"NEWS" агентлаг улиран одож буй 2025 онд Монгол Улсад болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
Уран & Харбины түүхэн гэрээнүүд хөрөнгө оруулагчдыг үргээх үү, үлдээх үү
2025.01.17
Монгол Улсын Засгийн газар Франц улсын “Орано Майнинг” хувьцаат компанитай ураны салбарт хайгуул, олборлолт хийх хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан нь уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 27 жилийн дараа гуравдагч хөрш оронтой үзэглэсэн түүхэн гэрээ болсон юм.
Энэхүү гэрээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийн нэг. Хамтарсан Засгийн газрын нүүрийг тахлах түүхэн төсөл ч гэж тодорхойлж болно.
Гэрээнд Монголын талаас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас БНФУ-ын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах Энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар тус тус гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.
Монгол Улсын Засгийн газраас гуравдагч хөрштэй байгуулж буй хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөвт нэмэлт орлого төвлөрүүлэх, шинээр ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах улмаар олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг нийгэм, эдийн засгийн шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд сайн жишээг тогтоох үр дагавартай. Засгийн газраас Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн зарчмыг баримтлан, хөрөнгө оруулагч талтай 18 удаагийн хэлэлцээрийг хийсний үр дүнд Монгол Улсын эрх ашиг, Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлсэн дараах нөхцөлүүдийг тус гэрээнд тусгасан юм Үүнд:
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд өгөөжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэх тооцооллыг баталгаажуулсан.
- Хэрэв Монгол Улсын хүртэх шууд өгөөж 51 хувь хүрээгүй тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компаниас шаардлагатай өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөрийг Засгийн газарт нэмж төлнө.
- Төслийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцааг хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн АМНӨТТ-т орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож авна. Ингэснээр давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ноогдол ашиг, АМНАТ-ын төлбөрт 2 тэрбум ам.доллар, нийт улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоололтой байна.
- Засгийн газар давуу эрхийг хувьцааг шууд эзэмшиж, тэргүүн ээлжид ногдол ашиг хүртэх, давуу эрхийн ноогдол ашиг хуваарилагдаагүй тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилахгүй байх нөхцлийг тусгасан
- ААН-ийн орлогын, нэмүү өртгийн, ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар болон гаалийн гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулсан. АМНАТ-ын төлбөрийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар инфляци тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгасан.
- Төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа зөвхөн гурван тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгаж, ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлийг энэхүү гэрээнд хамруулахгүй байх нөхцөл тусгагдсан. Түүнчлэн, төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, гео экологийн судалгаа, цацраг хяналтыг хэрэгжүүлэхийг тусгасан.
- Монгол Улс дотооддоо элементийн хүхэр үйлдвэрлэн, боловсруулсан тохиолдол төсөл хэрэгжүүлэгч компани боломжит үнээр тэргүүн ээлжид авах заалтыг гэрээнд оруулсан.
- Орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд жил бүр нэг сая ам долларын хөрөнгө оруулалт хийх, нийт ажиллагсдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхай ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60-аас доошгүй нь болон жилийн нийт худалдан авалтын 40-өөс доошгүй хувь нь Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч, хуулийн этгээдэд ноогдох нөхцөлөөр тусгагдаад байна.
- Гэрээг 20 жилээр байгуулж, тодорхой шаардлага хангасан тохиолдолд хуульд заасан нөхцөлөөр сунгаж байхаар тусгагдлаа.
- Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх, барьцаа, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй. Мөн талуудын хооронд татварын маргаан үүсвэл дотоодын хууль тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ гэж үзсэн юм.

Харбины гэрээ
Энэ онд үзэглэсэн дараагийн гэрээ бол Харбины гэх тодотголтой гэрээ юм. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо байгуулан, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, соёрхон батлуулсан. Тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд хил дамнасан төмөр зам хамтран барих, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээрийг Зам, тээврийн яам хариуцан хятадын талтай эцэслэн тохирч, энэ оны тавдугаар сарын 14-нд гарын үсэг зурж батагаажуулсан юм.
Өөрөөр хэлбэл, 17 жилийн турш маргаан дагуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төслийг энэ онд хөдөлгөж чадсанаар мухар төмөр зам эцэс болов.
Гашуунсухайтын төмөр замын “мухардал”-ыг арилгаснаар Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр төмөр замын зам, барилга, гүүрийн угсралтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, Хятадын төмөр замын барилгын корпораци СИ АР СИ СИ шалгарч,энэ онд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байна.
Товчхон түүх дурдвал, Төмөр зам барих тусгай зөвшөөрлийг 2008 оноос хойш 5 удаа олгож, 4 удаа цуцалсан, төмөр замын царигийн хэмжээг 4 удаа өөрчилсөн, хилийн цэг тохирох талаар Хятадын талтай 5 удаа яриа хэлэлцээг хийж, 2021 онд Монгол, Хятад улсын хилийн 703-р баганаар тохиролцсон байна.
Бүтээн байгуулалтын ажил нь эхлээд буй Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1453 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай.
Өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд Улсын хилийн зурвас газартай давхацсан хэсэгт төмөр замын зурвас газар 484,77 га, шилжүүлэн ачих терминал 87,38 га, ажилчдын амрах байр 3,2 га, цэвэрлэх байгууламжийн зориулалтын газар 1 га буюу нийт 576,35 га газар ашиглуулах асуудлыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улмаар 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар тогтоолоор шинэчлэн баталсанаар Төмөр замын зурвас газар, аюултай бүсийн хязгаарыг тогтоосон байна. Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажлыг 22 сарын дотор гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Энэхүү төмөр замын төсөл хэрэгжсэнээр 87 жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Монгол, Хятад хоёр улсын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам бий болж, цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж, боомтууд ачаа нэвтрүүлэх хүчин чадал 2 дахин нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж үзсэн юм.
Мөн Мөн “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээнд 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан.
Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох ажлын хүрээнд “Чайна Энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны “түүхэн” гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор (2025.06.24) эхлүүлж “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн эхний галт тэрэг хөдөлсөн юм.
“Монголын төмөр зам” ТӨХК энэхүү “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-гээр 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах юм.
Тиймээс энэхүү үйл явдал нь Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал төдийгүй Монгол, Хятад хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдгийг талууд онцолж байсан юм. Гэсэн ч УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн Харбины гэрээг шалгаж, Монгол Улсын эдийн засагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзэн, Хянан шалгах түр хороо байгуулах санаачлага гаргасныг УИХ дэмжиж, тус хороо байгуулагдаад байна.
Орлогоо нотолж чадаагүй Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулав

2025.06.03
Хоёр дахь Засгийн газраа тав дахь жилдээ тэргүүлэн ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүү, бэрийнхээ тансаглалын эх үүсвэрийг тайлбарлаж, нотолж чадахгүй явсаар огцров.
Тодорхой эрхэлсэн ажил албагүй 23 настай залуу, найз бүсгүйнхээ төрсөн өдрийг тэмдэглэхдээ “Seven Nuga” амралтын газар руу нисдэг тэрэг хөлөглөж, 17 саяын үнэтэй сүйн бөгж, 100 сая төгрөгийн үнэтэй автомашин бэлэглэж, тансагласан нь олон нийт гүйцэтгэх засаглалын тэргүүнээс орлогоо нотлохыг шаардах нь зүйн хэрэг байлаа. Хэдийгээр орлогоо нотлохыг шаардсан залуусын жагсаалыг ардаа эзэнтэй гэж буруутгасан ч ард түмнийх нь амьдрал өдрөөс өдөрт доройтож байхад Ерөнхий сайдын хүүгийнх нь нэг оройн тансаглал залуусынх нь насаараа хөдөлмөрлөөд ч олохгүй орлогоос давсан нь бодит үнэн. Хэрэв түүнд хүүгийнхээ тансаглалыг нотолчих бодит орлого байсан бол “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулагч залуустай улаан нүүрээрээ уулзаад тайлбарлачихад хангалттай хугацаа байв. Гэвч уулзсангүй, харин ч “Ухаа худагаа авъя” жагсаал болсон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалдаа үлдэх арга саам хэрэглэв үү гэх хардлагад хөтөлсөн юм. Энэ хооронд МАН Бага хурлаа зарлаж, хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн үндэслэлээр гаргасан нь УИХ-д 42 суудалтай бүлгийг сөрөг хүчин болгов.
УИХ 2025 оны зургадугаар сарын 3-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх тухай хэлэлцсэн.
Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон. Тэрбээр “Хамтарсан Засгийн газар харамсалтайгаар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн газрыг тултал нь дэмжсээр ирсэн. Надад ямар боломж байна, бүгдээр дэмжсэн. Энэ Засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн бараг өөрсдөө мэдэж байгаа . Надаас биш Ерөнхий сайдаасаа асуух хэрэгтэй. Яагаад тарах болсон гэдгийг, хэн үүнийг тараах санаачлага гаргасан юм гэдгийг холбогдох хүмүүс өөрсдөө хариулах нь үнэнд нийцнэ. Ард түмнээ талцуулж, шар махтай нь битгий хатаа." гэж хэлээд чуулганы танхимаас гарсан юм.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үнэнийг хэлье, зарим сайд маань Засгийн газрынхаа эсрэг ажилласан. Энэ асуудал анх дотроосоо үүссэн. Улмаар бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгдсэн. Ингээд олон нийтийн асуудал болж, надад Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон” гэдэг тайлбар хэлж байв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцсон ч санал хураалтад оролцоогүй.
Санал өгөхгүй болсон үндэслэлээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө болон хамаарал бүхий этгээдүүдийн хэрэглээ, хууль ёсны орлогоо нотлохыг шаардсан иргэдийн шаардлагад хариулахын оронд өөрт итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан нь ард иргэдийг төөрөгдүүлж буй зарчимгүй үйлдэл. Хоёрдугаарт, МАН-ын Бага хурлаас Ардчилсан намыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан нь хамтарсан Засгийн газар байгуулах улс төрийн намуудын төлөөллийн байгууллагуудын гаргасан шийдвэр, хамтран ажиллах гэрээг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл” гэж тайлбарласан юм.
Нууцаар санал хураалт явуулахад гишүүдийн 53.6 хувь нь буюу 44 нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлахыг зөвшөөрсөн бол 46.4 хувь буюу 38 нь татгалзсан. Тодруулж хэлбэл, нийт гишүүдийн олонхи буюу 64 гишүүнийг дэмжлэг авч чадаагүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцров.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнээ нэг өдөр огцруулав

2025.10.17
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэг өдөр огцорсон /2025.10.17/ нь Монголын улс төрийн амьдралд өмнө нь тохиож байгаагүй түүхэн үйл явдал болов. Энэ нь МАН-ын даргын “зодоон”-оос эхлэлтэй гэж тайлбарлаж болно.
Л.Оюун-Эрдэнийн танхим огцорсноос ес хоногийн дараа Г.Занданшатар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон. Засгийн газартаа ХҮН, ИЗНН-ыг багтаасан бол Үндэсний эвсэлд хамтрах урилга илгээсэн ч хүлээж аваагүй. Өмнөх Засгийн газрынхаа жишгээр 19 сайд, 16 яамтайгаар бүтцээ батлуулж, сайд нарынхаа 60 хувийг өмнөх танхимаас бүрдүүлэв. Улс төрийн эрх мэдлээ зузаатгахын тулд МАН-ын дарга болох нь чухал байлаа. Гэвч МАН-ын даргын өрсөлдөөнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүч түрэн орж ирж, Бага хурлаараа олонхийн дэмжлэг хүлээв. Ялагдсан тал шийдвэрийг эсэргүүцэж, Бага хурал дүрмийн бус болсон гэх маргаан дэгдээж, МАН-ын гишүүд хуваагдан “зодолдов”.
Намынх нь зөрчил тэмцэл төрийн хямрал болж ужгирав. УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй ч 35, 33-аараа хуваагдав.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжигчид өрсөлдөгчөө буулгаж авахын тулд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Нүүрсний том хулгайч” гэж зарлав. УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар энэ ажлыг гардаж гүйцэтгэлээ. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татахгүй гэдгээ мэдэгдсэн. Авлигатай тэмцэх газраас МАН-ын цагаан байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж, нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг баривчилж, улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсанаа зарласнаар "зодоон" улам ширүүсэв.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 30 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргаж, УИХ-д өргөн мэдүүлэв.
Энэ хооронд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийг нь гүтгэж байна гэдгээ мэдэгдсэний зэрэгцээ УИХ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргав. Хоёр тал кнопоо тоолж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал татахыг хичээв. Харин тус бүлэг хоёуланг нь огцруулах кноп дарахаа мэдэгдсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар / 2025.10.17/ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулав. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөв. Ингэж нэг өдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар огцорсон.
Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийг нь Үндсэн хуулийн бус аргаар огцруулсан гэх маргаан үүсгэсэн нь Үндсэн хуулийн Цэцэд очив.
Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаа 2025.10.22-нд зарлаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан тухай УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээх дүгнэлт гаргаснаар Засгийн газрын бүрэн эрх сэргэсэн билээ.
МАН-ын даргад санаархаж байсан хоёр нэр дэвшигчийн хэн, хэн нь гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй болсноор сунгаанаас албан ёсоор нэрээ татацгаав.
Намынх нь зодоон төрийн хямрал болж ужгирсан тул МАН-аас Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатараар ахлуулсан эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүлж, Их хурлаараа батламжилснаар тамганы зодоон өндөрлөөд байна.
Чингис хааны алтан хөшөөг залав

2025.03.01
Монголчуудын бахархах түүх, өв соёлыг арвижуулсан нэгэн том бүтээлийг энэ онд өлгийдөн авсан нь Их эзэн Чингис хааны алтан хөшөө юм.
XVII жарны элдэв эрдэнэт хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн хоёрны билэгт энэ өдөр /2025.03.01/ Мянганы суут хүмүүн, Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан тугийг хүндэтгэн залах ёслол болов.
“Чингис хаан” үндэсний музейн “Их хааны өргөө”-нд залсан Чингис хааны алтан хөшөө нь Их эзэн Чингис хаан, Их Монгол Улсын тамга, Хаан сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурийн хэсгээс бүрдсэн бөгөөд алт, хүрэл, гантиг чулуун материалаар хийгдсэн, 700 см х 630 см х 750 см хэмжээтэй монументаль уран бүтээл.
Уг бүтээлийг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн барималч Л.Болд ур ухаанаа шингээн урласан юм.
Энэхүү түүхэн хөшөөнд 107 кг цэвэр алт орсон бөгөөд Монголбанкны Эрдэнэсийн сангаас гаргасан байдаг.
Чингис хааны алтан хөшөө нь Чингис хаан Монгол төрийн бэлгэдэл Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж байгаа буюу “…шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв…” гэсэн түүхэн баримтат агшныг мөнхжүүлсэн монументаль уран бүтээл юм. Монголчуудын дүрслэхүйн уламжлалт тэгш хэмт тигтэй, бодит арга барилаар бүтээгдсэн, Их эзэн Чингис хаан, Их Монгол улсын тамга, Хаан сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурийн хэсгээс бүрдсэн гэдгийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С. Чулуун тодотгож байв.
Мөн Чингис хааныг Их Монгол Улсаа байгуулсан үеийн эрэмгий дүртэйгээр, цаашид агуу их үйлсээ бүтээх итгэл төгс, цэх суусан зохиомжтойгоор бүтээсэн. Чингис хаан Их Монгол Улсын тамганд гараараа хүрсэн нь Их Монгол Улсаа байгуулсан үйлсийг “Чингис хаан” баримлын зохиомжийн гол өгүүлэгдэхүүн аж.
Шүтээн Их Цагаан туг нь 7м 20см өндөртэй, тугны дэл сүүлийг 21 аймгийн хурдан удамтай эцэг малын дэл сүүлийг оролцуулан хийжээ.
Тугны 8 талт суурийг 21 аймагт байгаа төрийн тахилгат 13 уул, усны шороо, чулуу, их гол мөрний ус, Монгол Улсын газар нутгаас олдсон эрдэнийн чулуу зэс алт, оюу, мөнгө зэргийг багтааж бишрэл хүндэтгэл, ёслолы дагуу хийж гүйцэтгэжээ.
Алтан хөшөөг дэлхийн урлагийн өлгий нутаг Италийн Флоренц хотноо эх сайхан нутгаас минь илэрч олдсон алтаар, монголчуудын дүрслэхүйн уламжлалт тэгш хэмт тигтэй, бодит арга барилаар монгол урчуудын уран сэтгэмж, ухааны тусгал болсон загвар хийц оруулан “Чингис хааныг Их Монгол улсаа байгуулсан үеийн эрэмгий дүртэйгээр, цаашид агуу их үйлсээ бүтээх итгэл төгс, цэх суусан зохиомжтой”-оор бүтээлгэжээ.
Их Хааны өргөө нь монголчуудын бахархал, ёс уламжлал, дүрс бэлгэдлийг түүхэн эх сурвалж, археологийн олдвор,музейн үзмэрт тулгуурлан урлагийн өндөр түвшинд, нарийн мэргэжлийн ажиллагаа шаардсан ажил болсон байна.
Их хааны өргөө дэх Их эзэн Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их Цагаан туг, хааны Хасбуу алтан тамгыг бүтээх санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан бол хөшөөг бүтээхэд шаардлагатай санхүүжилтийг Монголбанк, Соёл, спорт аялал жуулчлалын яам гаргасан юм.
Онц их хэмжээний хохирол дугуулсан ДЦС-III ТӨХК-д гарсан осол

2025.06.02
Хан-Уул дүүргийн 3-р хороо, “Дулааны цахилгаан станц -III” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехэд гал гарч байна гэсэн дуудлага 00:25 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байдаг. Ослын улмаас “Дулааны цахилгаан станц-III” ТӨХК-д албан үүргээ гүйцэтгэж байсан 47 настай эрэгтэй Д.Хангал эмнэлгийн тусламж авч амжилгүй амиа алдаж, нэгэн цехэд хамт ажиллаж байсан ээлжийн дарга 39 настай Т.Баясгалан угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлсэн юм. Тус ослын улмаас амь эрсэдсэн эрэгтэйн хувьд эхнэр хоёр хүүхэдтэй. 20 орчим жил мэргэжлээрээ эрчим хүчний салбарт ажиллаж байжээ.
1965 онд байгуулагдсан тус дулааны станц нь 60 жилийн түүхтэй станц бөгөөд 25 мВт-ийн 4 ширхэг, 12 мВт-ийн 8 ширхэг турбин генераторуудтай. Насжилтийн хувьд 48-60 жилийн настай эдэлгээнээс аль хэдийн гарсан.
Нэг турбин генераторын ажиллах цикл 20 жил байдаг бол Монголд 60 жил тартагт нь тултал ажиллуулсаар байсан нь тус ослын шалтгаан болсон гэдгийг тухайн үед салбарынхан нь онцолж байсан юм.
Тус станц ашиглалтад орсон 1960 оноос хойш анх удаа 2015 онд Чингис бондын санхүүжилтээр 50 мВт-ийн хүчин чадалтай шинэ турбин генератор 35 сая ам доллараар шинээр суурилуулсан бөгөөд сольсон ганц шинэ нь турбин генератор нь ийнхүү дэлбэрч гэмтсэн нь нийслэл Улаанбаатар хотынхоны хувьд дулааны дутагдалд орох бодит эрсдэл дагуулсан юм. Ослын дараа хэн хариуцлага хүлээх вэ гэх асуудал яригдаж, Эрчим хүчний яам, Эрчист монгол ХХК, ЗГХЭГ-ынхан бурууг нэгэндээ нялзааж эхэлсэн. Улмаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг осолтой холбоотойгоор хариуцлага хүлээж сандал суудлаасаа буух асуудал хөндөгдөж байсан ч тэгэс гээд уг асуудал мартагдсан. Тиймээс маргаан дагуулсан уг асуудал дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж “Дулааны цахилгаан станц -III” ТӨХК-д ажиллаж, ослын талаарх тайлангаа олон нийтэд тавьсан. Уг ажлын хэсгийн дүгнэлтээр зардлын хэмнэлт нэрийн дор төсвөө танаж байсан нь осол болох бас нэг шалтгаан тул Эрчим хүчний яамтай холбоотой хариуцлагын асуудал яригдах ёстой. Мөн ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулах, хариуцлагаас зугтах, эсвэл хэн нэгэн рүү нялзаах үйлдэл хэрхэвч байж болохгүй. Ослын шалгалт, нөхөн сэргээх асуудалд бүх түвшний удирдлага хариуцлага хүлээх механизмыг бий болгох ёстой гэж дүгнэсэн юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Дулааны цахилгаан станц-III"-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулах болсноо нийтэд мэдээлсэн.
Ийнхүү дэлбэрэлт гарснаас хойш 17 хоногийн дараа буюу 2025.06.19-ний өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц-III” ТӨХК-д гарсан аваартай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргасан юм.
Тодруулбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Н.Тавинбэхийг ажлаас нь чөлөөлж, Ерөнхий сайдын өгсөн үүрэг чилэлийн дагуу онцгой дэглэм тогтоосон “ТЭЦ-III”-ыг хариуцсан Засгийн газрын БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон.
Тэрбээр үүрэгт ажилдаа томилдсоныхоо дараа хэвлэлд мэдээлэл өгөх үедээ "ДЦС-III" ТӨХК-ний нийт тоноглолын 70 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Бид цаашдаа засвар хийж явах боломжгүй болж байна. Тиймээс дор хаяж 60 хувийг нь бүрэн шинэчлэх шаардлагатай. Үүнд Засгийн газраас анхаарал хандуулж 2025 оны төсвийн тодотголоор нийт 75 МВт хүчин чадал бүхий хоёр машины санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Энэ мэт цаашдаа үе шаттайгаар шинэчлэл хийвэл станцын ашиглалтын хугацаа цаашдаа 30-40 жилээр уртасна. "ДЦС-III" ТӨХК гарсан дэлбэрэлтийн улмаас ажиллагаагүй болсон турбин генераторыг засварлахад 12-16 сарын хугацаа шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Гэмтсэн тоног төхөөрөмжүүд нь дандаа импортоор худалдаж авдаг тоног төхөөрөмжүүд учраас бид гадаадаас худалдан авч энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын компаниудтай хамтарч барилга угсралтын ажлыг хийнэ гэдгээ мэдэгдэж байсан юм.
Ямартай ч өвлийн ид ачааллаас урьтаж “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотой үүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж гурван ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.
Үлдсэн хоёр ажлыг ирэх оны өвлийн их ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөсөн.
Тээвэрлэлт, барилга угсралт зэрэгт хугацаа шаардлагатай гэдгийг мэдэгдээд байна. Энэ жил төлөвлөсөн гурван ажил дууссанаар Улаанбаатар хотод тус станцаас нийлүүлдэг байсан дулааны эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэгдэнэ. Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон гэдгийг тэрбээр онцлосон юм. Ямартай ч нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний системийн зүрх нь болсон ТЭЦ-III-т гарсан томоохон осол бидэнд олон сургамж дагуулж, оны бас нэгэн онцлох үйл явдал болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна.
3,607.57
















































Нэргүй 2025-12-30 124.158.106.2
Монголыг дэлхийд тэнэг харагдуулсан мухар төмөр замын гол найруулагч Жонхууг хэзээ АТГ шалгах вэ? Жонхуугаас авилга аваагүй бол зоригтой шалгаач.
Нэргүй 2025-12-30 43.242.242.59
Оюун-Эрдэнэ оролцсон бүх гэрээг зогсоох хэрэгтэй. золбин манж гэж хэнийг хэлээд байгаагаа сэтгэгдэл бичсэн хүн хэлж баймаар юм. Дандаа л ингэж бичижбайх юм. Нэрийг нь хэлээч
Нэргүй 2025-12-30 202.9.40.147
золбн х***а манжуудын хийсн хор уршг одо ч арилаагүй х***а манжуудыг зайлуулж байж эрүүл нийгм эрүүл амьдрд ирнэ.
Нэргүй 2025-12-30 202.9.40.147
үхсн ацны чин адгийн х***а манж хулгай гажиг оюуны хомсдолт тархины ядуурал х***а манжууд хулгай хийж шааж амьдрдгийн.
дорж 2025-12-30 202.21.116.2
Харбины гэрээ Монголд гай болохоос үр ашиг авчрахгүй. Эртхэн зогсоосон нь дээр.Ерөнхий сайд байсан Оюунэрдэнэ огцорсон тул энэ гэрээг эргэж харахаас аргагүй боллоо гэж Хятадуудад хэл. Ийм утгагүй гэрээ байж болохгүй.