Увс аймгийн Тэс сумын аварга адуучин Л.Галиндэвтэй монгол ахуй, малчин өрхийн нэг өдрийн амьдралын талаар цөөн хэдэн хором ярилцлаа.
-Та 20 гаруйхан насандаа аварга адуучин болжээ. Ийм залуухан аварга адуучин болсон гэхээр хэдэн настайгаасаа мал маллаж эхэлсэн бэ?
–Миний хувьд бага наснаасаа эхлэн мал маллах ухаан суралцаж өссөн. Есдүгээр ангиа төгсдөг жилээс эхлэн малчин болохоор эргэж буцалтгүй шийдсэн. Өнгөрсөн хугацаанд адуутай ноцолдож өнгөрүүлсэн жил сургуульд сурсан жилээс урт учир аварга адуучин хэмээх эрхэм хүндтэй цолд хүрсэн гэж боддог. Энэ цол бол их малтай учраас шагнасан шагнал огт биш л дээ. Харин удаа дараа адуу маллах, сургах, ур чадвартай холбоотой тэмцээн уралдаанд дээгүүр амжилт үзүүлсэн амжилтыг Монголын адуучин холбооноос урамшуулж өгсөн шагнал юм. Миний мал сайн маллана гэж юу байх билээ. Аав ээжийн минь буян хишиг.
-Залуу хүн учраас мал маллахаас илүүтэй хот суурин газарт амьдрах бодол төрдөг үү. Сүүлийн үед залуучуудын олонхи нь төв суурин, хот хүрээнд амьдрах сонголт хийж байгаа харагдах юм?
-Одоогоор надад төв суурин газар амьдрах талаар бодсон зүйл алга. Улаанбаатар хотод амьдрах бодол огт төрж байгаагүй. Хүүхэд байхаас минь өвөө эмээ, аав ээж гээд бүгд хөдөө мал маллаж, малчин ахуйгаар хүмүүжүүлж, малын захад өссөн учраас өөрийгөө сайн малчин болчих байх гэж боддог. Надад хөдөөгийн амьдрал хотоос илүү адал явдалтай санагддаг. Хөдөө мал маллана гэхээр дандаа уулын мухарт байна гэж байхгүй шүү дээ. Хүссэн үедээ төв суурин орж, жилдээ ганц хоёр удаа Улаанбаатарт ирдэг. Тэр үед төлөвлөсөн хэдэн зүйлээ гүйцээж аваад нутаг буцдаг. Миний хувьд хүүхэд байхаасаа л нутгаасаа холдож үзээгүй. Тийм болохоор удаан хугацаагаар нутгаа орхиж явж чаддаггүй. Тэнд миний нэг хэсэг оршин байгаа шүү дээ. Нэг талаараа намайг өдий зэрэгтэй хүн болоход түшиж тулж, өнөөдрийн амжилтад хүргэсэн зүйл бол өсөж төрсөн нутаг, үзэсгэлэнт сайхан байгаль дэлхий минь юм. Хөдөө мал маллах нь өөрөө их тансаглал. Түүнийг ойлгож, мэдрээгүй хүмүүст мал маллаж, хөдөө амьдрах нь хэцүү санагддаг байж магадгүй.
Малчид малын хажууд үр хүүхдүүдээ өсгөдөг учраас монгол ахуйтайгаа ойр, малч ухаан сууж, тухайн малын ааш зан, цаг агаарын төлөв байдал болон бусад зүйлийг ч малынхаа зүсээр нь ялгаж мэддэг.
Нүүдлийн иргэншилтэй малчид өв соёл, уламжлаа үр хүүхдүүддээ өвлүүлэн өгч байгаа нэгэн. Гэхдээ залуучууд сүүлийн жилүүдэд мал маллахаас илүүтэй хот суурин газар амьдрах дуртай болсон байна. Үүнээс харахад дээдсээс өвлөгдөж ирсэн мал маллах малчид тэр хэрээр цөөрч байгаа нь харамсалтай. Сүүлдээ хөдөө мал маллах хүн ховордоод байгаа учраас зарим малчид хүүхдүүдээ сургуулиас нь чөлөө авч малчин айлын өв соёл, нүүдэлчин ахуйгаа хадгалж авах хүрээнд шинэ малчдыг бэлтгэж байна.

–Монголчууд адууг жилийн дөрвөн улиралд уналгад ашигладаг. Гэвч сүүлийн жилүүдэд малчид мориноос илүү мотоцикл хэрэглэх нь их болжээ. Танай нутагт мориор малаа хариулж байгаа юу?
–Зарим тохиолдолд морь унахаас мотоцикл унаад ажлаа амжуулах нь илүү үр бүтээлтэй байх тохиолдол бий. Хөдөөд морийг ахуйн хүрээндээ унах нь багассан гэж сүүлийн жилүүдэд хүмүүс ам уралдуулан ярьдаг болсон байсан. Гэхдээ ганц хоёр хүний үйлдлээр тэр бүхнийг дүгнэх нь өрөөсгөл ойлголт юм. Манай гэрийнхний хувьд морь унаж хэвшсэн. Морь унах нь хүний биед их ач тустай бөгөөд бүх биеийн булчин давхар ажиллаж байгаа тул хөдөлгөөн хийсэнтэй тэнцдэг гэж үздэг. Эрт дээр үеэс монголчууд яс сайтай байсан нь тэдний идэж, хэрэглэж байгаа цагаа идээ болон адуу малтай холбоотой гэж тайлбарладаг.
Эр хүн морин дэл дээр салхи татуулан давхиж байхдаа уул ус, нутгаараа ихэд омогшдог.
Талд давхиж байхдаа ардын дуу, нийтийн дууг амандаа аялах нь сонсголонтой. Салхи татуулан давхихад орчин үеийн дуу нэг л наалдаж өгдөггүй. Гэхдээ залуу хүний хувьд орчин цагтайгаа хөл нийлүүлж алхахын тулд шинээр гарч байгаа залуу уран бүтээлч болон гадаад дууг үе үе сонсдог. Малчин болсон гээд нийгмээс намайг тусгаарлачхаагүй шүү дээ. Цахим ертөнцөөр дамжуулаад гар утсаараа бүх төрлийн мэдээ, мэдээлэл авчихдаг. Дээрээс нь зурагт, телевизороор бүх зүйлийг үзэж харж байна.
Малчид жилийн дөрвөн улирал нэг л зүйлээ давтдаг гэх өрөөсгөл ойлголт бий. Хүний нүдээр харахад тогтмол хэдэн зүйлээ хийж байгаа юм шиг боловч дараагийн алхамдаа бэлдэж байдаг. Мөн эцэг эхээс уламжлагдсан ирсэн олон арга байдаг. Үүний нэг бол аливаа үйлдлийг хийхдээ дараагийн нүүдлийг давхар боловсруулж уг үйлдлээ ашигтайгаар эргүүлэх юм. Аав ээж хоёр маань үр хүүхдүүддээ мал маллах ухааныг зааж сургаж байгаа. Миний хувьд сургуульд сурч байгаад сургуулиасаа гараад малчин болсон учир мэдэхгүй чадахгүй зүйл их бий. Тэр бүгдийг хичээнгүйлэн суралцаж яваа нэгэн. Тэглээ гээд уншиж бичиж чадахгүй гэсэн үг огт биш юм.
-Малын зүс ялгахгүй залуус их болсон. Энэ нэг талаар мал зүслэх талд мэдлэг дутмаг байдаг нь үнэн. Малын зүсийг буруу нэрлэх нь ямар санагддаг вэ?
–Монголчууд эрт үеэс таван хошуу малаа зүсэлж ялгаж ирсэн ард түмэн. Тийм байхад малын зүс мэдэхгүй залуус өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Соёлжсон залуусаас гадаадын иргэн малын зүс асуувал хэрхэн хариулах нь тодорхой байх. Гэтэл хотын залуус малын зүсийг буруу хэлэх нь түгээмэл. Малчид бол алдана гэж байхгүй. Харин мэр сэр эргэлзэнэ. Яагаад гэвэл зарим аймаг арай өөрөөр нэрлэх нь бий. Нэг удаа 30 орчим насны залуу малын зүсийг өөрийн дураар хэлж байхад нь таарсан. Эзэн нь биш байсан болохоор чимээгүй өнгөрсөн.
Надад мэдэхгүй зүйлээ ам уралдан ярьдаг хүн огт таалагддаггүй.
Монгол хүн таван хошуу малдаа хайртай учир үр хүүхэд шигээ хир халдаадаггүй. Ямар ч малчинд амины нэг мал байдаг. Тэр нь эр хүний хувьд адуу юм. Тиймээс адуун сүргийнхээ зүсийг мэдэж, эрхэмлэн дээдлэх ёстой. Тэгж байж бид харь орны соёлоос ялгарч чадна. Үүнээс харахад монголчууд өв соёлоосоо хөндийрч байгаагийн илэрхийлэл юм. Нэг үгээр ямар малын мах идэж хэрэглэж байгаагаа хүртэл мэддэгүй хүмүүс байдаг гэсэн. Тийм байхад мал зүслэх талаар бас дурдмааргүй ч юм шиг.
–Мал мал гэж гүйсээр ганц бие үлддэг малчин цөөнгүй гэж сонссон. Хэдийгээр эхнэр авч өрхийн тэргүүн болохоор төлөвлөж байна вэ?
-Таван хошуу малаа тэгш саруул талд өсгөж үржүүлэх ажил надад оногдсон гэж үздэг. Хаа нэг аавтайгаа хууч хөөрөн суухад аав надаас эхнэр асуудаг л юм. Тэр бүрд нь бүлх залгисан юм шиг дуугүй өнгөрдөг. Хөдөөгийн залууст эхнэр олдох нь асуудалтай болсон. Нэг л их ганц бие залуус нутаг усаар дүүрэн байна. Гэрийнхэн нь найз охин, эхнэртэй болох болж байна уу гэж асуух нь элбэг. Нэг талаараа малчин залуусыг ойлгож, хамтдаа мал маллаж амьдрах эмэгтэй ховорджээ. Хүн бүр хот руу нүүж хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг ихэд хүсдэг болсон байна. Сонголт хийж байгаа залуучуудыг буруутгах аргагүй ч Монгол Улсад хүн амын бодлого, малчин өв соёлоо хадгалж үлдэх санаачилга байгаа бол энэ асуудалд анхаарах л ёстой гэж бодож байна.
Ерөнхийдөө хөдөө мал маллах эмэгтэйчүүд цөөрч, ганц бие залуучууд олширсон. Миний хувьд одоогоор эхнэртэй болох нь бүү хэл найз охин ч үгүй л байна. /Инээв/
Аав надад "Эхнэр авах цаг чинь болсон шүү" гэж үргэлж сануулдаг. Би "Удахгүй хүү нь эхнэр авна аа" гэж хаа нэг хэлдэг. Хүмүүсийн хэлдгээр миний заяаны хань зам дээр байгаа л байх. Тэр хүнтэйгээ учраагүй 27 жилийн нүүрийг үзэж байна. Заяа нийлсэн хүнтэйгээ толгой холбож, өрхийн тэргүүн болох цаг удахгүй ирэх байх аа. Эхнэрээ баруун, зүүн, төвийн аймаг гэж хайсангүй ээ. Учрах ёстой бол худаг дээр ч учирна. Санаагаар болдог бол мал мэддэг малчин айлын охинтой л гэрлэмээр байна.

–Увс нутгийнхныг амь нэгтэй, их тусархаг, зочломтгой гэж ярьдаг. Хөдөөгийн малчдаас суралцах зан чанар их биз?
–Манай нутгийнхан амь нэгтэй. Нэгнээ хаана явна, яаж туслах уу гэдэг улс. Тийм болохоор ч тэр үү их гэнэн, итгэмтгий хүмүүс шиг санагддаг тал бий. Нэгэндээ тустай дэмтэй байна гэдэг өөрөө их сайхан. Хөдөөгийн малчин айлд хотоос хүмүүс зориод ирэхээр өөрийн хүүхэд шигээ санаж хүлээн авдаг. Хөдөөгийн малчдын эвдрээгүй нөхөрсөг зан, зочломтгой зан, шогч болон бусад сайн талууд их бий. Заримдаа хүний хүч нөөц хэрэгтэй ажилд саахалт айлыг дуудаагүй байхад хүрч ирээд яаж туслах вэ гэх мэтээр асуудаг нь сайхан. Хөдөөгийн малчдаас суралцаж авах зан чанар асар олон. Айл хүний амь нэг, саахалт айлын сайнаа нэг гэдэг ардын сайхан үг бол малчин түмнээс л гарсан үг байх. Гэтэл хот суурин газар хамар хашаандаа 10,20 жил амьдарсан айлаа мэдэхгүй, өөдөөс харж байгаа хаалганы цаана ямар айл амьдардаг гэдгийг ч таньдаггүй хувь хувиа л бодсон хүмүүс байна шүү дээ. Нүүж яваа танихгүй айлыг халуун, хоол, цайтай тосдог сайхан сэтгэл хот суурин газар амьдарч байгаа хүмүүсээс улам алсарч байна даа л гэж боддог.
-Малчдын орлогын эх үүсвэр мал, цагаан идээ байдаг. Өөрт хэрэгцээтэй санхүүгийн хэрэглээгээ залуу хүний хувьд хэрхэн хангаж байна вэ?
–Тэмцээн уралдаанд орж шагнуулсан мөнгөө хадгалдаг. Гэнэт мөнгөний хэрэг гарах бүрд малаа зараад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр мөнгөө ухаантайнхан зарцуулах хэрэгтэй гэж боддог. Мөн хөдөөгийн малчид бид зуны саруудад малынхаа үр шимийг хүртэж, сүү цагаа идээгээ бэлдэж, өвөл зарж борлуулах ажлыг давхар хийдэг. Нэг талаараа малаас хүртэж байгаа үр шим арвин. Хэр баргийн мөнгөний асуудалд орох нь цөөхөн.
Өөрсдийн гар доорх зүйлсээрээ дамжуулан амьжиргаагаа залгуулдаг. Ядаж мөнгөний зайлшгүй хэрэгцээ гарсан үед бог, бод малаасаа хэдийг арилжихад тухайн мөнгөө олчихдог.
Мал өсгөхөд хөдөлмөр, мөнгө олоход ухаан хэрэгтэй юм шиг санагддаг. Манай гэрээс хоёр том эгч тусдаа гарч өрх тусгаарласан учир эгч нарын хишгийг аав ээж бид гурав харж байгаа. Аав ээждээ тустай дэмтэй байхын тулд нутгаасаа гаръя гэсэн бодол төрж байгаагүй. Тэдэнд ч намайг явуулах сонирхолгүй байх. Тэгэхээр эхнэр авч гал голомтоо сахиж, дөрвөн үеийн малчин байсан бол тав дахь үеийн малчнаа өлгийдөн авах хүртэл ээж аавтайгаа малаа сайхан маллана.
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,607.57
















































Лха 2026-02-05 66.181.160.74
Ёстой одоо цагийн залуу малчдын амьдрал нүдэнд үзтэл ярьжээ гоё ярилцлага болсон байна.
Нгл 2026-02-05 51.158.243.211
Мундаг байна аа дүү амжилт!
Зочин 2026-02-05 66.181.178.244
МАН, манай төр засаг малчидыг зөвхөн сонгогч гэдэг талаас нь хараад, тархийг нь угааж, саналыг нь худалдан авахад амархан байлгахын тулд малчидыг аль болох бага гэгээрүүлж, эдийн засгийн хувьд төрийн дэмжлэгээс хараат байлгах сонирхолтой, тэрэндээ ч нийцсэн бодлого явуулдаг гэхэд бараг болно доо
Uuduulllll 2026-02-05 66.181.160.87
Хөдөө нутагт эхнэр олдох нь хэцүү болж , энэ сайхан залууд эхнэр олдох байх удахгүй сайн эхнэр авч аз жаргалтай амьдрах байхаа илүү их амжилт хүсэе👏❤️🔥🇲🇳
Нэргүй 2026-02-05 202.126.90.75
Мундаг залуу бна төрийн бодлого л маш чухал хөдөөг эзгүйрүүлж ер болохгүй залуучуудыг хөдөө тийш нь татах төрийн бодлого хэрэгтэй шинэ орон сууц ажлын баыр чухал хөдөөг хөгжүүльк залуусаа
Нэргүй 2026-02-05 202.55.188.125
хөдөө эзгүйрэхгүй мал маллах орон зай хязгаартаа тулсан өөр хүн мал маллахаар малчны хаяанд буувал шууд алуулна энэ бол хууль ямар хоёулаа турж үхэлтэй биш
Монгол 2026-02-05 176.3.213.34
Энэ сайхан залууд эхнэр олж өгөхсөн. Бодол санаа зөв, хүмүүжил сайтай, удам судар мал ахуйгаа бодсон сүрхий хүү байна да.
Батзандан 2026-02-05 199.7.156.235
Зальтай эмэгтэйчүүд их болсон шүү.УБ-с эхнэр авч болохгүй.
ажил хэрэгч иргэн 2026-02-05 66.181.177.98
Муу эхнэр авбал
Модоо барина
Сайн эхнэр авбал
Санаагаараа тавтай жаргана.
Амжилт хүсье.
Нэргүй 2026-02-05 91.141.66.121
гоё нийтлэл байна.хүсэл бүхэн тань биелэх болтугай, аз жаргал ерөөе
Зочин 2026-02-05 103.145.234.36
Аз жаргал хүсье.
Нэргүй 2026-02-05 66.181.181.242
хүсэл бүхэн тань биелэх болтугай, аз жаргал ерөөе.
Туул 2026-02-05 66.181.185.91
Сайхан Монгол бүсгүйтэй удахгүй гэрлээд гэр дүүрэн хүүхэдтэй болоорой ухаантай сайхан залуу минь. Монгол ахуй соёлын гайхамшигт өвийг тээгч таньд баярлалаа
Red 2026-02-05 66.181.178.147
Гоё эерэг, амжилт! Сайн явах санааных, есөн цагаан хүсэл нь биелэгээ!