niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:34 UTC Эх: https://news.mn/r/2848122/ b000bdb9b05c429c… ← niitlelch.mn руу буцах

“Санхүүгийн тайлангаа 2 жил дараалан өгөөгүй намыг идэвхгүйд тооцно”

“Санхүүгийн тайлангаа 2 жил дараалан өгөөгүй намыг идэвхгүйд тооцно”

“Санхүүгийн тайлангаа 2 жил дараалан өгөөгүй намыг идэвхгүйд тооцно”

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


–Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намууд санхүүжилтийн жилийн эцсийн тайлангаа гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Одоогоор хэчнээн нам санхүүжилтийн жилийн эцсийн тайлангаа ирүүлээд байна вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа 2024 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж байгаа. Энэ хуульд улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, нээлттэй байлгах, улмаар иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар намууд санхүүгийн тайлангаа жил бүр СЕХ-нд ирүүлэх бөгөөд гурван үе шаттай хяналтыг хэрэгжүүлсний дараа олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн гэсэн үг.

СЕХ намуудын 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна.

Хуульд заасны дагуу хараат бус аудитын байгууллагад намуудын санхүүгийн тайланг хүргүүлж, дүгнэлт гаргуулж, үүний дараа СЕХ дараагийн хяналтыг хэрэгжүүлээд, дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт хүргүүлж, тус газар намуудад олгосон төрийн санхүүжилтийн зарцуулалтын тайлагналд аудит хийж дүгнэлт гаргана. Одоогийн байдлаар 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа СЕХ-нд гурван нам ирүүлээд байна.

–Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 37 нам бий боловч Улсын дээд шүүхэд 29 нь 2025 онд намынхаа үндсэн дүрмийг өөрчлөн шинэчилж, бүртгүүлэхээр 58 удаа хандсан гэх мэдээлэл байсан. Өнгөрсөн жил хуулийн хугацаанд СЕХ-нд 27 нам санхүүгийн тайлангаа ирүүлсэн. Хэрэв улс төрийн нам хуулийн хугацаандаа тайлангаа гаргаж, ирүүлэхгүй бол хүлээлгэх хариуцлага юу байх вэ?

-Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долдугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор СЕХ-нд хүргүүлэхээр Улс төрийн намын тухай хуульд заасан бөгөөд санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа тус хороонд хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор намынхаа цахим хуудастаа байршуулж, цахим хуудасгүй бол өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулахаар мөн хуульчилсан.

Санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан СЕХ-нд ирүүлээгүй бол намыг идэвхгүйд тооцох хуулийн зохицуулалттай байна.

–Санхүүжилтээ ил тод болгодоггүй нуудаг, хурлаа хугацаанд нь хийдэггүй, сонгууль дөхөхөөр сэрдэг улс төрийн намуудад ямар нэгэн хариуцлага хүлээлгэх үү?

-Ихэнх намуудын үйл ажиллагаа нь сонгуулийн үед идэвхждэг байдал ажиглагддаг. Энэ хуулийн хэрэгжилтээр намууд үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд байнга таниулж, улс төрийн боловсролыг олгох ажлыг хэрэгжүүлж, гишүүд, дэмжигчид болон олон нийтэд, нийгмийн бүлгүүдэд ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг тайлбарлаж таниулах ажлыг хэрэгжүүлснээр иргэд, олон нийтийн улс төр, сонгуулийн боловсролын талаарх ойлголтууд нэмэгдэх, намын дотоод ардчилал бүрэн хэрэгжин, бодлогын нам болж төлөвших ач холбогдолтой гэж харж байна.  

Хариуцлагын тухайд гэвэл Улс төрийн намын тухай хуульд хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй, Намын удирдах дээд байгууллагыг, эсхүл төлөөллийн төв байгууллагыг таван жилийн хугацаанд хуралдуулаагүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох хуулийн зохицуулалттай.

–УИХ-ын 2024 оны сонгуулиар сонгогчдоос нэгээс дээш хувийн санал авсан улс төрийн намд 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоо мэдэгдсэн. Гэвч 2025 оны мэдээллээр 6.9 тэрбум болж буурсан. Шалтгаан нь юу байв?

-Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан тодорхой томъёоллоор тооцож 2024 оны есдүгээр сард улс төрийн намуудад төрөөс олгох санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлсэн. Ингэхдээ нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан долоон нам, эвсэлд нийт 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох дээд хэмжээг тогтоосон. Намд төрөөс санхүүжилт олгохдоо шаардлага хангасан буюу нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намын тухайн жилийн санхүүгийн тайланг хянаж, дүгнэж, мөн тайланд тусгагдсан дөрвөн төрлийн орлогын хэмжээнд үндэслэх хуулийн зохицуулалттай.

Санхүүгийн тайлангийн хяналтыг дээр дурдсаны дагуу гурван үе шаттай хянаж, дүгнэлт гаргасны дараа хяналтын ажлын дүгнэлтүүдэд үндэслэж, СЕХ төрөөс олгох санхүүжилтийг эцэслэн тогтоодог.

Улс төрийн намын тухай хуульд төрийн санхүүжилт авах эрх үүссэн намд төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ нь тухайн намын сонгуульт гишүүний татвар, гишүүний татвар, иргэний өгсөн хандив, хуулийн этгээдийн өгсөн хандив гэсэн дөрвөн төрлийн орлогын нийлбэрийг хоёр дахин нэмэгдүүлснээс илүү байж болохгүй гэж заасан.

Эдгээр зохицуулалтаас хамаараад намуудын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хяналтын ажлын дүгнэлтэд тулгуурлаад, дөрвөн төрлийн орлогын нийлбэрт үндэслэж, улс төрийн нам, эвсэлд 2025 онд төрөөс олгох нийт санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөг болж буурсан.

Өмнө нь бол зөвхөн УИХ-д суудалтай нам л төрийн дэмжлэг авах эрх үүсдэг байсан бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар сонгогчдоос авсан дэмжлэгтээ үндэслэн хуульд заасан томьёоллын дагуу дээр дурдсанаар дэмжлэг авахаар болж байна. Төрөөс үзүүлж буй дээрх санхүүгийн дэмжлэг нь намыг дотоод ардчиллалтай болгох, улсын хэмжээний хөтөлбөр боловсруулж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байх, иргэдийн сонгууль улс төрийн боловсролд зориулан хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх, мөн намын бодлогын дотоод институтээ хөгжүүлэхэд зориулах зэргээр зориулалтыг нарийвчлан тодорхой хуульчилж өгсөн онцлогтой юм.

–Улс төрийн намд өгөх хандив өмнөх жилүүдийнхээс эрс өссөн асуудал байна. Жишээ нь улс төрийн намд хуулийн этгээд 30 сая хүртэлх төгрөгийн, иргэн 10 сая хүртэлх төгрөгийн хандив өгөх боломжтой байхаар дээд хэмжээг зааж өгсөн нь эргээд сөрөг үр дагавар дагуулж байгаа тухай асуудал хөндөгдөх болсон. Энэ талаар та юу хэлэх вэ.

-Улс төрийн намд өгөх хандивын дээд хэмжээг хуульчилж өгсөн нь санхүүжилтийг ил тод болгох, хууль бус эх үүсвэрээс ангид байлгах зорилготой чухал зохицуулалт гэж бодож байна. Өмнөх жилүүдэд намын санхүүжилт ил тод бус, далд хэлбэрээр явагдах эрсдэл өндөр байсан бол одоо тодорхой дээд хэмжээ, тайлагналын шаардлагатай болсон нь нэг дэвшил юм.

Мэдээж хандивын хэмжээ өсч харагдаж байгаа нь анхаарах асуудал ч үүнийг заавал сөрөг талаас нь харахгүй. Харин ч иргэд, аж ахуйн нэгжүүд улс төрийн үйл явцад хууль ёсны хүрээнд оролцох сонирхол нэмэгдсэнийг илтгэж байна. Гол нь энэ оролцоог ил тод, хяналттай байлгах явдал  юм. Цаашид хяналтын механизм, тайлагналын чанарыг сайжруулж, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж чадвал хандивын дээд хэмжээ нь авлига, далд санхүүжилтийг бууруулахад бодитой үр нөлөө үзүүлнэ.

–Улс төрийн намд өгөх хандивын хэмжээг нэмэгдүүлсэн нь тойрог томорсонтой холбож үзэх нь бий. Үндэслэлтэй юу?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хандивын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тусгаж, эх сурвалжыг нэг байхаар тодорхой хуульчилж өгсөн. Тойрог томрох тусам нам, нэр дэвшигчид илүү өргөн хүрээнд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулах шаардлагатай болж, үүнийг дагаад хууль ёсны зардал өсдөг л байх. Ийм нөхцөлд санхүүжилтийг далд бус, ил тод, хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх нь чухал.

Хандивын дээд хэмжээг хуульчилж өгсөн нь хяналтгүй санхүүжилтийг бууруулах, тайлагналын тогтолцоог сайжруулах зорилготой зохицуулалт юм.

Харин энэ зохицуулалт бодит үр дүн өгөхийн тулд хандивын мэдээлэл ил тод байх, тайланг хугацаанд нь гаргах шаардлагатай, түүнчлэн ил тод мэдээлдэг байх хэрэгтэй.

–Улс төрийн намын тухай хууль бүрэн агуулгаараа хэрэгжиж эхлээгүй байхад УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ухралт хийх агуулгатай хуулийннэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан, боловсруулж байгаа талаар иргэний нийгмийн байгууллагаас шүүмжлэлтэй хандаж байсан. Мөн том улс төрийн намууд тайлангаа ил тод байршуулахгүй, санхүүжилтээ тайлагнахаас татгалзаж байна гэдэг асуудлыг хөндсөн. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуульд нам, эвсэл орлогоо нэг дансанд төвлөрүүлнэ гэж тусгасан байсныг зөвхөн төрийн санхүүжилийг нэг дансаар авах нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байна гэсэн. Хуульд ийм өөрчлөлтийг хийвэл яах вэ?

-Улсын төсвөөс намд олгох санхүүгийн дэмжлэгийг тухайн намын өөрийн орлоготой уялдуулан хязгаарлах нь намуудын идэвхтэй байнгын үйл ажиллагааг дэмжих хөшүүрэг болохын зэрэгцээ төсвөөс хэт хараат болохоос сэргийлэх зорилготой байх. Нам нэг данстай байх нь улс төрийн санхүүгийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг хангах, хууль ёсны орлого олохыг дэмжиж байгаа. Энэ нь намуудын дотоод сахилга бат, олон нийтийн итгэл, төрийн санхүүгийн хяналтын үр дүнг сайжруулах бас нэг хэлбэр юм.

Одоогийн байдлаар бид энэ хуулийг бүрэн хэрэгжүүлж амжаагүй байна. Зөвхөн санхүүгийн үйл ажиллагаатай зохицуулалт хэрэгжиж эхлээд нэг жил л болох гэж байна.

Ингэхээр бүрэн үр дүн гараагүй байхад энэ талаар хэлэх эрт байна.

–Шинэ хуулиар намууд үйл ажиллагааны товч тайланг гаргаж, жилийн санхүүгийн тайлантай хамт ирүүлэх ёстой. Энэ тайлан дээр нийтэд ил тод мэдээлэл өгөх хурлаа хийсэн үү, хэдэн гишүүнтэй вэ, санхүүжилтээ юунд зарцуулсан бэ гэдгээ тайлагнана. АН гэхэд шинээр хэрэгжиж буй хуулийн хүрээнд намынхаа гишүүнчлэлийг орон даяар цахимаар хийж байна. Үүнийг  хэр зөв зохион байгуулалт гэж харж байна вэ?

-Намын санхүүгийн тайланд тухайн намын үйл ажиллагааны талаарх товч тайланг хавсаргах нь хуульд заасан шаардлага, нөгөө талаар энэхүү тайлангаар төрөөс олгосон санхүүжилтийг хэрхэн бодит үр дүнтэй зарцуулсныг харах юм. Тухайлбал намын гишүүний тоо (тайлант жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар), намын удирдах дээд байгууллага болон төлөөллийн төв байгууллагыг хуралдуулсан эсэх мэдээлэл, улс төрийн намын төрийн санхүүүжилтын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, тухайн намтай холбоотой хэвлэл, сурталчилгааны материал болон өөрийн хөрөнгийг захиран зарцуулах замаар орлого олсон  талаарх мэдээллийг багтааж өгөх ёстой.

Энэ зохицуулалт нь намын санхүү болон үйл ажиллагааг ил тод, хяналттай болгох, олон нийтэд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, иргэд, олон нийт нь намын гишүүдийн тоо, удирдах байгууллагын хурлын явц, гол үйл ажиллагааны товч мэдээллийг харах боломжтой болж, намын санхүүжилт болон үйл ажиллагаанд хяналт тавих нөхцөл бүрдэнэ. Нам бүр л өөр өөрийн дотоод дүрэм, журмын дагуу гишүүний бүртгэлээ хийж байгаа байх.

–Цаашдаа улс төрийн намууд юуг илүү анхаарах шаардлагатай байна вэ, давтаж байгаа алдаа гэвэл юуг хэлэх вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг Зөрчлийн тухай хуульд тодорхой зааж өгсөн. Тухайлбал, нам нь сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад хэлбэрээр мөнгө авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөнгөн бус хөрөнгө, эсхүл үйлчилгээ авсан бол хууль бусаар авсан хөрөнгө, орлогыг хурааж хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн нам нь төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого, хуулиар зөвшөөрсөн бусад орлогоо СЕХ-нд бүртгүүлсэн банкны нэг дансаар хүлээн аваагүй бол тухайн орлогын мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, иргэн болон хуулийн этгээдийн хандивыг бэлэн мөнгөөр хүлээн авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хандивын дээд хэмжээг хуульд зааснаас хэтрүүлэн авсан бол тухайн хандивын мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх мэт зайлшгүй мэдэж, мөрдөх заалтууд бий. Үүнийг л намууд цаашид анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-09 66.181.182.250

сонгуулийн хороо гэж ар өврийн хаалганы чихээсээр дүүрсэн амиа авж явж чадахгүй цалин шүтсэн нөхдүүд дээ.

Avatar

Нэргүй 2026-02-09 103.57.92.178

Тэр Үнэн ба Зөв билүү балай юмны нам гэж бүртгэсэнийг хүяингүй болгох хэрэгтэй.

Avatar

Хаха 2026-02-09 202.9.47.120

Худал ба Буруу Лам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж