niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 19:02 UTC Эх: https://news.mn/r/2842047/ 87a9b76a898e8f43… ← niitlelch.mn руу буцах

Энэ 7 хоногийн онцлох ярилцлагууд

Энэ 7 хоногийн онцлох ярилцлагууд

Энэ 7 хоногийн онцлох ярилцлагууд

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"ДЭД САЙДЫН ТОМИЛГООГООР УЛС ТӨРИЙН ШОУ ХИЙЖ БАЙНА"

Үндэсний эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүн А.Ундраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийх гэж байна. Ерөнхийдөө сайд, дарга нар албан тушаалаар шагнуулж, ард иргэд нь бүсээ чангалсан өдрүүд өнгөрлөө гэж шүүмжилж байна. Таны хувьд намрын чуулганыг хэрхэн дүгнэх вэ?

-Энэ оны хоёрдугаар хагас буюу Улсын баяр наадмаас хойш хэн аль салбарыг удирдах вэ, дэд сайд хэн болох вэ, яам, агентлагийн даргаар хэнийг томилох вэ гээд улс төрийн томилгоо ярьсаар байгаад дууслаа гэдгийг олон хүн хэлж, шүүмжилж байна. Би энэ шүүмжлэлтэй санал нэг байгаа. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлын дараалал, тов болон УИХ-ын дэгтэй холбоотой тодорхой асуудлууд илүү тодорч гарч ирлээ. Өнгөрч буй 2025 онд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын хамтаар УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг санаачилж, батлуулсан. Ингэснээр өмнө нь Ерөнхий сайд индэр дээр суугаад өөрийнхөө сонирхсон асуултад хариулдаг байсан бол холбогдох хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд асуулт тавьж, Ерөнхий сайдтай нүүр нүүрээ хараад мэтгэлцэх боломжтой болсон. Энэ мэтийн ахиц дэвшил гарсан. Гэхдээ ерөнхий том зургаар нь харвал, чухал асуудлыг хэлэлцүүлэхгүй хойшлуулж, өргөн барихаар хүлээгдэж буй олон хууль байна. Миний хувьд одоогийн байдлаар хэд хэдэн хуулийн ажлын хэсэгт ажиллаж байна.

Жишээлбэл, Хүнсний тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Хүнсний тухай хууль гэдэг бол хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон сургуулийн хүүхдийн “Үдийн хоол” хөтөлбөр гэхэд энэ хуулийн багцад орж явдаг. Монгол Улсын хүнсний салбарын эрх зүйн зохицуулалт нэлээн дутмаг байна.

Ард иргэд маань эрүүл зөв хооллож байж өвдөхгүй байх суурь болох юм. Бүр цаашилбал хөгжлийн чухал асуудал болно. Өөр нэг ажиллахыг хүсч байгаа хууль гэвэл Барилгын тухай хууль. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль зэргийг УИХ-аар хэлэлцэж эхлээгүй, хүлээгдэж байна. Барилгын салбарт орон сууцны үнэ өсч, залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад босго маш өндөр болж байна. Ипотекийн зээлийн оновчтой зохицуулалт хийгдээгүйгээс болоод анх удаа байр худалдан авч байгаа иргэд гэхээсээ илүүтэй олон удаа байр худалдан авч байгаа иргэдэд давуу байдал олгодог. Мөн энэ зээлд гэр хорооллын хэдэн хувь нь хамрагдсан бэ гэхээр маш цөөн. Гэтэл энэ зээл байртай хүмүүсийг илүү том бас олон байртай болгоход чиглээгүй шүү дээ. Энэ нь барилгын салбарын үнэ хөөрөгдөлтийн нэг шалтгаан нь болж, иргэдийг орон сууцанд хамруулах угтвар нөхцөл нь болж чадахгүй, хууль эрх зүйн зохицуулалт нь дутмаг байна. Энийг яаралтай зохицуулах шаардлагатай. Салбарын бусад чухал хуулиудын тухайд Монгол Улс уул уурхайн орон. Манай эдийн засгийн хамгийн чухал хэсэг бол ашигт малтмалын экспорт. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бас л хүлээгдэж байна.

-Томилгооноос гадна томилолтын асуудал шүүмжлэл дагууллаа. Хамгийн их гадаад томилолтоор явсан гишүүдийн нэг нь та. Хэдэн удаа томилолтод явсан бэ. Үнэхээр явах шаардлагатай томилолт байсан уу?

-Намайг хэвлэлээр 19 удаа гадаад томилолтоор явсан мэтээр мэдээлсэн байна лээ. Нэг томилолтоор явахад нэлээд хэд хоногоор явж таарна. Томилолтын тоо цөөн ч хоногийн тоо нь тэгж гарсан байх. Гадаад томилолтоор явах шаардлага байсан гэдгийг хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж болно. Тэр дунд хамгийн чухал томилолт гэвэл, би энэ жил хоёр удаа Итали улсад айлчилсан. Эхний айлчлал нь Монгол-Италийн парламентын бүлгийн даргын хувиар буюу Монгол Улсын 126 УИХ-ын гишүүнтэй парламентын анхны бүлгийн айлчлал байсан. Энэ айлчлалд нийт долоон УИХ-ын гишүүн хамрагдаж, Монгол-Италийн харилцаанд ахиц авч ирсэн айлчлал болж чадсан. Тэрний нэг илрэл нь тодорхой хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг хийх угтвар нөхцөлийн нэг болсон. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд Монгол Улсын парламентын бүлгийн даргын хувиар хамт явсан юм.

Монгол-Итали улсын харилцааны тэгш ой энэ жил тохиож байгаа бөгөөд Монгол Улс Итали улстай стратегийн түншлэлийн хэмжээнд дипломат харилцаагаа хоёр шат ахиулсан.

Анх удаа хоёр улс хооронд агаарын тээврийн шууд нислэг хийх боломж бүрдсэн. Монголын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох ноолуурын 90 хувийг Итали улс руу гаргадаг. Энийг аль болох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож, энэ чиглэлийн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, чадавхыг сайжруулах ажлын хүрээнд ажилласан. Соёлын харилцааны хувьд Марко Поло, Плано Карпинигийн тэмдэглэлүүд гэх мэт олон зуун жилийн түүх байна. Одоо Занабазар судлалаар баяжин өргөжиж байна. Бид Итали улсаас архитектурын чиглэлээр зөв төлөвлөлтийг суралцаж, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг барьж, төлөвлөх, хүчитгэх гээд олон асуудал дээр хамтын ажиллагаа өргөжиж байна. Энэ утгаараа Итали улсын айлчлал маш чухал байлаа. Монгол Улсын парламентын бүлгийн даргын хувиар айлчлалд явах нь зүй ёсны асуудал байлаа.

-Монгол Улс, Франц улстай ураны салбарт хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Сүүлийн 30 орчим жил яригдсан энэ гэрээг байгуулснаар хоёр тал харилцан ашигтай хамтарч ажиллах боломж бүрдлээ гэж харж байсан. Өмнөх Засгийн газрын үед үзэглэсэн энэ гэрээ одоо юу болсон бэ?

-Монгол-Францын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг анх 2010 онд байгуулсан. Монгол Улстай энэ чиглэлээрх засгийн газар хоорондын хэлэлцээрт орсон хоёр улс бий. Нэг нь ОХУ, нөгөөх нь Франц улс. Нэгдсэн үндэсний байгууллагын Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн буюу Их Британи, АНУ, ОХУ, БНХАУ, Франц улс юм. Монгол Улсын хувьд хоёр улстай нь цөмийн салбарын хэлэлцээртэй. Олон улсын гэрээ гэдэг утгаараа эрх зүйн хувьд маш өндөр түвшний баримт бичиг. Энийг байгуулж чадсан нь Монгол Улсын хувьд Франц улстай хийж байгаа хамтын ажиллагааны маш чухал эрх зүйн суурь болж байгаа юм.

Энэ хэлэлцээр 2010 онд байгуулагдсанаас хойш 2025 онд гэрээг байгуулж, үзэглэсэн гэхээр бүтэн 15 жилийн нүүр үзсэн байна. Өнгөрсөн хугацаанд үл ойлголцож, гацсан, удааширсан, талуудын санаатай болон санамсаргүй байдлаар олны бухимдлыг төрүүлэх асуудлууд ч үүссэн. Сүүлийн үед ураны хөрөнгө оруулалтын гэрээг Оюултолгойн гэрээтэй харьцуулж байна. Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монгол Улс 34 хувийг эзэмшиж, тэр эзэмшсэн хувь дээрээ зээл авч, хүү нь өндөр, зээл нь ашигтай, ашиггүй, зээлээ төлж дууссаны дараа хэдэн жилийн дараа үр өгөөжөө хүртэнэ гээд ард иргэдийг үнэхээр бухимдуулж байгаа нь үнэн. Төр тодорхой хувь эзэмшээд, зээл авч, менежментэд олонхын дуу хоолой болж чадахгүй явах нь тийм ч зохистой биш гэдгийг харуулж байна. Үүнтэй харьцуулахад, Франц улсын “Орано майнинг” групптэй байгуулсан гэрээ бол АМНАТ-ийн хэлбэрээр үр өгөөжөө шууд хүртэж эхлэх боломжтой гэдгээрээ сайн жишиг тогтоосон. Орон нутагт хүртэх үр өгөөжийн хувьд, Дорноговь аймаг, Улаанбадрах сумын төсөв санхүүд хувь нэмэртэй гэж ойлгодог. Монгол-Франц улсын Засгийн газар хоорондын гэрээг байгуулахдаа газрын гүний ураныг уусган нэвчүүлэх аргаар олборлохоор тусгасан. Миний хувьд дараа дараагийн ураны хөрөнгө оруулалтын төслүүд дээр гэрээ байгуулахдаа газрын гүн дэх шингэний динамикийг маш сайн ойлгодог гидрогеологийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, нарийн мэргэжлийн хүмүүс хяналт тавих, тэр тооцооллыг хийдэг инженер, математикчдыг бэлдэх ёстой.

Тийм ур чадвартай мэргэжилтэн хяналтын байгууллага, судалгаа шинжилгээ хийх их дээд сургуульд ч байх ёстой. Энэ асуудлыг төрийн бодлогын хувьд хангалттай тусгаж чадахгүй байна гэж санаа зовниж явдаг. Хариуцах ёстой Боловсролын сайдын хувьд энэ чиглэлээр мэдлэг тааруу байх жишээтэй. Бид гадны хүнээс алдаа хайх бус засаглалын дутмаг байдалдаа анхаарах нь зөв.

Хууль тогтоогчийнхоо хувьд ураны хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэлтэй байхаар зорьж ажилладаг. Ямар ч байсан туслан гүйцэтгэгч компаниудаа сонгон шалгаруулах, худалдан авалтаа хийх, бизнесийн төлөвлөлтийн дагуу зөвшөөрлөө авах ажлаа хийж байна. Гэхдээ энэ хэлцэлээ ажил хэрэг болгох явцад манай зүгээс зарим тавьж байгаа шаардлагууд нь зүй ёсных, зарим нь бол нэмэлт хүнд суртал байдлаар гэрээнд тусгагдаагүй зөвшөөрлүүдийг авна гэж зүтгэх асуудлууд гарч байна гэж сонссон. Гэхдээ бид уул уурхайн төслүүдийн шууд бус үр өгөөжийг үржигдэх үр өгөөж буюу нэг ам.долларын хөрөнгө оруулахад эргээд хэдэн ам.доллар болж үржигдэх вэ гэж ярьдаг. Энэ төслийн хувьд шууд бус үр өгөөж чамгүй сайн гэж хардаг. Франц улсаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа тусламж болон хөнгөлөлттэй зээл, техникийн хамтын ажиллагаа зэрэг нь олон хаалгыг нээж өгсөн. Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын техник хэрэгсэл цаашлаад “Дүүжин тээвэр”-ийн төсөл гэх мэт. Миний хувьд “Дүүжин тээвэр”-ийг дэмждэггүй ч тухайн үеийн шийдвэр гаргагчид зөв зүйтэй гэж үзээд, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд болохоосоо болохгүйг нь хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой байх л даа. Франц улсын зүгээс Монгол Улсад хэрэгтэй олон зүйл дээр тусалж байгаа. Энэ нь ураны хөрөнгө оруулалтын гэрээний шууд болон шууд бус үр өгөөжийн нэг хэсэг гэж харж байна.

-Монголд өнөөдрийн байдлаар ураны ашиглалтын лицензтэй найман компани байна гэдгийг та хэлж байсан шүү дээ?

-Дэлхийн маш олон улс орон эрчим хүчээ цөмийн эрчим хүчээс гаргаж авах хандлагатай байна. Тэр үүднээсээ ураны эрэлт хэрэгцээ буурахгүй байх төлөвтэй. Ураныг түлш болгож ашигладаг цөмийн реактор нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд хөнгөн цөмийн урвалыг ашигладаг реакторууд нэмэгдэхээр байна. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн “Трамп медиа” компани нь цөмийн нийлэх урвалын “ТAE” технологийн компанитай нийлж, 6 тэрбум ам.долларын хэлцлийг амжилттай хийсэн талаар ВВС агентлагаар мэдээлсэн. Тэгэхээр дэлхийн хэмжээнд маш том худалдан авалтын гүйлгээ явагдаж байна. Ураны тухайд, микро реактор дээр хэрэгцээ нэлээд нэмэгдэхээр байна. Тэр утгаараа ураны түүхий эдийн эрэлт хэрэгцээ олон улсын зах зээл дээр ойрын 100 жилдээ буурахааргүй, эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байна. Хоёрт, манай улсад хэрэгжиж байгаа төслийн хувьд “Орано”-тай байгуулсан гэрээ аж ахуйн нэгжүүдэд ногоон гэрэл асааж өгсөн гэж харж байгаа. Бусад хэлцлүүдийг хийхдээ “Орано”-гийн гэрээг загвар болгож, ашиглах үүд хаалга нээгдсэн.

Төрийн ордон. Улаанбаатар 2025 оны 12 дугаар сарын 26. УИХ-ын гишүүн А. Ундраа Гэрэл зургийг О. Болорсувд

-Таны хувьд МАН-аас нэр дэвшиж, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан туршлагатай. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй болгосон шүү дээ. Тэр үеийн парламентыг одоогийнхтой харьцуулбал давуу болон сул тал нь юу байна вэ?

-Сайн тал олон байна. 126 УИХ-ын гишүүнтэй парламент маань таван улс төрийн хүчний нэгдэл учраас олон намын төлөөлөл болж чадсан. Монголчууд маань “Бүгдээрээ ярилцвал буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг шүү дээ. Олуулаа асуудлыг олон талаас нь харж, хэлэлцэх нь зөв. Холимог тогтолцоогоор сонгуулиа явуулснаар намын жагсаалтаар гарч ирсэн УИХ-ын гишүүдийн хувьд заавал нэг тойргийн асуудал гэж явцуурахгүйгээр асуудалд өргөн хүрээтэйгээр хандаж, манлайлж түүчээлж байна.

Эмч, багш, хот төлөвлөлт, эрчим хүч, эмнэл зүйн чиглэлээр нарийн мэргэжлээр мэргэшсэн улстөрчдийн тоо нэмэгдсэн. Тухайн орон нутаг болон нэг тойргийн асуудал гэхгүйгээр нийт ард түмэнд хамаатай асуудлыг барьж авч байгаа нь сайшаалтай. Бас нэг сайн тал нь энэ парламентын 80 хэдэн УИХ-ын гишүүн анх удаа сонгогдсон.

Парламентад шинэ уур амьсгал бүрдэж, соёлд өөрчлөлт гарсан. Нэг шүүмжлэлтэй хандах зүйл нь зарим тохиолдолд парламентад анх удаа сонгогдсон, олон удаа сонгогдсон гишүүн гэдгээрээ хуваагдах нь дэмий юм болов уу. Аливаа юм ахмад, дунд, залуу үеийн хэлхээтэй. Нэг нь нөгөөхөө хэт үгүйсгэсэн байдлаар хуваагдах нь зохимжгүй. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Би өмнө нь 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхад Д.Лүндээжанцан гишүүн парламентад долоон удаа сонгогдсон, маш их туршлагатай тул нөмөр нөөлөг их байдаг байлаа.

-Засгийн газрын дэд сайд нарын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгууллаа. Цалин тэтгэвэр нэмэх гэхээр төсөв байхгүй гээд. Дэд сайдыг томилох болохоор төсвийн хэмнэлт гэж ярих нь хэр зөв бэ?

-Дэд сайдын орон тоо байх ёстой. Дэд сайд гэдэг хүн ажиллаж байх ёстой. Ер нь парламентад тухайн салбарынх нь асуудлыг танилцуулах үеэр салбарын сайд нь байхгүй байна гэдэг асуудал нэлээд гардаг. Тэгэхээр дэд сайдууд ажиллаж, яамны ажлаа удирдлагаар тасралтгүй хангах үүднээс дэд сайдын үүрэг роль өндөр. Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажил, салбарын сайд томилолтоор явах боломжгүй үед дэд сайд явах, тухайн асуудлууд руу сайд орж ажиллаж амжихгүй бол дэд сайд яамныхаа дуу хоолой болох гэх мэт маш өргөн хүрээтэй ажилладаг. Дэд сайдын ажил асар чухал. Зөвхөн сайдын ажлыг сайн хийлгэхэд дэд сайдын орон тоо хэрэгтэй байгаа юм биш. Яамны удирдлагын түвшинд газар хэлтсийн дарга нарыг илүү чадамжтай, хүртээмжтэй ажиллахад чухал нөлөөтэй. Төсвийн зардлыг юун дээр, хэрхэн оновчтой зарцуулах вэ гэдгээ сайтар ярилцмаар байна.

Жишээлбэл, сургуулийн сурагчдын “Үдийн хоол”-ны хүртээмжийн асуудлаар эмэгтэй УИХ-ын гишүүд ШУТИС дээр хүлээн авч, танилцууллаа. Тэгэхэд холбогдох албаныхан “Ерөнхий боловсролын сургуулийн зургаа, долдугаар ангийн сурагчид сургууль дээрээ маш их өлсөж байна” гэдгийг хэлж байна.

Хүүхдүүд ид өсч торнидог насан дээрээ өлсөж байна шүү дээ. Бид мөнгөгүй ингэж байгаа юм биш. Бид арчаагүйдээ ийм байдалтай байна. Бидний гаргаж байгаа шийдвэр сул, зарцуулж байгаа төсөв оновчгүй байгааг харуулж байна. Нийт дүнгээр нь харвал, улсын төсвийг хэдэн их наядаар нь хаа хамаагүй цацаж байгаа. Үнэхээр аль нэг алслагдмал газар онцын шаардлагагүй бүтээн байгуулалт нэрээр ямар ч чанаргүй барилга барьчихаад, дараа жил нэг галчийн орон тоо хэрэгтэй байна, халаалтын зардал хэрэгтэй байна гээд төсвийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь урсгаж байна. Тэгчихээд урсгал зардлаа танах тухай ярихгүйгээр Боловсролын сайд нь “Хүүхдэд хоол хэрэггүй” гээд яриад сууж болохгүй. Тийм болохоор би дэд сайдуудын асуудлыг анхаарал сарниулах сэдэв л гэж харж байна. Тийм л юм бол 100 гаруй бүтээмж, хяналтын менежер томилох үеэр төсөв хэмнэх талаар ярихгүй яасан юм бэ. Адилхан л орон тоо биз дээ. Улс төрийн шоу л хийж байна.

-Төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч, татварын орлого бүрдэхгүй байна. Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн барихаар ажиллаж байгаагаа мэдээлсэн. Гэтэл хууль хэрэгжиж эхлэх хугацаа нь 2027 оноос наашгүй шүү дээ?

-Улсын төсвийн орлого хэд байх ёстой гэж буруу төлөвлөгөө гаргасан бол тасрахгүй яахав. Анхнаасаа зорилт нь үндэслэлгүй байсан юм чинь. Улсын төсвийг буруу төлөвлөж, салан байдлаар зарцуулсан асуудал бол Сангийн сайдтай шууд холбоотой. Сангийн сайд ажлаа хийж чадахгүй байна. Энэ хариуцлагагүй байдалтай хэдэн жил явж ирлээ. Анх удаа яригдаж байгаа асуудал биш. Энэ байдлаар сууриар нь засахаас нааш байдал дээрдэхгүй. Нөгөө талдаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нуруугаа авхуулсан байна. Татвараа шударгаар төлж байгаа хэддээ улам хүнд ачаа үүрүүлээд л байдаг.

Татвар төлөх чадамжтай аж ахуйн нэгжийнхээ тоог нэмэх бодлого барьж, төрийн өмчийн компаниудыг хэсэгчлэн хувьчлах асуудлыг хөндөх хэрэгтэй. Зарчим нь зөв боловч, нөгөө гараараа орон нутгийн өмчийн такси үйлчилгээний компани байгуулах асуудлыг хөндөж байна. Ингэж болдог юм уу. Хувийн таксины компаниудтайгаа нийслэл нь өрсөлдөх хэрэг үү.

Ийм байдалтай Монголд бизнес эрхлэх улам л хэцүү болж байна. Улсын компаниуд нь дандаа давуу эрхтэй. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачаа хөнгөрөх боломж алга. Одоогоос 140 жилийн өмнө С.Данзан мэндэлж байсан. Энэ хүний санал болгож байсан Үндсэн хуулийн төсөл дотор өмчийн эрхийн асуудлыг тусгасан байдаг. Үүнд, иргэн хүн хувийн өмчтэй байж, өмчөө хамгаалуулах эрхтэй гэж тусгасан. Тэр үед чөлөөт зах зээлийн үндсэн суурийг Үндсэн хуульдаа тусгахаар ажиллаж байсан. Өнөөдөр компаниуд дээрээ орлого сайтай, цалин өндөр байвал заавал төрд зүтгэх шаардлагагүй шүү дээ. Иргэн баян бол улс баян байх зарчим өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Гэхдээ 100 жилийн өмнөхөөс юу ч сайжраагүй гэж хэлбэл хатуудах байх. Гэхдээ үүнээс илүү сайжрах боломж байсан уу гэвэл байсан. Тэгэхээр бид хувь хүний өмч, хувийн хэвшлийг дэмжих, бизнес хийх боломжоор хангах асуудал дээр 2026 онд ахиц дэвшил гаргасан, төрөөс хувийн хэвшил рүү чиглэсэн дарамт, ачааллыг бууруулсан шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Тэрний төлөө хичээн ажиллах болно.

“ТЭТГЭВЭР АМЬДРАЛД ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙГАА НЬ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ”

“Тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байгаа нь хүний эрхийн зөрчил”

 Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа. 


-Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсад яг ямар үүрэг гүйцэтгэдэг байгууллага вэ? Олон нийт үүнийг хэрхэн ойлгох ёстой вэ?

-Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ долоон төрлийн хуулиар 20 гаруй чиг үүрэг хүлээдэг. Манай байгууллагын гомдол мэдээлэл хүлээж авдаг тоо жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ жилийн тухайд 1449 гомдол хүлээж авсан. Түүнчлэн 10 орчим судалгаа хийж, 44 хуульд 200 орчим саналын томьёоллыг өгсөн. Мөн хууль сахиулах байгууллага, төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Тодруулбал, нийт 553 цагийн сургалтыг 20 мянга орчим төрийн албан хаагчдад зохион байгуулсан. Түүнчлэн олон улсын түвшинд хамтарч ажиллах, түншлэлийг бэхжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд болон дотооддоо төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нөлөөллийн ажлуудыг амжилттай зохион байгуулсан.

Орон нутгийн хэмжээнд хүний эрхтэй холбоотой олон төрлийн хяналт, шалгалт хийж, 2025 онд 360 сумын тэн хагаст нь хүрч ажилласан байна. ХЭҮК-ын нэг чиг үүрэг бол хөндлөнгийн хяналт тавих. Засаг болоод бусад төрийн байгууллагуудад өөрийн дотоод хяналт гэж бий. Гэхдээ хүний эрхийн байгууллагыг анх байгуулсан зорилго бол байгууллагууд өөрөө өөрийгөө хянана гэдэг тэр бүр сайн хяналт байж чаддаггүй учраас гуравдагч этгээдээс хөндлөнгийн байр сууринаас тогтолцооны болоод механизмын хяналт хийж болж байгаа зүйл, болохгүй байгаа зүйлийг дүгнэх ёстой. Ямар асуудлыг залруулах уу гэдгийг оношилдог гэж ойлгож болно. Улмаар хамаарал бүхий байгууллагуудад нь түүнийг засаж залруулах үүрэг өгдөг. Шаардлага, зөвлөмж хүргүүлдэг. Үүнийг тухайн байгууллагууд заавал засч, залруулах үүрэгтэй байдаг

-2024–2025 онд ХЭҮК-т хамгийн их ирсэн гомдол аль салбарт хамаарч байна вэ?

-2025 онд ХЭҮК-т ирсэн нийт гомдол, мэдээллүүдийг авч үзвэл шударга шүүхээр шүүлгэх эрхийн гомдол тасрахгүй байна. Хилс хэрэгт гүтгүүлсэн гэх гомдол, шүүхийн процесстой холбоотой хүний эрхийн асуудал буюу өмгөөлөгчөөр хангагдахгүй байх, хууль зүйн туслалцаа авч чадахгүй байх, аль нэг талд давуу байдал олгосонтой холбоотой гомдол, шүүхийн процессын явцад эрүүдэн шүүсэн гэх мэт гомдлууд хамгийн түгээмэл байдаг.

Хоёрдугаарт, халдашгүй байх эрх буюу сэжигтэн, яллагдагчийн эрхтэй холбоотой гомдол байнга ирдэг.

Мөн иргэд "прокурорт гомдол гаргамаар байна, гомдлынхоо хариуг авмаар байна" гэж хандахаас гадна орчин нөхцөлийн асуудлаар хандах нь түгээмэл. Мөн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, "амралтаа авч чадахгүй байна, цалингаа бүтэн авч чадахгүй байна" гэдгээс гадна дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртсөн талаараа мэдүүлдэг. Энэ төрлийн гомдол дээр ХЭҮК тогтмол хяналт, шалгалт хийдэг. Түүнчлэн хаалттай хорих ангиуд, цэргийн ангиудад хяналт, шалгалт хийдэг.

-Хорих анги, цэргийн ангиудад хийсэн хяналт шалгалтаар зөрчил илрэх нь байнгын үзэгдэл болчихлоо. Яагаад эдгээр зөрчил тасрахгүй байна вэ?

ХЭҮК цэргийн ангиудад тогтмол, хяналт шалгалт хийж байгаа. Хорих анги, цэргийн анги, асрамжийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг газрууд бол бусдын хараа хяналтад байдаг онцлогтой субъектүүд. Бусад иргэд өөрсдөө гомдлоо ирүүлэх боломжтой байдаг бол хаалттай гэж нэрлэдэг эдгээр газруудад заавал очиж хяналт шалгалт хийх шаардлагатай болдог. Үүний дагуу ХЭҮК тогтмол хяналт шалгалт хийдэг. Гэсэн ч зөрчил гарсан хэвээр байна.

ХЭҮК-оос хийсэн хяналт шалгалтын мөрөөр огт зөрчил илрээгүй тохиолдол гэж байхгүй. Ноцтой зөрчлүүд дээр яаралтай засч залруулах шаардлагыг тухай бүрт нь хэлээд явж байгаа.

Үүнээс гадна нэг ангид зөрчил илэрсэн бол бусад ангиудад нь сануулга хүргүүлдэг. Тийм учраас болохгүй байгаа хүчин зүйлийг залруулахын төлөө тогтмол ажил хийх ёстой. Камержуулсан хяналт, биечилсэн хяналт маш чухал. Сахилга бат гэдэг зүйлийг заавал төлөвшүүлэх шаардлагатай байна. Цэргийн дүрмийн бус харьцааг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.

-Ахмад настнуудын тэтгэвэр, амьжиргааны асуудлыг ХЭҮК хэрхэн дүгнэж байна вэ?

-Ахмадуудаас тэтгэврийн асуудалтай холбоотой гомдол их ирдэг. Ингэхдээ, тэтгэврийн зөрүү хэт их байна гэдэг асуудлыг ярьдаг. Өмнө нь тэтгэвэрт гарсан болон дараа нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн хооронд хэт ялгаатай байдал үүсч байна. Мөн амьжиргааны түшингээс доогуур тэтгэвэр авч байгаа учраас амьдралд хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг хөнддөг. ХЭҮК-оос шинжээч томилоод ахмадуудын тэтгэвэртэй холбоотой асуудал дээр дүгнэлт хийлгэсэн. Бид нар инфляцаа бодоод үзсэн ч жил бүрийн цалингийн өсөлтөө харвал амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур байгаа.

440 мянган тэтгэвэр авагч ахмад байгаагаас 300 мянга орчим нь хамгийн доод түшингээр тэтгэвэр авч байна гэсэн дүгнэлт гарсан.

Гэтэл олон улсын жишиг, хүний өөрийн хэрэгцээ юу вэ гээд харахаар анхдагч хэрэгцээгээ хангахуйц түвшинд хүрч байна уу? гэдэг асуулт бий болж байгаа юм. Тиймээс энэ бол хүний эрхийн суурь асуудалтай салшгүй холбоотой зүйл. Хүний эрхийн суурь асуудал гэдэг уг нь их энгийн шүү дээ. Дулаахан орон байртай байх, ус, цахилгаантай байх, хүнс хоолтой байх тухай л асуудал юм. Энэ анхан шатны нөхцөлийг ахмад байна уу, залуу хүн байна уу хангаж чаддаг байх хэрэгтэй. Гэтэл энэ нөхцөл ахмадуудын хувьд тун муу түвшинд байна. Тиймээс зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай.

-Сүүлийн жилүүдэд сэтгүүлчид болоод иргэдийн үг хэлэх эрх хумигдаж байна гэх шүүмжлэлд та ямар байр суурьтай вэ? Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсний төлөө хариуцлага хүлээх тохиолдол хүний эрхийн зөрчилд тооцогдох уу?

-Иргэн болоод хэвлэл мэдээллийн байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ямар байна вэ гэдэг бидний байнгын хараанд байдаг асуудал. Ардчиллын нэг үндсэн шинж бол болохгүй байгаа засаг, төрийг шүүмжлэх. Ингээд харахаар нэг талдаа үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Гэхдээ цахим платформууд хөгжсөнөөр бусдыг гүтгэх, нэр төрд нь халдах, зураг дүрсийг нь хуурамчаар бүтээх, эцэслэн гараагүй шийдвэрийг мэдээлж, хүнийг буруутан мэтээр нийгэмд түгээх явдал эрс ихэссэн.

Нөгөө талдаа маш олон хүн цахим орчинд гэмт хэргийн золиос болж байна. Тиймээс нэгэнт бид дижитал ертөнцөд амьдрахаас хойш цахим орчинд хүний эрхийг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Хамгийн энгийндээ цахим орчинд ч ялгаагүй хуульд заасан хүний эрхийн таван зарчмаа баримтлах шаардлагатай.

Үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг хязгааргүй эрх биш. Мөн бодит нөхцөлд тохирсон эсэх зорилгыг нь харах ёстой.

Сэтгүүл зүйд улс төр болоод эдийн засгийн нөлөө их байгаа талаар ХЭҮК-ийн 22 дугаар илтгэлд дурдаж байсан. Тиймээс энэ мэт нөлөөллийг бодитой бууруулах, ил тод байх зарчмыг баримтлах шаардлагатай. Түүнчлэн 24 дүгээр илтгэлд дурдагдсан бас нэг асуудал бол сэтгүүлчийг мөрдөж, мөшгөх, заналхийлэх эх сурвалжаа нууцлах эрхэд нь халдахгүй байх асуудлыг заавал авч үзэх хэрэгтэй. Сэтгүүлч бол хүний эрхийг хамгаалагч мөн. Үүнийхээ төлөө өөрсдөө халдлагад өртдөг явдал байх ёсгүй.

-Агаарын бохирдол хүний эрхийн асуудал мөн үү?

-Агаарын бохирдол хүний эрхийн зөрчил мөн. Хүн бүрт хамааралтай хүний суурь эрхүүд гэж бий. Тухайлбал, хүний амьд явах эрх, боловсрол эзэмших, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нас, хүйс, шашин шүтлэг хамаарахгүй хүн бүхэнд хамааралтай. Эдгээр суурь эрхүүдийг хангаж чадаж байвал бид дараагийн асуудлуудыг ярихад илүү дөхөм болно. Эдгээрээс ганцыг нь салгаж аваад, энэ эрхийг чинь хангачихлаа гэсэн ойлголт байхгүй. Бүгд хоорондоо уялдаа холбоотой.

-Олон нийтийн оролцоог хангах ёстой атлаа цөөн хүний саналаар, яаруу шийдэгддэг бодлогууд нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулах боллоо. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? 

-ХЭҮК зөвхөн гомдол мэдээллийн мөрөөр бус олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цуглуулдаг. Зөвхөн гомдол ирсэн тохиолдолд ажиллана гэсэн зүйл байхгүй. Нийтийн анхаарлыг татсан, зорилтот бүлэгт чиглэсэн асуудлуудыг бүртгэж аваад, түүнийхээ дагуу ажилладаг.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангах зорилгын хүрээнд иргэд өөрсдөө юу хүсч байгаагаа хэлэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргахдаа энэ зорилтыг биелүүлээгүй гэж үзэж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст  зориулсан журам гаргахдаа тэр бэрхшээлийг нь мэдэхгүй хүн хийсвэрээр зохиож болохгүй шүү дээ. Тиймээс өөрсдөөс нь заавал санал авах хуультай. Гэтэл дугаарын хязгаарлалтыг нэг өдөр шийдэхдээ олон нийтийг төлөөлөх боломжгүй тооны хүмүүсээс санал авч, шийдвэр гаргавал хуулийн агуулгатай зөрчилдөнө. Нэг дарга эсвэл нэг шийдвэр гаргах эрхтэй байгууллага өөрийнхөө үзэмжээр шийдэх байсан юм бол анхнаасаа иргэдээс санал авах хэрэггүй шүү дээ. Хуулийн зорилго бол хэнд ямар ялгаатай хэрэгцээ байна вэ гэдгийг мэдэх зорилготой. Тэгэхээр зорилгоо хангаж иргэдийг утга учиртай оролцуулах ёстой. Дүр үзүүлэх шаардлагагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-01-03 203.91.115.49

ХЭҮК ажиллаж байгаа нь сайн,гэхдээ зөрчлийг арилгах талаар хангалтгүй ажиллаж байна.Арга хэмжээ дутуу аваад байх шиг байна.Эсвэл эрх мэдэл нь муу байгууллага юм уу.

Avatar

Нэргүй 2026-01-03 122.201.31.27

Монголд хүний эрх гэж байхгүй зөвхөн МАН-ы дарга нарын эрх гэж бий︕ Түүний хамгаалагч нь ХЭҮК︕︕︕

Avatar

Зочин 2026-01-03 59.153.115.216

Дажгүй мэдлэгтэй идэвхтэй эмэгтэйчүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж