Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 29-ны өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэж байхыг уриалан энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол тухайн үеийн түүхэн үйл явдлын талаарх нийтлэлээ одоогоос 20 жилийн өмнө буюу 2005 онд бичиж нийтлүүлж байжээ. Монгол Улсын Их Хурал 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж 12 дугаар сарын 29-ны өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгох шийдвэр гаргаж байсан түүхтэй юм. Ерөнхий сайдын 20 жилийн өмнө бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Энэхүү арванхоёр сарын 29-ны өдөр нь Mонгол төрийн багана ганхсан түүхэн хүнд бэрх цаг үеийг отголж, 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе бид бүхэн бахархан дурсвал зохих түүхт үйл явдал болсон өдөр юм.
Өвөг дээдсийн үүсгэн байгуулсан Хүннү гүрнээс Дундад зууны ертөнц дахины ахуй, орчилд үнэмлэхүй нөлөө үзүүлсэн Их богд эзэн Чингис хааны цогцлоон бүтээсэн Их Монгол Улс, өнөөгийн Тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улс хүртэлх монгол угсаатны түүхийн 2000 гаруй жилийн хугацаанд үндэсний төдийгүй дэлхийн түүхэнд тод томруунаар бичигдэх олон чухал түүхэн үйл явдал болж өнгөрчээ. Аль ч ард түмний түүх бол мандаж буурах нь ээлжилсэн, алагтай цоогтой, бахархмаар ч харуусмаар ч үйл явдлын хэлхээс л байдаг. Мөнх хөх тэнгэрийн дор мөнхөд бусдыг эзэрхийлсэн, үргэлж хүчирхэг мандаж, ямагт цэцэглэн хөгжсөн улс нэг ч үгүйн адил цагийн цагт боолчлогдон, ядуурал гуйланчлалд нэрвэгдэж ирсэн ард түмэн ч бас байдаггүй. Харин түүхээ мартсанаас сөнөж мөхсөн үндэстэн бол бий. Тэр л жамаар, XIII зуунд тухайн үед мэдэгдэж асан дэлхийн тэн хагасыг нэгэн захиргаан дор нэгтгэсэн манай түүхийн тэр аугаа их тэсрэлтээс хойш ердөө 200 гаруйхан жил өнгөрөхөд л Их Монгол буурай улс болон хувирч, ахиад төдий хэр хугацааны дараа эртнээс хөрш зэргэлдээ явж ирсэн, Чингис эзний зах хязгаар нутгийн дорд албатууд болох анчин загасчин угсааны хамниган манж нарын байгуулсан Чин гүрний эрхшээлд орсон гутамшигтай намтар бидэнд бий. Тухайн цагтаа Халх, Ойрадын зөрчил тэмцэлдээнийг манжууд овжин арга мэхээр өөртөө ийн ашигтайгаар эргүүлсэний цаад бодлогын судсыг угтаа Манж Чин улсад зүтгэгч хятад дипломатчид барьж байсан нь одоо нэгэнт илэрхий болжээ. Одоогийн Монголын улс төрд ч баруун зүүний, дээдсийн гудамжны, нутаг усны гэх мэтээр хуваагдах нь Монгол улсын нийтлэг эрх ашигт хохиролтой гэдэгийг энэ дашрамд дурдууштай. Нүүдэлчин нэг үндэстэнд дагаар ороод нөгөө нүүдэлчдийг нь дарахад хүчин зүтгэсэн их хятадын түшмэд 200 гаруй он улирахад манж угсаатныг ул мөргүй болтол уусган үгүй хийснээр, ХХ зуун гарахад Манж Чин гүрэн оршин тогтнох утга учир хар аяндаа үгүй болжээ. Тэртэй тэргүй манж хүн бараг үлдээгүй Хятад оронд Манжийн эзэн хаант төрийг халах, цэвэр хятад үндэстний төр улс байгуулах хувьсгалт хөдөлгөөн өрнөсөн тэртээ 1911 онд манай эх оронч ноёд, сэхээтнүүд ч зүгээр чих тавиад суусангүй.
Богд Жавзандамба хутагт “Монгол овогтон бүгдээрээ нийлж өөрийн улсыг байгуулж, бусдын эрх мэдэлд дарлагдан зовлон зүдгүүрийг үгүй болгох цаг ирлээ” хэмээсэн утгатай лүндэн буулгаж, энэхүү лүндэнгээ Өвөр Монголын бүх хошууд, Хөх нуур, Цайдам, Шинжаан, бүр Ил Тарвагатай, Урианхайн хязгаарын монголчуудад ч хүргэжээ. Халхын дөрвөн аймгаас яаравчлан цэрэг татаж, Хүрээнд суугаа манж амбаныг хөөн зайлуулснаар Манж Чин гүрний эрхшээл дор явсан 200 гаруй жилийн гутамшигт түүхэнд цэг тавьжээ. Ингээд 1750-иад оноос хойш анх удаа Монголын хилийн боомтуудад харуул манаа гаргаж, Ховд, Улиастайг чөлөөлөхөөр цэрэг хөдөлгөсөн зэргийг бид мэднэ. Энэ бүхний эцэст Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өлзий билгэт сайн өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо даяар олноо тунхаглан зарлаж, үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан байна. Энэхүү эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
Туурга тусгаар улсаа зарлаж, Манжийн дарлалаас үүрд ангижирснаа тунхагласан энэ өдрөөс хойш даруй гурав хоногийн дараа Нанжин хотноо Хятад улс төрийн тусгаар тогтнолоо зарлаж, анхны ерөнхийлөгч Сун Ятсен тангараг өргөсөн байдаг. Түүхэн хөдөлшгүй энэ баримтыг үзэхүл, Монгол, Хятад хоёр ард түмэн хоёул Манжаас нэгэн зэрэг шахам чөлөөлөгдөн эрх чөлөөт улсаа байгуулсан бөгөөд бүр нарийвчлах юм бол, манай улс гурван хоногийн өмнө туурга тусгаар болжээ!
Хэдийгээр өөр шийдвэрлэгч олон хүчин зүйлс дурдагддаг боловч, чухамхүү энэ өдрийн ач холбогдол л Монгол улсыг ХХ зууны эгзэгтэй ээдрээ будлиан дунд тусгаар тогтнолоо сахин үлдэхэд үнэхээр чухаг эерэг нөлөө үзүүлснийг мартаж болохгүй. Түүнээс гадна өнөө хэр өмнөд хөршид маань “БНХАУ бол Манж Чин гүрний албан ёсны залгамжлагч улс”, “Манжийн захиргаанд байсан бүх муж БНХАУ-д харьяалагдах түүхэн үндэслэл бий” гэдэг хатуу үзэл бодолтой сэхээтэнүүд байдаг. 1945 оны Монголын ард түмний бүх нийтийн санал асуулгын үр дүнг худлаа гэх хүмүүс ч цөөнгүй байдаг юм билээ.
Бүгд найрамдах засаглалаа зарласан буюу анхны Бүгдээр найрамдах Үндсэн хуулиа баталсан 11-р сарын 26-ныг бид албан ёсны баяр болгон тэмдэглэдэг. “Улс тунхагласны” гэж зөрүү нэрлээд заншчихсан буруу үгээ л залруулчихвал энэ үнэхээр зөв чухаг баяр. Улсын тухайд бол бид 800 жилийн өмнө Монгол хэмээх нэрийг дэлхийд зарлан тунхагласан шүү дээ. Тэгээд ч Бүгд найрамдах засаглалыг манайхаас өмнө Ази тивд ердөө гуравхан л улс хүлээж авсан байдаг (Японд 1867 оны Мэйжийн шинэчлэл, Хятадад 1912 оны Синьхайн хувьсгал, тэгээд манайхаас ганцхан жилийн өмнө буюу 1923 онд Туркт Ата-тюркийн шинэчлэл). Тэгэхээр Азидаа дөрөв дэх Үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг бий болгосноо тэмдэглэх нь зүй. Гэвч засаглалынхаа баярыг төрийн хэмжээнд ёсолж, бөх барилдуулж, нийтээрээ амардаг атлаа 200 гаруй жилийн Манжийн дарангуйлалаас колоничлолоос тусгаар тогтносон өдрөө огт хайхрахгүй өнгөрөөдөг нь яавч зохисгүй, эх оронч бус явдал бус уу?
Зуны дэлгэр сайхан цагт бид наадмаа хийдэг уламжлалтай. Энэ баяраа 1921 оны Ардын хувьсгалын ойтой тохиолдуулж тэмдэглэдэг. Цаг улирал нь зохироод тэр өдрүүдэд манай хамгийн сайхан баяр ёслол болдгийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ түүхэн ач холбогдлын хувьд 12-р сарын 29 түүнээс ч чухал билээ. Наадмын тухай ярихад нэг санаанд орж буйг тэмдэглэхэд, манай төрийн аливаа ёслол хүндэтгэлийн уран яруу үгс дунд “Туурга тусгаар улс орон” гэсэн үг байсхийгээд хэрэглэгдэх нь дуулддаг. Хятадаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх үндэс болсон ард нийтийн түүхэн санал хураалтын дараа жил буюу 1946 оны наадмаар анх ийм үг хэлж хөөрч байсан юм билээ. Түүнээс хойш ХХI зуун гарчихаад байхад ч “туурга тусгаар”-тайгаа давхиад яваагаа больмоор юм. Тусгаар туурганы тухай асуудал одоогоос 94 жилийн өмнөх 12-р сарын 29-ний өдөр нэгэнт шийдэгдсэн биш үү? Тэгээд өдгөө хаа ч байхгүй Манж Чин гүрний л хараат улс байсан тухай, “амбасын үеийн” асуудал шүү дээ.
Өнөөдөр манай хойч үе, хүүхэд залуус Монгол улсын тусгаар тогтнол ямар үнэ цэнтэй зүйл вэ гэдгийг, ямар эгзэгтэй замнал туулж энэ тусгаар тогтнол маань баталгаажсаныг төдийлөн мэддэггүй. Бас Манж Чин гүрний эрхшээлд өнгөрөөсөн хоёр зуун манай үндэсний ухамсарт сэтгэлгээ, соёл, эдийн засгийн хөгжилд ямар их садаа учруулсныг, бидний өнөөгийн буурай хөгжил социализмын 70 жилээс илүүтэй чухамдаа тэрхүү харанхуй бурангуй 200 гаруй жилээс улбаатайг ойлгодог хүүхэд байтугай том хүн тоотойхон. Тэгэхээр бид Хятад үндэстнээс бүхэл бүтэн гурав хоногийн өмнө Манжаас туурга тусгаарласан энэхүү чухаг өдрийг ёслон тэмдэглэх болсон нь үндэсний төрийн бодлогын нэн чухал асуудал юм.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг амжилтад хүргэсэн эх орончдын баатарлаг түүхийг эргэн дурсахын утга учир хийгээд энэ үйл явдлын түүхэн болон улс төрийн ач холбогдолыг зүй ёсоор үнэлж, жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байх нь монгол хүн бүр эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үндэсний түүх, соёлоороо бахархах, эх оронч үндэсний ухамсар төлөвшүүлэх одоо хийгээд ирээдүйд эрх чөлөөг бат итгэлтэйгээр эдэлж амьдрахын утга учрыг эргэцүүлэн ойлгуулсан гүн гүнзгий агуулгатай байгаасай хэмээн хүсч байна. Нийт Монголчууд та бүхэндээ “Үндэсний эрх чөлөөний өдөр”-ийн баярын мэндийг хүргэе. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар.
3,607.57






















































Нэргүй 2025-12-29 172.56.2.46
Одоо Монголын Нийслэлийг Хятад цэргээс чөлөөлж, 1921 оны 2-р сард Богд хаант Монгол Улсыг сэргээн тунхаглас асан үнэн түүхийг тодруулах хэрэгтэй бна даа !!!
Барон Унгерныг магиөх мандуулах гэсэнгүй, зөвхөн түүх ийг үнэнээр бичих хэрэгтэй учраас энэ асуудлыг сөхөж тавих нь үөв пмшүү !!!
Нэргүй 2025-12-29 202.9.40.147
Оросууд монголд үүрлж оргнж эзлж толгойдмшаасн хулгайч х***а манжуудыг өдр шөнөгшй тагнж чангнх хэрэгтэй х***а манжууд хаа хувилдж хулгай шааж гажигт манжлж бн илрүүлх хэрэгтэй х***а манж хулгайг тасднмзогсоох хэргтэй. Манж хужаагуулыг бүгдиын илрүүлх хэргтэй.
Нэргүй 2025-12-29 202.9.40.147
Монголд үүрлж оргнж эзлж 35 жил толгойд шаасн түрүнйй бөөс х***а манжуудд гарх гарц байхгүй болсн гяяхx гяяяхх гяяяхх
Нэргүй 2025-12-29 66.181.189.207
түбэд хаанаар өргөмжлөгдсөн хэмээн монгол хоёр хуваагдах болж иргэд өмнөд рүү нүүвээ. салан бутрал. хүн ам 500 мянга. гэнэт уяраад япон сургуульд сургаж эхлэсэн гэхнээ. япон түбдийн э****з. япон түбд гапло д нэгт.
Нэргүй 2025-12-29 202.126.89.65
оросод сцлзмын үед монголд үүрлж оргнсн манж хужаагууд гэндүүлж их сурсн шүү одоо тэр х***а манжууд хулгайн баригдх гэхээрээ орос сргууль төгссн нтр гэж нүхээ млтж.