Торойх ганц ч үүлгүй гүн цэнхэр тэнгэр толилон харагдана. Урд, хойд талын бидэртэн хөхрөх уулсын оройг цас дарсан нь нас дарсан өвгөн мэт намбалаг агаад сүрдмээр санагдана.
Уудам тал хөндийг уурга даялсан адуучин эрс дүүргэж буй нь урьд хождын дайчин баатруудын сүр сүлдийг амилууланхан мэт бахдалтай.
Энд эрмэг зоримог эрчүүд ид хав, идэр тэнхээ, эрч хүч, овж сэргэлэн ухаан, авхаалж самбаагаа гайхуулахаар цугларчээ.

Эцэж цуцахыг мэддэггүй эмнэг хангал адуунуудыг уургалж нэг, бугуйлдаж нэг уясуулан номхотгоход татарсан морины хөлд хөрлөсөн цасны хөлдүүс газар хүрздэх мэт суларна.
Эгээ л ажин түжин энэ талыг түмэн агтын төвөргөөн амь оруулах шиг.

Цугласан улс цугаараа өнгө өнгийн үстэй ноосон дээл, үнэг, суусар, булган малгай өмссөн нь өнгө үзэмж, донжийг жигтэйхэн харуулна. Тэдний дундаас цагаан морь унасан, хүннү нэхийн тэрлэгтэй, тайга нохой хөтөлсөн нэгэн эр содрон тодорно.

Хааяа адуу янцгаах чимээ хаяа уулсын хормойгоор ойж, уудам орон зайг улам тэлэх шиг сонстоно. “Уургын урт нь сайхан даа. Хөөе чи уурган дээр гишгэдэггүй юм, цадигаа алдсан монид вэ” хэмээн буурал сортой өвгөн балчир хүүг зэмлэх нь сонстоно. Түүний хоолой загнах аргадахын дундуур хачин намуун дуугарна. Хүү ч үг дуугүй толгой дохин, уургаа засаж авав.

Хөгшид нэгнийхээ чихэнд амаа ойртуулан аар саарыг хуучилж, залуус зүс ижил морьдоор дөрөө харшуулна. Энд яаруу сандруу хөдөлгөөн үгүй. Бүх зүйл өөрийн жамаараа, тал нутгийн хэмнэлээр өрнөнө. Хүн, мал, байгаль гурав нэгэн агшинд нийцэж,
Улаанбаатар хотын захад орших “Чингисийн хүрээ” эртний цагийн дүрээ эргэн нэг олсон мэт.
Баатарлаг агаад бахдалтай.

3,607.57






















































Нэргүй 2026-01-26 66.181.178.69
гоё арга хэмжээ болжээ хэдэн балай хасаг авчирч бүргэд зовоож байхаар энэ нь жинхэнэ монгол ахуй даа