niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 19:33 UTC Эх: https://news.mn/r/2841574/ 3929be2ff7140db2… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: Эрүүлжүүлэх байранд хоногт 120-150 иргэн хонож байна

Сурвалжлага: Эрүүлжүүлэх байранд хоногт 120-150 иргэн хонож байна

Сурвалжлага: Эрүүлжүүлэх байранд хоногт 120-150 иргэн хонож байна

Шинэ жилийн баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн иргэд гудамжинд тасарч унаснаас осгох, цаашлаад амь насаа алдах, гар хөл болон бусад бие эрхтнээ хөлдөөж эрэмдэг зэрэмдэг болсон тохиолдлууд бүртгэгдсээр байна.  Иймд цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярыг тохиолдуулан "Архигүй шинэ жил" аяныг он дуустал зохион байгуулж буй. Энэ хүрээнд бид нийслэлийн Баянзүрх дүүргийн /БЗД/-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтарч шөнийн сурвалжлага бэлтгэлээ.


Улаанбаатар хот. БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс. 21:40 цаг

Нийслэлийн БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн "07" дуудлагаар 21:40 цагт согтуу хүн гудамжинд хэвтэж байна гэсэн дуудлага бүртгэгдэв. Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очиход 30 орчим насны эрэгтэй согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, тасарч унан гудамжинд хэвтэж байв. Удалгүй Түргэн тусламжийн 103 төвийн автомашин ирж, иргэний биеийг үзэж, гол амин үзүүлэлт хэвийн гэж тодорхойлон цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өглөө. Цагдаагийн алба хаагч иргэнээс оршин суугаа гэрийн хаяг, ар гэрийн хүнийх нь утасны дугаарыг тодруулж холбогдоход "Манай гэр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Бид, одоо шууд очоод авах боломжгүй, та нар гэрт хүргэж өгнө гэвэл гэрийн хаягаа өгч болно. Хэрэв үгүй гэвэл зохих арга хэмжээг өөрсдөө аваарай" гэв. Энэ төрөлд ямар арга хэмжээ авч болохыг хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчаас тодруулахад "согтууруулах ундаа хэтрүүлсэн иргэний биеийн байдлыг 103 төвийн эмнэлгийн ажилчид үзэж хэвийн бол бидэнд бичиг хүлээлгэн өгдөг. Бид, тухайн иргэний өгсөн мэдээллийн дагуу  ар гэр, албан байгууллага болон бусад хүмүүстэй холбоо барих ажлыг хийдэг. Гэхдээ согтууруулах ундаа хэтрүүлсэн иргэн өөрийн мэдээллээ үнэн зөв өгөхөд тун хэцүү. Тэдний дийлэнх нь мэдээллээ буруу өгдөг. Харин сая ярьсан ар гэртэй холбоо тогтоосон ч хүлээн авахгүй гэсэн тул иргэнийг саатуулах байрт хүлээлгэн өгөх үүрэгтэй" гэлээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт эрэгтэй, эмэгтэй эрүүлжүүлэхтэй байртай газрын нэг бол "Дэнжийн 1000" эрүүлжүүлэх байр юм. Биднийг эрүүлжүүлэх байрны гадна хашаагаар ороход шөнийн 22:20 цаг болж байв. Хашаан дотор 3-4 цагдаагийн алаг машин ирсэн харагдлаа. Дотогш ороход эрүүлжүүлэх байрны үүд хэсгээс архи, хөлсний нигширсэн муухай үнэр үнэртэхээс гадна зарим согтуу иргэн өмдөндөө шингэн алдсан учир заалаар үнэр нь ханхалж байв. Алба хаагчид үнэрийг үл ажран зохих журмын дагуу шаардлагыг иргэнд тавьж, бичиг баримт, хувийн эд зүйлсийг бүртгэж, хураан авч эрүүлжүүлэх өрөө рүү нэг нэгээр нь орууллаа.

Эрүүлжүүлэх байрны нэг тасалгаанд 7-10 иргэн орох боломжтой бөгөөд ачаалал хэвийн үед нэг өрөөнд 2-3 хүн оруулдаг аж. Иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлт, бүртгэл болон бусад эд зүйлсийг хураан авч дууссаны дараа хяналтын камераар биеийн эл хэсгийг бичиж баталгаажуулснаар камерт оруулдаг талаар алба хаагчид дурдсан юм.

Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хоногт 120-150 иргэн эрүүлжүүлэх байранд хонож байна.

Эрүүлжүүлэх байрт хүргэгдэж ирж байгаа иргэдийн дийлэнх хувь биеэ авч явах чадваргүй, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, нийтийн өмч гудамж, талбайд тасарч унасан иргэд их хүргэгдэж ирдэг аж. Цагдаагийн байгууллагын алба хаагч иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах ёстой учир шинэ жилийн баяр ойртсон энэ үед хяналт тавьж ажиллаж байгаа талаар Эрүүлжүүлэх, саатуулах төвийн цадаагийн ахмад Л.Пүрэвдагва  дурдсан юм.

Шөнийн 24:30 цагт дахин нэг дуудлага мэдээлэл ирлээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага бидний байгаа газраас 1 км гаруй зайтай аж. Уг дуудлага Сансарт байрлах нэгэн пабаас иржээ. Сансар орчим шөнийн цэнгээний газар, паб, караоке гэх үйлчилгээний төв ихтэй газруудын бүсэд ордог тул энэ төрлийн дуудлага мэдээлэл шөнийн цагт ихээр ирдэг аж. Дуудлагын дагуу очиход гурван эрэгтэй, хоёр эмэгтэй нарын дунд маргаан үүссэн байв.  Гар утас нь алдагдсан тул цагдаа дуудахаас аргагүй болжээ. Цагдаа ирж явааг сонссон этгээд хулгайлсан гар утсаа гаргаж өгсөн ч хамт явсан эрэгтэй найзад нь гар хүрч хэд хэдэн удаа цохисон байна. Тэд мэдүүлэг өгөхөөр болж,  БЗД-ийн хоёрдугаар хэлтэс рүү хөдөлсөн юм.

Удалгүй Сансарын ойролцоо байрны дунд хэсэгт залуус зодолдож байна гэх дуудлага ирэв. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй  20 гаруй насны хоёр залууг зодож байхыг харсан  байрны оршин суугч цагдаад дуудлага өгчээ. Биднийг очиход Түргэн тусламжийн 103 -ын эмч давхар ирж, зодуулсан хоёр иргэний биеийг үзэхэд нүүр хэсэгт хэд хэдэн газар зүсэгдэж, хамрын яс хугарсан байв. Эмч үзэж дуусахад цагдаагийн алба хаагч тэднээс мэдүүлэг авахаар хэлтэс рүү авч явлаа. Мөн зодоон үүсгэж хоёр иргэний биед халдсан этгээдийг саатуулах байр руу хүргэхээр хөдөллөө. Зодуулсан хоёр иргэнээс тухайн үед юу болсныг тодруулахад хохирогч О "Уг нь би найзтайгаа ганц хоёр пиво ууж байгаад гэртээ харих гээд пабаас гарсан. Гадаах сандал дээр биднийг сууж байхад хэсэг залуус ирсэн. Энд сууж болохгүй гэх утгатай зүйлийг бидэнд хэлсэн. Яагаад сууж болдоггүй юм гэж асуухад гэнэт биднийг зодож эхэлсэн. Оршин суугч анзаарч цагдаад дуудлага өгсөн. Биднийг зодолдож байхад харуулын алба хаагчид ирж салгасан.  Гэвч зарим нь цагдаа ирж байгааг мэдсэн учир зугтсан" гэлээ.

БЗД-ийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаагийн дэд хурандаа Ц.Хадбаатар "ЦЕГ-ын тэргүүн дэд даргын баталсан "Архигүй шинэ жил" арга хэмжээний хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс баярын өдрүүдэд 30 чиглэлд 60 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Авто эргүүл найман чиглэлд  иргэдийг гэмт хэргээс сэргийлэх, гэмт хэрэгт өртөж хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэн байгаа" гэлээ.

Цагдаагийн байгууллагад 2025 оны эхний 11 сарын байдлаар нийт 44,581 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7063 буюу 15.8 хувь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, олон нийтийн газарт хэрүүл маргаан зодоон үүсгэсэн, ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүл хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлийн улмаас 10,972 хүн эрүүлжүүлэгдэж, 34,755 хүн саатуулагдсан.

Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны арванхоёрдугаар сарын 08-31-ний өдрийн хооронд “АРХИГҮЙ ШИНЭ ЖИЛ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох, дахин зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж, даалгавар (21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдаалах, 18 насанд хүрээгүй хүнээр ажиллуулах гэх мэт) хүргүүлж, биелэлтийг тооцох чиглэлээр нийт давхардсан тоогоор 358 чиглэлд 716 алба хаагч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр Тээврийн цагдаагийн албанаас 168 чиглэлд 345 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэдгийг БЗД-ийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Отгонням дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Зочин 2025-12-30 125.27.95.100

Энэ чинь зөвхөн цагдаагийн ажил биш шүү дээ. Та нар анзаар даа. Жил болгон хүмүүс хэрэг тарьж, тэр нь жил ирэх тусам улам нэмэгдэнэ. тэгээд л зугтаагаад л байх уу. Нийгэм тэр чигээрээ доройтож зэрлэгшиж байгаагаа анзаарч байна уу. Нэг өдөр тэсрэнэ. Монголчуудын зарим нутгаасаа зугтаагаад байгаад дүгнэлт хэдийд хийх вэ

Avatar

Зочин 2025-12-30 125.27.95.100

Хууль дүрмээ чангатгаад нэмэргүй. Нийгмийн энэ хурц асуудлыг цогцоор шийдэх хэрэгтэй. Ихээхэн хугацаа шаардагдах тул өнөөдрөөс төр засаг тодорхой ажил хийх хэрэгтэй. Жишээ нь, 1-т Хүмүүжлийн чиглэлээр. Гэр бүлийн Хүмүүжлийн чиглэлээр ажиллах. 2-т Боловсролын чиглэлээр гээд тодорхой ажил хийх. 3-т Соёлын чиглэлээр гээд. Энэ чинь өргөс авах төдий асуудал биш шүү дээ. Захиргааны ажлаа нэгэн зэрэг хийгээд явах….

Avatar

Иргэн 2025-12-30 43.228.129.215

Хуулиа чангатгаач Яасан ч өгөөмөр хууль вэ?

Avatar

zochin 2025-12-30 71.229.150.6

Butehgui ee,butehgui,zugeer l neg amar amgalan ene sogtuunuudaas hol amidarmaar bna,

Avatar

Нэргүй 2025-12-30 202.55.188.38

шинэ жил чинь өөрөө архи шдээ архи уудаг хүмүүс хамгын сайхан баярлаж жаргадаг бусад нь хүчээр архины мөнгө нийлүүлж таваг хоол идсэн болдог

Avatar

зочин 2025-12-30 66.181.187.236

Зөвхөн шинэ жил биш бүх баярууд ийм болсон, Архичид танхайчуудын баяр, Ялангуяа урт хугацаагаар үргэлжлэх Улсын баяр, цагаан сараар хавтгай архидалт, гэмт хэргийн эх уурхай , Баяр ёслолоо соёлтой тэмдэглэж чадахгүй, ёс дэглэмгүй, өөрсдөө ийм хариуцлагаггүй байж бүх бурууг төр засаг рүү чихнэ, Эмх замбараагүй ,дэг журамгүй, үймээн самуун үүсгэхийг эрхлэнэ, Бид үнэхээр арчаагүй, үл бүтэх этгээдүүдэд хууртсан, дэмжсэн ,гашласан толгойтой гэж хэлж болмоор,өөрсдийгөө хорлосон сонин хүмүүс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж