niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 16:00 UTC Эх: https://news.mn/r/2845941/ 959e61ffc8a20cbc… ← niitlelch.mn руу буцах

"Д.Трампын санаачилсан энх тайвны зөвлөл НҮБ-ыг орлохгүй"

"Д.Трампын санаачилсан энх тайвны зөвлөл НҮБ-ыг орлохгүй"

"Д.Трампын санаачилсан энх тайвны зөвлөл НҮБ-ыг орлохгүй"

Олон улсын харилцаанд өрнөж буй цаг үеийн асуудлаар олон улс судлаач, профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-АНУ-ын Ерөнхийлөгч  Д. Трампын санаачилгаар байгуулагдсан Энх тайвны Зөвлөл улс орнуудын анхаарлын төвд байна. Олон нийт янз бүрийн бодол санал илэрхийлж байна. Та энэ байгууллагын чиг үүргийн талаар  тодруулна уу?

-АНУ-ын Ерөнхийлөгч  Д. Трампын санаачилгаар байгуулагдсан Энх тайвны Зөвлөл буюу Board of Peace хэмээх шинэ институц дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тус зөвлөлийг 2025 оны есдүгээр сарын сүүлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн төгсөлийн үед Д.Трамп анх санал болгож, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2025 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр баталсан 2803 тоот тогтоолоор Энх тайвны Зөвлөл байгуулахыг сайшаан дэмжиж, НҮБ-ын мандат буюу зөвшөөрөл олгожээ.  2026 оны нэгдүгээр сарын 22-нд анхны үүсгэн байгуулагч АНУ болон 19 улс тус байгууллагын Дүрэмд  гарын үсэг зурснаар албан ёсоор байгуулагдсан гэж үзэж болохоор байна. Эдгээр улсуудын нэг нь Монгол Улс юм. Нэгдүгээрсарын 23-нд Албани, Беларусь, Египет, Израиль,  Кувейт, Вьетнам улсууд нэгдэж одоогийн байдлаар албан ёсоор 26 улс нэгдээд байна. Надад энэ байгууллагын Дүрэм байна л даа. Би түүнээс эш татмаар байна.

Дүрмийн оршил хэсэгт, Тогтвортой энх тайван нь бодитой үнэлгээ, эрүүл ухаанд суурилсан шийдэл, мөн олонтаа бүтэлгүйтэж ирсэн хандлага, институцээс татгалзах зоригийг шаарддаг болохыг тунхаглан;

Урт хугацааны энх тайван хүмүүс өөрсдийн ирээдүйн төлөө эзэн нь болж, хариуцлага хүлээх эрх мэдэлтэй болох үед бодитоор бүрэлдэн тогтдогийг хүлээн зөвшөөрч;

Нийтлэг ачаа, харилцан үүрэг амлалтад тулгуурласан, үр дүнд чиглэсэн тогтвортой түншлэл л энх тайван олон жилийн турш үл олдож ирсэн бүс нутгуудад бодит аюулгүй байдлыг хангаж чадна гэдгийг батлан нотолж;

  • Энхийг цогцлоох олон хандлага нь хүмүүсийг хямралаас гаргахын оронд байнгын хараат байдалд оруулж, хямралыг институцчилж байгаад харамсан;
  • Илүү уян хатан, үр нөлөөтэй олон улсын энхийг цогцлоох байгууллага зайлшгүй шаардлагатайг онцлон тэмдэглэж;
  • Бодит хамтын ажиллагаа, үр дүнтэй үйл ажиллагаанд тууштай улс орнуудын сайн дурын эвслийг байгуулахаар шийдвэрлэн,
  • Эрүүл ухаанд хөтлөгдөж, шударга ёсыг дээдлэн, Талууд ийнхүү Энх тайвны Зөвлөлийн Дүрмийг батлан хэрэгжүүлэхээр тохиролцов” гэсэн байна.

Дүрмийн 1-р бүлгийн зорилго, чиг үүрэгт: “Энх тайвны Зөвлөл нь мөргөлдөөнд өртсөн буюу өртөх эрсдэлтэй бүс нутгуудад тогтвортой байдлыг хангах, хууль ёсны, найдвартай засаглалыг сэргээх, мөн урт хугацааны энх тайвныг баталгаажуулах зорилготой олон улсын байгууллага мөн. Энх тайвны Зөвлөл нь олон улсын эрх зүйд нийцүүлэн, энэхүү Дүрэмд заасны дагуу зөвшөөрөгдсөн энх тайвныг цогцлоох үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд үүнд энх тайвныг эрэлхийлж буй бүх улс, орон нутагт хэрэглэж болох шилдэг туршлага, загваруудыг боловсруулах, түгээх үйл ажиллагаа багтана” гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2803 тоот тогтоолын дагуу Энх тайвны Зөвлөл нь Газын зурвасын дайны дараах сэргээн босголтыг Газын Захиргааны Үндэсний Хороотой хамтран хянах үүрэг хүлээсэн. Гэхдээ тус байгууллага нь 2803 дугаар тогтоолд анх тусгагдсан үзэл санаанаас  зөрж байна гэж шүүмжилж байгааг тэмдэглэх хэрэгтэй болов уу. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2803 тоот тогтоол гэдэг нь 2025 оны аравдугаар сард Израиль, Хамасын хооронд тохиролцсон Газын зурвасын энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр баталсан. Дурдсан тогтоол нь Газын зурвасын талаарх энх тайвны төлөвлөгөөг дэмжиж, Газын зурвасын сэргээн босголтыг дэмжих Энх тайвны Зөвлөлийг байгуулахыг сайшааж, Олон улсын тогтворжуулах хүчнийг байршуулахыг зөвшөөрч, Газын зурвас дахь өдөр тутмын засаглалыг удирдах Газын удирдлагын үндэсний хороог байгуулахыг зөвшөөрсөн юм.

-Энэ байгууллагын тухайд Өрнөдийн ялангуяа Европын холбооны нөлөө бүхийн орнууд нилээд болгоомжилсон, шүүмжилсэн байр суурьтай байна?

–Аливаа шинэ зүйл гарч ирэхэд болгоомжилсон, шүүмжилсэн байр суурь  илэрхийлэх нь ардчилсан нийгэмүүдийн хувьд хэвийн үзэгдэл юм. "Sydney Morning Herald"  үүнийг Д.Трампын хувийн нэр хүндийн  төсөл, харин "Financial Times" шинэхэн даргын мөнгөний клуб” хэмээн нэрлэжээ. Д.Трамп Энх тайвны Зөвлөлийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оронд ашиглах өөр нэгэн бүтэц болгохыг зорьж байгаа бөгөөд энэ байгууллагад зөвхөн өөрөө хориг (veto) тавих эрхтэй байхаар төлөвлөж байна гэсэн болгоомжлол байна.  Франц улс тус байгууллага НҮБ-ын үүргийг авахыг оролдож байна хэмээн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Харин The Times of Israel-д  Д.Трамп өөрийнхөө Зөвлөлийг “магадгүй” НҮБ-ыг орлох боломжтой гэж мэдэгдсэн байна гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2025 оны арваннэгдүгээр сарын 17-нд баталсан 2803 тоот тогтоолын дагуу Энх тайвны Зөвлөл байгуулахыг сайшаан дэмжсэн тухай UN news-т мэдээлсэн. MS NOW каблийн сувгийн мэдээлснээр АНУ-ын Конгресс уг төслийг зөвшөөрөхөд оролцоогүй бөгөөд үүнийг Д.Трампын эрх мэдлээ тэлэх гэсэн ээлжит оролдлогын нэг гэж тодорхойлсон байна. Газын энхийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хоёр хоногийн дараа буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд Тони Блэйр Палестины дэд ерөнхийлөгч Хуссейн аль-Шейхтэй Иорданд уулзаж, Газын зурвасын сэргээн босголтын асуудлыг хэлэлцсэн байдаг. Тэр орой Д.Трамп “дайн дууслаа” хэмээн зарлаж, Энх тайвны Зөвлөлийг богино хугацаанд байгуулна гэдгээ мэдэгдэж байжээ.

Их Британи, Франц Норвеги зэрэг Өрнөдийн хэд хэдэн улсаас одоогоор дэмжлэг авч чадаагүй байгаа бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер В. Путины оролцоог “санаа зовоосон зүйл” гэж тодорхойлсон.

Европын Холбооны зарим элчин сайд нар тус байгууллагад “ноцтой эргэлзээ” байгааг илэрхийлж, албан ёсны байр суурь баримтлахаасаа өмнө хууль зүйн орчныг нарийвчлан судлах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Франц улс тус байгууллага НҮБ-ын үүргийг булаан авахыг зорьж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Франц улс Д. Трампын санал болгосон “Энх тайвны Зөвлөл”-д нэгдэх урилгыг “нааштайгаар хүлээн авахгүй” гэдгээ мэдэгдсэний хариуд Д.Трамп Францын дарс, шампаньд 200 хувийн гаалийн татвар ногдуулна гэж сүрдүүлсэн байна. Мөн тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны талаар “удахгүй албан тушаалаасаа буух гэж байгаа учраас хэн ч түүнийг хүсэхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Канадын Засгийн газар хэвлэлд мэдээлэхдээ Канад улс Д.Трампын санал болгосон Энх тайвны Зөвлөлд “суудлын төлөө мөнгө төлөхгүй” гэж мэдэгдсэн бөгөөд Ерөнхий сайд Марк Карни урилгыг хүлээн авах бодолтой байсан ч АНУ-ын Ерөнхийлөгчийн тавьсан нөхцлөөр бус гэж онцолсон байна.  Гэсэн хэдий ч М.Карни Давост үг хэлэхдээ “их гүрнүүдийн өрсөлдөөний эрин үе” эхэлж, АНУ тэргүүлсэн дэлхийн дэг журам төгссөн гэж мэдэгдсэний дараахан Д.Трамп Канадын урилгыг цуцалсан байна.

Үүнтэй адил Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва уг саналыг болгоомжтой хүлээн авч, АНУ-ын ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрөх болон НҮБ-ын үүргийг сүүдэртүүлэх эрсдэлтэй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.

Норвеги Энх тайвны Зөвлөлд нэгдэхээс татгалзсан байна. Норвегийн Төрийн нарийн бичгийн дарга Кристоффер Тонер уг саналыг “АНУ-тай цаашид илүү нарийвчилсан хэлэлцээ шаардсан олон асуулт дэвшүүлж байна” хэмээн мэдэгджээ. Швед улс албан ёсны хариу мэдэгдэл гаргаагүй ч Ерөнхий сайд Ульф Кристерссон 2026 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр тус зөвлөлийн баримт бичгийн агуулгын улмаас Швед улс уг байгууллагад нэгдэхгүй гэж мэдэгдэв. Словенийн Ерөнхий сайд Роберт Голоб уг байгууллага “олон улсын өргөн хүрээний дэг журамд халдаж байна” гэсэн үндэслэлээр урилгаас татгалзсан бөгөөд одоогоор уг урилгыг хүлээн авах цаг нь биш гэж мэдэгджээ.

Энх тайвны  Зөвлөлийг хувийн нэр хүндийн төсөл (vanity project) хэмээн тодорхойлсон байна. The Guardian “Трампын ноёрхолтой, мөнгө төлж ордог клуб — НҮБ-ыг өөрийг нь орлох зорилготой, Мар-а-Лагогийн ордныг дэлхийн хэмжээнд хуулбарласан бүтэц” хэмээн тодорхойлжээ. Тус сонины тайлбарласнаар, эцэст нь тодорхойлогдсон байгууллагын бүтэц нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл анх дэмжиж байна гэж ойлгосон загвараас ихээхэн зөрж байна гэжээ. "The Guardian"-ы мэдээлснээр, 2803 дугаар тогтоол батлагдсанаас хойш хоёр сарын дараа тараагдсан Дүрэмд Газын зурвасын тухай огт дурдаагүй, харин Энх тайвны Зөвлөлийг байнгын, дэлхийн хэмжээний байгууллага гэж тодорхойлсон байна. Баримт бичгийн дийлэнх хэсэг нь даргад нэр нь тодорхой заагдсан цорын ганц хүн болох Д. Трампад асар их эрх мэдэл олгосон дотоод журамд төвлөрсөн бөгөөд үүнд гишүүдийг томилох, чөлөөлөх, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох, тогтоол гаргах тухайд дангаараа эрхтэй байх заалтууд багтсан байна. Харин бусад гишүүд 1 тэрбум ам.доллар хандивласан тохиолдолд  байнгын статустай болох боломжтой бөгөөд чингэснээрээ бодит хяналт Д.Трампын гарт төвлөрч байна гэж шүүмжилсэн байна.

Хятад улс АНУ-аас Энх тайвны Зөвлөлийн гишүүнээр элсэх урилгыг авсан гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам баталсан. Гэхдээ Бээжин одоогоор хариу өгөөгүй, зөвлөлд элсэх эсэхээ албан ёсоор зарлаагүй байна. Олон улсад, тэр дундаа Европ, Азийн зарим улс орнуудад энэ санаачилга НҮБ-ын үүргийг сулруулж, нэг талын нөлөөллийг бий болгох эрсдэлтэй гэж болгоомжилж байгаа ажээ. Орос, Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2803 тоот тогтоолын санал хураалтад түдгэлзсэн учир нь Зөвлөлийн эрх мэдэл, НҮБ-тай уялдах байдал тодорхойгүй байна гэж шүүмжилжээ. Хятадын гадаад бодлого НҮБ-ын Дүрэмд суурилсан олон улсын эрх зүй, хамтын ажиллагааг дэмжих дээр төвлөрдөг. Энэ утгаараа шинэ, дангаар удирддаг механизмыг шууд дэмжих эсэх нь болгоомжтой хандлага юм гэсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр, “Владимир Путин Д.Трампын “Энх тайвны зөвлөл”-д оролцох албан ёсны  урилгыг дипломат сувгаар хүлээн авсан бөгөөд бид энэ санаачилгын бүх дэлгэрэнгүйг АНУ-ын талтай харилцан тодруулсны дараа шийдвэр гаргана.” гэжээ. Урилга илгээсэн Австрали, Япон, БНСУ, Энэтхэг, Шинэ Зеланд, Швейцарь, Сингапур, Тайланд, Гэгээн Ширээт улс болон бусад орнууд одоогийн байдлаар байр сууриа илэрхийлээгүй байна. Ямар ч тохиолдолд Д.Трамын санаачилсан Энх тайвны Зөвлөл НҮБ-ыг орлож чадахгүй.

-Энэ байгууллагын бүтэц, гишүүнчлэл, засаглалийн талаар сайн тодруулмаар байна?

-Энх тайвны Зөвлөлийн Дүрэмд олон түвшний бүтэц тусгагджээ. Д.Трамп  Энх тайвны Зөвлөлийн Дүрэмд анхны даргаар (Chairman) тодорхой заагдсан байна. Даргын албан тушаалд хугацааны хязгаар тавиагүй бөгөөд зөвхөн дарга өөрийн залгамжлагчаа томилох эрхтэй. Дарга  улс орнуудыг Энх тайвны Зөвлөлд нэгдэхийг урих эрхтэй. Мөн дарга нь Энх тайвны Зөвлөлийн дэргэдэх харьяа байгууллагуудыг байгуулах, өөрчлөх, татан буулгах бүрэн эрхтэй. Дүрэмд оруулах бүх нэмэлт, өөрчлөлт болон Энх тайвны Зөвлөлөөс гаргах захиргааны бүх шийдвэр нь даргын зөвшөөрлөөр хүчин төгөлдөр болно гэжээ.

Д.Трампын Энх тайвны Зөвлөлийн даргын албан тушаал нь АНУ-ын ерөнхийлөгчийн суудлаас хараат бус бөгөөд тэрбээр өөрийгөө насан турш даргаар үлдэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн юм.

Энх тайвны Зөвлөлийн байнгын гишүүн болох хүсэлтэй улс орнууд  Зөвлөлийн дарга Д. Трампын хяналт дор байгаа санд 1 тэрбум ам.долларын хандив өргөнө. Дүрэмд гаруй үсэг зурсан улс гурван жилийн хугацаатай гишүүнээр ажиллана гэж дүрэмд заасан байна. Дарга Д. Трамп насан туршийн гишүүн байхаар заасан.  Энх тайвны Зөвлөл  улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдээс бүрдэх ба 60 гаруй улсад урилга илгээсэн, Гүйцэтгэх Зөвлөл-дипломат ажиллагаа, хөрөнгө оруулалтад төвлөрсөн долоон гишүүн томилогдсон. Газын зурвас хариуцсан Гүйцэтгэх Зөвлөл нь Газын (зурвас) Захиргааны Үндэсний Хороог удирдан чиглүүлэх үүрэгтэй. Газын удирдлагыг хэрэгжүүлэх ба түүний тэргүүнийг Газын зурвасын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч хэмээн нэрлэж, Ойрх Дорнодын энхийн үйл явцын асуудлаарх НҮБ-ын Тусгай төлөөлөгч асан Болгарын дипломат Николай Младенов болон бусад 10 гишүүнийг томилсон.

Зөвлөлийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүдийг 2026 оны нэгдүгээр сарын 17-нд зарласан. Үүнд, АНУ-аас томилогдсон Газын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч Николай Младенов,  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио,  АНУ-ын ерөнхийлөгчийн Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Стив Уиткофф,  Д. Трампын хүргэн Жаред Кушнер,  Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр,  Apollo Global Management компанийн CEO Марк Роуэн,  Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Ажай Банга, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн  зөвлөхийн орлогч Роберт Габриэл Jr. зэрэг хүмүүс орсон байна.

-Давосын Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар  Д.Трампын санаачилсан Энх тайвны Зөвлөлийн Дүрэмд гарын үсэг зурж  нэгдэн орлоо. Монгол Улс энэ байгуулагад нэгдэн орсноор давуу тал болон санхүүгийн үүрэг хариуцлага хүлээх үү?

-Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал зорилт нь дэлхийн өмнө тулгамдаж буй нийтлэг сорилт, асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулах, тус улсын олон улсын байр суурийг бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар  тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал байдаг. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолыг олон улсын эрхзүйн хүрээнд  улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт гэж Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан. Мөн Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй олон тулгуурт, бие даасан гадаад бодлого явуулна гэж заасан. Мөн энх тайван, аюулгүй байдлын олон талт үйл явцад идэвх санаачилгатай оролцох явдал газар зүйн онцлог, давтагдашгүй байршилтай Монгол Улсын хувьд батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чухал хүчин зүйл болдог.  Энэ утгаараа Д.Трампын санаачилсан Энх тайвны Зөвлөлийн Дүрмийн зорилго Монгол Улсын гадаад бодлогын зорилго, зорилтод нийцэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын гадаад арга хэмжээний хөтөлбөрүүд нь урьдаас сайтар бэлтгэсэн байдаг. Д.Трампын санаачилсан Энх тайвны Зөвлөлийн хувьд цаг хугацаа давчуу байсны бид бүгд мэдэж байгаа болов уу. Гэхдээ Засгийн газар судалгаа, дүн шинжилгээ, үнэлгээгүй хандаагүй гэдэгт бат итгэлтэй байна.

Энх тайвны Зөвлөлийн Дүрмийн 2.2-р зүйлд “Гишүүн улсын үүрэг, хариуцлага” гэсэн зүйлийн “(a) Гишүүн улс бүрийг Энх тайвны  Зөвлөлд тухайн улсын Төрийн тэргүүн эсхүл Засгийн газрын тэргүүн төлөөлнө. Гишүүн улс бүр өөрийн дотоодын хууль тогтоомжийн хүрээнд Энх тайвны Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана. Энэхүү Дүрмийн аль ч заалт нь Энх тайвны Зөвлөлд гишүүн улсын нутаг дэвсгэрт харьяалал тогтоох эрх олгож байна гэж үзэхгүй, эсхүл тухайн улсын зөвшөөрөлгүйгээр тодорхой энх тайвныг цогцлоох ажиллагаанд оролцохыг шаардаж байна гэж тайлбарлагдахгүй. (c) Гишүүн улс бүр энэхүү Дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилээс илүүгүй хугацаагаар гишүүнээр ажиллах бөгөөд уг хугацааг Даргын шийдвэрээр сунгаж болно. Гэхдээ Дүрэм хүчин төгөлдөр болсноос хойших эхний нэг жилийн дотор 1 тэрбумаас дээш  ам.долларыг Энх тайвны Зөвлөлийн мөнгөн санд бэлнээр хандивласан гишүүн улсад энэхүү 3 жилийн хугацааны хязгаар хамаарахгүй” гэж заажээ.

Харин 2.4 дүгээр зүйлд “Гишүүнчлэлээс гарах” гэсэн зүйлд “Гишүүн улс бүхэн Энх тайвны Зөвлөлийн гишүүнчлэлээс шууд гарах боломжтой бөгөөд үүний тулд даргад бичгээр мэдэгдэл өгөх ёстой” гэсэн байна.

Урьд өмнө тохиолдоогүй цар тахал, Орос-Украины дайн, эрчим хүч, хүнсний  хямрал, үнийн огцом хөөрөгдөл, Д.Трампын гадаад, дотоод бодлогын шинэ параметр бид бүгдэд олон зүйлийг шинээр, өөр өнцөгөөс  эргэцүүлэн бодох боломж олгож байгаа бөгөөд бид цаашид үг, үйлдэл, хандлагын загвараа цоо шинээр угсрах шаардлагатайг харуулж  байгаа болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-01-26 103.212.118.54

Энэ зөвлөл аль нэг талаараа НҮБ -ийн үүрэгтэй давхардаж , түүнээс илүү эрх эдэлж АНУ өөрийн сонирхолд үл ницвэл цэргийн ажиллагааг явуулж байгаагах зөвтгөсөн байна
Монгол улс хүлээцтэй , санй нягталж байж нэгдэх байсан нь зөв байхж дээ

Avatar

Зочин 2026-01-26 202.9.46.184

Бушуу туулай боривондоо баастай гэж үг байдагсан.

Avatar

иргэн 2026-01-26 192.82.66.11

дагаж явдаг болохоор иймэрхүү зүйл л яргьж явахаас яахав, хөөрхий

Avatar

Нэргүй 2026-01-26 103.242.47.254

Занданшатар энд улс нь тоггүй байхад тэнд давхиж очоод нэг солиотой америк дээрэмчин өвгөний үлгэрт элсчихэж байгаа юм мөн хөгийн шүү

Avatar

Нэргүй 2026-01-26 203.217.139.240

Их мэдэгч

Avatar

зочин 2026-01-26 66.181.189.224

Түрэмгийлэгчид энх тайвны зөвлөл толгойлоод дэлхий бүхэлдээ солиорчиж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж