Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэргэжлийн багтай хамтран нэгдүгээр сарын 26-ны өдөр орон нутагт анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ.
Энэхүү мэс засал нь орон нутгийн иргэдэд томоохон хүлээлт үүсгээд байсан бөгөөд иргэд цаашид Улаанбаатар хот хүртэл зорчих шаардлагагүйгээр эмчилгээ, хагалгааг хийдэг болсноор эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа аж.
Хагалгааны багт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар, сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, мэс заслын эмч Ж.Баярмагнай, Ц.Санжаасүрэн, Мөнгөн гөлтгөнө ХХК-ны үений мэс заслын эмч Э.Дөлгөөн, мөн Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуун, Г.Гантулга, Ц.Жамъянгарав, мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Жаргалцэцэг, туслах сувилагч Р.Нямдолгор нар оролцжээ. Хагалгааны явцад багийн эмч нар олон улсын стандартад нийцсэн өндөр технологи, аргачлалыг амжилттай ашиглан тохойн үеийг солих процедурийг гүйцэтгэсэн бөгөөд өвчтөн одоогоор биеийн байдал тогтвортой, сэргэн засах эмчилгээ амжилттай байгаа.
Энэ талаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуунаас тодруулахад "Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн хагалгааг зөвхөн ГССҮТ-д хийдэг байсан.
Хамгийн анх 2022 оноос эхлэн хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 45 орчим хагалгаа хийгдсэн юм билээ.
Миний хувьд 2025 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл ГССҮТ-д гар, сарвууны чиглэлээр нарийн мэргэшил эзэмшсэн. Суралцаж байх хугацаандаа энэхүү хагалгааг аймаг, орон нутагтаа нэвтрүүлэх боломжийг судалж, улмаар анх удаа орон нутагт амжилттай нэвтрүүллээ. Цаашид мөрний үе солих зэрэг бусад төрлийн нарийн мэс заслуудыг орон нутагтаа нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж байна. Тус хагалгааг ГССҮТ-ийн тасгийн эрхлэгч Л.Нанжид болон гар, сарвууны тасгийн бусад эмч нартай хамтран энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хийсэн. Өвчтөний биеийн байдал сайн байгаа. Аймаг, орон нутагтаа энэхүү хагалгааг нэвтрүүлж буй гол шалтгаан нь өртөг өндөртэй мэс заслын зардлыг бууруулж, иргэдэд үүсэх санхүүгийн болон цаг хугацааны ачааллыг багасгах, мөн тухайн өвчтөнд төвөг чирэгдэл багатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна" гэлээ.
3,607.57






















































Claudia Mölleken 2026-01-30 135.129.124.198
Харуулах боломжгүй.