвх оролцоог нэмэгдүүлсэн нь бодит үр дүнгээ өгч эхэлснийг орон нутгийнхан онцолж байлаа.
"Camwell" ингэний ферм нь Монгол Улсад тэмээний аж ахуйг шинэ шатанд гаргах, говийн бүсийн эдийн засгийг төрөлжүүлэх, эрүүл хүнсний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодит жишээ болж байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар тус фермийн үйл ажиллагаатай таницлцах үеэрээ онцлон тэмдэглэсэн юм.












3,607.57
















































Зочин 2026-02-10 45.117.34.67
Ингийг эхлээд ботгонд нь хөхүүлж, ивэлгэж саах байлгүй дээ. Ингэний дэл гэвэл зогдор нь юм уу, хаашаа юм? Зун цагт өдөрт 4 хүртэл л сүүг нэг ингэнээс саах боломжтой юм уу гэх мэтээр тааварлаж ойлгох нь ээ дээ, ерөнхийдөө.
Гоод 2026-02-10 59.153.112.153
Эрдэнэзаяа сэтгүүлч дүү минь ЗУНЫ УЛИРАЛД 4 ЛИТР, ИНГЭНИЙ ДЭЛИЙГ БОТГООР ХӨХҮҮЛНЭ гэсэн чинь юу гэсэн үг.
Зочин 2026-02-10 113.187.46.22
хөөрхий амьтад нүд нь жижгирч, ширгэчих шахаад галгүй болчиж. Эко Байгалийн амьтдыг мөнгө олох гэж ингэж ү****ц болгох гэж нүгэл юмаа. Тормойсон бөөрөнхий хар галтай нүдтэй харагддаг сан.
Зочин 2026-02-10 202.126.89.247
2002 оны үед хилийн 0129 дүгээр анги 100 ингэний ферм байгуулж цагаан идээнийхээ хэрэгцээг хангаж байсан баримт бий шүү
Буянт малаа хайрлая 2026-02-10 103.57.92.30
Монголын бэлчээрээ дагасан нүүдлийн мал аж ахуй хамгийн багатай 5,000 жилийн түүхтэй гэгддэг. Бэлчээрээс нь салгаж, таримал тэжээл, гормон, антибиотикээр нүдбэл мах, сүү нь юу болох бэ? Олон малыг 1 дор бөөгнүүлж хашаалбал тэнд мал чинь мал биш, мах, сүү үйлдвэрлэдэг машин болно. Манай Увст хатуу өвөл болж байна, зүүн зүгээс хадлангийн өвс нь олигтой тэжээл болохгүй,бас мал нь дуртай биш иддэг,голдог гэж ярьж байлаа
Шинэ дээрээ соотон 2026-02-10 202.126.91.149
Шинэ дээрээ соотон гэгч л юм даа, Монгол тэмээний гол онцлог нь бэлчээр нь юм. Бэлчээрт олон зүйлийн эмийн ургамал ургадаг, тэмээ түүнийг өөрөө сонгож иддэг. Монгол малын бэлчээрээс нь салгавал үнэ цэнэгүй болно. Үүийг ферм байгуулж, жаргал зовлонг нь биеэрээ амсаж байж л ухаарах ёстой юм байх даа
АРАЙ Ч ДЭЭ 2026-02-10 202.9.41.0
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ БЭЛЧЭЭРИЙН АЖ АХУЙГ СӨНӨӨЖ, ТЭМЭЭГ ХАШИЖ, ХОРЬЖ, БЭЛЧЭЭРЛҮҮЛЭХГҮЙ ТЭЖЭЭЖ, БОТГООС НЬ САЛГАЖ, МАШИНААР СААЖ ИНГИЙГ ТАМЛАЖ БАЙГАА АЖЛАА ҮТЭР ТҮРГЭН ЗОГСОО. ЭРГҮҮНҮҮД ЭЭ.
Галаа 2026-02-10 122.201.31.166
Өдөрт 4 литр сүү саадаг байлгүй дээ. Зундаа гэвэл арай бага биш үү.
Нэргүй 2026-02-10 178.224.73.69
harin tiin,
Нэргүй 2026-02-10 103.57.92.198
ингэний дэлийг эхлээд ботгоор нь хөхүүлж гэнэ ээ ха ха
ИРГЭН 2026-02-10 192.82.92.204
ӨДӨРТ 4 ЛИТР ЮМУУ ЗУНЫ ТУРШ 4 ЛИТР ҮҮ БАРИМЖААТАЙ ЮМ БИЧМЭЭР БНАА
Нэргүй 2026-02-10 202.9.41.84
Бусад тэмээчид туршлага судалж айл өрх бүр фермир болох боломжтой юм байна. Гол нь сэтгэл зүтгэл ажилласаг байдал нөлөөлөх байхдаа. Малчид зүгээр нэг мал малладаг иргэд баймааргүй байна. Фермир, бизнесмен болцгоох хэрэгтэй байна шүү. Би мал маллаж чаддаг бол фермир болж сайхан амьдрах байсан. Хажуудаа малын тэжээл тариалдаг болох хэрэгтэй. Өвөрмонголоос малын ургамалын үр авчирч тариалаад данш бэлдэж болно. Сайхан амьдрах нь өөрсдөөс нь шалтгаална.
Нэргүй 2026-02-10 103.57.94.201
Фермерийн аж ахуй эрхлэвэл гахай, тахиа шиг: Нарийн зайд хашиж, зөвхөн үр тариа, өсөлтийн даавар өгвөл мах нь зөөлөн боловч Омега-6 ихтэй, эрүүл мэндэд сөрөг болдог.